Ч.Гантулга

 

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнц дэх хүчтэй өрсөлдөгч, гол тоглогч бол “Barcelona” клуб билээ. Харин “FC Barcelona”-ийн албан ёсны академи болох “Barca academy” нь дэлхийн 30 гаруй улсад төвтэй бөгөөд орон, орны хөлбөмбөгт дуртай, тамирчин болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд сургалт орж, хүсэл зорилгодоо хүрэх гүүр нь болсоор иржээ. Тэгвэл энэхүү “алтан” боломжийг “Дэрэн” клуб монгол хүүхдүүддээ олгож байна. Тодруулбал, маргааш тус академийн дөрвөн дасгалжуулагч, көүч нар Монгол улсад ирэх нь ээ. Тэд энэ сарын 10-14-ний өдрүүдэд зуны сургалт орох юм. Энэ удаагийн сургалтад 80 гаруй хүүхэд бүртгүүлснээс 72 нь сургалтад хамрагдахаар болсон байна. Эдгээр хүүхдүүдийн дунд зөвхөн “Дэрэн” клубийн тамирчдаас гадна орон нутгийн хүүхдүүд ч багтсан байна. Дэлхийн шилдэг академийг эх орондоо авчирснаар монгол хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж, дэлхийн түвшний тоглогч болох эхлэл, суурь тавигдахаас гадна цаашлаад Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэлхийд таниулах, монгол тамирчдыг сурталчлах, олон улсад гаргах гүүр болно гэдэгт сургалт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй буйгаа “Дэрэн” клубийн ерөнхийлөгч Г.Мөнхчулуун онцолж байв.

Тус академи нь хөлбөмбөгөөр дамжуулан сургах,  хүүхдүүдийг  тамирчин болон бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой, цогц сургалтыг санал болгодог ажээ. Barca Academy” нь жил бүр дэлхийн 40 гаруй орнуудаар явж, зуны сургалтыг зохион байгуулдаг бөгөөд “Дэрэн” клуб хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдөж, санал тавьсны эцэст ийнхүү маргааш манай улсад ирж, монгол хүүхдүүдтэй ажиллахаар болжээ. Barca Academy”-ийн салбар бүр нь “Barca”-ийн өвөрмөц загвартай арга зүйд тулгуурладаг бөгөөд идэвхтэй, хамтын, бүтээлч тоглолтын хэв маягтай, хүндэтгэл, даруу байдал, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, хүсэл тэмүүлэл зэрэг үнэт зүйлст тулгуурлан ажилладгаараа бусад академиас онцлог юм. Тус академийн хөлбөмбөгийн зуны сургалтыг мэргэжлийн өндөр түвшний сертификаттай дасгалжуулагчид (UEFA A болон UEFA PRO) удирдан явуулдаг. Тэд бүтэн жилийн турш “FC Barcelona”-ийн академид ажиллаж, залуу хөлбөмбөгийн тамирчдыг сургадаг ажээ. Монголд ирэх дасгалжуулагчдын багт Roger Serra Ortonobas. Тэрээр тус академийн хамгийн туршлагатай багш нарын нэг бөгөөд дэлхийн олон оронд очиж, ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэжээ. Үүнээс онцолбол Хятад, Япон, Исланд зэрэг багийн көүчээр ажиллаж байсан байна. Харин Cristian Alejandro Toncheff Ferberovich көүчийн хувьд ихэвчлэн иог, фитнесс зэрэг бие бялдрын хөгжлийн хичээлүүдийг түлхүү заадаг онцлогтой юм байна.

 

Эх сурвалж: zms.mn