Азийн наадам бол зөвхөн хэдэн өдрийн турш үргэлжлэх спортын өрсөлдөөн биш. Улс орны спортын өнөөгийн түвшин, өнгөрсөн үеийн амжилт, дараагийн үеийн хүлээлт нэг дор огтлолцдог тивийн хамгийн том тавцангийн нэг билээ. Тиймээс Азийн аварга болж буй Нагояа хотод ирсэн медаль бүр тухайн өдрийн амжилтаас давж, олон жилийн хөдөлмөр, тамирчны туулсан зам, тухайн спортын хөгжлийн түүхтэй хамт яригдана. Нэг хэсэгтээ Монголын спортын нэрийг өндөрт өргөж ирсэн аваргуудын өв уламжлал, нөгөө талд шинэ үеийн тамирчдын өөрсдийн замыг бий болгох хүсэл зэрэгцэн оршино. Хэсэг тамирчид өмнөх амжилтаа бататгахаар очсон бол зарим нь анх удаа тивийн том тайзан дээр өөрийгөө сорихоор иржээ. Бөхийн дэвжээнээс эхэлсэн Монголын амжилтыг жүдо, бокс, буудлага зэрэг спортын тамирчид үргэлжлүүлж, улмаар Монголын спортын хүрээ улам тэлсээр байна. Энэ бүхний цаана медалийн тооноос илүү том зүйл бий. Өөр цаг үед өөр тамирчид Монголын нэрийг тивийн тавцанд хэрхэн авч явсан тухай түүх юм. Нагояад энэ түүхийн дараагийн хэсэг бичигдэж эхлэхэд эхний хуудас аль хэдийн тодорхой дүр зурагтай болов. Дугуйн зам дээрх хэдхэн минутын өрсөлдөөнөөс эхэлсэн энэ аялал одоо олон спортын дэвжээ, талбай, замд үргэлжилнэ. Тэнд өмнөх үеийн амжилтыг үргэлжлүүлэх хүсэл, өөрийн нэрийг шинээр үлдээх боломж ч бий. Харин энэ удаагийн Монголын багийн медалийн аялал яг хаанаас эхэлж, ямар замаар үргэлжлэхийг харах нь Нагоягийн дараагийн өдрүүдийн хамгийн сонирхолтой хэсэг байх болно. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Спорт”-ын буландаа Монгол Улсын тамирчид маань Азийн аваргад хэрхэн оролцож буй талаар онцолж байна.

 

С.Жамбалжамц Монголын медалийн салхийг хагаллаа

Японы Айчи мужид эхэлсэн Азийн XX наадмын Монголын багийн медалийн буухиа дугуйн замаас эхэллээ. Наадмын эхний өдөр ОУХМ С.Жамбалжамц эрэгтэйчүүдийн засмал замын ганцаарчилсан цуваа уралдаанд хүрэл медаль хүртэж, Монголын багийн энэ удаагийн наадмын анхны медалийг эх орондоо авчирлаа. 18 улсын тамирчид өрсөлдсөн тус төрөлд С.Жамбалжамц 42 минут 58.06 секундын амжилтаар гуравдугаар байрт шалгарсан юм. Түүний өмнө Казахстаны Алексей Луценко алтан медаль, Японы Имамүра Шүнсүкэ мөнгөн медаль хүртэв. Ялангуяа мөнгө, хүрлийн төлөөх өрсөлдөөн маш ойрхон өрнөсөн бөгөөд Монголын тамирчин Японы дугуйчнаас ердөө 0.02 секундын зөрүүтэй бариалсан билээ. Энэ нь С.Жамбалжамцын хувьд Азийн наадмаас хүртэж буй анхны медаль биш. Тэрээр дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд мөн эл спортоор хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Азийн наадмын хоёр дараалсан оролцооноосоо хоёр хүрэл медальтай болж байна. Харин энэ удаагийн хүрэл медалийн үнэ цэнэ зөвхөн С.Жамбалжамцын хувийн амжилтаар хэмжигдэхгүй. Монголын багийн хувьд энэ нь Нагоя 2026-ийн медалийн буухиаг эхлүүлсэн анхны амжилт юм. Өдгөө 30 настай дугуйчин Азийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэн Нагояаг зорьсон бөгөөд түүний өмнөх тивийн тэмцээнүүдийн амжилт ч энэ хүлээлтийг бий болгосон. Тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн туршлагатай. Ийнхүү Монголын төрийн далбаа Нагоягийн тэнгэрт анх удаа медалийн тавцанд мандлаа.

 

31 спортын төрөлд 298 тамирчин өрсөлдөнө

 

С.Жамбалжамцын хүрэл медаль Монголын багийн хувьд төгсгөлийн цэг биш, энэ удаагийн Азийн наадмын медалийн аяллын буухиа эхэлсэн юм. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улс 31 спортын төрөлд 298 тамирчин, 120 дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Харин нийт 45 орны тамирчид 43 спортын төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Наадмын эхний өдрүүдэд Монголын тамирчид дугуй, усанд сэлэлт, триатлон, буудлага зэрэг төрлүүдээр өрсөлдсөн. Дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа уралдаанд Г.Энхжин 40:11.18 амжилтаар есдүгээр байр эзэлсэн бол усан сэлэлтийн төрлүүдэд ч Монголын тамирчид эхний гараануудаа хийв. Эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд Б.Энхтамир 50.67 секундын амжилтаар 22 дугаар байрт орж, Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Түүний араас Э.Нинжин, Х.Цэлмэг, О.Жонон зэрэг тамирчид өөр өөрийн төрөлдөө амжилттай өрсөлдлөө. Харин триатлоны төрөлд Монголын тамирчдын хувьд энэ удаа замаа бүрэн дуусгах боломж олдсонгүй. Эмэгтэйчүүдийн төрөлд Г.Номуунаа, Ц.Аяс, эрэгтэйчүүдийн төрөлд Г.Амарсанаа нар эх орноо төлөөлөн өрсөлдсөн ч тэмцээнээ барианд хүрэлгүй өндөрлүүлсэн юм. Гэсэн хэдий ч энэ бол Монголын багийн Нагояад хийсэн эхний өдрүүдийн товч зураг. Харин Азийн наадмын хуваарь урагшлах тусам Монголын спортын үзэгчдийн анхаарал уламжлалт медалийн төрлүүд рүү чиглэнэ. Учир нь Монгол Улс Азийн наадмын түүхэнд бөх, жүдо зэрэг төрлүүдээр олон жилийн турш медалийн салхийг хагалж ирсэн түүхтэй.

 

1974 оноос Нагояа хүртэлх

 

С.Жамбалжамцын хүрэл медаль Монголын багийн энэ удаагийн наадмын эхний амжилт болсон ч Монголын Азийн наадмын түүх үүгээр эхэлж байгаа хэрэг биш. Монгол Улс 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд анх оролцсоноосоо хойш шар тивийн спортын хамгийн том тайзны нэгэнд өөрийн байр суурийг тогтвортой хадгалж ирсэн. Анхны оролцоогоо Монголын баг хоёр алт, таван мөнгө, нийт 15 медальтайгаар өндөрлүүлж байсан бол түүнээс хойшхи наадмуудад ч медалийн буухиа тасарсангүй. Он жил өнгөрөхийн хэрээр Монголын тамирчдын амжилтын гол түшиц нь бөхийн төрлүүд байсан ч буудлага, бокс, жүдо, хөнгөн атлетик, дугуй зэрэг олон спортод медаль хүртэх тамирчид төрөн гарсаар ирсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Азийн наадамд 27 алт, 53 мөнгө, 104 хүрэл, нийт 184 медаль хүртээд байна. Харин хамгийн сүүлд зохион байгуулагдсан Ханжоугийн Азийн наадамд Монголын баг 21 медаль хүртсэн нь энэ түүхийн сүүлийн хуудсыг амжилтаар зузаатгасан хэрэг байлаа. Энэ тоонуудын цаана Монголын спортын хэд хэдэн үеийн түүх бий. Нэг үеийн бөхчүүдийн амжилтыг дараагийн үеийн жүдо, буудлага, боксын тамирчид үргэлжлүүлж, сүүлийн жилүүдэд дугуй болон бусад спортын тамирчид ч Азийн наадмын медалийн тавцанд гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын медалийн түүх зөвхөн нэг спортын амжилтаар бус, үе үеийн тамирчдын хөдөлмөрөөр бүтсэн урт замнал юм. Тэр урт замналын дунд Азийн наадамд олон удаа оролцож, медалийн тавцанд давтан гарсан тамирчид цөөнгүй. Тэдний нэг нь гар бууны төрлөөр Монголын спортын түүхэнд өөрийн нэрийг үлдээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа билээ.

Түүний хувьд 1998 оны Бангкокийн наадмаас эхлэн 2014 оны Инчоны Азийн наадам хүртэлх таван удаагийн Азийн наадамд Монгол Улсаа төлөөлж, нийт 6 медаль буюу нэг мөнгө, иаван хүрэл хүртсэн түүхэн амжилттай. Ийнхүү тэр Азийн наадмын түүхэнд Монголын тамирчдаас хамгийн олон медаль хүртсэн тамирчдын нэг болж, нэг үеийн Монголын спортын бэлгэ тэмдэг болсон юм.

Гэхдээ Монголын Азийн наадмын түүхийг ганц тамирчны нэрээр хэмжих боломжгүй. Олон жилийн турш бөхийн дэвжээнээс медаль авчирсан аваргууд, жүдо болон буудлагын тамирчид, боксын рингэнд хүч үзсэн тамирчид, сүүлийн жилүүдэд шинэ төрлүүдээр хүч сорьж буй залуусын амжилт нийлж өнөөдрийн 184 медалийн түүхийг бүтээсэн. Харин Нагояад эхэлсэн шинэ хуудсанд С.Жамбалжамц хүрэл медалиар нэрээ түрүүлж бичүүллээ. Түүний араас Монголын спортын уламжлалт хүч болсон бөх, жүдо, бокс төдийгүй буудлага, хүндийн өргөлт гжх бусад төрлийн тамирчид медалийн төлөө өрсөлдөхөөр дэвжээнүүдээ зорьж байна.

 

Хүлээлт өндөртэй спортын төрлүүд

 

Монголын багийн хувьд Нагояагийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдөх боломжтой төрлүүд олон байна. Тэдгээрийн дотор Монголын спортын түүхэнд олон жил амжилт үзүүлсэн чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс зэрэг төрлүүд онцгой байр суурь эзэлж байгаа бол энэ удаа дугуйн спорт ч анхаарлын төвд орж ирлээ. Харин чөлөөт бөх Монголын Азийн наадмын медалийн түүхэнд хамгийн том байр суурь эзэлсэн төрлүүдийн нэг хэвээр. Монголын Азийн наадмын өмнөх түүхэн дэх 25 алтан медалийн 12-ыг нь чөлөөт бөхийн тамирчид хүртсэн талаар Олимпын зөвлөлийн мэдээлэлд дурдсан нь тод. Иймээс Нагояад ч бөхийн тэмцээн Монголын үзэгчдийн анхаарлын төвд байх нь гарцаагүй. Энэ жилийн Азийн наадмын бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдаж, эрэгтэй чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрлүүдээр медалийн төлөө өрсөлдөнө. Харин жүдо бөхийн хувьд Монголын багийн медалийн хүлээлт мөн өндөр. Нагояагийн жүдо бөхийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангилалд 203 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд үргэлжлэх товтой. Монголын жүдогийн өнөөгийн амжилтыг төлөөлөх тамирчдын нэг нь Л.Энхрийлэн. Тэрээр 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн -63 кг-д түрүүлж, мөн оны Доха болон Улаанбаатарын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн. Одоогийн байдлаар олон улсын чансаанд энэ жиндээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Нагояагийн Азийн наадамд оролцохоор болсон хүлээлт өндөртэй тамирчны нэг билээ.

Боксын хувьд Монголын тамирчид Азийн наадмын дэвжээнд уламжлалтай. Монголын боксчид өмнөх наадмуудад медалийн төлөө тогтмол өрсөлдөж ирсэн бөгөөд энэ удаа ч эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоглолт Монголын багийн анхаарах хэсгүүдийн нэг болох ёстой. Харин энэ удаагийн наадмын эхний медалийг авчирсан дугуйн спорт өмнөхөөсөө илүү анхаарал татав. С.Жамбалжамцын хүрэл медаль нь зөвхөн Монголын багийн медалийн салхийг хагалсан төдийгүй Монголын тамирчид уламжлалт медалийн төрлүүдээс гадна бусад спортод ч тивийн тавцанд өрсөлдөх боломжтойг харуулсан үр дүн юм. Ийнхүү Нагояад Монголын медалийн зам бөхийн дэвжээн дээрээс гадна жүдо, бокс, буудлага, дугуй болон бусад спортын талбайд үргэлжилж байна. Зарим тамирчдын тэмцээн хараахан эхлээгүй байгаа энэ үед Жамбалжамцын хүрэл медаль Монголын багийн эхний амжилтыг тэмдэглэсэн бол үлдсэн өдрүүдэд бусад спортын тамирчид өөр өөрийн замналаар медалийн төлөө өрсөлдөх учиртай.

Нагояагийн дэвжээн дээрх энэ өрсөлдөөн зөвхөн медалийн тоог нэмэх тухай биш. Өмнөх үеийн аваргуудын бий болгосон уламжлалыг шинэ үеийн тамирчид хэрхэн үргэлжлүүлж байгааг харуулах бас нэгэн шинэ хуудас юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn