Мод шилжүүлэн суулгалтын “Тод газар” ХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Батсайханыг “Бизнес хөгжил” буланд урьж ярилцав.

 

-Танайх мод нүүлгэн шилжүүлдгээрээ туршлагатай компани. Модыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлэх нь бас л нарийн шинжлэх ухаан гэдэг. Ер нь анх бизнес санаагаа хэрхэн олов?

-Манай компани 2007 онд байгуулагдсан. Тухайн үед модыг барилгын түшиц хана, дүүргэлтийн материалд болон бетон хийцтэй барилгын тулгуурд их хэмжээгээр нь хэрэглэдэг байсан. Нэг үгээр хэлбэл, модыг уулнаас хайр, найргүй хядаж байсан. Би тухайн үед Солонгос улсад  мод нүүлгэн шилжүүлж суулгадаг компанид ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан учраас эх орондоо ялангуяа хот суурин газрын ногоон байгууламжид стандартын дагуу мод нүүлгэн шилжүүлэлтийг хийе гэсэн зорилгоор компаниа байгуулсан. Монголд хэн дуртай нь ойгоос мод авчирч ашиглаж байна гэсэн ойлголт одоогоор байхгүй болсон. Монгол Улсын Ойн тухай хуульд өндөр хүчдэлийн шугам, уурхайн эдэлбэр газарт болон ойн зурвас хийхэд заавал огтлогдох талбайгаас мод шилжүүлэн суулгана гэж заасан байдаг.

Бид жилд 30-40 мянган мод шилжүүлэн суулгалаа гэж бодоход 10, 20, 30 мянган га-аас огтлолт хийдэг гэсэн үг. Мөн энэ дайны түймрийн зурвас ойд заавал хийгдэх ёстой. Түүнчлэн Монгол Улсын ой бүхий аймгуудад хилийн зурваст огтлолт хийгдэх хуультай. Үүнд ногоон мод огтлогддог гэсэн үг. Нөгөөтээгүүр, манай  нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлсэн талбай харьцангуй бага учраас мод нүүлгэн шилжүүлэх технологийн дагуу огтолж хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд ажиллаж байна. Яагаад их га талбайгаас болон дөрвөн метрээс дээш өндөртэй модыг шилжүүлэн суулгадаг вэ гэвэл хүнээс өндөр байснаараа бидэн рүү унаж буй тоос бага мөн  сүүдэрлэх байдлаараа илүү байдаг. Түүнчлэн нүүрсхүчлийн хийн шингээлт сайтай байдаг. Нэг үгээр хэлбэл, хот сууринд ногоон байгууламжийг хүнд хэрэгтэй болгон хувиргаж байгаа гэсэн үг.

Хэрвээ одоогийн нөхцөлд тооцвол дөрвөн метр өндөртэй мод хэрэгтэй гэвэл бид 20 жил хүлээх хэрэгтэй болно гэсэн үг. Гэвч бид амьдралынхаа 20 жилийг түүнд зарцуулна гэвэл эдийн засгийн хувьд боломжгүй юм. Хоёрдугаарт, байгаль бүтээж өгсөн энэ баялгийг үнэгүйдүүлж, устгаж болохгүй. Энэ бол хамгийн чухал асуудал. Мөн ойг сийрэгжүүлэх, гэрэлтүүлэх, цэвэрлэх  хэд, хэдэн төрлийн мод хөрөөдөх зэрэгт тодорхой технологи стандарт шаардлага байдаг.

- Жилд хэдий хэрийн мод огтлох квот олгож хөрөнгө мөнгө тусгагддаг юм бол?

- Бид  улсаас тухайн жилийн түймрийн хар зурвасаар бэлтгэсэн талбайг тусгаарлуулж авдаг. Тухайлбал, 50 метрийн өргөнтэй найман метр газар огтолно гэвэл тэр дотроос хэд ширхэг нь мод нь цэцэрлэгжүүлэлтэд тохирохоор байна ялгаж авч шилжүүлэлтэд бэлтгэнэ. Түүнчлэн хэрэглээний банз болох моддыг ялгана. Мөн түлээний зориулалтаар ашиглахыг нь авч үлдэнэ. Бусдыг нь зурвас хийж хагалсан  газарт нь булж өгдөг. Өөрөөр хэлбэл зурвасын нэг талын ой түймэрт өртлөө гэхэд цаад талын модонд хүрэхгүй байх хэмжээтэй газрыг бараан болгож зурвас хийнэ.

-Ногоон модыг ойгоос авчирч суулгалаа гэсэн шүүмжлэл байдаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ асуудлын цаана ашиг сонирхол бий. Тухайлбал, уул уурхайн салбарынхан маш их дургүйцэж лобби хийдэг. Уг нь мод бол алтнаас илүү үнэтэй баялаг. Жишээлбэл, нэг га газраас нэг кг алт авлаа гэвэл ойролцоогоор 400 орчим сая төгрөг. Тэгвэл нас бие гүйцсэн 3000 модыг нэг га талбайгаас авъя гэвэл экологийн, эдийн засгийн үнэлгээгээр нэг модыг сая төгрөг гэж бодвол алтнаас илүү үнэтэй тусаж байна. Нэмээд гарах зардлыг нь харьцуулсан ч газрын доор байгаа алтыг авах гэж асар их хөрөнгө зардал гарна. Үүгээрээ бид асар их баялгийг үгүй болгож үлэмж хэмжээний ашиг олж байна. Уул уурхайнхан ойгоос мод шилжүүлэн суулгахад үхдэг гэж бидний эсрэг мэдээллийг түгээдэг. Учир нь нүүлгэн шилжүүлэлт тэдний ажилд хортой, явдаггүй учраас тэр. Бид нэг га газраас шилжүүлэн суулгалтаа хийхэд тодорхой хугацаа ордог. Өөрөөр хэлбэл, тэр хугацааг хүлээхгүй тэд хурдан ухахаа боддог гэх үү дээ. Түүнчлэн түймрийн хар зураасыг гаргахад модоо шилжүүлэн суулгаад болчихдог юм байна. Хөрөөдөх ямар албатай юм гэж нутаг усандаа хайртай орон нутгийнхан ярьдаг. Гэтэл энэ үзлийг ашиглаж ухдаг нөхөд биднийг ойг хөрөөдөж сүйтгэж байна гэж нийгэмд буруугаар ойлгуулдаг. Учир нь  тэд түрүүлж ашиглах модоо хөрөөдөж авахын тулд биднийг нийгэмд буруугаар ойлгуулдаг. Гэвч сүүлийн үед орон нутгийнхан биднийг ойлгодог болсон.

- Сүүлийн үед  томоохон улс орны эдийн засагт онц чухал төслүүдийг хөдөлгөх тухай ярьдаг.  Гэвч тухайн орон нутгийн ой болон газар нутгийг хөндөх болж иргэд ихээр эсэргүүцдэг. Тэгвэл хөндөгдөх газрын ойг нүүлгэн шилжүүлж болох уу?

- Болно. Ер нь экологи, байгаль дэлхийд хайртай ногоон үзэл санааг дэмждэг бол болохгүй зүйл үгүй. Сая Ерөнхийлөгчийн зарлигаар бүх сум нэг, нэг цэцэрлэгт хүрээлэнтэй  байх шийдвэр гарсан. Тэгвэл 360 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэмжээний мод ойгоос авчрах шаардлагатай болно. Ийм боломж байна. Жишээлбэл, Эгийн голын усан цахилгаан станц байгуулна гэж олон жил ярьж байна. Уг станц баригдахаар болбол хоёр сумын ойтой нутаг хамрагдахаар юм билээ. Тодруулбал, 70x50 км кв талбай бүхий ой, мод  усан дор орох жишээтэй. 3500 га талбайг хамарсан ойтой. Тэгвэл энэ модоор 350 сум бүрд нэг, нэг га цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэмжээний ой гэсэн үг. Өөрөөр хэлбэл сум бүрд 3-4 мянган модтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах баялгийг шууд усан дор оруулах гэж байна гэсэн төсөөлөл. Ер нь өөдрөгөөр төсөөлбөл ийм боломж байна гэсэн үг. Гэхдээ заавал бүх сум гэлтгүй Булган аймгийн ойр орчим сум болон онцгой объектод суулгаж болно. Мэдээж тээвэрлэлт, ачих буулгах гээд зардал гарна. Гэхдээ ийм хэмжээний модыг бид хаа нэг газар тарьж ургуулъя гэвэл 20-30 жил шаардлагатай.

-Танайх 22 хоногт ойгоос  мод шилжүүлэн суулгасан туршлагатай гэж байсан. Ер нь байгуулагдсанаас хойш томоохон ямар газруудад мод шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлсэн бол. Ер нь тээвэрлэлтэд хэр хугацаа шаардлагатай вэ, үхүүлэхгүйн тул хурдан хугацаанд шилжүүлэн суулгах ёстой юу?

-Манайх шиг мод шилжүүлэн суулгадаг хэд, хэдэн компани бий. Манайх АСЕМ болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн паркийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт том, жижиг олон газар төсөл хэрэгжүүлсэн. Сая Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд бид Тэрбум мод сангийн хүсэлтээр мод шилжүүлэн суулгасан. Бидний боломж 60 хоног байсан ч захиалагч тал 40 хоногт багтаахыг хүссэн. Бид олон жилийн туршлагаар таван багт хуваагдаж шилжүүлэн суулгах тарьцаа бэлтгэх гээд нарийн зохион байгуулалт хийсний үр дүнд 22 хоногт багтаасан. Стандартын дагуу чанартай шилжүүлэлт хийснээр ургалт 95 хувьтай байна. Өмнө нь бид 1117 модыг гурван сарын дотор шилжүүлэн суулгаж байсан бол сая 3622 модыг 22 хоногт шилжүүлсэн Тэгэхээр одоогоор бид өөрсдийнхөө рекордыг эвдсэн гэх үү дээ. Эдгээр модыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хотоор дайрч Өвөрхангай аймгийн Хархорум  хотын ойролцоо 800 орчим км газар авчирч суулгасан гэсэн үг.

- Тэгэхээр хол тээвэрлэх боломжтой гэсэн үг үү?

- Манай компани хамгийн холдоо Дорнод аймгийн Биндэрээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аваачиж суулгаж байсан. 1400 орчим км газар. Бид ийм хол тээвэрлэх өөрсдийн технологи “нохау”- тай гэсэн үг. Цөлжилтийн нэгдүгээр бүс болох Баянхонгор, Өмнөговь аймагт мөн шилжүүлэлт хийж байв.

- Технологийн дэвшлийг хэр ашиглаж байна.Танай хүний нөөцийн чадамж машин, техникийн хүрэлцээ сайн гэсэн үг үү?

- Тэрбум мод сангийн төсөлд 13 метрийн урттай найман шланз хоёр талдаа хоёр, хоёр экскаватортой нийт 50 хүн, 15 техниктэй ажилласан.

-Монгол оронд шилжүүлж болон дүйцүүлэн суулгах шинэс, нарс модны ойн нөөц хангалттай юу?

-Ер нь ойд мод хөрөөдөж байгаа л бол тэр хэмжээгээр мод шилжүүлэн суулгах хэрэгтэй л гэж боддог. Шилжүүлэн суулгахыг манайхан их хүндээр ойлгодог. Гэтэл энэ үйл явц аль XVII зууны үеэс эхтэй. Боолын нийгмийн үеийн “Цэцэрлэгчин боол” гэдэг кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Энэ бол цаг хугацааг наашлуулдаг үйл явц. Хүний нас хэмжээтэй. Тэгвэл мод хэдэн зуун жил урт насалдаг учраас хүн аль болох өөртөө тавтай тухайтай орчныг бүрдүүлэхийн тулд, цэвэр, чийглэг агаараар амьсгалах зорилгоор анх шилүүлэн суулгалтыг хөгжүүлсэн түүхтэй. Тэгэхээр хангалттай нөөц бий. Бид нүүдэлчин ард түмэн учраас хэзээнээс  мод тарих тухай ойлголтгүй байсан. Харин анх удаа Тэрбум мод тарих үндэсний хэмжээний том ажил эхлүүлсэн нь түүхэнд тэмдэглэгдэх зүйл. Мэдээж алдаа, оноотой зүйл их гарна. Алдаа бүрээс сургамж аваад цааш үргэлжлэх ёстой үндэсний том ажил. Илүү их модыг ухдаг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарих ёстой. Тэрбум модны тодорхой хувийг хот суурин газар тарих хэрэгтэй. Тэгвэл илүү хүнд хүрч тэр хэрээр тэдний экологийн боловсрол нэмэгдэнэ. Хот суурин газар тэлэх хэрээр нэг хүнд ногдох ногоон байгууламж ихсэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 198 (7695)