“Mining Week 2026” арга хэмжээний үеэр “Уул уурхайн салбарын хүний нөөцийн шинэ үеийг хэрхэн бэлтгэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг болж, салбарын компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр “Трансвест Монголиа” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Ц.Булгантамиртай ярилцсан юм.

Тус компани тоног төхөөрөмж импортлохоос илүүтэй түүнийг ажиллуулах чадварлаг хүний нөөцийг Монголд бэлтгэхийг урт хугацааны бодлогоо болгожээ. Мөн “Ажиллахад таатай байгууллага” шалгаруулалтад салбартаа дөрөв дэх удаагаа шалгарсан байна.

 

-“Трансвест Монголиа” хүний нөөцөө хэрхэн бэлтгэдэг вэ?

-Манай компани салбарынхаа гурван компанитай хамтран дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Шинээр төгссөн болон их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн ур чадварт нь сургаж, хөгжүүлэх 1.5-3 жилийн хөтөлбөрт хамруулан ажиллах хүчээ бэлтгэдэг.

Бид дотоодын сургалт, ажлын байрны дадлага, олон улсын хөтөлбөр, их сургуулийн хамтын ажиллагааг хослуулдаг. Харин бусад албан тушаалын ажилтнуудыг мэргэжлийн болон харилцааны ур чадварт нь шууд удирдлага, багийн оролцоотойгоор хөгжүүлдэг. Мөн ажилд орсон эхний гурван сард нь байгууллагын орчинд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний дараа менторшипээр дамжуулан мэргэжлийн чиглэлээр нь туршлагатай ажилтан, удирдлагаас суралцуулна. Үүн дээр хүний нөөцийн коучингийг хослуулж, зөв харилцах, өөрийгөө илэрхийлэх, харилцагчаа ойлгох зэрэг ур чадварыг хөгжүүлдэг.

-Уул уурхайн салбар ажиллах хүчний хомсдолтой. Компаниуд нэгнийхээ бэлтгэсэн ажилтныг өндөр цалингаар татдаг асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэв үү?

-Хэлэлцүүлгийн үеэр компаниуд хүний нөөцөө хамтран бэлтгэх санаачилга гаргасан. Өмнө нь өндөр цалингаар нэгнийхээ ажилтныг татдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Үүний тулд ажилтан компаниас гарах үед тухайн хүний ажлын түүх, гарсан шалтгааны талаарх мэдээллийг тодорхой, нээлттэй болгох санал гарсан. Тухайлбал, ноцтой зөрчил гаргасан эсэх, эсвэл өөрийн хүсэлтээр, хувийн шалтгаанаар гарсан эсэхийг тодорхой мэдээлдэг байж болно.

Ингэж компаниуд хоорондоо мэдээлэл солилцож, нэгнийхээ бэлтгэсэн хүний нөөцийг булаацалдахаас илүүтэй салбарынхаа хүний нөөцийг хамтдаа хөгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх нь зөв гэж үзэж байна.

Залуу үе цалингаас илүү байгууллагын соёл, үнэлэмжийг чухалчилдаг болсон

-Зарим компани ажилтнаа тогтвортой ажиллуулахын тулд тодорхой хугацаатай амлалтын гэрээ байгуулдаг. Энэ хэр оновчтой вэ?

-Зарим байгууллага ажилтандаа сургалт, хөгжлийн боломж олгохоос гадна байрны урьдчилгаа зэрэг тодорхой дэмжлэг үзүүлж, тодорхой хугацаанд ажиллах гэрээ байгуулдаг. Энэ нь нэг талаас компанийн оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах, нөгөө талаас байгууллагын нууц, эрх ашгийг хамгаалах зорилготой. Гэхдээ хүмүүсийн хандлага, байгууллагын соёл өөрчлөгдөхийн хэрээр ийм гэрээний хэрэгцээ багасах боломжтой гэж боддог.

-Хөдөлмөрийн тухай хууль ажил олгогч, ажилтны эрх ашгийг хэр тэнцвэртэй хамгаалж чаддаг вэ?

-2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнээр ажил олгогчийн хувьд эрсдэл нэмэгдсэн тал бий. Ажилтанд хариуцлага тооцох үндэслэл, процесс илүү төвөгтэй болсон.

Тиймээс компаниуд хуульд нийцүүлэн дотоод дүрэм, журмаа шинэчилж ажиллаж байна. Гэхдээ зарим заалт тодорхой бус, ажил олгогчид хүндрэл учруулах тохиолдол байдаг. Энэ талаар бид салбарын холбоонд саналаа хүргүүлдэг. Хууль, зохицуулалтын эргэлзээтэй асуудлыг хурдан шийдвэрлэх нь аль аль талдаа ашигтай.

-Танай компани хэдэн ажилтантай вэ? Ажиллах хүчний хомсдол байна уу?

-Манай компани 450 гаруй ажилтантай. Нарийн мэргэжлийн ажилтны хувьд хүн олоход хүндрэлтэй байдаг бол зарим албан тушаалд хүний нөөц хангалттай. Бид ажилтнуудаа урт хугацаанд тогтвортой ажиллуулах сонирхолтой. Гэхдээ ажилтан өөрийн хүсэлтээр дэвших, шинэ боломж эрэлхийлж өөр байгууллагад шилжихийг хязгаарладаггүй. Харин ажилтан яагаад явсан, бид хаана алдсан, юуг сайжруулах шаардлагатай вэ гэдгийг судалж, дүгнэлт хийдэг.

-Ажилтнаа тогтвортой ажиллуулахад ямар хөшүүрэг илүү үр дүнтэй байна вэ?

-Өмнө нь компаниуд цалингаар өрсөлдөж, үнэ цэнтэй ажилтнуудаа тогтоон барихыг илүүд үздэг байсан. Харин шинэ үеийн залуус цалингаас гадна байгууллагын соёл, хамт олон, хөнгөлөлт, хангамж, ажлын орчин зэрэгт илүү ач холбогдол өгдөг болсон. Тухайн байгууллагын соёл, үнэт зүйл нь өөрийнх нь хандлагатай нийцэхгүй бол өндөр цалинтай байсан ч тогтвортой ажиллахгүй байх хандлага ажиглагддаг.

-Уул уурхайн компанийн хувьд байгууллагын соёл ямар онцлогтой вэ?

-Уул уурхайн салбарт хамгийн түрүүнд аюулгүй байдал тавигддаг. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас дүрэм, журам хатуу мөрдөгдөнө. Гэхдээ шаардлагатай үед уян хатан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, чангалах зүйлдээ хатуу, уян хатан байж болох зүйлдээ уян байх нь чухал.

-Туршлагатай ажилтнаар залуу ажилтныг менторлуулах нь хэр үр дүнтэй вэ?

-Манай компани 18 жилийн түүхтэй. 15-18 жил ажилласан туршлагатай хүмүүс олон байдаг. Тэд өөрсдийгөө тогтмол хөгжүүлж, шинэ үеийн залуучуудтай хөл нийлүүлэн ажилладаг. Хамгийн сайхан нь хуримтлуулсан туршлагаа залуу үедээ харамгүй хуваалцдаг. Туршлагатай ажилтны зааж сургасан хүн нь өөрөөс нь дээгүүр албан тушаалд дэвших тохиолдол ч бий. Үүнийг атаархах бус, өөрийнх нь туршлага дараагийн үедээ өвлөгдөж байна гэж хүлээж авдаг. Энэ бол манай байгууллагын нэг соёл болсон.

-Хүний нөөцөө хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

-Бид голчлон “Zangia.mn” -ээр дамжуулан ажилтан сонгон шалгаруулдаг. Мөн их, дээд сургуулиудтай хамтран оюутнуудыг сургаж, өөрсдөө хүний нөөцөө бэлтгэхийн зэрэгцээ байгууллагын дотоод нээлттэй сонгон шалгаруулалтыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, манай ажилтан ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамааран дотоодод зарлагдсан ажлын байранд өргөдөл гаргах боломжтой. Харин нэг ажлын байранд гэр бүлийн хүмүүс хамт ажиллахгүй байх зарчим баримталдаг.

-Бусад хөгжингүй орнуудын уул уурхайн компаниуд хүний нөөцөө хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би хүний нөөцийн салбарт 10 орчим жил ажиллаж байна. Хөгжингүй орнуудад төр нь боловсролын системээрээ дамжуулан уул уурхайн болон бусад салбарын хэрэгцээтэй хүний нөөцийг бэлтгэдэг тогтолцоо бий. Монгол Улсын хувьд хөгжлийнхөө явцад энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Юуны өмнө төрөөс цаашид ямар салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Уул уурхайгаа түлхүү хөгжүүлэх үү, эсвэл мэдээллийн технологи зэрэг бусад салбарт анхаарах уу гэдгээ тодорхой болгож, түүндээ нийцүүлэн мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх нь чухал.

-Танай компанийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Бид бусад компаниудын сайн туршлагаас байнга суралцдаг. Үүний зэрэгцээ өөрсдийн туршлагаа ч бусадтай хуваалцдаг. Манай компани “Ажиллах тааламжтай байгууллага” шалгаруулалтад дөрөв дэх удаагаа шалгарсан. Монгол Улсад энэ ангиллаар шалгарсан хоёр компанийн нэг нь манайх. Энэ бол бидний хүний нөөц, байгууллагын соёлд чиглэсэн бодлогын нэг илэрхийлэл гэж үздэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn