Т.Сумъяадаш

Хүн амьдралынхаа туршид дунджаар 250 сая орчим удаа амьсгалдаг гэнэ. Бидний үнэгүй авч, хэрэгцээгүй гээд гаргадаг тэрхүү нүүрстөрөгчийн давхар исэл  дэлхийн хамгийн үнэтэй эрдэнийн чулуу болох алмааз болон хувирч, улмаар хайлж буй Гренландын мөсөн голыг нөхөх тусгаарлагч болно гэвэл та үнэмших үү.

Тэгвэл энэ үлгэр мэт түүхийг нэрт уран бүтээлч Жулиан Шарриер болон эрдэмтэд хамтран бодит ажил хэрэг болгожээ. Тэд 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Австралийн алдарт "Mona" урлагийн музейд "Hard Core" хэмээх дэлхийг шуугиулж буй шинэ бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна.

Уран бүтээлч Жулиан Шарриер уг төслийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1000 орчим сайн дурын хүмүүсийн  уушгины амьсгалыг тусгай бортогонд цуглуулжээ. Тэдний гаргасан амьсгалын хийг "Sky Mining" буюу тэнгэрээс олборлох дэвшилтэт технологийн тусламжтайгаар эхлээд метан хий, дараа нь нарны эрчим хүчээр ажилладаг аварга реакторт оруулж, молекулын түвшинд нь задалсан байна. Үр дүнд нь байгаль дэлхийд ямар ч хор хохирол учруулаагүй, хүний амьсгалаас бүтсэн, байгалийн алмаазтай 100 хувь ижил бүтэцтэй, тунгалаг цэвэр алмаазууд гарган авчээ. Энэхүү ховор нандин алмаазууд ямар нэгэн баяны хүзүүг чимэхгүй, эсвэл хатан хааны титэмд заларсангүй. Уран бүтээлч Шарриер эдгээр хүний амьсгалаар бүтсэн алмаазуудыг Гренландын мөсөн бүрхүүл рүү авч яван, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж буй мөсөн голын гүн рүү уусгаж, байгальд нь буцаан шингээжээ. Энэ нь хүн төрөлхтөн бид байгаль дэлхийгээс ангид тусдаа биш, харин бидний амьсгал бүр энэ дэлхийн экосистемийн эргэлтэд нөлөөлж байдаг салшгүй нэг хэсэг гэдгийг уран сайхны аргаар харуулж байна.Үзэсгэлэн 2027 оны гуравдугаар сарын 29-нийг хүртэл бүтэн есөн сарын турш үргэлжлэх аж.

Эх сурвалж:www.zms.mn