П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“... Цагаан харшийн ёроолоор

Цантай чулуун гудамжаар

Ажилдаа яаранхан

Автобусанд  яаранхан

Амраг  нөхрөө сугадан алхвал

Аяа, бас жаргал бус уу!

Ажил тарсны дараагаар

Аав ээжийн ерөөлөөр

Цэцэг шиг хөөрхөн  хүүгээ

Цэцэрлэгээс хамт аваад ...

... Бие биенээ хайрлан суувал

Бидэн  хоёрын  жаргал бус уу ...” гэж нэрт яруу найрагч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалд дүрсэлсэн энэ хэдэн мөрт их хотын хөлд дарагдсан иргэн бидний энгийн нэг өдөр. Ажилдаа яарна. Автобус унаандаа амжих гэж бас яарна. Яаран гэрээсээ гарсан ч тушуулсан мэт түгжээнд түмэн цагийг барна. Цагаа бүрэн тооцуулж цалингаа бүтэн авахын тулд хурдан түргэн явах арга ухаан сүвэгчилнэ. Харин хэдэн жилийн өмнөөс цахилгаан дугуй, стүүтер, суррон гэх бичил тээврийн хэрэгслийг аж ахуй нэгжүүд олноор хэрэглээнд оруулж, түрээс төлөөд түгжрэлгүй явах боломжийг нээж эхлэв. Гэвч уг тээврийн хэрэгслээс шалтгаант осол сүүлийн жилүүдэд ихээр гарч, цаашлаад хүний алтан амийг авч одсоор байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ дээрх асуудал ямар байгааг сурвалжиллаа.

 

Бичил цахилгаан тээврийн хэрэгслийн зохисгүй хэрэглээнд дасал болсон Улаанбаатар хот

 

Өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь орчин үеийн завгүй залуусын хэрэглээнд ихэд нийцэж байв. Тухайлбал, сүүлийн гурван жилд нийт цахилгаан дугуй, скүүтерийн тоо 16 дахин нэмэгдэж, 2022 онд 1050, 2023 онд 8157 байсан бол 2024 онд 16783 болж өсжээ. Жишээ татвал, энэ оны эхний хагас жилийн байдлаар “Жэт шэйринг монголиа” ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120 мянган хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 4500-5000 хүн, “Ви Эм Си Групп” ХХК-ийн скүүтерийн аппликэйшинг 1.100.000 хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 12.900 хүн, "Эко технологи" ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11.150 иргэн татаж өдөр тутамдаа ашиглаж байна. Дээрхээс үзэхэд цаашид нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн тоо эрс өсөхөөр байгаа юм.

Гэвч манай улсад энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй хэрхэн замын хөдөлгөөнд оролцох, ямар үүрэг хариуцлага хүлээх гэхчлэн тодорхой хуулийн заалт байхгүй билээ. Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцох зориулалтын зам талбай өдрийн од шиг үзэгдэх нь “Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөв” гэгч болж байна уу гэлтэй. Нөгөөтэйгөөр  Монголын үрсийг олон болно гэж тооцоолоогүй эсвэл нүүдэлчин монголчуудыг ингэтлээ суурин бараадна гэт бодоогүй юм уу гэлтэй хот төлөвлөлт үүний оньс юм болов уу. 

Замын хөдөлгөөний тухай хуульд 16 нас хүрсэн хүн мопед, 18 нас хүрсэн бол мотоцикл унана гэж заасан. Гэвч 25 км/ц хүртэл хурдлах шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэлд тавих дүрэм журам одоо хэр алга байна. Алгын чинээ үрээ сундалчихсан аав ээжүүд, хоёр гурваараа сундлан давхих гэнэн томоогүй арван жилийн сурагчид нийслэл хотын замд хэзээний дасал болсон дүр төрх.

 

2025 оны эхний долоон сарын байдлаар 1566 осол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Нийт тохиолдлын 33.9% (531)  нь 15-19 насныханд хамгийн түгээмэл байна.

2022-2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Нарийвчилбал, 2022 онд 50, 2023 онд 305 осол бүртгэгдсэн бол 2024 онд 1.7 дахин нэмэгдэж 532 болсон гэх мэдээллийг ГССҮТ өгсөн юм. 2024 онд бүртгэгдсэн дээрх ослын  93.0 хувь нь нийслэлд бүртгэгдэж, нийт тохиолдлын 91.2 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Өнгөрсөн оны энэхүү тоон мэдээллийг хүйсээр харьцуулбал, 67.1 хувь нь эрэгтэйчүүд, 32.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 10-19 насныхан хамгийн ихээр бэртжээ. Харин осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл, нийт тохиолдлын 72 хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдож, 17.5 хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчихдоо автомашинд мөргүүлж, есөн хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн явган зорчигч байгаа бол үлдсэн 1.5 хувь нь тус тээврийн хэрэгсэлтэй зорчигчид хоорондоо мөргөлдөж гэмтсэн ажээ. Ингэхдээ тухайн шалтгаант ослын үед толгой, тохой шуу, өвдөг шилбэ зэрэг эрхтэн түлхүү гэмтдэг байна. Цаашлаад дээрх шалтгааны улмаас цахилгаан дугуйтай онхолдож хоёр, скүүтерт мөргүүлж нэг хүн амь насаа алджээ.

Тэгвэл энэ жилийн эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 1566 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас бараад байна. Тодруулбал, эхний долоон сарын тоон мэдээлэл нь өнгөрсөн оныхоос 2.9 дахин нэмэгдэж, урин дулааны улиралд огцом өсжээ. Эдгээр осол гэмтэлд урьдын адил 15-19 насныхан хамгийн ихээр өртсөн бөгөөд 18 хүртэлх насны 570 хүүхэд гэмтжээ.

Замбараагүй энэ хэрэглээг зохицуулахгүй бол дээр дурдсан тоо улам нэмэгдэх нь цаг хугацааны асуудал юм.    

2025 оны эхний 7 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалж гэмтсэн тохиолдлуудын дийлэнх нь өвдөг ба шилбэний гэмтлээр оношлогдсон байна.

Онош 

Тоо

Хувь

Толгойн гэмтэл

 

258

16.5

Хүзүүний гэмтэл

 

8

0.5

Цээжний гэмтэл

 

74

4.7

Хэвлийн гэмтэл

 

68

4.3

Мөрний гэмтэл

 

83

5.3

Тохой ба шууны гэмтэл

 

229

14.6

Бугуй ба сарвууны гэмтэл

 

162

10.3

Түнх ба гуяны гэмтэл

 

46

2.9

Өвдөг ба шилбэний гэмтэл

 

409

26.1

Шагай ба тавхайн гэмтэл

 

224

14.3

Гэмтлийн хүндрэл

 

5

0.3

Нийт

1566

100

 

 

Замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байна

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, жолоодох насны хязгаар тодорхойгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байна. Мөн олон нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байгаа билээ.

Иймд цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдан, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж, нийт есөн гишүүний хамт УИХ-д өргөн барьсан байна. Түүнчлэн уг ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 27-нд Төрийн ордонд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Тээврийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат  “Тээврийн цагдаагийн алба болон олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, замын зорчих хэсэгт эдгээр тээврийн хэрэгслийг хаяад явж байгааг зохицуулж, түр саатуулах арга хэмжээ авна. 16, 18 насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр унааг унаж байгааг зохицуулна. Эдгээрийг хэрэглэх боломжоор хангасан эцэг эх болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч ААН-үүдэд хариуцлага тооцно” гэсэн билээ.

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн дэмжиж ирэх намрын чуулганаар эцэслэн батлахаар болжээ. Хуулийн төслийн тандан судлах ажлын хүрээнд Европын Холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, цахилгаан скүүтертэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан гэнэ. Эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстони, Болгар, Казахстан зэрэг улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрэмд тусгагдсан шинэ, шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөл боловсруулахад харгалзан үзсэн байна.

 

Хяналт тавих эрх зүйн орчин бүрдсэн ч аюулгүй зорчих зам талбай алга

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 25-д “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага” гэх зохицуулалтыг журамласан боловч энэ нь цахилгаан дугуй, скүүтер гэх мэт  шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн жолоочид хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байгаа ажээ. Ийнхүү дээрх үндэслэл, шаардлага, гадаадын улс орнуудын туршлагыг харгалзан хуулийн төсөлд “цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр жолоодох насны доод хязгаарыг 16 нас байх”, “техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс илүү хурдтай цахилгаан дугуйг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй” байхаар тусгаж байгаа гэв. Түүнчлэн цахилгаан дугуй, скүүтерийг унадаг дугуйн замаар явах, ийм зам байхгүй бол авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар эсвэл явган хүний замаар 10 км/цагаас хэтрүүлэхгүй хурдтай явах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Харин сурроныг зөвхөн авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар явахаар тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бага насны буюу 16 хүртэлх насны хүүхдүүд дээр дурдсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, дүрэм журам зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ зохицуулалттай болж байгаа хэдий ч гэмтэл ослын тоо багасна гэсэн баталгаа үгүй. Учир нь зориулалтын зам талбай хомсын улмаас машин техник, явган хүнтэй мөргөлдөх зэрэг осол аваар бүртгэгдсээр байх нь гэмтэл бэртэл авсан насны үзүүлэлтээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй зорчих зориулалтын зам талбай байхгүй хэвээр байхад өндөр хөгжилтэй улс орны жишиг туршлагыг харгалзсан хууль дүрэмтэй болоод ч эрсдэлээс бүрэн сэргийлж чадахгүй нь үнэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтерийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан юм. Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтерийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон аж. Одоогоор хангалттай тооны зогсоол бэлдсэн нь харагдаж байгаа ч замбараагүй байршсан бичил тээврийн хэрэгслүүд урьдын адил хэвээр байна.

“Гээнэ дээ ч бий, гооно доо ч бий” гэдэг шиг ашигласныхаа дараа хар дээр цагаанаар тэмдэглэсэн зогсоолд нь тавихгүй, цахилгаан дугуйгаа дийлэхгүй шахам хүүхдэдээ хяналт тавьж чадахгүй, хоёр гурваараа давхарлан явах иргэд хариуцлага хүлээх үү. Эсвэл энэ төрлийн тээврийн хэрэгсэл ард түмнийх нь өдөр тутмын хэрэглээ аль хэдийн болсоор байхад аюулгүй байдлыг нь хангах хууль дүрмийг одоо л баталж байгаа төр, зорчих тусгай зам талбай эртнээс байгуулаагүй хот төлөвлөлтийнхөн хариуцлагатай байх уу гээд олон асуулт, хариулт нэхсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.