2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялын бодлого хэрхэн өөрчлөгдсөн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалтай ярицллаа.

 

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой ялын бодлого чангарсан гэж яригдаад байгаа. Ялангуяа авлига албан тушаалын хэрэг дээр нэлээд чангарсан нь саяхан шийдэгдсэн Л.Б-ийн хэрэгт 13 жилийн ял оноосноос харагдаж байх шиг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг талаар яриагаа эхлэхийн өмнө энэ яригдаад байгаа жишээн дээр тулгуурлаж тайлбарлавал илүү дөхөм болов уу?

-Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн.

Энэ цаг хугацаанаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад өмнөх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, чангатгасан зохицуулалт үйлчилнэ гэж ойлгож болно. Таны асуусан хэргийн тухайд улс төрд нөлөө бүхий бүхий этгээд үйлдсэн гэх онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан гэж шүүхийн шийтгэх тогтоолоос ойлгогдсон. Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай болсон хэрэг. Өөр нэг хэрэгт давхар зүйлчлэгдсэн байсан. Тэр хэрэгт нь нэг жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жилээр тогтоосон гэж ойлгогдож байгаа.

-Дээрх олон жилийн ял оноосон асуудал нь авлига албан тушаалын хэргийг өмнө нь бүлэглэн гэж авч үздэггүй байсантай холбоотой юу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр буюу хоёр ба түүнээс дээш этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдлийг хамтын хүчин чармайлтаар, санаа зорилгоо нэгтгэж үйлдэх хэлбэр байдаг. Аливаа гэмт хэргийг бүлэглэн, хамтарч үйлдэх нь тухайн гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг нэмэгдүүлдэг талтай байдаг тул ямагт ганцаараа үйлдсэн гэмт хэргээс хүнд ял оногдуулдаг. Энэ зохицуулалт өмнө нь ч байсан, одоо ч Эрүүгийн хуульд байгаа. Зөвхөн авлигын хэрэгт ч гэлтгүй бүх төрлийн хэргийг бүлэглэн үйлдвэл ял хүндрүүлж оногдуулдаг. Харин өмнө дурдсан авлигын гэмт хэргийн тухайд авч үзвэл тэр төрлийн хэрэгт оногдуулах ялын хэмжээг Эрүүгийн хуульд 2022 онд оруулсан өөрчлөлтөөр нэмэгдүүлж хуульчилсантай шууд холбоотой. 

-Авлига албан тушаалын хэргийн ялыг нэмэгдүүлснээс гадна Эрүүгийн хуульд онцлох ямар өөрчлөлт орсон бэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш олон нэмэлт, өөрчлөлт ороод байгаа. Аливаа хууль нийгмийн харилцаа хөгжих, шинэ төрлийн харилцаа үүсэх, түүнийг хуульчлах, хууль бус үйлдлийг хязгаарлах шаардлагын үүднээс байнга өөрчлөгдөж байдаг. Таны тусгайлан сонирхоод байгаа 2022 онд орсон өөрчлөлтөөр авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй талаарх өөрчлөлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх нөхцлүүд дээр нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэхээр нэмэлт оруулсан. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны тавдугаар сард мөрийтэй тоглоом зохион байгуулах, төлбөрт тааварт бооцоот тоглоом зохион байгуулах, мөн энэ төрлийн үйлдэлд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үйлдлүүдийг Эрүүгийн хуульд нэмж оруулсан. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирлын хэмжээ, нийгмийн хор аюул зэрэгт төрийн зүгээс онцгой анхаарах шаардлага үүссэн гэсэн үг. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээг дагасан зөрчил, гэмт хэрэг ихээхэн үйлдэгдэх болсон байна. Үүнээс улбаалан Кибер аюулгүй байдал, Эдийн засгийн гэмт хэрэг, тэр дундаа Виртуал хөрөнгөтэй холбоотой үйлдлүүдийг эрүүжүүлэн шийдвэрлэх болсон. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нийгмээ дагаад хууль бус үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого, цаашлаад иргэдийн өмчлөх эрх, хил дамнасан хууль бус гүйлгээ гэх мэт олон сөрөг үр дагаврууд байх тул Эрүүгийн хуульд нэмэлт орсон гэж үзэж болно.

-Энэ өөрчлөлт хэзээ орсныг ч үнэндээ олон нийт төдийлөн мэдээгүй анхаараагүй байх шиг. Нөгөө талаар иргэдэд хуулийг сурталчлан таниулах ажил хэр үр дүнтэй хийгдэж байна вэ?

-Шинээр гарч буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах ажил нь төрийн бүх шатны байгууллагуудын үүрэг. Иргэн бүр нийгмийн харилцаанд орж байгаагийн хувьд өөрийн үйлдэлдээ хянамгай хандаж, холбогдох хууль тогтоомжийг судлах, хуульчаас зөвөлгөө авах зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстой. Хуулийг мэдэхгүй байх нь түүнийг аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй. Хөрөнгө, эд зүйлс хэзээ ч амар хялбар аргаар бий болохгүй. Зарим хүмүүс илбэ шидийн юм шиг нэг л кноп дараад мөнгөтэй болно гэх сэтгэхүйтэй болж. Ийм буруу хандлага сэтгэлгээ нь иргэд гэмт хэргийн хохирогч болох эсхүл хэрэгт холбогдуулж, өндөр ялаар шийтгэгдэх эрсдэлийг бий болгож байдаг тул аливаа үйлдэлдээ туйлын хянуур, хэрсүү байх хэрэгтэй. Мэдээж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг нийт иргэдэд сурталчлан таниулах, ойлгуулна гэдэг боломжгүй. Харин та өөрийн эрхэлж байгаа ажил, бизнесийн үйл ажиллагаатайгаа холбоотой эрсдэлийг нарийн тооцох, өөрийн үйл ажиллагаанд шууд холбогдох хууль тогтоомжийг судлах, эсвэл мэргэшсэн хуульчид хандах, зөвлөгөө авч эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Юуны өмнө энэ асуултаараа аливаа гэмт хэргийг зөвтгөх гээгүй гэдгээ онцлон тодотгоё. Гэхдээ нэгэнт ялын бодлого чангарсан л бол Эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд өмнөхөөс илүү хүнд ялаар шийтгүүлнэ гэсэн үг үү. Дээр яригдсан 2022 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөс хойш үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг болгон ингэж хүнд шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?

-Хууль буцаан хэрэглэх гэдэг ойлголт Эрүүгийн эрх зүйд байдаг. Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна. Таны сонирхоод байгаа Эрүүгийн хуульд 2022 онд орсон өөрчлөлтөөр ялыг багасгаагүй, харин нэмэгдүүлсэн тул тухайн өөрчлөлт орсоноос хойш үйлдэгдсэн хэргүүдэд оногдуулах ял өндөр л оногдуулна. Гэхдээ ямар шинжээрээ хэргийн зүйлчлэл хүндэрч байгааг зайлшгүй харгалзана. Тухайн хэргийн хувьд улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй байсан бол сая шүүхээс оногдуулснаас цөөн жилээр шийтгүүлэх хууль зүйн боломж байсан гэж дүгнэхээр байгаа.

-Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нэмэгдсэн талаарх мэдээлэл, иргэдэд энэ талаар ойлголт өгөх ажил хэр явагдсан бэ?

-Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг эрс нэмэгдүүлсэн талаар Нийтийн албанд ажиллагсадын хүрээнд хангалттай таниулах ажиллагаа хийгдсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч их мэдээлэгдсэн. Албан тушаалын гэмт хэргүүд нь зөвхөн санаатай үйлдэгддэг, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлддэг. Ийм учраас нийгмийн хор аюул ихтэйд тооцогддог, ял шийтгэл нь чанга байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7818)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn