Ц.МЯГМАРБАЯР
Хагас зуун жил шахам ойжуулалтын инженерээр ажиллаж ойн нэрийн хуудас, эрдэнийн титэм болсон эрхэм хүнтэй уншигч та бүхнийг уулзуулах гэж байгаадаа сэтгэл догдлов. Намрын мод тарих энэ өдрүүдэд тэрээр тарьсан модоо эргэж арчилж, тордох, тоолох гээд тун завгүй. Нийтлэлийн маань баатар 44 жил ойн инженерээр ажиллахдаа 35 сая ширхэг мод тарьсан буянтан. 1975 оны тэртээ Сэлэнгэ аймгийн ус цаг уурын станцад дагалдан ажиглалт хийж байсан залуухан бүсгүй О.Алтанцэцэг цаг уурч мэргэжил эзэмшихээр Хөдөө аж ахуйн дээд сургуульд элссэн ч хүссэн анги нь байгаагүй тул ойн инженер аж ахуйн ангийг сонгосон гэдэг. Тэрээр багаасаа л ой, байгаль цаг уурын үзэгдэл зэргийг сонирхдог хүүхэд байжээ.
Тийм дээ ч 1962 онд Монголын пионерын ордны цаг уурын дугуйланд сурч залуу байгаль хамгаалагч үнэмлэх авч байсан нь үүнийг гэрчлэхийн зэрэгцээ түүнд бурхнаас байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байх төөрөгтэй байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрж байсан гэдэг. Хүссэн, тэмүүлсэн мэргэжлээрээ өндөр насыг наслах хүртлээ ажиллаж үр хүүхдүүдээ өвлүүлэн их буян заяаг эдэлж буй тэрээр өнөөдөр ч завгүй ойдоо ажилласаар байгаа нь бахархам. Нэг мод таривал хүмүүний энэ насны их буян хэмээн өвөг дээдэс минь сургасаар ирсэн. Тэрээр ой руугаа яарсаар. Байгаль дэлхийтэйгээ ойр ажилладаг болоод тэр үү түүнээс эрч хүч, ажил бүтээмжийн дулаан энергийг мэдэрсэн юм. Ой мод байгаль дэлхийдээ хүчилтөрөгч ялгаруулах их үйлсэд ийнхүү ажиллах хугацаанд нийт 11622.3 га талбайд 35 сая мод тарьжээ. Түүнчлэн мод үржүүлгийн газартаа 76 сая тарьц ургуулж, 4693 кг нарсны үр бэлтгэж, 6137 га-д болц суулгац усалгаа тариалангийн ажил хийсэн аж. Өдгөө мод үржүүлгээр тэргүүлэгч Сэлэнгэ аймгийн “Бугант групп” болон Тэрбум мод сан, гэр бүлээрээ байгуулсан “Бугант номин”компанийн үүсгэн байгуулагч,зөвлөх инженер Байгаль орчны гавьяат ажилтан, ойн салбарт 50 жил ажиллаж буй 75 настай ахмад ойжуулагчийг “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог" булангийн зочноор урьж ярилцсан юм.
Хоёр настай нарсны тарьц залуу ойжуулагчийн сэтгэлийг хөдөлгөсөн гэдэг

1959 онд аравдугаар ангиа төгсөж 1980 онд ХААИС-ийг ойн инженерээр төгсөж нутагтаа ирсэн залуухан бүсгүйг Ерөө мод бэлтгэлийн аж ахуйн дарга асан Доржготов хоёр настай нарсны тарьц барьчихсан гэрт нь ирээд манайд ажиллаач гэж урьсан гэдэг. Тэр цагаас ойн туршлагатай, тулхтай инженерүүдтэй ажиллах эхлэл тавигдаж өдгөө өөрөө зөвлөх инженер болтлоо мэргэшжээ. Ерөө мод бэлтгэлийн аж ахуйн дарга Ишийн Бадарч гэж хүн “Бид модоо тайрч, огтолж байгаа юм чинь заавал мод үржүүлгийн газрыг байгуулах ёстой” гэж үзэж анхны үржүүлгийн газрыг санаачлан зүтгэсэн гавьяатан. Улмаар инженер, техникийн ажилчдыг Германд мэргэжил дээшлүүлэхээр явуулж, гадаад мэргэжилтнийг урьж туршлага солилцдог байсан. Мод үржүүлэг, ойжуулалтад маш их зардал гардаг, орлого байдаггүй учраас зарим компаниуд мод үржүүлгийг авч үлдэхгүй гэж байхад тухайн үеийн Бугант группийг удирдаж байсан Гандөш дарга заавал модоо тарьж, ойжуулалтаа хийх ёстой гэдэгт бат зогссон доо. Эдгээр зарчимтай, байгаль дэлхийдээ хайртай хүмүүсийн нөлөө бидэнд гүн бат шингэж үлдсэн болоод тэр үү өнөөдөр мод үржүүлэг, ойжуулалтын газрууд олноор байгуулагдсаар байгаа нь бахархууштай.
Зах зээлд шилжсэнээр мод үржүүлгийн газар нэг л байсан болохоор дөрвөн компани нийлж групп болж ажилласан ажээ. Үе үеийн дарга, захирлууд ойжуулалт, мод үржүүлгийн ажлыг маш сайн дэмжсэн нь өнөөдрийн ажил үйлс нь дэлгэрч олон зуун сая мод тарих нөр их ажлын ард гарахад нөлөөлсөн гэж тэрээр ярих дуртай. Ер нь Бугантынхан найман наснаас 80 нас хүртлээ мод үржүүлэг, ойжуулалтын ажилд гар бие оролцож ирсэн хүмүүс билээ. Мод үржүүлгийн газар дээрээ хөдөлмөр амралтын зуслан байгуулж нэг ээлждээ 25 хүүхэд хүлээн авч дөрвөн ээлжээр ажилладаг байсан тухай тэрээр дурссан. Хүүхдүүдэд үрээ яаж тарих, зэрлэгээ хэрхэн зулгаах уу гэдгийг багаас нь зааж өгдөг байжээ. Ингэснээр Бугантынхан бага, балчраасаа ойн боловсрол эзэмших эхлэл нь тавигддаг аж. “Нэг жилээ харъя гэвэл будаа тарь, 10 жилээ харъя гэвэл мод тарь, 100 жилийн цаадхыг харьяа гэвэл хүүхдүүдэд боловсрол мэдлэг өг” гэсэн үг байдаг. Зусланд амарч байсан хүүхдүүдээс өдгөө үе үеийн ойн салбарын ойжуулагчид гурав, дөрвөн үеэрээ төрөн гарсан түүхтэй юм билээ. Бага наснаасаа байгаль дэлхий, газар шороотойгоор ойр өссөн хүүхдүүд хамгийн өгөөмөр нандин сэтгэлтэй, тусч хөдөлмөрч, бэрхшээлийг сөрөн зогсож чаддаг, тууштай хүн болж төлөвшдөг гэж гавьяат маань хуучиллаа.

Тужийн нарсан ойн өсөлт эрчимжихэд О.Алтанцэцэг гавьяатын нөлөө их
Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн газарт 30 аад жил ажиллахдаа Тужийн нарсанд 10 мянган га талбайд 28 мянган нарс тарьжээ. Энэ талбайн 60 хувийг мод бэлтгэлийн аж ахуй буюу “Бугант групп” тарьсан гэв. “Бугант групп”-д Гандөш захиралтай “Сэлэнгэ бугант”, Буянтогтох захиралтай “Буян-од”,Шаравжамц захиралтай “Бугант-гол ”, Батсайхан захиралтай ”СОСНА”, түүний байгуулсан “Бугант-номин” дөрвөн компани нийлж энэ их модыг тарьж ойжуулжээ. Үүгээрээ ч тэрээр их бахархдаг юм билээ. Түүний энэ их зүтгэлийг төрөөс үнэлж 2014 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнажээ. 2015 оноос гавьяаныхаа амралтад гарсан ч тэрээр ойжуулах ажлаа хийсээр. Зах зээлд шилжсэнээр мод бэлтгэлийн аж ахуй, үйлдвэрлэгчдэд ихэнх нь мод үржүүлгийн газартай болж тэдэнд зөвлөх инженерүүд их хэрэгтэй байжээ. Түүнээс хойш тэрээр зөвлөхийн ажлыг хийж залуучуудад мод тарих арга ухааныг зөвлөсөөр л байна. 2012 онд “Бугант-номин” компаниа үүсгэн байгуулж Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх зорилгоор олон зуун мянган мод тарьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг сая мод тарих гэрээ хийжээ. Энэ гэрээний гүйцэтгэгчээр эдний дөрвөн компани Тэрбум мод сангийн санхүүжилтээр тус бүр 250 мянган мод тариад байгаа юм. Тэрээр өөрийн бага дүүгийнхээ хүү Ганхуягтаа өөрийн үүсгэн байгуулсан “Бугант номин” компаниа өвлүүлэн өгчээ. Эднийх Сэлэнгийн Алтанбулагийн Шинэст чулуу хэмээх газар 250 мянган мод тарьжээ. Сүүлийн үед эдний компани гэр бүлээрээ мод тарих их үйлсэд бүгд нэгдсэн аж. Өөрийн дөрвөн хүүхэд, ач, зээ, хүргэн, бэр ах дүүсээрээ хамтарч ойжуулах ажлыг хийцгээж байгаа гэсэн юм. Түүнчлэн орон нутгийн ажилгүй олон залуучуудыг компанидаа татан оролцуулжээ. 2024 онд ойн байгууллагын 100 жилийн ой болсон. Энэ хугацаанд Тужийн нарсан ойн өсөлт гурав удаа уналт өгч гурван удаа сэргэсэн түүхтэй. Хамгийн сүүлийнх нь 2022 оноос Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш огцом өсөлтийг өгсөн. Мод тарихдаа эхлээд ямар газар, ямар мод тарихаа зөв сонгох хэрэгтэй. Мөн модоо тарихаас өмнө яаж тарих арга, технологио сайн мөрдөх хэрэгтэй. Дараа нь арчилгаагаа зөв хийж хугацаагаа сайн барих хэрэгтэй. Хаврын тарилт дөрөвдүгээр сарын 20-ноос зургаадугаар сарын 5-ны дотор, намрынх есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20 хүртэл хугацаанд байдаг. Говьд ургадаг модыг хангайд тарьж болохгүй. Хангайд ургах модыг говьд тарьж болохгүй. Энэ нь ямар газар ямар модыг тарих вэ гэдэг хамгийн чухал байх нь. Модны сонголтыг зөв хийж, зөв арчилж, хугацаагаа барих нь л чухал юм гэж тэрээр зөвлөж байв. Хамгийн сүүлд буюу 2023 онд Тэрбум мод сангийн санхүүжилтээр бусад дөрвөн компанийн хамт тарьсан сая модоо 2026 онд хүлээлгэн өгнө. Гурван жилийн хугацаанд ургуулж арчилж,нас бие гүйцсэн мод болгон хүлээлгэн өгч сая нэг санаа амарна даа гэснээр бид яриагаа түр засварласан юм.
Ойжуулагч, хоккейчин хоёр анх 1969 онд танилцжээ
Байгаль орчны гавьяат ажилтан, ойн инженер О.Алтанцэцэг 1951 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Увс аймгийн уугуул Б.Отгоны долоон хүүхдийн нэг болж төрсөн. Тэрээр таван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй айлын том охины удаах охин. Түүний аав Сагил сумын уугуул 15 хүүхэдтэй айлын 14 дэх хүүхэд нь аж. Малын их эмч мэргэжилтэй. Түүний ээж Д.Даариймаа бага ангийн багш мэргэжилтэй. Бусдыг соён гэгээрүүлэх, эрдэм нoм түгээн дэлгэрүүлэх их үйлийн гараагаа Улаанбаатар хотын Багшийн их сургуулийг 1946 онд төгссөн цагаас эхлүүлж, олон зуун шавь нараа эрдмийн, амьдралын их аянд амжилттай хөтлөн оруулсан ачтан. Найман хүүхэд төрүүлж өсгөн, олон сайхан ач, гуч, зээ нартаа эрхэм сургаал, элбэрэл хайраа түгээн, буянтай өндөр 95 насыг насалсан буянтан. Аав нь эрт бурхан болсон учир ээж нь долоон хүүхдээ өсгөн хүмүүжүүлжээ.
О.Алтанцэцэг 1970-1975 онд аймгийнхаа Ус цаг уурын станцад цаг уурын ажиглагч, 1975-1980 онд ХААДС-ийг ойн аж ахуйн инженерээр төгссөн. Ерөө мод бэлтгэлийн аж ахуйд 45 жил, цаг уурчаар таван жил ажилласан гэвэл улсад 50 жил ажиллаж байгаа ойжуулагч. Түүний ханийг О.Хишигбуян гэдэг. Биеийн тамирын багш, хоккейн спортын мастер хүн. Сэлэнгэ аймагт хоккейн спортыг хөгжүүлсэн 80 хүрч буй буурал ажээ. Баянгол, Бугантын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар 40 жил, захирлаар дөрвөн жил ажилласан эрхэм. Сэлэнгэ аймагт өсвөрийн хоккейчид бэлтгэж улсын дөрвөн удаагийн аварга бага болгож байсан туршлагатай нэгэн. Эднийх хоёр хүү, хоёр охинтой. Том, бага, хүү, бага охин, хүргэн гээд бүгд компанидаа модоо тарьдаг. Том хүү Х.Цог, гэр бүлийнх нь хүн Ц.Оюунчимэг нь уул уурхайн болон эрүүл мэндийн тэргүүний ажилтан аж. Харин том охин Х.Сувдмаа Дархан хотын Аудитын байгууллагад ахлах аудитаар, дунд охин, хүргэн нар хувиараа ойжуулалт, нөрөн сэргээх ажлаа эрхэлдэг. Бага хүү Х.Алтаншагай хувийн барилгын компаниа удирдаад явж байгаа аж. Хүргэн хүү Д.Ганхуяг ээж хоёр ийнхүү мод үржүүлгийн талбайдаа 10-24 ойжуулагч нарынхаа хамтаар 100 гаруй сая нарсны тарьц ургуулж 11 мянга 622 га талбайд 28 сая орчим мод тарьж ойжуулалт хийж нөхөн сэргээлтэд суулгасан. Үүнийхээ 6300 га талбайг Улсын ойн санд хүлээлгэн өгчээ. Тэрээр хавар, намрын ойжуулалтын ажил хамгийн дурсамжтай мөчүүд байдаг гэлээ.
Таван компанийн 100 гаруй ажиллагсадтай мод тарилтад явж байхад уйлах, баярлах, шантрах үе бишгүй л байдаг. Зарим нь зөв тариад явж байтал араас нь буруу, дутуу тариад явах нэгэн байхад 4-5 аар нь илүү тариад явах ч байдаг. Гэхдээ бүгд сэтгэл гаргаж ажилладаг байсан. Үүнийхээ хүчээр тэд Тужийн нарсыг ойжуулж чадсан гэдэг. Бугантынхан тэр чигтээ л Тужийн нарс руу явцгаадаг байсан гэдэг. Үүгээр тэд ирээдүйдээ хүчилтөрөгчийн хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн баатрууд гэж нэрлэмээр санагдсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурдаг үйлдвэрлэлийн дадлага хийж байсан олон шавь нар нь өнөөдөр аймаг бүрд мод үржүүлгийн газартай болж Монгол орноо ойжуулах их ажилд түүчээлж байгаа нь бахархмаар. Тарьц суулгац, ойжуулалтаар тэргүүлэгч “Бугант нандин” компанид 2023 оноос зөвлөж ажиллахдаа 1000 кг үр тарьж нэг сая мөчир тарьжээ. Одоо ч инженерээр нь унтах, амрах завгүй ажилласаар.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.