МУБИС-аас “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ удаагийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Казахстан, Энэтхэг зэрэг орны 30 гаруй их, дээд сургууль, 20-оод судалгааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач биечлэн болон цахимаар оролцоно. Энэхүү хурлын талаар болон Монгол судлалын өнөөгийн чиг хандлагын тухай МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболдтой ярилцлаа.
-Өмнөх “Монгол судлалын шинэ эрин” хурлуудаас энэ удаагийнх юугаар онцлог байгаа бол, олон салбар хуралдаан болох юм байна?
-Хагас жил орчмын өмнөөс монгол судлаачдад хурлын зар мэдээллийг сошиал орчноор дамжуулж хүргэсэн. МУБИС 2003 онд Монгол судлалын сургуулийг байгуулж, бие даасан олон улсын хуралтай болсон юм билээ. Харин 2013 оноос “Монгол судлалын шинэ эрин” гэх нэрийн доор өнөө хүртэл зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд нийт 150 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа бөгөөд 6 салбар хуралдаанд 100 гаруй илтгэл танхимаар, 20 нь цахимаар, бусад нь ханаар танилцуулагдана.
Ер нь манай хуралд монгол хэл, утга зохиолын судалгаа давамгай оролцдог. Энэ жил бас тийм байна. Тус хурлын бас нэг онцлог бол салбар хуралдаан бүр өөрийн гэх судалгааны чиглэл, сэдэв зарласан. Тухайлбал, 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул түүхийн салбар хурлаа “Их Монгол Улсын түүх, археологи, соёлын судалгаа” сэдвийн хүрээнд чиглүүлсэн.
-Олон улс дахь монгол судлалын чиг хандлага ямар байгаа вэ?
-Олон улсын монгол судлал тодорхой түвшний зохион байгуулалттай уламжлагдаж, судлаачдаа бэлтгэж, судалгаагаа үргэлжлүүлж байна. Энэ онд “Олон улсын монгол судлалын XIII их хурал” бас болно. Мөн Олон улсын монгол судлалын хурлыг 5 жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол одоо 3 жилд нэг хийдэг болох гэж байна. Энэ нь Монголын судалгааг дэлхий нийтэд таниулах, судлаачдын залгамж холбоог тасралтгүй бэлтгэх бодлогын нэг хэсэг болов уу.
МУБИС нь Монгол судлалын тулгын гурван чулууны нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны том байгууллага. Иймд дотоодод болон олон улсад монгол судлалаар мэргэшиж байгаа эрдэмтэдтэй харилцаа холбоотой ажиллаж, нааш татаж, шинэ судалгааныхаа үр дүнг танилцуулах индэр болох нь бидний гол зорилго юм. Мөн залуу судлаач, эрдэмтдийг холбож, бие биед нь өөрсдийнхөө дагнаж хийсэн судалгааны үр дүнг танилцуулах гүүр болж, түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй юм.
-МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн байгуулагдаад олон улсын том хурлуудыг жил бүр зохион байгуулж байна. Үүний сацуу гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байгаа вэ?
-МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн гэх энэ нэрээр гурван жилийн өмнө байгуулагдаж, тодорхой хэдэн чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Монгол судлалын олон улсын хурал юм. “Монгол судлалын шинэ эрин” хурлаас гадна залуу судлаач, ахисан түвшний суралцагчдын дунд зарладаг “Монгол судлалын шинэ үе” гэдэг хурал бий. Мөн гаднаас зочин профессор урьж ажиллуулж, МУБИС-д “Монгол хэл, бичиг, түүх, соёлын өв” цувралаар 20 орчим лекцийг зохион байгуулаад байна. Илтгэгчдийн 50 хувь нь Япон, ОХУ, БНХАУ, Чех, Унгар зэрэг монгол судлалтай улсуудын судлаач профессорууд оролцжээ. Үүний сацуу хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа ажлууд багагүй бий. Энэ удаагийн хурлын үеэр Тува улсын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж, хоёр сургуулийн хоорондын гэрээг тодолж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг зорьж байна. Тэнд бас монгол-тува хэлний анги нээгдсэн, бид хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бас байгаа.
-Улс орны соёл, эдийн засгийн хүчирхэг байдал энэ салбарт чухал нөлөөтэй. Сүүлийн үед монгол судлалыг сонирхож судлах залуучууд, тэдний ажлын байрны хүртээмж ямар байгаа вэ?
-Энэ асуудал нэг зохион байгуулалтад орж, жигдрээгүй байна. Ялангуяа, олон улсад монгол судлалаар ажиллах гээд бэлтгэгдэж байгаа залууст бэрхшээл бий. Олон улсад ажиллаж байгаа монгол судлалын байгууллагууд төрөөсөө юм уу, шинжлэх ухааны байгууллагаасаа дэмжигдэх боломж хязгаарлагдмал бөгөөд монгол судлалаар ажиллах хүний тоо цөөн, сонирхол ч багасаж байна гэх нь дуулдах юм билээ.
Манай улсад залуу судлаачдын ажиллах судалгааны байгууллага, их сургуулиудын ажлын байрны хүртээмжтэй уялдаатайгаар суралцах хүний тоо мөн цөөн байгаа. Тухайлбал, МУБИС-д Монгол хэл, бичиг судлаачийн анги нээгдээд нэлээн хэдэн жил болж байна. Жилд цөөн хүүхэд элсдэг, төгсөөд хөрвөж ажиллах нь илүүтэй байх шиг. Үүнээс үзэхэд, төрийн бодлогоор монгол судлалыг ямар нэг хэмжээнд анхаарахгүй бол хүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлтэй юм.
Манай хүрээлэн байгуулагдсанаас хойш аман түүхийн хөмрөг бүрдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь манай МУБИС-ийн дотоодын захиалгат төсөл юм. Уг төсөлд ажиллаж буй бүрэлдэхүүнийхээ 1/3 хувийг ахисан түвшний болон бакалаврын ахлах ангид суралцагчдаас сонгож, дагуулж дадлагажуулж, эрдэм шинжилгээний чадавхтай, монгол судлалын тодорхой туршлагатай боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна. Энэ хүүхдүүд төгсөөд эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар ажиллаж болно, бас багшилж ч болно.
-Монгол судлаачид, монгол судлалаар нарийвчилсан эрдэм шинжилгээний сайн бүтээлүүд их байхын нөлөө, үр ашиг их шүү дээ. Мөн энэхүү академик хэлбэрээр олон нийтэд хялбаршуулж хүргэх нь чухал болов уу?
-Энэ их өргөн хүрээтэй асуулт байна. Улс орон хоорондын хэл соёл, түүхийн судалгаа нь харилцан хамтарч ажиллахад зориулагддаг гэж би ойлгодог. Монгол судлал тодорхой түвшинд хөгжөөд энэ чиглэлээр олон өгүүлэл, ном бүтээл дэлхийн хэмжээнд олон улсын хэлээр хэвлэгдэж, түгэн дэлгэрч байвал Монголыг сурталчилж, Монголын түүх соёлыг ойлгож, мэднэ гэсэн үг.
Бусад улс орны судалгаа ч мөн адилхан байх. Монголыг мэдэх гэдгийн цаана нүүдэлчдийг мэдэх гэсэн санаа хамт оршдог. Тиймээс нүүдэлчин соёл иргэншил эртнээс өнөөг хүртэл ямар жам, замаар ямар өв соёлыг бүтээж, уламжлуулав. Өнөөдрийн түвшинд ямар байгаа вэ гэдгийг эрдэм шинжилгээний үүднээс судалж мэдэх хэрэгтэй. Ингэж шинжлэх ухааны үүднээс мэдээллийг боловсруулж, дамжуулах нөлөө нь улс орны соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мэдээж дэм болно. Соёлын аялал жуулчлал хөгжих нь эдийн засагтаа багагүй хувь нэмэр оруулдаг бололтой. Иймд нэг судлаач, жуулчин, сонирхогчид тодорхой мэдээлэл өгөхөд зорьж ирээд, сонирхох хүмүүс нэмэгддэг юм байна.
Өнөө үед технологийн боломжийг түгээмэл ашиглаж, хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах нь чухал байна. Энд хэлэлцсэн хурал, үйл ажиллагааны мэдээллийг өөрсдийн цахим сувгаар дамжуулах нь хязгаарлагдмал хүрээний асуудал болоод байгаа юм. Иймд олон нийтэд хүргэхийн тулд сонин, телевиз, сайт, радио гээд мэдээ мэдээллийн олон сувгаар түгээхдээ эрдэм шинжилгээний академик найруулгаас хялбаршуулаад мэдээллээ энгийн, ойлгомжтой, товчоор хүргэх нь чухал юм. Энэ санааг тус хуралд мөн анхаарч, хэвлэл мэдээллийг тусад нь хариуцсан хүн томилоод, ажиллаж байна.
-МУИС болон МУБИС өөрийн бие даасан Монгол судлалын хүрээлэнг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Их сургуулиуд бие даасан хүрээлэнтэй байхын давуу тал, үр дүн юу вэ?
-МУБИС 2023 оноос бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд энэхүү Хүрээлэнг байгуулсан юм. Монгол судлалаар дагнасан судалгааны хүрээлэнтэй байснаар Олон улсын болон Монгол дахь монгол судлалд өөрийн хувь нэмрээ оруулах юм. Бид өөрсдөө бодлого чиглэлтэй байж, түүнийгээ хөгжүүлэхгүй аваас тохиолдлын сайн дурын шинжтэй, урсгалаараа явдаг ийм л зүйл болно. Үүнээс зайлсхийж, системтэй тогтвортой, байнгын тасралтгүй үйл ажиллагаатай болох нь их чухал юм. Өмнөхдөө дүгнэлт хийж, олж буй үр дүнгээ анхаарвал, цаашид яах вэ гэдгээ бодох сэхээтэй ч болно. Ингэснээр боловсон хүчний нөөцтэй, судалгааны чадавхтай, судалдаг сэдэвтэй, олсон хүрсэн үр дүнгээ түгээдэг арга зүйтэй болж, энэ бүхэнд хөрөнгө мөнгө төлөвлөж, зарцуулдаг болох бөгөөд бас хөрөнгө санхүү босгох арга замыг ч хайж хөөцөлдөж эхэлнэ. Их сургууль гэдэг судалгааны том нэгж төдийгүй өнөөдөр судалгааны их сургууль гэж байх ёстой хэмээн яригдаж эхэллээ. Мөн орхиж болшгүй нэг чухал зүйл бол Монгол судлалд оруулж буй хувь нэмрээ дэлхий нийтэд таниулах, судлаачдынхаа өгүүлэл бүтээлийг эрдэм шинжилгээний дэлхийн хэмжээний платформ дээр гаргах явдал юм.
Ер нь манай Монгол судлал, сэтгэлтэй хүмүүсийн санаачлагчаар уламжилж ирсэн шүү, өдгөө төрийн бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатай болсон. Үүнийг МУБИС-ийн удирдлага анхаарч, Хүрээлэн болгож зохион байгуулж, орон тооны ажилтан, үйл ажиллагаа явуулах боломжоор хангасанд багагүй үр дүн гарч байна. 2023 онд тус Хүрээлэнгийн захирлаар томилогдсоны дараахан МУБИС-ийн монгол судлалын чадавхыг тогтоох ажлыг эхлүүлж, МУБИС-д монгол судлалаар судалгаа хийдэг эрдэмтэн багш нарынхаа бүтээлийн жагсаалттай танилцаж, мэргэжлийн чиглэлээр нь багцалж, танилцуулах хурал зохион хийж байв. Үүний үр дүнд 2013-2023 оны хооронд туурвисан өгүүлэл бүтээлийг тоймлож “МУБИС-ийн Монгол судлаачдын нэгэн аравны бүтээлийн цэс” /2013-2023/ гэх ном хэвлүүлээд одоо ирэх хурлын илтгэгчдэдээ өгөх гээд бэлдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn