Базарбямбын НЯМСҮРЭН

 

Монгол Улсын иргэний агаарын тээврийн ууган компани МИАТ-ийн түүхт 70 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхэн ойн босгон дээр тус хамт олон салбартаа манлайлсан гавьяатуудаа угтан авсны нэг нь манай өнөөдрийн зочин Д.Энхцэцэг юм. Агаарын хөлгийн үйлчлэгчээр суралцах анхны 10 монгол оюутнаас анхны гавьяат нь болсон түүний сонирхолтой амьдралын түүхээр хамтдаа аялцгаая.

 

Аавынхаа сурсан хотод мэргэжил эзэмшсэн нь

Долгорсүрэнгийн Энхцэцэг - Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч

Нийтлэлийн маань баатар Д.Энхцэцэг хотын унаган охин. 1966 оны гал морин жилд Ж.Долгорсүрэнгийнх гэх айлын хоёр дахь охин болон Улаанбаатар хотод төржээ. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Тэр үеийн жишгээр Баянгол зочид буудлаас Цирк хүртэлх байрнууд дунд хүүхэд нас нь өнгөрчээ. Үеийнхнийхээ адилаар 1-10 дугаар ангиа 45 дугаар сургуульд сурч төгсөөд конкурс өгч, хуваарийн дагуу Ленинградын Нисэхийн дунд сургуульд элсэхээр болжээ. Аав Ж.Долгорсүрэн нь Улаанбаатар хотын Авто засварын заводын анхны механикчдын нэг болохоор ч тэр үү эмэгтэй хүүхэд төдийлөн сонирхохгүй нисэхийн сургууль сонгохдоо тэгтлээ эргэлзээгүй гэнэ.

Харин ээж А.Жавзан нь гарын уртай гэж жигтэйхэн, хувцас засварын мэргэжилтэй. Тиймээс ч хүүхэд байхдаа ээжийнхээ оёсон хувцсыг их өмсдөг учраас заримдаа дэлгүүрийн хувцас өмсөхсөн гэж мөрөөддөг байлаа хэмээн хүүхэд насаа дурсав.

Гэхдээ багаасаа аавынхаа механикчийн ажлаас техникийн дөр олж, ээжийнхээ нямбай чанарыг харж өссөн болоод ч тэр үү анхны мэдэгдэхүүн ч үгүй мөртлөө нисэхийн сургуулийн хуваарийг зоригтойгоор сонгожээ. Тухайн үед Монгол агаарын тээврийн үйлчлэгч буюу өнөөгийн нэршлээр бүхээгийн ажилтан бэлтгэх анхны мэргэжилтнүүдээ бэлтгэхээр Орос руу илгээж байсан үе таарч шалгалт өгч тэнцсэн арван охины нэг болон 1983 онд Ленинградыг зорьжээ.

Курсант Д.Энхцэцэг.

Ленинград түүнд танил хот байлаа. Аав нь хоёр жил сураад авто механикчаар төгссөн болохоор гэрт нь энэ хоттой холбоотой дурсамж, гэрэл зураг олон бий. Тиймээс ч хэзээний танил дотно мэт санагдах болсон Лениградад дөрвөн жил сурч төгсөөд эх орондоо иржээ. Өөрчлөлт шинэчлэлтийн ид үе эхэлж байсан тэр үед анхны 10 шинэхэн мэргэжилтнүүдээ МИАТ алгаа тосон угтсанаар Буянт Ухаагийн дэнжтэй ажил, амьдралаа холбох түүх нь эхэлсэн байна.

“Бид нисэхийн салбарт шинээр нэвтэрч буй мэргэжлийн анхны үеийн төлөөлөл болж суралцсан. Сургалтын хөтөлбөр нь зөвхөн үйлчилгээний ажилтны мэдлэг олгохоос гадна нислэгийн аюулгүй ажиллагаа, онцгой нөхцөл байдлын үеийн ажиллагаа, агаарын хөлгийн бүтэц, зохион байгуулалт зэрэг өргөн хүрээний мэдлэг эзэмшүүлэхэд чиглэж байсан. Агаарын хөлгийн үйлчлэгч гэхээр охидууд онгоцны үйлчлэгч болно гэсэн дэвэргэн мөрөөдөлтэй байдаг ч тэр болгон ажлын ачаалал, онцгой нөхцөл байдлыг мэддэггүй байх. Нисэхийн салбар бол онцгой анхаарал аюулгүй байдлыг дээд зэргээр хангахыг шаарддаг хагас цэрэгжилттэй мэргэжил. Бүхээгийн ажилтнууд ч мөн адил тэгж л мөрддөг. Мэдээж албаны формоо өмсөөд онгоцоосоо буугаад явж байхад хүн болгон бахархан эргэж хардаг, сайхан мэдрэмж. Нөгөө талаар тэр сайхан харагддаг ажлын ард тэр болгон хүний нүдэнд харагддаггүй маш том хариуцлага бий.  Жишээ нь онгоц хөөрөх болгонд бид ослын бэлэн байдалд бэлтгэдэг. Тэр утгаараа сэтгэл зүйн хувь тэсвэр тэвчээр шаардана. Жишээ нь онгоцонд хүүхэд төрөх тохиолдол ч гарна, хүн өвдөх үе ч бий. Тэр болгонд онцгой зорчигчоо өөрт нь анзаарагдахгүйгээр байнга ажиглаж, илүү анхаарч явдаг. Нэг удаа манай нислэг Москвагаас дөнгөж хөөрөөд удаагүй байтал ахмад намайг дуудаад “Онгоцны аль нэг газраас хий алдаж байна. Бид удахгүй буцаад газардана. Зорчигдчид болон онгоцны багийнханд мэгэдэхгүйгээр бүх аюулгүйн ажиллагаагаа сайн шалгаад хамгийн сүүлд онгоцноос гараарай” гэж хэлсэн. Азаар бид амжилттай газардаад зорчигчид болон багийнхнаа буулгаад ахмадын хэлсэн ёсоор хамгийн сүүлд онгоцноос гарсан. Гарахад галын машин, түргэний машин хүлээж байсан. Гэхдээ дотроо айдастай байсан ч ахмадын даалгасан үүргийг амжилттай гүйцэтгээд гарч ирэхэд нулимс гарч байлаа” хэмээн нэгэн онцгой тохиолдлоо хуваалцсан юм.

 

Аюулгүй байдлын стандартын “автор”

Aerobus 310 нисэх онгоцны бүхээгийн ахлах ажилтан Д.Энхцэцэг.

Монголоос очсон 10 эмэгтэй оюутан зөвхөн агаарын хөлгийн үйлчлэгчээс гадна хос мэргэжилтэй төгссөн нь тэдний амьдралд том өөрчлөлт авчирсан байна. Д.Энхцэцэг зөвхөн агаарын хөлгийн үйлчлэгч төдийгүй нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн төдийгүй, дараа дараагийн хойч үеийнхнээ бэлтгэхэд ихээхэн үнэтэй хувь нэмэр оруулсан багш хүн.

Өөрөө ч сурахаас хэзээ ч хойш сууж байгаагүй нэгэн. ОХУ, БНХАУ, Шанхай гээд хөрш орнуудаасаа гадна Япон, Солонгос, АНУ гээд олон улсад суралцаж, мэргэжил дээшлүүлж, түүнийгээ зааж сургах үүргийг сүүлийн жилүүдэд илүү гүйцэтгэх болов.

Ялангуяа тэрээр хамгийн эрсдэлтэй салбар болох Нислэгийн аюулгүй ажиллагаа, бүхээгийн ажилтны сургалт, үйлчилгээний стандартын чиглэлээр олон сургалтын хөтөлбөр боловсруулж, шинэчилж, нутагшуулах ажлыг хамт олонтойгоо хийсээр ирсэн энэ салбарын том авторуудын нэг. Ялангуяа аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, бүхээгийн аюулгүй байдал, чанарын чиглэлээр мэргэшиж гадаадын авиа компаниудын сургалтын арга барил, олон улсын шаардлагыг Монголын нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэхэд голлон оролцож байв. Өмнө нь гадаадын байгууллагуудаар хийлгэдэг байсан зарим сургалт, дадлагыг дотооддоо зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн нь түүний бахархдаг ажлуудын нэг. Ингэснээр Монголын нисэхийн салбар олон улсын шаардлагад нийцсэн сургалтыг эх орондоо явуулах нөхцөл бүрдсэн юм. Тэдгээрээс товч дурдахад, бүхээгийн аюулгүй байдал, чанар, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагчаар 19 жил ажиллахдаа Монгол Улсын чанарын менежментийн MNS ISO9001 стандартыг хэрэгжүүлж, шаардлагатай дүрэм, журам, стандартыг ханган ажиллаж байгааг хөндлөнгийн бие даасан 190 аудит  шалгалтаар баталгаажуулжээ. Мөн 1150 стандартын үл тохирлыг засаж, залруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, аудитуудыг хэрэгжүүлэн ажиллажээ. Мөн олон мянган бүхээгийн үйлчилгээний ажилтнуудыг сургаж, Иргэний нисэхийн хүний нөөцийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний сургаж, бэлтгэсэн шавь нар нь “МИАТ” ТӨХК-иас гадна “ИЗНИС”, “ХҮННҮ ЭЙР”, “АЭРОМОНГОЛИА”, ЧИНГИС АЭРЛАЙНС  ЮНИТИ зэрэг болон олон улсад Ойрхи Дорнод, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээврийн компаниудад ажиллаж байна. “Шавь нараа амжилттай явааг харах нь миний хувьд хамгийн их баяр бахархал төрүүлдэг. Хүн ер нь амьдралынхаа туршид суралцдаг гэдэг. Би одоо ч шавь нартаа заахаас гадна өөрөө ч суралцсаар байдаг” хэмээн ярив.

 

Буянт Ухаагийн буянтай дэнж

Гэр бүлийн хамт Нью-Йорк хотод.

Нисэхийн салбар түүнд зөвхөн ажил мэргэжил төдийгүй амьдралын хань, гэр бүлийг нь бэлэглэсэн юм. Түүний хань Г.Жаргалсайхан Монгол Улсын Гавьяат нисгэгч. Тиймээс ч энэ гэр бүлийг хөх тэнгэрт дүүлэн нисэх хөлөггүй төлөөлөшгүй. Г.Жаргалсайханых гэдэг айл дөрвөн хүүтэй. Багаасаа аав, ээжийнхээ ажлыг харж, нисэхийн дэнж дээр өссөн учраас тэр үү хоёр том хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөж нисгэгч болжээ. Том хүү Ж.Мөнхжаргал нь гэр бүлийн хамт АНУ-д амьдарч буй. Харин Дунд хүү Ж.Тамир нь одоо ч нислэг үйлдэж, нисэхийн салбарт ажиллаж байна. Хүү Ж.Төрмөнх нь компьютерийн багш бол бага хүү Ж.Чинзориг англи хэл багшийн мэргэжил эзэмшжээ. 

Д.Энхцэцэг хүүхдүүдээ нисэхийн мэргэжил сонгоход бусад ээжүүдээс арай өөрөөр хүлээж авчээ. Учир нь энэ салбарын сайн сайхан төдийгүй ард нь байдаг өндөр хариуцлага, эрсдэл, ачааллыг ч сайн мэддэг учраас санаа зовнил ч их байсан гэх. Тийм болохоор хүүгээ нислэгт гарах бүрд ээж хүний хувьд сэтгэл түгших үе бий. Гэхдээ нисэхийн салбарт олон жил ажилласан хүний хувьд мэргэжилдээ үнэнч, чадварлаг нисгэгчдэд итгэдэг.

“Би үргэлж нэг зүйл хэлдэг. Манай Буянт-Ухаа бол буянтай дэнж. Монголын нисэхийн салбарын олон үеийн мэргэжилтэн эндээс төрж өссөн. МИАТ-ийн нисгэгчид зөөлөн буулттай гэж хүмүүс ярьдаг нь ч оргүй үг биш. Үүний цаана олон жилийн туршлага, хатуу бэлтгэл сургуулилт, үеэс үед өвлөгдөн ирсэн мэргэжлийн соёл уламжлал бий” хэмээн тэрээр салбарынхнаараа хамт олноороо бахархан ярина.

Ялангуяа нисэхийн салбарын хамгийн сайхан уламжлалын нэг нь ахмад үеийнхэн мэдлэг, туршлагаа харамгүй өвлүүлдэгт оршдог. Өнөөдрийн чадварлаг нисгэгчид, бүхээгийн ажилтнуудын ард өмнөх үеийн олон арван мэргэжилтний хөдөлмөр, сургамж, зөвлөгөө байдаг. Энэ бол нисэхийн салбарын үнэ цэнэ, бас хүч нь юм хэмээн яриагаа өндөрлөсөн. Түүний амнаас манай Буянт-Ухаагийн дэнж их буянтай газар даа гэж хөгшчүүл хэлдэг байсан. Үнэхээр үнэн шүү” хэмээн олонтаа гарч байсан нь мэргэжлээрээ, хамт олноороо бахархсан бахархлын зэрэгцээ ажил амьдралын олон жилээ өнгөрүүлсэн газар орноо бишрэн хүндэлсэн хүндэтгэл дүүрэн үгс байлаа

НАСА-д том хүүгийн гэр бүлтэй хамт.
Японд нөхрийн хамт. 2012.02.26

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn