Х.ХАТАН
“Зууны мэдээ” сонин иргэдийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ дагуу Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээ 14 хоногт нэг удаа тогтмол давтамжтай нийтэлж ирсээр гурав дахь жилтэйгээ золгож байна. Бидний бичсэн нийтлэлүүд олон асуудлыг хөндөж гарц гаргалгаа хайж, шийдэл санаа дэвшүүлж, зарим нь төр засгийн шийдвэр гаргуулж тодорхой үр дүнд хүрсээр байна. "Иргэдээ өмөөрч бичнэ" уриатай "Зууны мэдээ" сонины удрирдлага сэтгүүлчдээ дэмжиж, урамшуулах үүднээс хагас жил тутамд шилдэг бүтээлийг шалгаруулж шагнадаг билээ.
2025 оны сүүлийн хагас жилийн Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлийн уралдаанаа дүгнэж, “Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс” бүтээлээрээ сэтгүүлч Х.Мөнхжаргал, Ч.Бямбахажид нар шилдгээр шалгарлаа.
Шилдэг бүтээл тодруулах уралдаанд нийтийн эрх ашгийг хамгаалсан, баримт нотолгоонд тулгуурласан, нийгэмд нөлөөлсөн нийт 12 бүтээл өрсөлдсөн юм.
Бүтээлүүдийг үнэлэх экспертээр Хэвлэлийн хүрээлэнгийн зөвлөх багш Р.Оюунцэцэг, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч, сэтгүүлч, Аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цэсэн нар ажилласан билээ.
Энэ удаагийн шилдгээр шалгарсан бүтээл нь сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй өсөлт хөгжилт, цаашлаад сурч боловсрох эрхэнд нь халдаж буйг бодит кейс, судалгаа, баримтууд болон эх сурвалжийн мэдээллүүдээр гаргасан. Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сэдэв бол сурагчдын сургуулийн орчин дахь хооллолт гэдгийг энэ нийтлэлээрээ олон нийтийн анхааралд хүргэж чадсан.
НЗДТГ-аас 2024 оноос эхлэн нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгдөг байсан.
Харин энэ нийтлэлийн дараа 2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулах шийдвэр гарсан юм. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, ажил хэрэг болгож эхэлсэн билээ.
Цаашид өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуулийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах хүртэл бид үргэлжлүүлэн бичих болно.
2025 оны сүүлийн хагас жилийн 12 бүтээл:
1. Уяачдын цэнгэлд “ташуурдуулсан” унаач хүүхдүүдийн эрх
2. Завины үнэтэй амь гэж үгүй
3. Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг ингэж зарцуулжээ
4. “Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”
5. Таван хүний аминд хүрсэн цахилгаан тээврийн хэрэгслүүд түгжрэлийн шийдэл мөн үү
6. 34 улсад хориглож, 87 улсад хязгаарласан, Монголд "зохицуулалтгүй" электрон тамхи
7. Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс
8. Парламент нь ч хэрэгжүүлдэггүй Хүний эрхийн үндэсний хөтөлбөр
9. Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг
10. Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ
11. Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?
12. Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!
Хэвлэлийн хүрээлэнгийн зөвлөх багш Р.Оюунцэцэг: Та бүхэн нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх сэтгүүл зүйн үүргийг амжилттай хэрэгжүүлж байна

Сонины баг хамт олон өөрийн тодорхой зорилгын үүднээс нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлийг сард хоёр удаа тогтмол нийтэлж ирснийг сүүлийн жилүүдэд ажиглан уншиж ирсэн. Эдгээр бүтээл нь нийгэмд шийдэл хүлээж буй тодорхой сэдэв, асуудлыг аль болох ул суурьтай хөндөж, хэрэглэгч буюу уншигчдад илүү таниулж, ойлгуулахыг эрмэлзэж байгаа нь тун сайшаалтай.
Тухайлбал, 2025 оны сүүлийн хагас жилд нийтлэгдсэн 12 бүтээлд Монголын нийгэмд нийтлэг үзэгдэл болсон буюу тодорхой давтамжтай байнга сөхөгддөг асуудлуудыг гол төлөв хөндсөн байна. Ингэхдээ, асуудал бүрийг өргөн цар хүрээнд тодорхой баримт, статистик мэдээлэл, чиглэлийн тайлан, судалгаанд тулгуурлан авч үзэж, хамаарал бүхий эх сурвалж, эрх зүйн баримт бичгүүдийг иш татан тайлбарласан мэдээллийн чанартай өгүүллээс гадна шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн асуудал хөндсөн өгүүллийн төрлөөр бичжээ.
Асуудал тус бүрийг олон нийтийн эрх ашгийн үүднээс харж хөндөж байгаа нь “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай сонины мэдээлэл өгөх ба нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх сэтгүүл зүйн үүргийг амжилттай хэрэгжүүлж буйн нэг илрэл юм.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг: Цаашид бодлогын болон практик шийдлийг дэвшүүлэхэд анхаарах хэрэгтэй

-Эдгээр 12 бүтээлийг уншиж, санал шүүмжийг нь нэгтгэн дүгнэхэд сэдэв сонголтын хувьд нийгмийн тулгамдсан, олон нийтийн анхаарал татахуйц асуудлуудыг оновчтой хөндсөн нь анзаарагдлаа. Байгаль орчин, эрүүл мэнд, хүүхдийн эрх, нийтийн аюулгүй байдал зэрэг чиглэлүүдийг сонгосон нь сэтгүүл зүйн нийгмийн хариуцлагатай үүргийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэхийг зорьсон оролдлого гэж үзэж байна. Зарим нийтлэлд асуудлын шалтгаан, нөхцөлийг тайлбарлах, иргэдэд сэрэмжлүүлэх, анхан шатны аналитик дүгнэлт хийх оролдлого ажиглагдсан нь эерэг тал болж байна.
Гэвч эдгээр бүтээлүүдийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шаардлагын үүднээс авч үзвэл илүү гүнзгий түвшинд хүрээгүй, ихэнхдээ асуудал дэвшүүлсэн, тайлбарласан шинж давамгайлж байна гэж дүгнэж байна. Цаашид баримт, дата дээр тулгуурласан судалгааг гүнзгийрүүлэх, олон эх сурвалжийг тэнцвэртэй ашиглах, шалтгаан-холбоосыг нарийвчлан задлах, бодлогын болон практик шийдлийг дэвшүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж дүгнэж байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч, сэтгүүлч, Аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цэсэн: “Зууны мэдээ”-ийн сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээг чанад баримталж ажилладгийг уг бүтээлүүдээс олж харлаа

-Ийм сайхан бүтээлч, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр хөдөлмөр, ур чадвар, оюун ухаан, үнэт цаг хугацаагаа зарцуулан бүтээсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээлүүдийг уншиж, өөрийнхөө хэмжээнд үнэлж цэгнэх боломж олгосон танай хамт олонд талархлаа илэрхийлье.
Ирүүлсэн 12 нийтлэлийг нэг бүрчлэн маш анхааралтай уншиж, бодож тунгааж үнэлгээ өгч, хэлж ярьснаар цаашид илүү сайн бүтээл туурвихад нь санаа сэдэл болох байгаасай хэмээн санал шүүмж бичсэнийг та бүхэн ажилдаа тусгана биз ээ.
Бүх нийтлэл сэдвийн хувьд ач холбогдолтой, нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл байсанд таатай байна. Мөн “Зууны мэдээ” сонины уран бүтээлчид сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг чанад баримталж ажилладгийг уг бүтээлүүдээс олж харсныг онцолж байна. Та бүхний цаашдын ажилд улам их амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn