П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Италид олон улсын улс төрийн чиглэлээр суралцаж буй А.Азбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр 24 настай, энэ жил төгсөх курсийн оюутан.
Суралцахынхаа хажуугаар аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бөгөөд Баруун Европын орнуудаас Монголд жуулчин татахын зэрэгцээ өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.
-Италийн боловсролын систем онцлогоос хуваалцахгүй юу?
-Хүн бүрийн ойлгож, хүлээж авах байдал өөр өөр байдаг. Харин арга барилыг нь ойлгож, юу нь хэрэгтэй, хэрэггүйг ялгаж чадвал сурахад тийм ч хэцүү биш.
Хичээлүүд итали хэлээр ордог учраас хэлээ сайн сурах шаардлагатай. Италийн боловсролын системийн нэг давуу тал нь шалгалтад унасан ч дахин өгөх боломжтой байдаг. Жилийн хугацаанд 6-7 удаа шалгалт өгөх боломжтой. Мөн оюутнуудад өөрсдөө төлөвлөж, шийдвэр гаргах чөлөөт орон зайг илүү олгодог юм шиг санагддаг.
Европын холбооны орнуудын сургуулиудын оюутнууд нэг семестрийн хугацаанд өөр улс, өөр сургуульд суралцах боломжтой. Энэ хугацаанд шинэ газар, шинэ хүмүүстэй танилцаж, өөр орчинд олон зүйл сурдаг нь давуу талтай.
-Италид очоод хамгийн түрүүнд ямар зүйл таны анхаарлыг татсан бэ?
-Европын түүх, тэр дундаа Дундад зуун, ялангуяа Сэргэн мандалтын үеийн урлаг, уран зохиол, уран зураг Италид нэлээд алдартай. Тийм болохоор Итали хүний сэтгэлгээ, урлаг, уран зохиол, өөрийнх нь тээж явдаг соёл нь орчинтойгоо их холбоотой санагдсан. Заримдаа өөр цаг хугацаанд ирчихсэн юм шиг мэдрэмж төрдөг. Италийн амьдралын философийг ойлгож, мэдэрч явна.
-Гадаадад амьдарч байхдаа эх орноо санах үе хэр их байдаг вэ?
- Эх орноо хааяа санана. Хилийн цэрэгт алба хааж байсан болохоор эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрдэг болсон байх. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг гэж боддог.
-Эх орныхоо торгон хилийг манаанд зогсож байхад ямар мэдрэмж төрдөг байв?
-Монгол эр хүн бүхэн хил дээр очиж үзэх хэрэгтэй гэж боддог. Хил дээр байгаа хүмүүсийн аж амьдрал, хилийн манаанд зогсож байгаа алба хаагчид, тэдний гэр бүл гээд олон хүн бий. Тэр хүмүүсийн хилээ, эх орноо гэсэн сэтгэл, эх орныхоо амгалан тайван байдлын төлөө байгаа нь бахархмаар санагддаг. Тэд байгаа болохоор бид тайван амгалан амьдарч байгаа шүү дээ.
-Тэтгэлэгт хамрагдаж, гадаадад суралцсан хугацаа танд ямар боломж, туршлага өгсөн бэ?
-Тэтгэлгээр нэг жил суралцсан. Тэр хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгох боломж олдсон.
Хүн завтай байвал залхуурах гээд байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, завгүй байх хэрэгтэй. Тэтгэлгийн хувьд хүн бүр авах боломжтой.
Сургуулиа төгсөөд Монголдоо 2-3 жил ажиллаж, амьдралын ухаан суусныхаа дараа гадаадад сурч, ажилласан нь дээр юм уу гэж боддог. Гэхдээ хүн хүний бодол, мэдрэмж ялгаатай шүү дээ.
-Аялал жуулчлалын салбартай хэрхэн холбогдсон бэ?
-18 нас хүрээд цэргийн алба хаасныхаа дараа гадаад руу явсан. Анх Филиппин рүү англи хэлний чадвараа сайжруулахаар явж байсан. Намайг анх очиход манай сургалтад 7-8 монгол оюутан суралцдаг байлаа. Тухайн үед манай сургалтын монгол менежер ажлаасаа түр гарсан учраас намайг ажиллахыг санал болгосон.
Зүүн Өмнөд Азид байх хугацаандаа Япон, Тайланд зэрэг тэр хавийн хэд хэдэн улсаар аялсан. Дараа нь Монголдоо ирээд аялал жуулчлалын компанид ажилласан. Дараа нь Хятадад нэг жил сураад тэгээд Италид ирсэн.
Энэ хугацаанд аялал жуулчлалын салбар надад тохирох юм байна гэгийг ойлгосон л доо. Хүмүүстэй ажилладаг нь надад их таалагдсан.
-Та гадаадын жуулчдад Монголыг ямар өнцгөөс илүү таниулахыг хүсдэг вэ?
-Италид байхдаа олон хүнтэй танилцаж, Монголын талаар ярилцдаг болсон. Монголын талаар юу сонирхож байна, Монголоос ямар мэдрэмжтэй ирэхийг хүсэж байгаа сэтгэгдлийг нь сонсдог.
Гадаад хүмүүстэй ярьж байхад зарим нь баригдмал байгаадаа стресстэй, ажил, өдөр тутмын амьдралаас залхсан хэв маяг анзаарагддаг. Өөр амьдралын хэв маягтай нүүдэлчин ахуй, соёлыг их сонирхдог болсон. Тиймээс дан ганц аялуулаад буцаах биш, Монгол Улсын өв уламжлал, соёлыг ойлгуулж, мэдрүүлэхийг хүсдэг.
-Европоос найзууд нь Монголд аялаад буцсан гэсэн. Монголд аялахад юу нь онцгой санагдсан бэ?
-Унгар, Италиас найзууд маань ирсэн. Тэд Монголд анх удаа ирж байгаа.
Монголд ирээд цагаан идээ идэж, морь унаж үзсэн. Чингис хаан үндэсний музей музейгээр очиж Монголын түүхтэй танилцсан. Чингис хаан үндэсний музейг үзээд “Энд ирсэн маань хангалттай үнэ цэнтэй байлаа” гэж хэлсэн.
-Монголын аялал жуулчлалын салбарт ямар асуудалд илүү анхаарах шаардлагатай гэж харж байна?
-Аялал жуулчлалын салбарт хүний нөөцөө илүү хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Монгол хүмүүс заримдаа хойрго, хайхрамжгүй санагддаг. Гэхдээ сэтгэлтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг хүмүүс бас бий.
Монгол Улс түүх, соёл, дурсгалт газрууд ихтэй, баялаг орон. Ямар нэг зүйл нэмэхээс илүү аялал жуулчлалын аль чиглэлээр ажиллаж байгаагаас шалтгаална. Аялал жуулчлалын компани бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, загасчлал, нүүдэлчин ахуйн, урлаг, соёлын чиглэлийнх гэх мэт. Тиймээс нэг талыг барихгүйгээр олон чиглэлийг зэрэг хөгжүүлж, өөр өөрийн онцлогоо гаргах хэрэгтэй. Өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэхдээ ухаалаг өрсөлдөх нь чухал.
-Цаашдын зорилго нь өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн. Зуны хэдхэн сард төвлөрдөг аялал жуулчлалыг жилийн турш хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Монголд аялал жуулчлалын хугацаа богино байдаг. Зуны гурван сар жуулчин хүлээн авах оргил үе болдог. Тиймээс жуулчны урсгалыг тогтмол байлгах нь чухал.
Ганцхан зуны улиралд жуулчин хүлээж авах биш, өвлийн аялал жуулчлалыг ч хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг илүү сонирхолтой, өв соёлтойгоо нийцсэн, ая тухтай байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7911)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn