Ч.БЯМБАХАЖИД, М.АЛТАНТУЯА 

Ази-европын уулзалт (АСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг Монгол Улсад зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.   

 

-АСЕМ-ын Хүний эрхийн 24 дүгээр семинарыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна. Энэ талаар ярина уу. Тус семинарын гол ач холбогдол юу вэ? 

-ХЭҮК байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ойн арга хэмжээний хүрээнд ASEM-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг (ASEMHR24) Монгол Улсад зохион байгуулах санаачилгыг гаргасан. Уг санаачилгыг ASEM-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус семинарын Удирдах хороо болон Ази, Европын сан (ASEF) дэмжсэн.

ASEM-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг “Хүний эрхийн ирээдүй: Орон нутгаас бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд” (The Future of Human Rights – From Local to Global) сэдвийн дор ирэх аравдугаар сарын 12–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Семинар нь хүний эрхийн нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах, шинээр бий болж буй сорилт, боломжийн талаарх харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Ази, Европын улс орнуудын туршлага, сайн практикийг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулах чухал талбар болох юм. 

ASEM нь Ази, Европын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан сонирхсон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1996 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын форум юм. ASEMHR24-т Ази, Европын 51 улсын төрийн байгууллага, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн мэргэжилтэн, судлаач, хуульч, олон улсын байгууллага болон бүс нутгийн хүний эрхийн механизмын төлөөлөл оролцоно.

Тогтсон зохион байгуулалтын дагуу семинарт 100 орчим оролцогч гурван өдрийн турш оролцох бөгөөд хөтөлбөр нь нээлтийн нэгдсэн хуралдаан, зэрэгцээ ажлын хэсгийн хэлэлцүүлэг болон хаалтын нэгдсэн хуралдаанаас бүрдэнэ.

Семинарын эхний өдрийн үндсэн хэлэлцүүлэг нь хүний эрхийн өнөөгийн болон ирээдүйн сорилтыг дэлхийн, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн түвшний харилцан уялдааны хүрээнд авч үзэхэд чиглэнэ. Семинарын хоёр дахь өдөр оролцогчид гурван салбар хуралдаанд хуваагдан ажиллана.

Мөн АСЕМ-ийн хурлын гадаад бодлогын чухал ач холбогдол нь Монгол Улс хүний эрхийн тогтолцооны ирээдүйг хэлэлцдэг бүс нутгийн төв гэх мессежийг дэлхий дахинд түгээж буйгаараа чухал.

-Хүний эрхийн тогтолцоог юу гэж ойлгох вэ?

Хүний эрхийг хамгаалах тогтолцоо 1990 он, ардчилсан нийгмийн тэлэлтээс хойш хөгжиж эхэлсэн байдаг. Дэлхий дээр бүс нутаг улс орны хэмжээнд нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Дээрээс нь шинэ сорилт асуудлууд гарч ирж байна. Энэ асуудалтай холбоотой НҮБ-ыг тойрсон хүний эрхийг хамгаалах дэлхийн тогтолцоо, бүс нутгийн тогтолцоо гэж байдаг. Европт бүс нутгийн тогтолцоо хамгийн сайн бэхэжсэн. Харин Ази тив бол хүний эрхийн бүс нутгийн тогтолцоо байдаггүй ганц цэг. Харин Зүүн өмнөд азийн улс орнуудад оролдлого байгаа. Монгол Улсын хувьд төрийн гол чиг үүргийн байгууллага, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага зэрэг төрийн байгууллагууд иргэнээ сайн сайхан амьдруулах л үүрэгтэй. Тэгэхээр нэг талаасаа төрийн байгууллагын тогтолцоог хүний эрхийн тогтолцоо гэж болно. Энэ дотроо ХЭҮК хөндлөнгийн хяналтын чиг үүрэгтэй.

20 жилийн өмнөхтэй харьцуулахад ардчилсан дэглэмд улс орнууд хумигдаж эхэлсэн. Иргэдийн дуу хоолойг тодорхой хэмжээнд хязгаарлах хандлагатай улс орнуудын тоо дэлхий дээр тасралтгүй өсөж байна. Хүний эрхийг хамгаална гэдэг нь үндсэндээ төрийн эрхийг хязгаарлах явдал юм. Төрийн үйл ажиллагааг хүнд ээлтэй байлгаснаар хүний эрхийг хамгаалж байна гэж ойлгож болно. Өнгөрсөн жил АСЕМ-ийн 23 дахь албан бус хурлын үеэр Монгол Улсын ХЭҮК дараагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах талаар санаачилга гаргаж “Хүний эрхийг хамгаалах тогтолцооны ирээдүйн асуудал”-ыг хэлэлцье гэж шийдсэн.

-Энэ удаагийн АСЕМ-ийн хурлаас гарах үр дүн, ач холбогдол нь юу вэ? Монголд өмнө ийм төрлийн хурал зохион байгуулагдаж байсан уу?

 -Монголд дээрх асуудлаар анх удаагаа семинар зохион байгуулагдаж байгаа. Дэлхийн олон улс орны төлөөллийг энэ салбарт ажилладаг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг цуглуулж байгаа анхны тохиолдол болов уу гэж бодож байна. Сүүлийн 10 жилд дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд хүний эрхийн цаашдын асуудлууд дээр судалгааны ажлуудыг хийж ирсэн. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын сургалт судалгааны төвийг Монгол Улсад байгуулах санаачилгыг ХЭҮК, ГХЯ-тай хамтарч гаргасан. Тус төвийг Монгол Улсад байгуулах нь улс төрийн сонголтын уур амьсгалыг бэхжүүлж, хэвээр хадгалахад чухал үүрэгтэй юм. 

АСЕМ-ийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь дараах ач холбогдолтой. Үүнд, Монгол Улсын хүний эрхийн чиглэлээрх олон улсын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Ази, Европын хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээнд Монгол Улсын байр суурь, оролцоог нэмэгдүүлнэ. Монгол Улсын хүний эрхийн үндэсний тогтолцоо, туршлага, сайн практикийг олон улсын оролцогчдод танилцуулах. Монгол Улсын ХЭҮК бусад улсын хүний эрхийн үндэсний байгууллага, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх. Олон улсын болон бүс нутгийн сайн туршлагаас суралцаж, Монгол Улсын үндэсний бодлого, үйл ажиллагаанд тусгах боломжийг нэмэгдүүлэх. Төрийн байгууллага, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх. Хүний эрхийн чиглэлээр шинээр бий болж буй болон тулгамдсан асуудлаарх мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх. Семинараас гарах санал, зөвлөмжөөр дамжуулан Ази, Европын хүний эрхийн асуудлаарх цаашдын бодлого, хамтын ажиллагааны хэлэлцүүлэгт Монгол Улсын хувь нэмрийг нэмэгдүүлэх юм.

Семинарын дараа Ази, Европын сан (ASEF)-гийн Ажлын алба НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран аравдугаар сарын 15–16-ны өдрүүдэд хоёр өдрийн чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулна.

Уг сургалт нь семинарын хүрээнд өрнүүлсэн бодлогын түвшний хэлэлцүүлгийг практик чадавх бэхжүүлэх үйл ажиллагаатай уялдуулж, оролцогчдод олон улсын хүний эрхийн механизмуудаас гаргасан зөвлөмжийг үндэсний түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх арга барил, туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ. 

-АСЕМ-ийн Хүний эрхийн 24 дүгээр семинарыг Монгол Улсад зохион байгуулах нь эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-АСЕМ-ийн Хүний эрхийн 24 дүгээр семинараар дэлхийн 80 орчим төлөөлөгчид Монгол Улсад чуулна. Эдгээр төлөөлөгчдийн зардал Монгол Улсын төсөв, ХЭҮК-ын төсвөөс огт гарахгүй. Үүнийг Ази-Европын сан болон тус үйл ажиллагааны хандивлагч дөрвөн улс орны Засгийн газраас гаргаж байгаа. Тиймээс Монгол Улсын эдийн засагт багахан хэмжээний ч болов хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэж ойлгож болно. 

-Сүүлийн жилүүдэд хүний эрхийн ямар асуудал хамгийн их тулгамдаж байна вэ?

-Орлогын тэгш бус байдал, хууль бус баривчилгаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал гарч байна. Гэхдээ Монгол Улсын хувьд хүний амьжиргаатай холбоотой асуудал нь хүний эрх зөрчигдөж байгаа суурь асуудал болж байна. Тухайлбал, тухайн хүний амьжиргаатай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи мансууруулах бодис, цахим залилан гэх мэт эрх зөрчигдөж буй асуудлууд үүсэж байна. 

 -Өнөөдөр технологи маш хурдацтай хөгжиж байна. Хиймэл оюун ухаан, цахим орчин хүний эрхийн хамгаалалтад ямар шинэ сорилтуудыг бий болгож байна вэ?

- Олон нийтийн сүлжээний асуудал маш чухал. Хүний амьдрал цахим, бодит гэсэн хоёр ертөнцөд өрнөдөг болсон. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах нь бодит амьдрал дээрхээс өөр шаардлагуудыг шаардана. Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь маш чухал эдийн засгийн ач холбогдолтой эд зүйл болсон байна. Жишээлбэл, Ковид-19 бол хүн төрөлхтнийг цахим ертөнц рүү шилжүүлсэн. Тухайн үед бүх хүн цахимаар л холбогдох, харилцах боломжтой байсан. Энэ үед монголчуудын хувь хүний мэдээллийг нууцлах байдал маш тааруу байсан. Цахим технологи хөгжихийн хэрээр хүний хувийн орон зайг хамгаалах баталгаа Монгол Улсад байхгүй байна. Иймээс ХЭҮК-оос “Хүний эрх ба цахим технологи” гэх цогц хяналт шалгалтыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж, цахимжилтад Монгол Улс бэлэн биш байна гэх дүгнэлтийг гаргасан.

Цахим технологийн эринд Монгол Улсад хэрэгжиж байгаа эрх зүйн зохицуулалт бол “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хууль л байна. Гэвч уг хууль нь хүний хувийн мэдээллийг бүрэн хамгаалахад учир дутагдалтай байна. Тиймээс Засгийн газарт өнгөрсөн тавдугаар сард зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Эрх нь зөрчигдсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрхэн эрхээ сэргээх, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй “цоорхой” хуулийг баталсан нь Монгол Улс иргэнээ хамгаалж чадахгүй байгааг харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn