Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Лхагвын Данзанноровтой уулзаж, хүний эрх, өмгөөлөгчийн ажил, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй сэдвээр  ярилцав.

 

ӨМГӨӨЛЛИЙН САЛБАРТ ХУВЬ ЗАЯАНЫ ТОХИОЛООР ОРСОН

 

-Таныг Оросод тэтгэлгээр суралцах ганц хуваарьт 1998 онд тэнцээд Кубанийн их сургуульд сурсан. Төгсөхөд чинь аспирантурт урьсан ч яваагүй, орон нутгаас өмгөөллийн гараагаа эхэлсэн гэдэг. Яагаад ингэв гэдгээс яриагаа эхлэх үү?

-Бага нас минь  Дундговь аймагт өнгөрсөн.  Дунд сургуулиа  төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж, нэгдүгээр курсэд байхад Оросод тэтгэлгээр сурах шалгаруулалт зарлагдсан. Хуулийн ганц хуваарь байсанд тэнцээд Краснодар хотод Кубанийн их сургуульд суралцлаа. Төгсөөд Хууль зүйн яаманд таваас доошгүй жил ажиллана гэж гэрээ хийсэн ч ирэхэд орон тоо байхгүй, шаардлагатай бол дуудна гэсэн юм. Аав, ээж рүүгээ нутгаа зорилоо. Хүлээгээд байдаг, яамнаас яриагүй. Дипломын ажил маань сайн байсан учир аспирантурын урилга ирсэн, явах санаа байсаан.

-Аспирантурт урина гэхээр ажил тань их л сайн байжээ дээ?

-Кубанийн Их сургуулийн Хуулийн сургууль ялангуяа эрүүгийн эрх зүйн талдаа нэлээд нэр хүндтэй. ОХУ-ын Криминологичдын холбооны Дэд ерөнхийлөгч байсан, шинжлэх ухааны олон бүтээл гаргасан, алдартай эрдэмтэн Олег Викторович Старков багш дипломын ажлыг минь удирдсан. Хатуу шаардлага тавьдаг, бүр удирдаж байсан оюутнаа санаанд нь хүрэхгүй болохоор шалгалтад нь унагачихаад гараад явсан гэж сонссон тул их хичээсэн, олон эх сурвалж ашиглаж, судалгаандаа цаг их  зарцуулж, бэлдсэн.  “Энэ бол дараагийн шатны, докторын хэмжээний эрдмийн ажил байна” гэж  зөвлөл өндөр үнэлж,  аспирантурт урьсан.  “Онолын мэдлэг чухал ч практик дээр алдаж, онож илүү их зүйлийг сурдаг. Ажилд орвол яасан юм бэ” гэсэн аавынхаа зөвлөгөөг дагаж,  аймгийн шүүх, прокуророор ортол “Хэрэгтэй хүн байна, даанч орон тоо байхгүй” гэлээ. Шийдвэр гүйцэтгэлд шинэ орон тоон дээр хэд хоногийн дараа орохоор тохироод гараад явж байтал аав “Энд өмгөөлөгчид байдаг, ороод гаръя” гэсэн юм.   Дандаа л гадуур ажилтай байдаг өмгөөлөгчид яагаад ч юм бүгдээрээ ажил дээрээ байж таарсан. Өмгөөлөгчийн туслахаар авъя гээд  ширээ сандал гаргаж өгөөд л  шууд суулгачихсан. Ингэж л өмгөөллийн салбарт хувь заяаны тохиолоор орсон. Өмгөөлөгчдийнхөө хэрэгтэй нь танилцана. Дээр үед өмгөөллийн үг бичиж хэрэгтээ хавсаргадаг байсан. Тэрийг уншина. Шүүх хурал, байцаалтад явсан үеэр нь хүмүүс ирвэл зөвлөгөө өгнө. Мэдэхгүй юм байвал “маргааш ирээрэй” гэж явуулаад хуулийн гарц, гаргалгааг судалдаг байлаа. Жилийн дараа шалгалт өгөөд өмгөөлөгчийн эрхээ авсан, эхний хэргүүддээ нэлээд амжилттай оролцлоо. Шүүх, прокурор нь “орон тоо гарлаа,  ир” гэсэн ч өмгөөллөөрөө үр дүн гаргаад мэргэжлийнхээ амтанд орчихсон хүн чинь  эргэж буцахыг хүсээгүй. 

-Анх ямар хэрэг өмгөөлсөн бэ. Санаанд чинь үлдсэн л байх..

-Өмгөөлөгчид ер нь анхны хэргээ мартдаггүй. Ахмад өмгөөлөгчдөөс асуухаар  нүд нь сэргээд л ярина шүү дээ. Өмгөөллийн эрхээ аваад арваад хонож байтал дөч эргэм насны эмэгтэй орж ирлээ. Арван долоон настай хүү нь чулуу шидээд нэг залуугийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Тухайн үеийн хуулиар хамгийн багадаа 5-8 жилийн ялтай. Хүүтэй уулзаж, яриаг нь сонслоо. Хохирогч хүүгээс 8 метр зайд байсан, оносон гэж хэрэгт эд мөрийн баримтаар авсан чулуу их хүнд жинтэй. Тийм хол зайд шидэж чадахааргүй. Ер нь эргэлзээтэй зүйл их байсан. Туршилт хийлгэж, нотлох баримтууд гаргаж өгч, хуулийн үндэслэлээ сайн гаргаснаар хүү гэм буруугүй нь тогтоогдож, цагаадсан. Олон хүн оролцсон хэрэг учир хохирогч андуураад мэдүүлэг өгсөн, мөрдөгч түүнд нь хөтлөгдөж л дээ. Хүү цагаадсан шийдвэрийг хамгийн түрүүнд ээжид нь дуулгахад  баярласан гэж жигтэйхэн. Анхны ажилласан өмгөөллийн хэрэг, анхны ялалт.  Ажлаа ялалтаар эхлэхээр урам зориг гэдэг ундарна биз дээ. 

-Та нийт хичнээн хүн өмгөөлсөн бэ. Эрүүгийн нэлээд сайн өмгөөлөгч гэдгийг тань мэдэх юм. Ер нь л ялна биз?

-Өмгөөлсөн хүнээ тоолж байгаагүй юм байна. Хорин  жил энэ чиглэлээр ажиллажээ. Шүүх хуралдаанд орохоос гадна хуулийн зөвлөгөө өгөх, гомдол хүсэлт бичиж өгөх, байцаалт мэдүүлэгт оролцох гээд өргөн хүрээтэй ажил. Жилд дунджаар 40-50 хэрэг өмгөөлсөн гэвэл багагүй тоо гарах юм байна. Эрүүгээр дагнасан, иргэн, захиргааны хэрэгт цөөхөн орж байсан. Зөвхөн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмгөөлдөггүй, хохирогчдыг ч бас өмгөөлнө. Ялахын хувьд сайн бэлтгэж, төвлөрөх тусам магадлал өсдөг. Хавтаст хэргээс гадна  хүнтэйгээ ажиллах  чухал. Хэрэгт анхнаас нь ажиллах их давуу талтай л даа. Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн хэрэгт жишээ нь цагаатгах, хөнгөрүүлэх талын зүйлийг өмнөх өмгөөлөгч, эсвэл үйлчлүүлэгч төдийлөн анзаараагүй орхисон байх магадлал байдаг. Иймд хэргийн материалыг судлахаасаа гадна хүнтэйгээ нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцах үед боломж нотолгоо, ажиллах гарц давхар нээгддэг.

-Өмгөөлөгчийн ажлаасаа авдаг сэтгэлийн таашаал тань юу вэ. Хамгийн гоё үгээр ажлаа илэрхийлээч гэвэл..? 

-Цагаатгах, үйлчлүүлэгчийн хүссэн шийдвэр сонсох мэдээж сайхан. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Үйлчлүүлэгчээсээ чин сэтгэлийн талархал сонсох, баяр баясгалангаар бялхаж байгааг харахаар сэтгэл дүүрээд ирнэ. Ийм үед өмгөөлөгчийн ажлаараа бахархана. Хүмүүст аз жаргал бэлэглэх сайхан шүү дээ.   Манай “Монгол өмгөөлөгч” фирмийн ханан дээр “Өмгөөлөл бол үнэний төлөөх тэмцэл юм” гэж Оросын нэрт хуульч Кони гэдэг хүний хэлсэн үг байдаг. Шүүх шударга ёсыг тогтоодог ч, харин түүнд хүрэхэд өмгөөлөгчид тусалдаг гэсэн санаа. Шударга ёсонд хүрэх гүүр гэж ойлгож болох юм.   

-Та өмгөөлөлдөө дуртай байсан учраас яг л энэ чиглэлээр явсаар ирсэн гэлээ. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшээд шалгалтаар нэлээд дээгүүр гарч ирсэн удаатай. Шүүгч болъё гэж яагаад бодов. Яагаад болж чадаагүй вэ?

-Хэдэн жилийн өмнө  сонгон шалгаруулалтад орсон, тэнцсэн. Одоогийн Ерөнхий шүүгч Ц.Цогт тэр шалгаруулалтаар Дээд шүүхэд тэнцэж томилогдсон. Шүүх бол шударга ёсны баталгаа. Иргэд шүүх рүү  шударга ёсонд хандаж байна л гэж очдог. Хамгийн хариуцлагатай чухал ажил. Өөрийгөө сорьё гэж, бас 10 гаруй жил хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд ажилласан, өмгөөллийн ажлын хорин жилийн туршлага байсан. Практикийн өмгөөлөл хийж байгаад Дээд шүүхийн шүүгч болсон хүн бараг байдагггүй. Иймээс  гаргасан шийдвэрээрээ хууль хэрэглээний жишиг тогтоодог, мөн онолын шүүх ч гэж хэлэгддэг Дээд шүүхийн шүүгч болохоор шалгалт өгсөн, боломжийн оноо авсан. Шүүхийн Ерөнхий Зөвлөл шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс Ерөнхийлөгчид уламжилдаг. Оролдоод л үзсэн. Одоо шүүгч болох бодлоо орхисон.

 

ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭГШ МЭТГЭЛЦЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ, ҮР ДҮНД ХҮРСЭН 

-Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван жил болж байна.  Хийсэн хамгийн том ажил тань юу вэ?

-Зорьсон гол зүйл минь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг нэмэгдүүлэх, хязгаарлалтыг багасгах, ижил тэгш мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх байсан. Мөн өмгөөлөгчийн олон нийтийн дундах нэр хүндийг өсгөхийг хичээлээ. Баг, хамт олонтойгоо цуг энэ чиглэлд нэлээд ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Хичээж ажилласны дүнд УИХ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш мэтгэлцээний нөхцөлийг хангах шаардлагатай талаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталж, үүний дагуу 2025 онд хуульд нэмэлт, өөрчлөлт орж, тодорхой асуудлууд засагдаж, өөрчлөгдсөн. Тухайлбал, хэрэг танилцах хугацаатай холбоотой асуудал байна. Мөрдөгчид хэргээ шалгаж дуусмагц өмгөөлөгчийг дуудаад “Прокурорт шилжүүлэх гэж байна, шууд одоо танилц.” гэдэг байлаа. Цаг хугацааны шахаанд оруулж байгаа хэрэг л дээ. Одоо хавтаст хэргийн хэмжээнээс хамаарч,  багадаа гурав, шаардлагатай бол 14 хоног хүртэл сунгаж, танилцах боломж олгодог болсон. Хэрэг хуулбарлан авахдаа гэрэл зургийн хэрэгсэл, бусад зүйл ашиглах асуудал нэлээд маргаантай, мөрдөгч, прокурор зөвшөөрдөггүй, гараар хуулж бичих үе ч байсан нь өөрчлөгдсөн. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуу дүрсний бичлэгээр давхар бэхжүүлээд хэргийн хамт шилжүүлж, эргэлзээ гарах юм бол тэдгээрийг тулган шалгадаг, үнэлдэг зэрэг нааштай өөрчлөлтүүд орж, чамлахааргүй ахиц гарсан.

Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг нь хангах үүднээс яллагдагчаар татах тогтоолыг хуулбарлаж өгдөг болсон. Асуудал бүрэн шийдэгдээгүй ч бодит дэвшил л дээ.

 -Таны үед Холбооны гадаад хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн байх гэж мэдээнүүд хараад бодож байлаа.  Өдөр тутмын үйл ажиллагаа бас их л байдаг байх..  

-Том Холбоо шүү дээ. Ажил мэдээж зөндөө. Өдөр тутам ажил ундарч байдаг юм.    Манай ажлын алба залуус олонтой.  Удирдах зөвлөл байна, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хамт олон байна. Бүгд л мэрийж ажиллалаа. Халуун дулаан уур амьсгал бүрдсэн сайхан хамт олон. 

 Гадаад харилцааны тал дээр ахицтай ажиллаж чадсан.  Гурван жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагааг шинээр олон улс оронтой  тогтоосон, өмнөх зарим  харилцаагаа ч сэргээсэн. Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Америкийн зарим муж, Европын Холбооноос Франц, Бельги, Швейцари,  мөн Гааг дахь Олон улсын Эрүүгийн шүүх гээд... Хамтарсан сургалт, судалгааны ажил хэрэгжүүлэх, солилцооны хөтөлбөрийн асуудлаар  тохиролцоонд хүрч зарим нь ажил хэрэг болоод эхэлсэн. Парисын Өмгөөлөгчдийн Холбоо, Олон улсын Эрүүгийн шүүх зэрэгт цалинтай дадлагажигч хуульч ажиллуулах асуудал тодорхой хүрээнд яригдаж байна. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн мэргэжлийн холбоодтой харилцаа холбоотой ажиллах нь байгууллагын хөгжилд тун чухал.

-Эрүүгийн хуралдаан дээр шүүх, прокурор хоёр нь нийлээд төр гэдэг нэг тал, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ талд байгаа мэт дүр зураг илт ажиглагддаг. Таны хэлээд байгаа хуулийн нэмэлтээр энд дорвитой том өөрчлөлт гарч чадав уу?

-Хуулиараа ч,  онолоороо ч  шүүх аль нэг тал биш,  хөндлөнгийнх. Төр талаас өөрийн эрх хэмжээ, бүрэн эрх нь баталгаажсан прокурор бүрэн “зэвсэглэчихсэн” байдалтай, нөгөө талаас гар хоосон шахуу өмгөөлөгч. Дээр   хэлсэн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхээс өмнөх шатанд гаргах боломжгүй байсан баримтуудыг яллагдагч, өмгөөлөгч шүүхийн шатанд гаргаж өгөх боломж нээгдсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийднэ гээд шүүх дээр баримт авдаггүй байлаа. Өмгөөлөгч  холбогдох ажиллагааны талаар прокурорт хүсэлт гаргахад нөгөөх нь хүсэлтийг хангахгүй шийдчихээд шүүх дээр очоод яллаад байна гэдэг бол гажуудал юм. Гаргасан нотлох баримтыг хүлээж авахгүй, хүсэлтийг нь шийдэхгүй байгаа тохиолдолд шүүх тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой чухал баримт гэж үзэх юм бол хүлээж аваад түүнд үндэслэн хөнгөрүүлэх, цагаатгах шийдвэрүүд гарах боломж нээлттэй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хязгаарлаж байгаа явцын, дундын гэж болох шийдвэрүүдийг бүгдийг нь шүүх тухай бүр гаргадаг болмоор байгаа юм. Манайд мэдүүлэг дээр үндэслэсэн нотлох ажиллагаа түлхүү явж байна. Гэрчийн мэдүүлгийг хамгийн найдваргүй, тогтворгүй, баталгаагүй нотлох баримт гэж үздэг. Зөрүүлж хэлэх, андуурах, эсвэл нөлөөнд автаж худал ярих тохиолдол ч гардаг. Англи Саксоны эрх зүйн системтэй Америк зэрэг оронд мэдүүлэг өгсөн гэрчээс эсрэг тал нь заавал зөрж асуух боломж олгож, түүнд шүүх дүгнэлт хийдэг. Гэтэл манайд гэрчийн мэдүүлэг нэг аваад л хавтаст хэрэгт хийчихсэн  бол түүнээ шүтээд л, хэргийг түүнд хөтлөгдөөд л дуустал явдаг. Үнэн худлыг магадлах, зөрж асуух боломжгүй. Тэр гэрчийг шүүх дээр дуудаад ирэхгүй,  шууд  хурлаа хийгээд л хэргийг шийдэж байна. Эрүүгийн процессын хуулийн төслийн ажлын хэсэгт 2012 оноос хойш ажиллаж байгаагийнхаа хувьд газар дээр нь үзэж судалсан. Бага сагаар өөрчлөлт хийгээд үр нөлөө бага, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчилж байж л  тэгш мэтгэлцээний асуудал шийдэгдэнэ.

-Гэрчээр асуухдаа өмгөөлөгчгүй байцаагаад дараа нь тэр мэдүүлэгт  үндэслээд яллагдагчаар  татаад явчихдагийг их шүүмжилдэг. Одоо энэ өөрчлөгдсөн үү?

-Гэрч мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргавал эрхийг нь эдлүүлэх зохицуулалт байгаа. Оролцуулах эсэхээ өөрөө шийднэ. Хүнийг гэрчээр дуудаж, өмгөөлөгчгүй мэдүүлэг аваад энэ мэдүүлэгт нь үндэслэж яллагдагч болгодог технологи байна.  Илт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудахгүй байх, түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх зохицуулалт 2025 онд  өмгөөлөгчдийн саналаар хуульд тусгагдсан. Энэ хэргийг хийчихсэн юм байна даа гэх хангалттай сэжигтэй, эсвэл гэрч хэн нэгнийг хэрэг үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн байхад буруутгагдаж байгаа хүнийг гэрчээр асуухыг хориглосон. Гэрчээр асуугдаж байгаа хүн “худал мэдүүлэг өгөх юм бол чамд хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гэсэн хуулийн “заналхийлэл” дор мэдүүлэг өгдөг. Гэтэл хүнд Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх, өмгөөлөгч авах эрх байгаа шүү дээ. Энэ эрхүүдийг нь үгүйсгэж, хүчээр мэдүүлэг авч болохгүй л гэсэн зохицуулалт.  Хуулиар баталгаажсан, харин практикт бүрэн хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй. Ер нь хуулийг чанд баримтлах ёстой, хүний эрхийг хангах хамгаалах ёстой. Үүнд прокурор мөн хяналт тавих учиртай.

 

ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ ХҮНИЙ ЭРХ БАЙГАА

 

-Шүүх хуралдааны танхимд эрх нь зөрчигдөж байгаа талаар өмгөөлөгчид сошиал сүлжээнд  бичдэг. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Зөвшөөрнө. Хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өмгөөлөгчийн эрх хангалттай хэмжээнд биш байгаа талаар би түрүүнд хэлсэн. Хуульд заагдсан эрхээ бодитойгоор, үр дүнтэй хэрэгжүүлээд явах боломжууд бий. Зарим мөрдөгч, прокурор, шүүгч  хуулийн энэ боломжийг агуулгаар нь ойлгоогүйгээс болж эрхийг нь зөрчиж, байр сууриа илэрхийлэх боломжийг нь хязгаарладаг тохиолдол гарч байна. Иргэн хэд хэдэн өмгөөлөгч авсан тохиолдолд зөвхөн нэг нь төлөөлж танхимд ярьдаг болгох заалт хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд явж байгаад хасагдах жишээтэй. Зарим шүүгч хэргийн оролцогчийг доромжилж, дээрэнгүй хандах байдал ч мэр сэр гарсан. Үеийн үед прокурор, шүүх, мөрдөх байгууллагууд  өмгөөлөгчийн эрх, боломжийг аль болох нэмэгдүүлэхийн эсрэг байсаар ирсэн. Уг нь өмгөөлөгч өөртөө эрх, боломж олж авах гээд байгаа биш, эцсийн дүндээ хүний эрх л илүү бодитойгоор хамгаалагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-“Ийм муухай хэрэг хийсэн хүнийг өмгөөлөөд байхдаа яадаг юм бэ” гэдэг хандлага сошиал сүлжээнд харагддаг.  Хүн төрөлхтөний түүхэнд ер нь өмгөөлөгч олдоогүй хүн байдаг болов уу...?

-Өмгөөлөгчгүй шүүгдсэн хүмүүс мэдээж байгаа л даа. Шалтгаан нь өөр, өөр. Түүхэн утгаар авч үзвэл  хэн ч өмгөөлөхийг хүсээгүй хүмүүс бий. Дэлхийн хоёрдугаар дайны үед олон сая  еврей хүнийг хорих лагерь луу зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан Адольф Эйхманыг өмгөөлөх хүн олдоогүй.  Норвегийн масс аллагатай холбоотой  хэрэг байна. Хохирогчдын олонх хүүхэд байсан.  Хуульчид ёс зүйн хувьд татгалзаж байсан ч Гейр Лиддестад гэх өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн өөрөө нэр зааж өмгөөлүүлэхийг хүссэн. Эхэндээ татгалзсан ч “Хэрэв би татгалзвал хуулийн систем нуран унах болно. Хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй” гээд өмгөөлсөн.  Маш их дарамт сүрдүүлэг өмгөөлөгчид ирсэн гэдэг.  Саддам Хусейны хэрэг дээр гэхэд л татгалзсан хүн олон ч өмгөөлөхөөр зориглосон хэд хэдэн өмгөөлөгч зэвсэгт бүлэглэлүүдийн гарт амь үрэгдсэн. Эрх зүйт нийгэмд ямар ч аймшигтай гэмт хэрэгтэн байсан шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдох хүртэл буруугүйд тооцуулах эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг.  Өмгөөлүүлэх ч эрхтэй. Өмгөөлөгч хүн эмчтэй яг адилхан.  Тангараг өргөсөн эмч өвчтэй хүнийг эмчлэхийн төлөө явна. Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа хэрэгтэй болсон, гарцгүй байдалд орсон хүмүүсийн итгэлийг тээж, эцсийн найдвар нь болдог.  Ямар ч хэрэгт буруутгагдсан байлаа гэсэн тухайн хүн өмгөөлөгч авах эрхтэй. Энэ эрхийг нь хангаж, бусдад мэргэжлийнхээ хувьд тусалж, ажлаа хийж гүйцэтгэж байгаагийнх нь төлөө өмгөөлөгчийг хэн ч буруутгах, үзэн ядах ёсгүй. НҮБ-аас 1990 онд баталсан “Өмгөөлөгчийн үүргийн талаарх үндсэн зарчим”-д өмгөөлөгч мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэсний төлөө үйлчлүүлэгчтэй нь  адилтган буруутгах ёсгүй,  өмгөөлөгч мэргэжлийн чиг үүргээ айлган сүрдүүлэх, саад учруулах, дарамтлах, зохисгүй оролцооноос ангид хэрэгжүүлэх нөхцөлийг төр хангах талаар маш тодорхой заасан байдаг. Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, хараат бус, бие даасан байдлыг илүү баталгаажуулж хуульчлах шаардлага байгаа.

-Бусдад жигшигдэж байгаа хүнийг өмгөөлөөд хэрэггүй гэж танд хэн нэгэн хэлж байсан тохиолдол бий юу?

-Надад санаа тавьж хэлсэн тохиолдлууд бий. Мэргэжлийн онцлог,  өргөсөн тангараг, хүний эрхийг хамгаалах  талаас нь тайлбарлаж ойлгуулдаг. Нөгөө талаасаа нийгмийн дийлэнх нь жигшиж, буруутгаж байгаа хэрэгтнийг өмгөөлөхөд амаргүй сорилт тулгардаг. Өмгөөлөгч бол  сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүний л хийх ажил. Олон нийтийн сүлжээ хөгжчихсөн үед дайралт бас их байна. Улс төрийн том алба хашсан хүний хэрэг дээр үйлчлүүлэгчийг минь цагдан хорьсны дараа шүүх хурлаас гараад иртэл үүдэнд хэвлэлийнхэн бүччихсэн  байсан. Асуулт асуусан, хариулахгүй байх аргагүй, хариулсан. Нэг танил маань  “Сэтгэгдэл битгий хараарай, авах юм алга, ойрын хугацаанд ядаж хамгаалагч аваарай” гэж хэлж байсан.

-Та авилга, албан тушаалын нэлээд хэрэг өмгөөлсөн. Энэ төрлийн хэрэг шийдэгддэггүй, замхрах нь түгээмэл. Замхруулахад нь өмгөөлөгчид нөлөөлөөд байна ч гэж буруутгадаг. Ийм төрлийн хэрэг өмгөөлөхөд хэцүү биш үү. Мөнгө төгрөг их өгдөг юм уу, яагаад өмгөөлдөг юм?

-Албан тушаалын, эсвэл өөр ямар ч хэргийн тухайд хүнд туслалцаа үзүүлэх шаардлагатай бол ороод ажиллана. Мөнгө төгрөг ерөөсөө гол биш. Албан тушаалын хэрэг тусмаа  хэлмэгдэж байх магадлал өндөр. Явцын дунд хэрэгсэхгүй болдог, замхардаг, удааширдаг асуудал байгаа бол өмгөөлөгчөөс гэхээсээ илүү яг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа, эмх цэгц, чадвар зэргээс шалтгаалдаг байх. Мөн илүү ээдрээ төвөгтэй, эдийн засгийн тооцоолол, үнэлгээ дүгнэлт гаргах гээд цаг хугацаа шаардсан ажиллагаанууд ихтэй байдаг. Цэгцтэй шалгаж мөрдөөд, шаардлагатай нотлох баримтуудаар нь хөдөлбөргүй нотолсон бол хэрэг удаашрах шаардлага, шалтгаан байхгүй шүү дээ. Хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох үүрэг мөрдөгч прокурорынх. Таамаглалд үндэслэж, тэгсэн л байж таараа гэх хандлагаар шүүх шийдвэрлэхгүй шүү дээ.

 

ӨМГӨӨЛӨГЧИД ХАНДАЖ, ЭРХ АШГАА ХАМГААЛУУЛАХ ХҮНИЙ ТОО МЭДЭГДЭХҮЙЦ НЭМЭГДСЭН

 

-Олон хүнийг зангидаж ажиллахад  амаргүй л байх. Өмгөөлөгчдийн нэр хүндийг сэргээх ажил хийсэн, үр дүнд хүрсэн гэлээ. Ямар үзүүлэлтээр хэмжиж байна вэ? 

-Өмгөөлөгчөөс туслалцаа аваад зөрчигдсөн эрхээ сэргээлгэж болдог гэдэг ойлголтыг иргэдэд өгөх, өмгөөллийн ажлын үнэ цэн, ач холбогдлыг таниулахад чиглэсэн ажлууд хийсэн. Пробоно буюу өмгөөлөгчид үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг ажиллагааг  өргөжүүллээ. Иргэд олноороо  хамрагдаж, талархсанаа илэрхийлдэг. Нэг л жишээ дурдахад үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн мэдлэг олгож, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх "Өмгөөлье, хамгаалъя" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлсэн нь сурагчид, эцэг эхчүүд, багш нарын талархлыг их хүлээсэн. Аяны хүрээнд маш олон сургууль дээр очсон, уулзалт арга хэмжээнд хамрагдсан сурагчдын тоо хэдэн мянга хүрсэн. Эмзэг асуудал учир нөхцөл байдлаа ярьж буй хүүхдүүдэд тусгайлан сургалт хийгээд, зөвлөгөө өгөөд явж байна. Энэ арга хэмжээ үр дүнтэй болсноор аянг дэмжиж оролцсон өмгөөлөгчид маань ч бас ихээхэн урам зориг авсан. Нийгэмд чиглэсэн яг тулгамдсан асуудлаар зөв үйл ажиллагаа явсан байна, цаашид ийм зүйл дээр эвлэлдэж нэгдээд олон нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын үүднээс оролцоно гэж байгаа.

-Хүмүүс өмгөөлөгч хайхдаа ихэвчлэн нэгнээсээ асууж сурагладаг. Олон өмгөөлөгч байгаа хэдий ч аль нь сайныг шууд мэдэхэд хэцүү. Сайн өмгөөлөгч яаж олох вэ. Өмгөөлөгчдийн жагсаалтыг ер нь хаанаас харж болох вэ? 

-Сайн өмгөөлөгч олохын тулд тухайн чиглэлээр мэргэшсэн байдал, уг  төрлийн хэрэг маргаанаар үр дүн гаргаж ялалт бай­гуул­сан зэргийг л судлах хэрэгтэй байх даа. Цаг хугацаа шахуу байлаа ч хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаад илүүтэй итгэл үнэмшил төрүүлж байгаа хүнээ сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Манай Холбоон дээр ч, албан ёсны сайтад маань өмгөөлөгчдийн жагсаалт бий. Эрх нь хүчинтэй байгаа бүх өмгөөлөгчийн мэргэшсэн болон ажиллаж байгаа чиглэл, харилцах утасны дугаар, зураг жагсаалтад байдаг. Бид Е-mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд “Өмгөөлөгч сонгох” гэдэг цэс нээсэн. Цэс рүү ороход манай холбоонд бүртгэлтэй өмгөө­лөгчдийн мэдээллүүд бий. Өмгөөллийн үйлчилгээ авах боломжийг  иргэдэд ойртуулах л санаатай.

-Олон хүн сайнтай, муутай гэдэгчлэн өмгөөлөгчдийн нэр хүнд тухайн тохиолдол бүрээс шалтгаалж янз бүр байх шиг санагддаг. Гомдол их ирдэг байх...?

-Талархал, гомдол аль, аль нь ирнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байх явцдаа мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, харилцаа хандлагын зөрчил гаргасан зэрэг асуудлаар хандах явдал буурахгүй байна. Энэ нь хоёр талтай. Үнэхээр зөрчил гаргасан хүмүүс байна, нөгөө талаасаа үндэслэлгүй гомдол гаргадаг зүйл ч олон. Зөвд зөөлөн, бурууд хатуу л байх ёстой. Өмгөөлөгч, прокурор, шүүх, салбарын  яам болон иргэний төлөөлөл орсон бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэдэг.

-Өмгөөлөгч Б.Баатарсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүхээс танай холбоонд хүргүүлсэн мэдээлэл гараад байгаа. Үйлчлүүлэгчээ өмгөөлөх явцдаа л ийм асуудалд холбогдсон юм байна гэж ойлгосон. Чухам юу болсон юм бэ. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг мөрдөх байгууллагаас ирүүлсэн. Чухам юу болсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Тухайн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Холбоо шууд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй. Уг асуудал нь өмгөөлөгчийн мэргэжлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хараат бус байдал, мэргэжлийн үйл ажиллагааны баталгаанд нь  халдсан асуудал мөн бол мэргэжлийн холбооны зүгээс байр сууриа илэрхийлэх ёстой. Үүнд хамаарах асуудал байна уу гэдгийг Холбооны Удирдах зөвлөлд оруулж, тодорхой шийдвэр гаргуулах нь зөв гэж үзэж байгаа.

 

ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ӨМГӨӨЛӨГЧ, СУДЛААЧДЫГ ТҮЛХҮҮ ОРУУЛЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ

 

-Цагдан хорионы процесс хаалттай явагддаг. Зарим улсад нээлттэй байдаг л юм шиг билээ. Та нарт хэзээ мэдэгддэг вэ?

-Хорих, баривчлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд хамаарах нотлох баримттай шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцуулалгүйгээр шууд шүүхийн хэлэлцүүлгийг явуулж хорьдог асуудал байсан. Зөвхөн саналыг л харуулна, харин санал гаргах үндэслэл болж байгаа баримтуудыг үзүүлэхгүй. Маш бүдүүлэг зөрчил л дөө. Өмгөөлөгч ямар баримтыг няцаах, үгүйсгэхээ таамаг маягаар л төсөөлж мэтгэлцэнэ гэсэн үг. Одоо бол хорих үндэслэл болж байгаа баримтуудтай өмгөөлөгч урьдчилж танилцах боломж хуулиар баталгаажсан. Хурал нээлттэй, хаалттай явагдах тухайд хуульд хаалттай явуулахаар заагаагүй л бол  нээлттэй явагдах ёстой. Гэхдээ байр, өрөө, тасалгааны хүртээмж, багтаамжаас шалтгаалаад өөр оролцогч хэлэлцүүлэгт оролцож харагддаггүй. Ер нь шүүх хуралдааны өрөө, танхимын асуудал, шүүхийн хөрөнгө оруулалтад төр анхаарахаар болсон. Хэдий өрөө тасалгааны хүртээмж бага ч шүүхүүдэд өмгөөлөгч хэрэг танилцах, үйлчлүүлэгчтэйгээ уулзах өрөө гаргаж өгч байгаа нь сайн хэрэг. Хорих баривчлах байрууд ч өмгөөлөгчтэй уулзах стандартад нийцсэн өрөөнүүд гаргаж тохижуулсан байгаа. 

-Ерөнхий шүүгч Ц.Цогт “Шүүх олон нийтэд ажлаа зөв бодитойгоор тайлбарлах, ойлгуулах, иргэдээс шүүхийн процесс, шийдвэр шударга ёсонд итгэх итгэлийг сэргээх ажилд хуульч өмгөөлөгч нар алтан гагнуур юм. Өмгөөлөгч, хуульч, прокурор нь шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй чанартай хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй шударга ёсны мэргэжилтнүүд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж жиргээнд бичсэн байсан. Таны яриандаа дурдаад байгаа зарим асуудалтай Ерөнхий шүүгч ижил бодолтой юм болов уу гэж харж байна. Таны бодол?

-Ерөнхий шүүгч оновчтой л хэлж. Шүүх эрх мэдлийн нэгдүгээр хүн нь яг ингэж ойлгож, бодож, хүлээн зөвшөөрч, харж байгаа нь  эерэг хандлага руу явах нь гэсэн итгэл төрүүлж байна.

-Хэдэн зуун мянган төгрөг хулгайлсан хүн мөнгө угаах гэмт хэргээр давхар шийтгэгдэж байгаа. Бусад улсад ийм заалт арай ч байдаггүй байх. Хүний эрхийг хамгаалж буй өмгөөлөгчид үүнийг мэдэж таарна. Өөрчлөх саналаа өгөөд явж болдоггүй юм уу?

-Мөнгө угаахтай холбоотой зүйл заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хулгайлсан  утсыг зарсан, эсвэл хулгайлсан мөнгөө гүйлгээнд оруулсан гээд мөнгө угаалтаар  давхар зүйлчилж байгаа нь “хэлмэгдүүлэлт” шүү дээ. Ингэж мөнгө угаалт гэж зүйлчлэхийн эсрэг байдаг ч  үр дүн хүссэн хэмжээнд гарахгүй байна.  Эрүүгийн процессын тухайд л гэхэд төрийн институциуд  мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлдэг тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллага, мөн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт ордог. Иргэдийнхээ эрх ашгийг шууд хамгаалж, үйл явцтай нүүр тулдаг өмгөөлөгчид, судлаачдын төлөөллийг ийм ажлын хэсэгт түлхүү оруулж, тэнцвэржүүлж байж  үр дүнд хүрнэ. Төр төлөөлж байгаа таван байгууллага тус бүр хоёр төлөөлөл орууллаа гэхэд иргэдээ төлөөлдөг өмгөөлөгчдөөс хоёр л хүн байдаг. Арав хоёрын харьцаагаар шийдэх тохиолдол их. Үүнийг тэнцвэртэй оролцоо гэж хэлэхгүй.

- Бүрэн эрхийн хугацаа тань удахгүй дуусна. Та дахиж өрсөлдөх үү?

-Өмгөөлөгчдийн Холбооны Ерөн­хийлөгчид дахиж нэр дэвшихгүй гэж шийдсэн. Ажил авч, бас өгч сурах хэрэгтэй л дээ.

Ярилцсан Р.Ганпүрэв

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn