Б.НЯМСҮРЭН
Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гар утасны аппликэйшн, вэб сайт зэрэг цахим хэрэглээ хөгжиж байгаагийн хэрээр цаг хугацаа хэмнэж байгаа сайн талтай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутамдаа ашиглаад байх боломжтой хялбаршуулсан, илүү хүртээмжтэй аппликэйшн төдийлөн олон биш байна. Тэгвэл олон улсад энэ асуудлыг ихээхэн анхаарч, аливаа сайт, вэб хуудас, аппликэйшн зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй байлгах тодорхой удирдамжийг гаргаж, ашигласаар багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Харин саяхнаас эхлэн WSAG хэмээх энэхүү удирдамжийг Монголд ашиглах боломжтой болж, нэвтрүүлж эхэлжээ. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы “Дойче Велле” академи хамтран Европын холбооны санхүүжилтээр “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй иргэд өдөр тутамдаа ашиглах боломжтой нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар тус төслийн сургагч багш, “Ebrail soft” компанийн захирал М.Цэнгэлтэй ярилцлаа.
Тэрээр харааны бэрхшээлтэй ч мэдээллийн технологийн мэргэжил эзэмшиж, одоо өөрийн адил харааны брэхшээлтэй олон хүнд компьютер технологийг хэрхэн ашиглах, цаашлаад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлийн талаар төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
-WCAG гээд олон улсад танигдсан удирдамжийн талаар яриагаа эхэлье. Та энэ удирдамжийг ямар учраас хөгжүүлж байгаа вэ, мөн ач холбогдолын талаар яривал?
-WCAG гэдэг нь Web Content Accessibility Guideline гэсэн үгний товчлол. Олон улсын вэб контентийн хүртээмжийн стандарт удирдамж гэж ойлгож болно. Компьютер, интернэт хөгжсөнөөс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээллийг яаж хүлээж авах вэ, ямар форматаар авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Харааны, сонсголын болон бусад бэрхшээлтэй иргэдэд ямар техникийн хүндрэлүүд тулгарч байгааг судалж, тэдгээрийг нь тусгайлан шийдэх зорилгоор боловсруулсан удирдамж гэж ойлгож болно. Ялангуяа 2000 оноос эхлээд технологийн компаниуд, улс орнуудын бодлогоор энэ асуудалд илүү анхаарч эхэлсэн. Вэб сайт, имэйл, цахим үйлчилгээ өргөжихийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл авахад хүндрэл үүссэн. Тиймээс хэрвээ та вэб сайт, аппликэйшн хөгжүүлж байгаа бол энэ удирдамжийг баримталж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байхаар хийх шаардлагатай гэсэн чиглэл гарсан.
Энгийнээр хэлбэл, цахим хуудас дээрх хайлт, товчлуур, үндсэн мэдээллийг ашиглаж чадахгүй байвал тэр сайт хүртээмжгүй гэсэн үг. Тиймээс код, дизайн, бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад саадгүй байх ёстой.
-Та сургагч багшаар ажиллаж байгаагийн хувьд бидний төдийлөн анзаардаггүй боловч харааны бэрхшээлтэй хүнд байнга тулгарч байдаг ямар хүндрэл байдгийг хамгийн сайн мэдэх байх?
-Харааны бэрхшээлтэй хүмүүс дэлгэц уншигч программ ашигладаг. Тэр программ нь дэлгэц дээрх мэдээллийг дуу хоолойгоор уншиж өгдөг. Гэтэл сайт зөв кодлогдоогүй бол товчлуур, гарчиг, зураг танигдахгүй. Жишээлбэл, товчлуур дээр очиход “товч” гэж л хэлдэг. Гэтэл “хайх”, “нэвтрэх” гэх мэтээр ямар товчлуур гэдгийг нь ойлгомжтой байдлаар нэрлэсэн байх ёстой юм.
Мөн зурагнууд тайлбаргүй байдаг. Зургийн файлын нэрийг янз бүрээр нэрлээд эсвэл зөвхөн image гээд оруулчихдаг. Тэгэхээр хэрэглэгч зургийн утгыг ойлгох боломжгүй. Тиймээс зураг бүрийг 1-2 өгүүлбэрээр тайлбарласан байвал дуу хоолойгоор таниад унших боломжтой. Мөн товчлуурууд, бичих талбарууд ч гэсэн нэргүй байх тохиолдол маш их. Жишээ нь нууц үг, имэйл оруулах хэсэг тодорхойгүй байхаар танигддаггүй. Ийм жижиг зүйлс нийлээд тухайн сайтыг ашиглах боломжгүй болгодог. Ер нь бол аливаа вэб сайт ч бай, аппликэйшн зөв форматтай, бичиг баримт шиг ойлгомжтой бүтэцтэй байх ёстой. Гарчиг, дэд гарчиг, үндсэн хэсгүүд нь код дээрээ зөв тодорхойлогдсон байх шаардлагатай.
-Манай улсад WSAG-н удирдамжийг сүүлийн жилүүдэд багагүй ярьж байгаа ч бодит байдал дээр хүртээмж нь ямар байна вэ?
-Монголд 2010 оноос энэ асуудал яригдаж эхэлсэн. 2017-2018 онд удирдамжийг монгол хэл дээр орчуулж нээлттэй болгосон. Одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна.
WCAG нь дөрвөн үндсэн зарчимтай. Үүнд ойлгомжтой байх, хүртээмжтэй байх, мэдрэмжтэй байх, хялбар ашиглах боломжтой байх зэрэг орно. Мөн хэрэгжилтийг A, AA, AAA гэсэн гурван түвшинд үнэлдэг.
Манайд төрийн байгууллагууд тодорхой хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл e-Mongolia зэрэг платформууд зарим хэсэг дээрээ нэг болон хоёрдугаар түвшинд нийцэж байгаа. Гэхдээ бүх хуудас нь жигд биш, зарим нь сайн, зарим нь хангалтгүй хэвээр байна. Ерөнхийдөө эхний шатандаа явж байгаа гэж хэлж болно.
-Хувийн хэвшлийн байгууллагууд хэр анхаарч байна вэ?
-Хамгийн том асуудал нь хувийн хэвшилд байна. Банк, такси, худалдаа, үйлчилгээний аппликэйшнүүд энэ удирдамжийг төдийлөн мөрдөхгүй байгаа. Энэ нь тухайн газрууд мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж бодож байна. Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдрал бүхэлдээ цахим үйлчилгээ дээр суурилж байна. Худалдаа, төлбөр тооцоо, үйлчилгээ бүгд аппликэйшнээр явагдаж байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ орчноос хоцрогдож байна. Зарим тохиолдолд такси дуудах, төлбөр хийхэд хүртэл заавал өөр хүнээс тусламж авах шаардлагатай болдог. Хэрвээ WCAG-ийг нэвтрүүлчихвэл хэрэглэгч өөрөө бие дааж бүх үйлчилгээг ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь зөвхөн хүртээмжийн асуудал биш, хүний бие даасан байдлын асуудал юм.
-Энэ удирдамжийг хэрэгжүүлэхэд мөнгө төлөх эсвэл олон газраас зөвшөөрөл авах, бүртгүүлэх зэргээр бичиг цаасны ажиллагаа хэр их вэ. Компаниудын хувьд ажиллагаа ихтэй гэсэн ойлголтоор хойрго хандах, эсвэл мэдэхгүй тохиолдол их байдаг байх?
-Энэ удирдамж нь өөрөө үнэгүй, нээлттэй байдаг. Вэб сайт, аппликэйшн хөгжүүлэхэд ашиглах код, загварууд нь хүртэл бэлэн бий. Тэрийг ашиглаад сайжруулалт хийх боломжтой. Тиймээс энэ бол заавал их хөрөнгө шаардах зүйл биш. Хамгийн гол нь тухайн удирдамжид заасны дагуу мэдээллээ тодорхой болгоод нэг удаад өөрчилчихвөл цаашдаа дахин дахин өөрчлөх, солих шаардлага байхгүй. Тэгэхээр энийг ойлгох, хэрэгжүүлэх асуудал юм.
-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд яаж шийддэг вэ?
-Видео контент дээр дохионы хэл, хадмал орчуулга маш чухал. Мөн бичвэр нь ойлгомжтой, хэт төвөгтэй биш байх шаардлагатай. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд аудио тайлбар чухал. Видео дээр юу болж байгааг дуугаар тайлбарласан байвал илүү хүртээмжтэй болдог. Энэ нь дээд түвшний шаардлагад ордог.
-Танай төслийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Европын Холбооны санхүүжилттэй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд WCAG удирдамжийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах ажлыг хийж байна. Энэ төслийг Германы Дойче Вилле Академи, Хэвлэлийн зөвлөл хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зөвхөн сургалт, семинар зохион байгуулахаас e-Mongolia, Хууль зүйн үндэсний хүрээлэн, D-Parliament гэсэн гурван сайтад хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Ингээд үнэлгээний дүнд аль түвшинд байгааг тодорхойлж, сайжруулах зөвлөмж өгсөн. Мөн IT чиглэлээр суралцаж байгаа оюутан, багш нарт сургалт явуулж, энэ чиглэлийн мэдлэгийг түгээж байна.
-Цаашид WSAG-г өдөр тутамд ашигладаг, мөрддөг байхын тулд таныхаар хэн юу хийх ёстой юм бэ?
-WSAG-г ойлгоход заавал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гэж ойлгохоос илүү хамтын ажиллагаа гэж харвал их хэрэгтэй юм. Ялангуяа бизнесийн байгууллагууд хэрэглэгч гэж харах нь зүйтэй. Тэгэхээр нэгдүгээрт, нийгмийн хариуцлагын хүрээнд ойлгуулах, хоёрдугаарт бизнесийн байгууллагын хувьд шинэ хэрэглэгч нэмэгдэх боломж гэж харж болно. Учир нь хүртээмж сайжрах тусам хэрэглэгчийн хүрээ нэмэгдэнэ. Монголд харааны бэрхшээлтэй 11 мянга орчим иргэн байдаг. Энэ тоо жаахан хуучирсан байж магадгүй, гэхдээ залуучуудын дунд дэлгэцийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр харааны бэрхшээлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа. Тиймээс цахим үйлчилгээ хөгжиж байгаа энэ үед хүртээмжийг зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр 11 мянган иргэн харааны бэрхшээлтэй байна гэдэг тийм тооны идэвхтэй хэрэглэгчийг бизнестээ татах боломжтой гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон зайг олж харж чадвал тэр хэрээр ашиг орлого ч нэмэгдэх болно гэж илүү ухаалаг талаас нь ойлгоосой гэж хүсдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7818)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn