Ц.МЯГМАРБАЯР
Оршуулгын үйлчилгээний салбарт 20 гаруй жил ажилласан “Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бумтүшигтэй үйлчилгээний шинэ соёл, үндэсний уламжлал, салбарын стандарт, хот газрын зохистой ашиглалт болон байгальд ээлтэй хөгжлийн талаар ярилцлаа.
Оршил. Улаанбаатар хот тэлэхийн хэрээр оршуулгын газрын төлөвлөлт, нийтийн эрүүл ахуй, хөрс газрын хамгаалалт, дурсгал, хүндэтгэлийн орчны тохижилт, арчилгаа нь хотын урт хугацааны хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болж байна. “Улаанбаатар буян” ХХК энэ салбарт шинэ сонголт бий болгохын зэрэгцээ талийгаачийг үдэх уламжлал, зан үйлийг дэвшилтэт технологи, стандартад нийцүүлэн хүн төвтэй үйлчилгээтэй уялдуулан хөгжүүлж иржээ.
-“Улаанбаатар буян” компанийг салбарын түүчээлэгч гэж тодорхойлох гол үндэслэлээ тайлбарлана уу?
-Манай компанийн түүхийг нэг байгууллагын өсөлтөөс илүүтэй Монголын оршуулгын үйлчилгээнд шинэ сонголт, шинэ хандлага бий болгосон үйл явц гэж хардаг. Бид анх цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. Тухайн үед ар гэрийнхэн нь авс бэлтгэхээс эхлээд газар шорооны ажлаа өөрсдөө хийх нь түгээмэл байсан тул гашуудаж буй хүмүүст бие, сэтгэлийн ихээхэн ачаалал ирдэг байлаа. Үүнийг хөнгөвчлөх, талийгаачийг илүү хүндэтгэлтэй үдэх нөхцөл бүрдүүлэх нь бидний эхний зорилго байсан. Өнгөрсөн 20 гаруй жилд бид уламжлалт зан үйлийг орчин үеийн технологи, зохион байгуулалттай хослуулж, чандарлах үйлчилгээ болон дурсгал хүндэтгэлийн цогц орчныг хөгжүүлсэн. Манлайллыг бид зах зээлийн хэмжээгээр бус, салбарын өмнө тулгамдсан асуудлыг хэн түрүүлж харж, шийдэл гаргаж, бусад нь дагаж болох жишиг бий болгож байгаагаар хэмждэг. Тухайлбал, Япон улсаас “Сүмтэй машиныг”манай компани анх оруулж ирсэн. Мөн эсгийд ороох, авсыг лакдах зэрэг деталиудыг анх нэвтрүүлсэн. Анхны юм бүхэн алдаатай, оноотой байдаг. Гэхдээ алдаанаасаа суралцсаар, хөгжсөөр ирсэн түүхтэй.
-Үндэсний өв соёлыг орчин үеийн үйлчилгээтэй хэрхэн хослуулж байна вэ?
-Бид гадаадын загварыг шууд хуулбарлахаас илүү монголчуудын түүх, бэлгэдэл, уламжлал, зан үйлийг өнөөгийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэхийг зорьдог. Тухайлбал, эсгий материал, монгол хээ, бугын дүрслэл зэрэг уламжлалт бэлгэдлийг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнтэй уялдуулан үйлчилгээний шийдэлд ашиглаж ирсэн. Ингэхдээ уламжлалыг гоёл чимэглэл төдий бус, ар гэрийн дурсамж, сэтгэлзүйн хэрэгцээг хүндэтгэх агуулгаар авч үздэг. Дурсгалын хөшөөний хувьд ч байгалийн чулууг хэт их хэмжээгээр ашиглахаас илүү харьцангуй жижиг боржин чулууг өнгөлөх, товойлгох, удаан хадгалагдахуйц байдлаар боловсруулахыг чухалчилж байна. Олон улсын жишиг гэдэг үндэсний онцлогийг арилгах бус, уламжлалыг аюулгүй ажиллагаа, чанар, ил тод байдалтай уялдуулах хэрэгсэл юм.
-Чандарлах үйлчилгээ хотын хөгжил, байгаль орчинд ямар ач холбогдолтой вэ?
-Хот суурин амьдрал өргөжихийн хэрээр оршуулгын газар тасралтгүй тэлэх, хараа,хяналт, арчилгаа, тордлогоо орхигдсоноос иргэдэд айдас, жихүүдэс төрүүлсэн хогийн цэг үүсэх, энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдахад хүргэдэг зэрэг олон асуудал үүсдэг. Чандарлан оршоох хэлбэр нь газрын хэрэглээг бууруулах, хот орчмын газрыг илүү зохистой төлөвлөх, арчлалт хамгаалалт бүхий дурсгал, хүндэтгэлийн орчин бүрдүүлэх боломж олгодог. Манай Баруун болон Зүүн буяны цогцолборууд байнгын хамгаалалт, ногоон байгууламжтай. Чандрыг бунхан, суварга, дурсгалын хана, хөрсөнд залах зэрэг олон хэлбэрээс сонгож болдог. Байгальд ээлтэй үйлчилгээ гэдэг зөвхөн төхөөрөмжийн асуудал биш. Газрын хэрэглээ, технологийн хяналт, орчны арчилгаа, ногоон байгууламж, материалын сонголт, өдөр тутмын менежмент бүгд нийлж байж бодит үр дүн гарна.
-Салбартаа анхдагч байхын хариуцлагаа хэрхэн баталгаажуулдаг вэ?
-Анхдагч гэдэг нэр өөрөө баталгаа биш. Үйл ажиллагаа тогтолцоотой, хяналттай, тасралтгүй сайжирдаг байх шаардлагатай. Манай компани чанарын менежментийн ISO 9001:2015, байгаль орчны ISO 14001:2015, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001:2018 стандартын шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Ингэснээр тоног төхөөрөмжийн ажиллагаа, ажилтны аюулгүй байдал, орчны тохижилт, ар гэртэй харилцах үйлчилгээ нэг хариуцлагын тогтолцоонд ордог. Мөн үйлчилгээний бүртгэл, захиалга, эргэлтийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цахим систем нь зөвхөн захиалга авах хэрэгсэл биш. Үйлчилгээний үе шат, мэдээллийн бүртгэл, хариуцлагыг илүү тодорхой болгож, ар гэрийнхэнд хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэх ач холбогдолтой.
-Компанийн хүчин чадал, хүртээмж өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Манай компани жилд ойролцоогоор 70–80 мянган чандарлалт хийх суурилагдсан хүчин чадалтай. Улаанбаатар хотод жилдээ 8–9 мянга орчим нас баралт бүртгэгдэж буй өнөөгийн түвшинтэй харьцуулахад техникийн хүртээмж хангалттай. 2024 онд 1662, 2025 онд 1416, 2026 оны эхний хагас жилд 645 чандарлах үйлчилгээ үзүүлсэн. 2026 оны эхний хагас жилийн байдлаар энэ нь нийслэлийн нийт нас баралтын ойролцоогоор 14.7 хувьтай тэнцэж байна. Иймээс гол асуудал нь хүчин чадал нэмэхээс илүү иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, сонголтын эрхийг баталгаажуулах, салбарын нийтлэг стандарт, хяналтыг бий болгох явдал юм.
-Сүүлийн жилүүдэд чандарлах үйлчилгээний эзлэх хувь буурч байгаа нь юуг илтгэж байна вэ?
- 2024 онд нийслэлийн нийт нас баралтын 18.1 орчим хувь, 2025 онд 15.5 орчим хувь, 2026 оны эхний хагас жилд 14.7 орчим хувь нь манай компанийн чандарлах үйлчилгээг сонгосон байна. Энэ бууралтыг зөвхөн хэрэглэгчийн соёл, уламжлалтай холбон тайлбарлаж болохгүй. Иргэдэд хүрч буй мэдээллийн чанар, үйлчилгээ эрхлэгчдийн хариуцлага, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй оршуулгын газрын хяналт, төрийн бодлого нөлөөлнө. Бид бусад үйлчилгээний хэлбэрийг үгүйсгэхгүй. Харин гэр бүлд бодит мэдээлэл дээр үндэслэсэн сонголт өгөх, сонголт бүр ижил шаардлага, хяналтын дор хэрэгждэг байх ёстой гэж үздэг.
-Оршуулгын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямархуу чиглэлд байх нь үр дүнтэй байна вэ?
-Юуны өмнө үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, зөвшөөрөл, хяналт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй. Нас барагчийг ямар хэлбэрээр, хаана оршуулсныг иргэний бүртгэлийн нэгдсэн мэдээлэлтэй холбовол эзэнгүй булш, мэдээллийн алдагдлыг бууруулах боломжтой. Мөн нийтийн эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөлд мөрдөх оршуулгын зохицуулалтыг хууль, журмаар тодорхой болгох шаардлага зайлшгүй болж байна.Төр, хувийн хэвшил хамтран иргэдэд оршуулгын хэлбэрүүдийн үйл явц, өртөг, газрын хэрэглээ, байгаль орчны нөлөөллийн талаар бодитой мэдээлэл хүргэх нь чухал. Бид аль нэг сонголтыг тулгах бус, гэр бүл бүр мэдээлэлд үндэслэн өөрийн уламжлал, нөхцөлд тохирсон шийдвэр гаргадаг байхыг дэмждэг.
-Цаашид үйл ажиллагаагаа ямар чиглэлд хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-Бид чандарлах үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй хотын соёл, байгаль орчинд ээлтэй цогц үйлчилгээний загварыг төлөвшүүлэх зорилготой. Ногоон байгууламж бүхий дурсгал хүндэтгэлийн орчин, гэр бүлд зориулсан илүү тайван үйлчилгээ, бүртгэл мэдээллийн цахим уялдаа, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ажилтны мэргэшил энэ загварын үндсэн хэсэг болно. Мөн үндэсний материал, монгол бэлгэдлийг орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн үйлчилгээний шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Салбарын нийтлэг стандарт, ёс зүй, хяналтын тогтолцоог сайжруулах бодлогын хэлэлцүүлэгт туршлагаа хуваалцаж, нийслэлийн урт хугацааны газрын төлөвлөлттэй уялдсан шийдэл санал болгох нь бидний дараагийн үүрэг гэж харж байна.
-Энэ салбарт ажиллах хугацаанд таны ойлгосон хамгийн чухал зүйл юу байсан бэ?
-Хүн бүрийн уй гашуу, гэр бүл бүрийн уламжлал, хүсэл өөр байдаг. Тиймээс бидний ажилд нэг хэвийн үйлчилгээ тулгахаас илүү сонсох, ойлгох, сонголтыг нь хүндэтгэх чадвар хамгийн чухал юм. Технологи, барилга байгууламж, стандарт хэрэгтэй. Гэхдээ тэр бүхний эцсийн зорилго нь хүнийг нэр төртэй үдэх, ар гэрийнхэнд нь тайван дурсах орчин үлдээхэд оршино. Оршуулгын соёл гэдэг зөвхөн бурхан болоочийг үдэх бус, ар гэрийн хүмүүсийн тайван амгалан байдал, хот төлөвлөлт, ирээдүй үеэ хүндэтгэх тухай ойлголт юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn