С.УРТНАСАН

 

Хөлдөө хурд, хүч, шандастай хүлгүүдээ цаг улиран ээлжлэх жилийн дөрвөн улиралд сойж, уналга уяа, хоол тэжээлийг нь тааруулна гэдэг аль ч нутгийн аавын хүүгийн хийморийг сэргээх торгон агшин байх биз ээ. Манай улсын хувьд адуу нь уламжлалт түүх, зан заншил, байгаль ба нүүдлийн соёлтой бат бэх холбоотой. Хэдэн зуун өнгөрсөн ч хүн морь хоёрын харилцаа нэгэн цул байсан тул эрийн гурван наадмынхаа нэгт багтааж, энэхүү уламжлалаа үеийн үед хадгалан ирсэн гэдэг нь дамжиггүй. Жигүүргүй атлаа хөдөөгийн тэнүүн талд хөндлөн гулд давхиж, хүлгийн нуруун дээрээс тэнгэрт дүүлэх мэт тэр л эрх чөлөөг монгол хүн мэдэрч чаддаг нь юутай гайхамшигтай. Тийм ч учраас монголчууд морь гэхэд л омогшиж, огооролгүй өнгөрч огт чаддаггүй байх. Үүнд буруу өгөхийн аргагүй. Гэвч молор эрдэнэ хэмээн хүндэтгэн нэрийдэх морьдын баяраас илүү монгол хүний амь чухал гэдэг асуудлыг  “Зууны мэдээ” сонины энэ удаагийн Нийтийн эрх ашгийн төлөөх нийтлэлээрээ хөндөж байна.

 

Морьд түрүүлж ирэхээс илүү монгол хүүхдийн эрүүл мэнд эрсдэлгүй байх нь чухал

Хурдан морь унаач хүүхдийн эрхийн зөрчил, бэртэл гэмтэл, амь насны эрсдэл бидний зайлшгүй анхаарах ёстой асуудлуудын нэг мөн. Бага насны хүүхдээр морио унуулж, уралдуулах соёл нь бас нэгэн хүүхдийн амь насанд эрсдэл үүсгэж байгаа хэлбэр ч байж болох шүү дээ. Урд өмнө нь бидэнд морь уралдахад хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ямар асуудал үүсэж байгаа тухай мэдээлэл тэр бүр байсангүй. Эсвэл түүхэн уламжлал тул түүнийг анхаардаггүй байсан ч байж мэдэх. Үүнийг оновчтойгоор батлан хэлэх боломжийн үгс хомс. Харин сүүлийн үеийн тоо баримт олонд нээлттэй болсон нь энэ талын маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх хангалттай хөшүүрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөө цагт уралдааны үеэр хүүхэд мориноосоо унаж бэртэх тохиолдол элбэг байгаа нь хайхрамжгүй хандаж болохгүй асуудал гэдгийг тодотгож байна.

Соёлын салбарын судлаач, мэргэжилтэн, уяач, морь унаач хүүхдүүдтэй уулзаж, хүүхэд мориноос унаад буйн шалтгааны сонирхож үзэхэд үндсэн гурван зүйлийг дуу нэгтэй хэлжээ. Нэгдүгээрт, ахуй амьдралын өөрчлөлтөөс болж морь сайн унадаг хүүхдийн тоо ховордсон. Хоёрдугаарт, морины уралдааны бооцоо шагнал, цол гуншин, нэр алдар зэрэг олон төрлийн нөөц баялаг санал болгох нь ихэссэн тул уралдааны тоо урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, морь унах хүүхдийн эрэлтийг нэмсэн. Ингэснээр морь сайн унаж сураагүй хүүхдийг мордуулах нөхцөлд хүргэсэн гэнэ. Магадгүй эдгээр хүчин зүйлс хүний эрхийн байгууллагуудын түгээмэл ярьдаг амьдралын боломж муу, хагас өнчин зэрэг хүүхэд цалин хөлсгүй морь унадаг, бэртэж гэмтэж, эрх нь зөрчигддөг гэсэн хэлэлцүүлгийн үндсэн шалтгаан нь болсон байх. Гуравдугаарт, томоохон уралдаан морь гаргахдаа 100-150 метр урт ногоон торны цаана морьдоо эгнүүлэн гаргадаг болсноор шахцалдаан үүсэж хүүхдүүд нэгнээ дэгээдэх нөхцөл үүссэн байна. Мориноос унаж буй хүүхдийн олонх нь гарааны зурхай дээр унадаг гэдгийг энэ жишээнээс харж болох юм.

 

Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, насаараа хохирох шалтгаан нь байж болохгүй

 

Хэт бага наснаасаа ажил хийх эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулж буй үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг ажээ. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын сүүл хүртэл ямар нэг хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй. Энэ нь өвөл, хаврын улиралд зохион байгуулагддаг хурдан морины уралдааны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг төрийн зүгээс хамгаалсан шийдвэр юм. Мөн эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээгээр хурдан морины уралдаанч хүүхэд Толгой болон мөчдийн гэмтэл, ясны хугаралт, хөлдөлт, осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт, нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэргийг авдаг байна. Хөвгүүдийн хувьд морь унах явцад төмсгөө гэмтээх улмаар насанд хүрсэн үедээ үргүйдэлд хүрэх эрсдэлтэй. Охидын хувьд эмээлгүй морь унах явцад онгон хальсаа гэмтээх аюултай байдаг талаар “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайланд дурджээ.

Түүнчлэн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурдаад, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морин уралдаанчаар ажиллахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна. Морь унаж байгаа хүүхдүүд 6-16 насны буюу бие даан бусадтай хэлцэл хийж, өөрийгөө бүрэн төлөөлөх чадамжгүй насныхан байдаг. Тэдний морь унах сонирхол дээр нь үндэслэн эцэг эх, уяач нар хоорондоо тохиролцож, морь унасан хөлсөнд өгөх мөнгийг нь амьжиргааны түвшнээр дунд болон түүнээс доогуур орлоготой эцэг, эх нь авч амьжиргаагаа залгуулдаг. Харин үүнээс хүүхдэд оногдох шан харамж нь ойр зуурын чихэр, ундаа, баяр наадмын үеэр идэх хуушуур, бууз, ихдээ л унасан морь нь айраг түрүү, баян ходоодод орвоос хичээлийн хувцас, хэрэгслээр нэг удаад хангагдах юм. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр мөнөөс мөн.

 

Өвлийн морин уралдаанд хүүхдээр морь унуулахыг зогсооход сургууль, багш нарын үүрэг ч бас бий

 

Сургууль нь зөвхөн сургалтын үйл ажиллагаанаас гадна хүүхдийг хамгаалах функцтэй. Социологич Иван Иллих “Сургууль нь нэг ёсны асрамжлагч байгууллагын үүрэгтэй ба сургуульд заавал суралцах ёстой. Ингэснээр хүүхдүүд эрт наснаас эхлэн хөдөлмөрийн үйл ажиллагааны эхэн үе хүртэл “эсэн мэнд байдал” алдагдахаас хамгаалагдах болно” гэжээ. Гэтэл Монгол Улсад уламжлал, соёл, ёс заншлын дагуу хүүхдээр хурдан морь унуулах нь сургуулиас завсардуулах, түүнчлэн тэвчишгүй хөдөлмөр эрхүүлж буй хэрэг юм. 2019 оны Улсын их баяр наадмаар хурдан морины уралдаанд есөн насны 651 унаач хүүхэд оролцсон байна. Тэдний ердөө хагас буюу 300 гаруй хүүхдийг “Номин”, “Миг” даатгалтай хамтран ажиллаж даатгуулжээ. Уралдааны явцад нийт есөн насанд 36 хүүхэд мориноосоо унасан ба 15 хүүхэд хөнгөн гэмтэл авчээ. Гэмтлийн зэргийг түргэн шуурхай тодорхойлон, уяач болон асран хамгаалагчдад нь 35 хүүхдийг хүлээлгэн өгч, нэг хүүхдийг хууль ёсны асран хамгаалагчтай нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлсэн талаарх мэдээллийг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар 2020 оны тайландаа дурдсан байна. Тиймээс тэр тусмаа хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглож, эсэн мэнд байдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах бүхий сургуулиас завсардуулахгүй байхад сургууль, багш нарын үүрэг их байгаа юм.

 

Уясан морьдынхоо өмнөөс цол гуншин авдаг ч, унаж бэртсэн хүүхдийн  өмнөөс хэн ч хариуцлага хүлээдэггүй

“2022-2024 оны хооронд хэд хэдэн хүүхэд унаж бэртэж, зарим нь нас барсан” гэх статистик тоон жишээнүүд байлаа.

Уралдааны зохион байгуулалт сул, харилцан адилгүй байдаг нь уралдааны гараа болон уралдах явцад хүүхэд унаж бэртэн эрүүл мэндээр хохирох эрсдэлийг үүсгэдэг. Энэ асуудал нь гарааны төхөөрөмжийн нэгдсэн стандартгүй, аймаг сум бүр янз бүрийн байдлаар хийсэн гарааны төхөөрөмжтэй, тө­хөө­рөмжийг ажиллуулах хүмүүсийг сайн дадлагажуулдаггүй зэргээс бий болдог байна. Уралдааны зам зориулалтын бус, стандартгүй, зам хөлдөлттэй зэрэг нь уралдааны явцад морь халтирах, хүүхэд унах эрсдэлд хүргэсээр л байгаа. Уралдааныг олон тооны машин дагаснаас үүдэж их хэмжээний тоос үүсгэж, үзэгдэх орчин хязгаарлагдан уралдаанч хүүхэд замаа харж морио удирдах боломжгүй болох, амьсгалын замаар үүсэх өвчинд нэрвэгдэх суурийг тавьж мөн уралдаанч хүүхэд авто осолд орох өндөр магадлалыг бий болгодог.

Хурдан морины уралдаанч хүүхэд эрүүл мэндээрээ хохироход уяач, эцэг эх нар хоорондоо тохиролцоод эмчилгээний зардлыг төлөх төдийгөөр өнгөрөх, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх болон хүлээлгэх эзэнгүй, хэн нэгэн буруутай этгээдийг тогтоож хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болж байна. Мөн 2023 оны хоёрдугаар сард Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан хэлэлцүүлгийн нэгэн оролцогч “Зарим уяач уясан морио хурдлуулахын тулд хүч, тамир оруулдаг тариа хэрэглэдэг. Тариулсан морь хагас галзуурсан маягтай болж, бяр чадалтай хүүхэд л унахгүй бол дийлддэггүй, бага насны хүүхэд унаж чадахгүй болдог” тухай өгүүлж байжээ. Энэ байдал нь эргээд унаач хүүхэд мориноос унах, бэртэх нэгэн шалтгаан болдог гэж байв. Улаанбаатар хоттой ойролцоох уяачдын төвлөрөл болох Өлзийт хороололд судалгаа хийж явахад “морины тариа, тарианы морь, тэжээ­лийн морь, бэлдмэлтэй морь” зэрэг нэ­мэлт тэжээл, тарианы тухай яриа их сонс­сон төдийгүй хог болон хаягдсан та­риур зэрэгтэй тааралдсан” талаараа ту­хайн хэлэлцүүлгийн үеэр ярьсан хүний тэмдэглэлийг мөн тайландаа багтаажээ.

Комиссын тайлангийн “Хүүхдийн эрх, эрүүл мэнд” хэсэгт хурдан морьдын урал­дааны олон аймшигт хэрэг, гэмтэл, осол зуршмал байдлаар дүгнэгдсэн байлаа. “Хууль эрх зүйн орчин” хэсэг нь Засгийн газрын тогтоол, Олон улсын конвенц, комиссын зөвлөмжийг нэгтгэн харуулсан байх бөгөөд “Одоогийн байдал ба статистик”, түүний хүрээнд хүүхдийн гэмтэл, нас баралтын тоон мэдээлэлтэй хэсэгт тоон мэдээлэл болон кейс судалгаа багтжээ. Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2020-2025 оны үйл ажиллагааны тайланд унаач хүүхдүүдийн эрхтэй холбогдох дараах кейсүүд дурдагдсан байсны нэг хэсэг нь  унаач хүүхдийн бэлтгэл, уралдаан дахь зөрчил тайланд дурдагдсан “2022-2024 оны хооронд хэд хэдэн хүүхэд унаж бэртэж, зарим нь нас барсан” гэх статистик тоон жишээнүүд байлаа. Үүнээс онцолбол 2022 онд 397 уралдаанаас 85 хүүхэд унаж, зургаа нь нас барсан. 2023 онд 353 уралдаанаас 464 хүүхэд унаж, 149 нь бэртэж, дөрвөн хүүхэд нас барсан байна.

Нийт дүгнэлтээс харвал 2020 оны байдлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хурдан морь унаач албан ёсны бүртгэлтэй 13100 хүүхэд байна. 1990-2019 оны хооронд хурдны морь унаж байгаад 40 хүүхэд нас барсан. 2021 оны эхээс хойш зургаан хүүхэд нас барж, 300 орчим хүүхэд уралдааны үеэр мориноос унаж бэртжээ.

Харин энэ талаар Увс аймгийн Завхан сумын залуу уяач Б.Өлзийдэлгэрээс морьд доо хүч нэмэх, дархлааг нь дэмжих зорилгоор нэмэлт витамин, тариа тарилга хэрэглэдэг эсэхийг тодруулахад “Уяачид улирлаасаа шалтгаалан унаач хүүхэдтэйгээ өглөөний таван цагаас эхэлж мориндоо явж, үсэргэж, хөлсөлдөг. Уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах бүхий л бэлтгэлийг базаадаг. Нэмэлт тариа тарилгын хувьд ханиад томуу, сунгаа, ядаргааг багасгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын эмчийн заавраар дархлаа дэмжих витамин, кальци мэтийг уяачид нь өөрсдөө юм уу малын эмчээр хийлгэдэг” гэв.

Хурдан морины уралдаанд оролцож буй унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй шууд арга бол хамгаалалтын хувцас хэрэгсэл юм. Харин хамгаалалт дан ганц хувцсаар хязгаарлагдахгүй. Энэ нь системтэй бод­лого, хүний эрхэд суурилсан хандлага, төрийн хяналт, стандарт, олон талын оролцоо дээр тогтох ёстой гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комисс байнга онцолж ирсэн.

Хуулийн дагуу уралдаанд оролцох унаач хүүхдүүдийг хамгаалах ёс зүйн болон техникийн шаардлага байдаг ч, орон нутагт мөрдөгдөх байдал харилцан адилгүй, заримд нь бүр огт хэрэгждэггүй. Бүртгэлгүй уралдаан, хувийн уяачдын зохион байгуулсан уралдаан зэрэгт хүүхдийн хамгаалалт ор тас орхигддог.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотой төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын судалгаа зөвлөгөө хэзээ үр дүнгээ өгч хөрсөн дээрээ буух вэ. Хэчнээн хүүхэд эндсэний дараа энэ асуудал шийдэгдэх вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 123 (7620)