Б.НЯМСҮРЭН

Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн 79 кг-ын тамирчин  Э.Бямбадоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн. Бэртлийн дараа дэвжээндээ ирэх мэдрэмж ямар байв?

-Би бэртэл аваад  2023 онд тэмцээнд оролцолгүй өнжсөн. Хэсэг хугацаанд завсарлаад дэвжээндээ ирэхэд багахан сандрал төрдөг юм байна. Дэвжээндээ эргэж ирэхдээ түрүүлэх зорилготой УАШТ-ийг зорьсон. Аваргын төлөө чөлөөт бөхийн 79 кг-ын тамирчин н.Дөлгөөнтэй учраа таарсан. Бид өмнө нь есөн удаа таарч барилдаж байсан учраас тэр сэтгэл зүйгээрээ барилдсан гэж хэлж болно. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

-Бэртэл авсан тэр үед юу бодогдож  байв. Мэдээж зорилго нь томорсон байх?

-Би бэртэл авахаас өмнө 74 кг-ын жинд барилддаг байлаа. Тухайн жинд хүчтэй өрсөлдөгчид гэвэл Сумьяабазар, О.Сүлдхүү нар байсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ахилын шөрмөс тасарсан учраас улсын аваргадаа орж чадалгүй өнжсөн. Тэр үед их харамссан, хүнд үеийг туулсан. Бэртэлтэй байхдаа эргээд заавал тэмцээнд орж,  улсын аварга цаашлаад Ази, дэлхийгээс  медаль авна гэж бодсон доо.  

-Та багаасаа барилдах дуртай хүүхэд байв уу. Бөхийн спорттой амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд чөлөөт бөхөөр 2012 оноос хичээллэсэн. Бага байхдаа барилдах сонирхолгүй, хурдан морь унадаг хүүхэд байсан. Ах нар бид нарыг хооронд нь их барилдуулна. Би барилдаад байнга унана. Тавдугаар ангид ороод бөхийн дугуйланд хамрагдаад бүгдийг нь давдаг болсон доо. Одоогийн улсын начин Э.Батмагнай, чөлөөт бөхийн тамирчин Б.Ууганбаяр гэж хоёр найзтайгаа С.Мөнхдуулдах багшийнхаа чөлөөт бөхийн дугуйланд элсэж Баянхонгор аймгийн төвд байрлах ягаан зааланд бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үеэс хойш тасралтгүй бэлтгэл хийж, барилдаж байна. Энэ хугацаанд олон найзтай болж, сайхан нөхөрлөлийг бүтээж чадсан. Э.Батмагнай, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Б.Ууганбаяр, Э.Гонгор гээд олон найз бий.

 Миний хувьд өнгөрсөн хугацаанд гаргасан томоохон амжилтууд гэвэл өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мөн өсвөрийн ДАШТ-д тавдугаар байр эзэлж байлаа. Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авсан.

-Нэг үеийн залуус хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцоод явахад бие биеэсээ суралцаад илүү хөгждөг байх даа?

-Анх бэлтгэлд ороход хамгийн бага нь байлаа. Тэмцээнд явахдаа ах, эгч нарынхаа өвөр дээр суугаад л явна. Нэг тэмцээнд 20 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй явдаг байсан. Одоо бэлтгэлийнхээ хамгийн том ах нь болсон байна. Ирээдүйд том тамирчид болоосой гээд алдаа оноог нь дэнслээд, мэддэг чаддаг зүйлээ нэгэндээ заагаад явдаг. Бид спортоос илүү амьдрал дээр  дотно байхыг хичээдэг. Найзуудад минь суралцах олон сайхан чанар бий. Хамт бэлтгэл хийж байгаа найзуудаас  амжилт гаргаад ирэхээр боломж байгаа юм байна гэдгийг ихээр мэдэрдэг. Тэд амжилт гаргахаар урамтай шүү.

-Чөлөөт бөхөөр хичээллээд анх ямар тэмцээнээс медаль авч байв?

-Анх 32 кг-д барилдаж байсан. Бэлтгэл хийж эхлээд долоо хоноод Өвөрхангай аймагт болсон тэмцээнд оролцож байсан. Тухайн үед хоёр кг хасахаа мэдэхгүй алим идээд жиндээ орж чадаагүй. Анхны тэмцээн байсан тул юу ч мэдэхгүй хожигдсон. Түүнээс сарын дараа Улаанбаатарт “Тэмүүлэл” гээд тэмцээн болоход Баянхонгороос ирж оролцоод гурав хожиж,  хоёр хожигдсон. Тэр үед хожлын амтанд орж эхэлсэн дээ. Сарын дараа Улаанбаатарт Энхээ багшийн “Ирээдүй”  тэмцээнд  оролцохдоо дөрөв хожиж мөнгөн медаль хүртсэн. Анхны медалиа аваад баярлахдаа уйлж билээ.

-Тэгвэл урам, ухаарал өгсөн барилдаан гэвэл?

-Эрдэнэт хотод болсон насанд хүрэгчдийн УАШТ.  Би анх удаа насанд хүрэгчдийн улсын аваргад орж байсан үе л дээ. Тухайн тэмцээнээс медаль авч чадаагүй. Нэмэхбаяр  ахтай барилдаад оноо тэнцсэн, би уг нь ялсан юм байна лээ. Өөрийгөө ялагдсан гэж бодоод багш тэр үед оноо байхгүй гээд чэлленж шидэхэд нь багшийнхаа үгэнд ороогүй. Тэр үед их зэмлүүлж, ихийг  ойлгосон.

-Та спортын замналыг сонгосноор ямар төлөвшил олж авсан гэж боддог вэ?

-Багаасаа багшийгаа дагаад тэмцээнд оролцсон. Багш маань бид нарт хэлдэг  “Хүн хамгийн гол нь хүн байх хэрэгтэй. Тамирчин болохоосоо өмнө сайн хүн болох ёстой. Хүн болгон барилдах албагүй сайн л хүн болох чухал” гэдэг. Тиймээс багшийнхаа хэлснийг үргэлж санаж явдаг даа.

-Чөлөөтөөс гадна үндэсний бөхөөр барилддаг. Сумын заан цолтой байх аа?

Үндэсний бөхөөр барилдаад таван жил болж байна. 2019 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын наадамд сумын начин цол хүртсэн. Ингээд 2020 онд төрсөн нутагтаа буюу Баянхонгор аймгийн Жинст сумын наадамд түрүүлж сумын заан цолтой болсон. Энэ жил Баянхонгор аймгийнхаа цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Цаашдаа чөлөөт, үндэсний бөхөө хослуулах бодолтой байна.

-Цагаан сарын барилдаанд түрүүлсэн гэлээ. Тэр барилдаанд  аймгийн цолтой туршлагатай бөхчүүдтэй таарч давахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-2024 он гараад миний хувьд маш амжилт бүтээл дүүрэн байлаа. Бэлтгэл ч жигдэрлээ. Цагаан сарын барилдаанд аймгийн цолтой бөх олон байсан. Бэртэлтэй байсан учраас айх сандрах мэдрэмж байлгүй яахав. Дэвжээн дээр гараагүй байхад олон зүйл боддог ч дэвжээн дээр гараад анхаарлаа төвлөрүүлээд бүх зүйлийг мартаад зөвхөн барилдаандаа л анхаардаг.

-Тамирчин хүний хувьд ялж ялагдах болон бусад үед  шантрах үе гардаг байх. Тэр үед хэрхэн сэтгэл зүйгээ хэрхэн хурцалдаг вэ?

-Бэртлээс болж нэг хэсэг их шантарсан. Хүнд бэртсэн болохоор эргээд барилдаж чадах болов уу гэж их бодсон. Эргэж барилдаад амжилт гаргаад ирэхээр ирээдүй байгаа  гэдгийг  олж харсан.

-Тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Анх барилдахдаа их сандардаг байсан. Одоо бол юу ч бодолгүйгээр, бэлтгэл, барилдаандаа анхаардаг.  Өрсөлдөгчөө өмнө нь хэдэн удаа давсан байлаа ч анхаарлаа төвлөрүүлж, нягт барилддаг. Хэт их анхаарлаа төвлөрүүлэх нь барилдаан гаргахгүй байх талтай.

-Ямар тамирчнаас үлгэр дуурайлал авч, суралцдаг вэ?

-Бусад орны бөхчүүдийн барилдааныг  үзэж, суралцдаг. Тухайлбал, Орос, Ираны бөхчүүд. Үлгэр дуурайлал авдаг гэвэл улсынхаа том цолтой бөхчүүд болон эргэн тойрныхоо хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг даа. Тэр дундаа Э.Гонгор найзаасаа. Эр хүн шиг, шулуун шударга, түшигтэй зан чанараас нь суралцдаг.

-Чөлөөт, жүдо бөхийн тамирчдыг харахаар их барилдааны судалгаа их хийдэг юм билээ. Судалгаа хэр их хийж байна?

-Бэлтгэлээс бусад цагаар ихэвчлэн өөрт хэрэгтэй бичлэг их үздэг. Том тамирчдын хийж байгаа мэх зэргийг хараад туршиж үзэх жишээтэй. Надад энэ мэх болохоор байна уу, үгүй юу гээд бодно. Болохыг нь аваад болохгүйг нь хаяна.

-Цаашдын хамгийн том зорилго нь юу вэ?

-Чөлөөтөөр хичээллэсэн 12 жилийн хугацаа надад сургамж, туршлага өгсөн. Цаашид илүү хичээнэ. 2028 он хүртэл энэ жиндээ тууштай барилдаж дэлхийн медальтан болох зорилго тавьсан. Олимпод амжилт гаргах нь тамирчин бүрийн мөрөөдөл. Олимпод оролцож медаль хүртэх л хамгийн сайхан.

Эх сурвалж: www.zms.mn