“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.
-Жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Цар тахлын үед тодорхой хугацаанд завсарласан бөгөөд энэ жил долоо дахь хурлаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хурлуудын илтгэл, судалгааны материалыг нэгтгэн “Монголчуудын хойлгын зан үйл” нэртэй цуврал бүтээл гаргасан. Мөн Монгол Улсад оршуулгын асуудлаар төрөөс гаргасан холбогдох бичиг баримтуудыг эмхэтгэн хэвлүүлсэн. Түүнчлэн миний докторын судалгааны сэдэв болох “Оршуулгын тухай төрөөс баримтлах бодлого” чиглэлээр бүтээл гаргасан. Ерөнхийдөө энэ хугацаанд оршуулгын зан үйл, соёлтой холбоотой есөн ном хэвлүүлээд байна.Эдгээр бүтээл маань судлаачдын хамгийн их эш татаж буй ном, бүтээлийн жагсаалтад орсон нь энэ сэдэв шинжлэх ухааны хувьд төдийгүй нийгмийн амьдралд ямар чухал болохыг харуулж байгаа юм.
Манай хурлын илтгэгчид ч жилээс жилд чамбайрч байна. Анх энэ хурлыг зохион байгуулж эхлэхэд оршуулгын тухай ярьж, судлахад хүмүүс нэлээд цээртэй, сэжигтэй ханддаг байлаа. Тиймээс оролцогчдын тоо ч цөөн байсан. Гэсэн хэдий ч бид хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдээ жил бүр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж ирсэн.
Олон жилийн турш хийсэн энэ ажил, олон судлаачийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдөр төрөөс энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт бий болгох асуудал бодит шатандаа орж байна.
-Та бүхэн анхнаасаа энэ салбарт төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж ирсэн байх аа?
-Тийм. Бид анхнаасаа л оршуулгын салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэдгийг ярьж ирсэн. Оршуулга бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн хүндэтгэлтэй хандах ёстой асуудлын нэг. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын асуудал Хог хаягдал, менежментийн хэлтэст харьяалагдаж ирсэн. Энэ нь бидний хувьд “хүн нас барсны дараа хүн биш, хог болох юм уу” гэсэн асуултыг хүртэл тавихад хүргэж байсан. Харин өнөөдөр энэ асуудал өөрчлөгдөж, Оршуулгын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь томоохон ахиц. Хуулийн төсөлд энэ салбарын удирдлага, зохицуулалтыг Шадар сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл зэрэг бодлогын түвшний байгууллагатай холбохоор тусгасан нь салбарын хувьд чухал өөрчлөлт гэж үзэж байна. Энэ бол бидний олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний хурлуудын нэг том үр дүн.
-Эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ цаашид судалгааны ажилд түлхүү анхаарна гэж та хэллээ. Ямар чиглэлээр судлах шаардлагатай байна вэ?
-Одоо бид оршуулгын зан заншлынхаа судалгаанд илүү гүнзгий орох шаардлагатай болж байна. Тухайлбал, түүхэн хугацаанд монголчуудын оршуулгын зан үйл ямар байв, цаг үеийн өөрчлөлтөөр хэрхэн хувьсаж ирэв, өнөөдөр бид уламжлалаа хэрхэн үргэлжлүүлэх вэ, орчин үеийн олон улсын хэм хэмжээтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан судална. Судалгааны үр дүнд монголчуудын оршуулгын зан заншлын талаар нэгдсэн ойлголт, дүгнэлттэй болох нь чухал. Үүний дараагийн зорилго бол энэ уламжлалаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэх юм. Гэхдээ энэ бол ганц байгууллага, ганц судлаачийн хийх ажил биш. Монголчуудын оршуулгын зан үйл бол түүх, археологи, угсаатны зүй, шашин, соёл зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний сэдэв. Тиймээс олон эрдэмтэн, судлаачийг оролцуулсан томоохон судалгааны ажил хийх шаардлагатай.Төрийн дэмжлэг ч зайлшгүй хэрэгтэй. Ерөнхийдөө энэ чиглэлийн судалгаа нэлээд урт хугацаанд үргэлжилнэ.
-Оршуулгын газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Оршуулгын газар гэдэг зөвхөн шарил нутаглуулдаг газар байх ёсгүй. Цаашид бид байгальд ээлтэй, хүний сэтгэлд амар, хотын орчинтой зохицсон оршуулгын соёл бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд ашиглалтаас гарсан болон дүүрсэн оршуулгын газрууд олон байна. Эдгээр газрыг зүгээр орхих биш, судалгаанд үндэслэн үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, ой, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх боломжтой.
Миний хувьд нэг хүсэл бий. Монголын оршуулгын газрууд ирээдүйд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой гэж хүсдэг.
Энэ бол зөвхөн оршуулгын салбарын асуудал биш. Хотын газар ашиглалт, байгаль орчин, ногоон байгууламж, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс бид уламжлалаа хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулан хүндэтгэлтэй, байгальд ээлтэй, хүн төвтэй оршуулгын шинэ соёлыг бий болгох цаг болсон гэж үзэж байна.
-Оршуулгын тухай хуулийн төсөлд нас барсан хүнийг хаана оршуулсан талаарх бүртгэлийг тусгажээ. Энэ ямар ач холбогдолтой вэ?
-Оршуулгын бүртгэлгүйгээс замбараагүй байдал үүссэн. Хүн төрөхдөө төрсний гэрчилгээгээр бүртгүүлдэг. Үүнтэй адил нас барахад нь хаана оршуулсан, чандарласан бол чандрыг нь хаана байршуулсныг заавал бүртгэдэг болох шаардлагатай. Олон улсад оршуулгын байршлыг газрын координатаар бүртгэдэг. Манайд ийм бүртгэлгүйгээс хаана хэдэн хүн оршуулсан, ямар үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл тодорхой бус болж, уулын суга, жалга, зам дагуу хүртэл замбараагүй оршуулга бий болсон. Мөн эзэнгүй, арчилгаа хамгаалалтгүй олон шарил үлдсэн. Тиймээс оршуулгын бүртгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах нь нэн чухал.
-Уламжлалт заншил болон шинэ зохицуулалтыг хэрхэн уялдуулах вэ?
-Замбараагүй оршуулгыг цэгцлэхгүй бол оршуулгын газар улам тэлнэ. Өнөөдөр энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс төр бодлогоороо заавал шийдэх ёстой. Хуучин хаагдсан оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлж, сэргээн тохижуулахын зэрэгцээ шинэ оршуулгын газрыг зөв төлөвлөх хэрэгтэй. “Улаанбаатар буян” компанийн Самбалүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага үүний нэг жишээ.Оршуулгын салбар зөвхөн мөнгө олох бизнес байж болохгүй. Нүүлгэн шилжүүлсэн газарт дахин барилга барих бус, ой, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Улаанбаатарын иргэдийн уушгийг тэтгэх ногоон бүс болгоосой гэж хүсэж байна. Төр, хувийн хэвшил зөв шийдлээр хамтран ажиллаж чадвал олон жилийн турш хуримтлагдсан энэ асуудлыг цэгцэлж, оршуулгын соёлыг шинэ шатанд гаргах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn