Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа Төв аймгийн Бүрэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, аймгийн начин Гантулгын Алтанбаганыг урьж, ярилцлаа. Тэрээр үндэсний бөхөөс гадна олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, жүдо бөхийн спортод зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчин юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ойд зориулсан суралцагч, төгсөгчид оролцсон хүчит 64 бөхийн барилдааны үзүүр бөхөөр тодорсон. Улсын начин Х.Цогтгэрэлтэй үзүүр, түрүүнд үлдсэн. Та хоёр өмнө таарч барилдаж байв уу. Энэ барилдааных нь талаар ярилцлагаа эхлүүлье?
-Юуны өмнө МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн түүхийг бүтээлцсэн бүх хүмүүстээ ойн баярын мэнд хүргэе. Би МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг 2016 онд төгссөн. Сургуулийнхаа 60 жилийн ойгоор тугаа мандуулж байсан бол 70 жилийн ойд зориулсан 64 бөхийн төгсөгчдийн барилдаанд зодоглох аз таарлаа. Сайхан барилдаж зургаа даван үзүүрлэлээ. Улсын начин Х.Цогтгэрэлтэй үндэсний бөхийн тухайд анх удаа учраа таарч барилдсан. Бид хоёр хоёулаа жүдогийн тамирчид. Тийм болохоор жүдогийн хувьд бол бие биенийхээ барилдааныг мэднэ.
-Нэлээд хожуу үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн байдаг. Анх хэрхэн үндэсний бөхийн спорттой холбогдов?
-2014-2015 оноос хойш үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Хийморио сэргээхээр улсын наадамдаа бүртгүүлж барилддаг юм. Түүнээс биш тууштай бэлтгэлээ хийж чадаагүй ээ. Үндэсний бөх, жүдо хоёроо хослуулаад явж байна даа.
2014 онд улсын их баяр наадамдаа анх удаа барилдаж хоёрын даваанд намайг Сүхбат аварга амлан барилдаж байсан. Аварга багштайгаа хоёр ч удаа барилдсан. Том цолтой бөхчүүдтэй барилдахад хийморь сэргээд сайхан байдаг. Улсынхаа наадамд барилдахад сүрдмээр, бахархмаар мэдрэмж төрдөг. Сэтгэл санаа сэргээд л сайхан болдог доо. Том цолтой бөхчүүдээ хараад хажууд нь барилдаад зогсох сайхан.
Миний үндэсний бөхийн багш бол Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, улсын харцага Э.Ууганбаяр ах.
-2023 онд Төв аймгийн наадамдаа тав давж аймгийн начин цол хүртсэн. Нутгийнхаа дэвжээнд аймгийн цол хүртэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Өвөөгийнхөө нутагт цол нэмсэндээ бэлгэшээж явдаг. Төв аймгийнхаа баяр наадамд барилдаж тавын даваанд улсын заан Д.Амгаланбаатар ах амлан авч барилдсан. Д.Амгаланбаатар ах барилдааны дараа “Миний дүү сайн барилдаарай. Сайн бөх болоорой” гэж хэлж байсан.
Тав давж аймгийн цолтнуудын эгнээнд багтахдаа маш их баярласан. Дараагийн барилдаанд нутаг ус, өвөөгийнхөө алдрыг шинэ цолтойгоо хамт дуудуулаад гарах мэдрэмж сайхан байсан.
-Бөхчүүд сүсэг бишрэлтэй байдаг юм шиг санагддаг. Барилдахаар гэрээс гарахдаа нутгийн уул ус, аав ээж, бурхан шүтээндээ залбирдаг гэдэг. Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Барилдаантай өглөө арцаа уугиулж, бурхан шүтээндээ мөргөөд л гэрээсээ гардаг даа.Аль болох сайн сайхан зүйлийг боддог. Гэрийнхэн минь намайг сайн дэмжинэ. Аав минь бөх үзэх дуртай.
-Жүдо бөхийн техник барилдааны арга барил үндэсний бөхөөр барилдахад хэр нөлөөлдөг вэ?
-Би багаасаа л жүдо бөхөөр хичээллэсэн. Тийм болохоор үндэсний бөх барилдахад жүдогийн мэдрэмж нөлөөлдөг гэж боддог. Мэдээж жүдо, үндэсний бөх хоёр барьц ялгаатай.
-Багаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн гэлээ. Жүдогийн тамирчин болоход хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу байв?
- 2008 оноос хойш жүдо бөхөөр хичээллэж одоо хүртэл барилдаж байна. Багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Нэг удаа аавдаа “Би барилдаж үзмээр байна” гэж хэлэхэд аав маань “ Халиуны Болдбаатар гээд ах нь жүдогоор барилддаг” гэж хэлж байсан. Х.Болдбаатар ах ээжийн маань төрсөн дүү. Жүдо бөхийн анхны дасгалжуулагч, хоёр гавьяатын нэг.
Тэгээд л тэр үед аавдаа “Тэгвэл би жүдогийн тамирчин болно” гэж хэлж байсан. Одоо бол жүдо бөх миний амьдралаас ялгаж салгахын аргагүй том орон зай. Миний амьдралын 80 хувийг эзлэх, тийм л үнэ цэнтэй, зүрх сэтгэлээ зориулсан спорт минь. Жүдо бөхийн олон сайхан багштай.
Анх “Олимпын гараа” тэмцээнд оролцож хүрэл медаль авч байснаа мартдаггүй юм. Харин хамгийн анхны олон улсын тэмцээн гэвэл Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан өсвөрийн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медальтай ирж байлаа. Анхны олон улсын тэмцээнд амжилттай оролцож медалийн тавцанд зогсох мэдрэмж үнэхээр сайхан байсан.
Аав ээж минь цалингаасаа мөнгө хуримтлуулж байгаад намайг тэмцээнд явуулсан болохоор тэдний хүч хөдөлмөрийг хөсөрдүүлээгүйдээ маш их баярласан.
-Анхны оролцсон Азийн наадмаасаа мөнгөн медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ. 2018 оны Азийн наадамд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Азийн наадамд аваргын төлөө барилдаанд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Солонгосын бөхтэй таарч барилдсан. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг, улс бүрийн шилдэг тамирчид ирдэг том тэмцээнд дэд байрт шалгараад мөнгөн медалиа зүүгээд зогсох мөч бол сайхан байсан.
Би ер нь жин их хасаж барилддаг төрлийн хүн. 102 кг-аас 90 кг-д хүртэл хасдаг байсан. Жиндээ ороход ус гэдэг ямар үнэ цэнтэй юм бэ, ус ямар гоё амттай юм бэ гэдгийг мэдэрдэг дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-“One world” жүдо бөхийн клубээ нээгээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Олон бяцхан шавь нартай болсон. Шавь нарынхаа төлөө илүү их хичээж ажиллана даа. Мэдээж тамирчин бүрийн туйлын зорилго олимп, дэлхийн аварга болох байдаг. Гэхдээ клубээ нээсэн миний эхний зорилго бол хүүхдүүдэд спортоор дамжуулан зөв төлөвшил олгох. Харин дараагийн зорилго бол олимп, дэлхийн аварга төрүүлэхийг зорьж жүдо бөхийн клубээ нээсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 198 (7695)