Иргэн М.Сумъяабазарын хувьд сур, суран эдлэл хийж өөрийн сошиал хуудсаар худалдан борлуулдаг. Үйлчлүүлэгчид нь утасны дугаараа худалдан авах гэж буй зүйлийнхээ доор үлдээснээс болж 72011013 гэсэн дугаараас залган  урьдчилгаагаа шилжүүлээд захиалга нь бэлэн болохоор үлдэгдэл мөнгөө явуулаарай. Барааг нь бэлэн болохоор унаанд тавиад явуулна гэсэн цахим залилах гэмт тохиолдол удаа дараа гарчээ. Энэ мэтчилэн цахим залилан бидний эргэн тойронд гарсаар хүмүүсийг санхүү, сэтгэл зүйн дарамтад оруулж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ цахим залилан хэмээх чимээгүйгээр нийгмийн  сэтгэл зүйг хохироож буй дэлгэцийн цаана өрнөх гэмт хэргийн талаар хөндлөө.

 

Азын сугалаанд найдах хэрэггүй 

Та цахим залиланд өртөж байсан уу. Таны гэр бүл, эргэн тойрны хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд байгаа юм биш биз. Дэлгэцийн цаанаас хэн нэгэн этгээд таныг отож суугааг үгүйсгэхгүй юм. Учир нь энэ төрлийн гэмт этгээдүүд нь хүний итгэл дээр тулгуурлан нарийн судалгаатай ажилладаг байна. Тодруулбал, Улсын хэмжээнд 2020-2022 оны эхний таван сарын байдлаар 45154 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11537 буюу 25.5 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Энэ тоон үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хэн ч хохирогч болох эрсдэлтэй харуулж буй. 
Тэгвэл цахим орчим залилангийн хэрэг ямар хэлбэрээр хамгийн их үйлдэгдэж байна вэ. Залилах гэмт хэрэг нь телеграмм даалгавар биелүүлэх, фэйсбүүк сугалаа, хусаад хож хонжвор болон зээл гаргана, данс түрээсэлнэ зэрэг зараар үйлдэгдэж буй. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн  газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт “2025 оны  эхний арван сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85.3 хувийг залилах гэмт хэрэг буюу 10637 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалах, хандив тусламж авах зэргээр цахим залилан ихээр үйлдэгддэг. Мөн 2024 оны  долоодугаар сараас Монгол Улсад бүртгэгдсэн телеграмм даалгавар биелүүлэх цахим залилан ихээр үйлдэгдэж байгаа. Мөн ойр дотны хүнийх нь фэйсбүүк чатаар “мөнгө зээлээч”  гэсэн залилах гэмт хэрэг гарсаар байна. Түүнчлэн сүүлийн үед  ихээр гарч буй цахим залилангийн хэлбэр бол сугалаа .“Хусаад хож”, “Хаш чулуун сугалаа”, “Азын хүрд”  зэрэг сугалааг лайв хэлбэрээр явуулж, үүнээс үүдэн иргэд хохирогч болох тохиолдол ихээр гарч байна” гэлээ.
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд явж байгаа. Тэгвэл эдгээр сайхан үгээр халхалсан үйлдлийн цаана хэн нэгэн таныг залилахаар отоод сууж байна гэсэн үг.  Тэд цахим орчинд  сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа  авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна  мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар  дансны гүйлгээ харуулж, иргэдэд итгэл төрүүлдэг байна. Үүний дараа  сугалаанд  хожсон гэж  итгэсэн  иргэдэд “Та нийт хожсон хонжворын  10 хувийг шилжүүлснээр  таны данс руу хонжворын мөнгө шилжин орно”  гэж  цахим залилан үйлдэж байна.
Энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр  шууд  дамжуулалт үзэж, сугалаанд оролцон  мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд 15 сая төгрөгийн  хохирол учирчээ.
Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл нь сугалаа лайваар явж байгаа болохоор үнэн бодит юм байна гэж итгэдэг аж. Мөн залилагчдын хүмүүсийн итгэлийг төрүүлдэг нэг үйлдэл нь лайвын үеэрээ олон улсад албан ёсны зөвшөөрөлтэй гэсэн цагдаагийн байгууллагын логотой бичгийг харуулдаг байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд буй  Цагдаагийн байгууллагын тамга тэмдэгийг фото шопоор янзлаад ийнхүү ашигладаг аж. Цагдаагийн байгуулага таавар, сугалаанд зөвшөөрөл олгодоггүй бөгөөд зөвшөөрөл олгодог байгууллагаас цахим орчинд сугалаа явуулах зөвшөөрлийг олгож эхлээгүй байна.

 

Цахим залилагчид хэнийг “онилдог” вэ

Цахим залилангийн үйлдэгчдийн онилдог “бай” нь ихэвчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн, нийгэмд эзлэх байр суурьтай иргэн болон өндөр насныхан. 
Мөн хамгийн ихээр үйлддэг цахим залилангийн хэлбэрийн нэг нь телеграмм даалгавар биелүүлэх. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хийсэн судалгаагаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар телеграмм платформоор залилуулсан 1304 хохирогчийн 63.8 хувь нь эмэгтэй, 36.2 хувь эрэгтэй байна. Түүнчлэн нийт хохирогчдын 445 буюу 34.1 хувь нь 25-34 насныхан байгаа бол түүний удаах хувийг 35-44 насныхан эзэлж байна. Ажил эрхлэлтийн хувьд эдгээр хохирогчийн 52.8 хувь нь хувийн байгууллагад ажилладаг бол 19.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 16.6 хувь нь төрийн албан хаагч, 8.4 хувь нь оюутан, 2.1 хувь нь тэтгэвэрийн насныхан байжээ.
Өмгөөлөгч Р.Булгамаа телеграмм орчинд даалгавар биелүүлж мөнгөтэй болох нэрийн дор залилуулсан хамгийн өндөр хохиролтой кейсүүдийнхээ нэгийг сэрэмжлүүлэг болох үүднээс бидэнд хуваалцсан юм. Тодруулбал, нэгэн залуухан эмэгтэй телеграмм орчинд даалгавар биелүүлж, мөнгөтэй болсондоо урамшиж, бусдаас “Өдөрт нь гаргаж өгнө. Зээл чөлөөлнө” гэх байдлаар их хэмжээний мөнгө авч даалгавар биелүүлэх данс руу шилжүүлсэн байна. Гэтэл тэр мөнгө гадаадын оффшор данс руу шилжээд барьж авах боломжгүй болж, 300 гаруй сая төгрөгөөр хохирчээ. Харин нөгөө талд хохирсон этгээдүүд түүнийг залилах гэмт хэргээр хуулийн байгууллагад хандаж, Баянзүрх дүүргийн шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тиймээс иргэд өөрөө хохирогч болохоос гадна, бусдыг хохироож гэмт хэрэг үйлдэхээс болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн зарим хохирогчид цахим залиланд өртөснөөсөө ичиж, нуун дарагдуулдаг байна. Мөн айдас түгшүүрт автаж, сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд орж, цаашлаад амиа хорлох талаар боддог тухай судалгааны үр дүнд  гарсан талаар дурдсан юм.  
2020-2022 онд бүртгэгдсэн нийт цахим гэмт хэргийн 62 хувь буюу 7163 залилах төрөл зүйлд хамаарчээ. Харин 2025 оны эхний арван сарын байдлаар 14694 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10637 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Эрүүгийн цагдаагийн албаны  Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр 2020-2022 оны эхний таван сарын цахим гэмт хэргийн үлдсэн хувь буюу 3.4 нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, 3.6 нь худал мэдээлэл тараах, 5.1 нь мөрийтэй тоглоом зохион байгуулах, 25.6 нь бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна. 

 

Цахим залилагчдын халаас руу урсаж буй мөнгөний урсгал нэмэгдсээр байна

Цахим залилангийн улмаас хэчнээн хүн зовж олсон мөнгөө луйвардуулж, хэчнээн айл хэзээ ч мартагдашгүй хар баруун өдрүүд дунд алхаж байна вэ. Цахим залилангийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэст 2025 оныг хүртэлх байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 4484 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 31.2 тэрбум,  төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр нийт тохиолдлын 44.7 хувь буюу 1622 гомдолд холбогдох 13.9 тэрбум, төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 1029 иргэний 1.9 тэрбум  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Үүнийг нарийвчилж 2025  оны эхний арван сарын байдлаар тодруулахад иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2318 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын  68.6 хувьд хамаарах 11.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Мөн 671 иргэн, хуулийн этгээдийн нэг тэрбум 326 сая төгрөгийн хохирлыг Прокурор, Шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлж ажиллажээ. Ийнхүү Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” арга хэмжээг арилжааны 13 банк, крипто биржийн 12-тай хамтран зохион байгуулж байна. Гэвч энэ оны эхний арван сарын хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн долоон тэрбум, нийт гэмт хэргийн 19 тэрбум төгрөг хэн нэгэн гэмт хэрэгтний халаас, гадаадын оффшор дансанд орж, буух эзэнгүй байна.
Мөн цахим орчинд нийтлэгдэж буй залилах, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах, худал мэдээлэл тараах, садар самуун сурталчлах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нийт 20078 домэйн, линк хаяг, вэб сайтын үйл ажиллагааг зогсоолгох хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэн устгуулсан байна.

 

Цахим залилан үйлдсэн этгээд олддог уу

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т заасан залилах гэмт хэрэг болон тэр дундаа цахим залилан хурдацтай нэмэгдэж байна. Үүний эсрэг цагдаагийн байгууллагаас  үе шаттай, урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг авч байгаа боловч хохигчдын тоо буурахгүй байгаа бөгөөд  Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн илрүүлэлт 40 гаруй хувьтай байна. 
Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд 32 настай  эмэгтэй  цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэж байсныг илрүүлэн таслан зогсоосон  байна.Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдын хувьд зарим хүмүүс цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдэгдснээр тухайн арилжааны банкуудтай хамтран барилт буюу царцаалтыг хийдэг байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны данснаас мөнгө гарч амжаагүй тохиолдолд мөнгөний барилт хийж чаддаг аж. Харин энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хувьд хугацаа алдаж цагдаагийн байгууллагад хандснаар шилжүүлсэн мөнгө аль хэдийнээ тухайн данснаас нь гарсан байдаг аж. Мөн залилан үйлдэгч этгээдүүд гэмт хэргийн ул мөрөө арилгах зэрэг хүндрэл гардаг байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мөнгөний урсгалыг тогтоох, тухайн гэмт хэргийг ямар хүн үйлдэж байна, хаанаас үйлдэж байгааг тогтооход удааширалтай байдаг гэлээ.
Цахим орчинд үйлдэж байгаа залилах гэмт хэргийн мөнгө  олон улсын данс руу  крипто вальют болж гарахаас гадна бооцоот тоглоомуудын данс руу орж өөр улс руу гардаг аж. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад олон улсын гэрээ конвекц зэрэг асуудал тулгардаг байна.
Мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэлд харгалзан үзэж, шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаж хохирлоо нэхэмжлэх боломжтой. Одоогоор “Shuukh.mn” дээр цахим залиланд өртөж, мөнгөө шилжүүлээд хохирсон 100 гаруй иргэдийн шийдвэр байна. Харин таны мөнгө ихэвчлэн оффшор данс эсвэл гадаад улсын банк руу шилжиж байдаг аж. Энэ тохиолдолд хохирлоо барагдуулах магадлал өнөөдрийн түвшинд асар бага байгааг онцгой анхаарах шаардлагатай. Иймд хохирогч болсноо мэдсэн тохиолдолд тухайн банк руу яаралтай хандаж, гүйлгээг царцаах хүсэлтийг заавал өөрийн биеэр гаргана. Хэрэв гүйлгээ хийгдсэн бол энэ талаарх баримтыг цагдаагийн байгууллагад өгч, өргөдөл бичнэ. Мөн 102 хуудсаар мэдээлэл өгч болно. Хамгийн гол нь залилагч эдгээдийг устгахаас нь өмнө линк, шилжүүлгийн баримт, хуулга зэргийг нотлох баримтын шаардлага хангахуйц хадгалах хэрэгтэй. Түүнчлэн өөрийн мэйл, фэйсбүүк, банкны нууц үгийг өөрчлөх арга хэмжээг нэн түрүүнд авах хэрэгтэй байна. 
Гоё, чамин үгсээр дүүрэн сугалаа, хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх зэрэг нь таны итгэлд тулгуурлан залилахаар дэлгэцийн цаана отож буй этгээдийн үйлдэл юм. Тиймээс та бүхэн сонор сэрэмжтэй байж цахим залилангийн хохирогч болохоос өөрийгөө, гэр бүлээ, ойр дотны хүмүүсээ хамгаалаарай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)