П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцаж, сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

 

-“Хаврын синдром эхэллээ” гэхчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд их яригддаг. Энэ нь шинжлэх ухааны үүднээс ямар үндэслэлтэй вэ?

-Улирлын чанартай сэтгэл санааны хямралууд байдаг. Энэ нь хавар, намрын улиралд илүү нөлөөлөх боломжтой гэж үздэг. Үүнд улирлын шилжилт, нарны туяа тусгалтай холбоотой долгионы нөлөө бий. Өөрөөр хэлбэл, физикийн шинжлэх ухаан явагддаг. Хүн өөрөө байгалийн нэг хэсэг учир бие организм нь байгальтайгаа уялдаа холбоотой байдаг. Иймд улиралтай холбоотой сэтгэл санааны хямрал, сэтгэцийн өөрчлөлт үүсэж болно.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай, цаг агаарын ялгаатай дөрвөн улиралтай тул  хүйтний улиралд амьд байх, дулаан байх байгалийн инстинктээрээ их энерги зарцуулдаг. Байгальтайгаа тэмцэж энерги их зарцуулах үедээ хамаг стресс, бухимдлаа өвлийн улиралд дарчихдаг. Харин хавар болж арай уужрахаар дарагдсан стресс хяналтгүйгээр гарах гээд байдаг. Энэ нь пүршийг дарж байгаад тавихад хол үсэрдэгтэй адилхан урвал явагдаж байгаа юм. Бид өвлийн улиралд амьд үлдэх горимдоо чиглэж, өөрсдийн гуниг, хямралыг анзаарахгүй орхидог. Ингэхээр урьдчилан сэргийлэлт нь алдагдаж, хаврын урин үед өөрийгөө ажиглахтай болоход сэтгэл түгшилт, нойрны асуудал ужгирсан байдаг учир хариу урвал илүү хүчтэй, хяналтгүйгээр илэрдэг. Тиймээс энэ үед илүү их сэтгэцийн тусламж үйлчилгээ  авахаар эмнэлэгт хандахаар статистик тоон мэдээлэл өндөр гардаг. Иймд сэтгэцийн асуудал улиралтай хамаатай юу гэх эргэцүүлэл бий болно.

Сэтгэцийн асуудалд улирлын нөлөө тодорхой хэмжээнд дам нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл,  хаврын улиралтай холбоотой нэг номерын шалтгаанаар сэтгэцийн өвчин үүсэхгүй. Энэ нь эрт буюу намар, өвлөөс эхэлсэн байх боломжтой.

-“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр СЭМҮТ асраас иргэд ямар зөвлөгөө мэдээлэл авч байв?

-Манай төв нь Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлдэг. Тодруулбал, урьдчилан сэргийлэлт, сургалт мэдээллээр хангах үйл ажиллагаа, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэгийг оношлох болон эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг юм.

Насны бүлгээсээ хамаараад иргэдийн зөвлөгөө мэдээлэл авах чиглэл харилцан адилгүй байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн эмгэгтэй холбоотой буюу хэл ярианы хөгжлийн хоцрогдол, анхаарал дутмагшил, суралцахуйн хүрээний бэрхшээл, аутизмын хүрээний эмгэг илрээд байна гэдэг үүднээс зөвлөгөө мэдээлэл авч байна. Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, үе тэнгийнхний хоорондын харилцааны зөрчлийн талаар ярилцаж байна. Харин ажил хөдөлмөр эрхэлж буй залуу үеийнхэн хүн хоорондын болон ажлын ачаалалтай холбоотой стресс үүсгэгч хүчин зүйлийн нөлөөгөөр сэтгэл түгшилт, түүнийг дагасан нойрны хямрал, анхаарал төвлөрөлт муудаж, хэт цочромтгой байдлаас уур бухимдалтай хариу үйлдэл үзүүлж буй байдал харагдаж байна. Ингэхээр сэтгэцийн нэг тулгамдсан асуудал дараа дараагийн асуудлын эх үүсвэр болдог. Цаашлаад бүлэг хам шинжтэй болж, нэг хүний сэтгэл зүйн асуудал нь ажлын хамт олон, гэр бүлийн хүрээнд харилцааны зөрчил улам нэмэгдээд байдаг. Харин ахмад настнуудын нойрны асуудал ужгираад асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй эсвэл хүчтэй нойрсуулах эмийн эмчилгээнд орсон гэх асуудлаар хандаж байна. Ингэхээр шинж тэмдэг дөнгөж эхлэх үед арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх нь чухал байна.

-Орчин үеийн хүүхэд залуусын дунд газар авч байгаа сэтгэцийн эрүүл мэндийн нэг ном асуудал нь донтолт байна. Тэгвэл үүний шалтгаан болон урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө өгөөч?

-Донтолт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын нэг том бүлэг болоод байна. Харин шалтгаан нь нийгэм, сэтгэл зүйн өргөн хүрээг хамардаг. Аливаа донтолт үүсэхэд тухайн хүний өсөж хөгжсөн орчин хамгийн чухал нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүжил гэсэн үг. Хүүхэд байхдаа сэтгэл зүйн ханамж, хэрэгцээ нь хэр хангагдаж байсан бэ гэдэг чухал юм. Хангагдаагүй хэрэгцээгээ аливаа нэг өөр зүйлээр орлуулах гэж оролдох хамгаалалтын механизм нь сүүлдээ эмгэг болдог.

Донтолтыг зан үйлийн болон бодисын гээд хоёр хуваадаг. Энэ донтолтуудын суурь шалтгаан нь нэг байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал юм. Аливаа донтолтыг эмгэг болсон хойно нь эмчлэх тун хэцүү. Донтолтыг бүрэн эмчлэхэд асар их цаг хугацаа, эдийн засаг шаардахаас гадна тухайн хүний өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эмчилгээний арга хэмжээ явагддаг. Гэвч хүмүүс донтолтоо хүлээн зөвшөөрдөггүйгээс болоод эдгэрлийн хожимдол үүсэх гээд байдаг.

Иймд хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд багаас нь анхаарах чухал юм. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг анхаарахын тулд эцэг эх хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд миний сэтгэл зүй бэлэн үү, би бүрэн төлөвшсөн үү гэдгээ мэдэх хэрэгтэй. Энэ нь “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг шиг хүний амьдралтай салшгүй холбоотой цикл явагддаг. Тиймээс удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол өөрийнхөө сэтгэл санаа төлөв түвшин, стрессээ зөв аргаар бүрэн тайлж сурсан, эхнэр нөхөртэйгөө гэр бүлийн харилцааны тогтвортой хэм хэмжээтэй, санхүүгийн хувьд хүүхдээ өсгөх бүрэн боломжтой болсон байх гээд нийгэм, сэтгэл зүйн олон хүчин зүйлээ бүрдүүлэх нь зүйтэй. Мөн хүүхдийн нас насны онцлогт тохирсон хүмүүжлийн арга барилаар сэтгэл зүйг нь хохироохгүйгээр өсгөх боломжтой.

Бага анги болон сургуулийн өмнөх боловсролын насанд хүүхдийн сэтгэл санаа бүрэн хангагдаагүй байсантай холбоотой өсвөр насны дааврын өөрчлөлт зэрэгцэж, энэ үед хүчтэй эмгэг өөрчлөлт гарч эхэлдэг. Мөн насанд хүрсэн хүний төлөвшил хүүхдүүдэд нөлөө их үзүүлдэг. Би биеэ зөв авч явж, хорт зуршил хэрэглэхгүй байвал намайг харж байгаа бусад хүүхдүүд ч даган дуурайгаад зөв төлөвших боломжтой байдаг гэдгийг бүх насанд хүрсэн хүмүүс ухамсарлах нь чухал юм. Хүүхдийг хорт зуршилгүй хүмүүжүүлье гэвэл бид өөрсдөө хорт зуршилгүй байх ёстой, нийгэм сэтгэл зүйн өргөн хүрээний асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn