П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Амжилт гэдэг хэн нэгэнд зүгээр л ирдэг бэлэг биш юм. Тэрхүү зүрхэнд ассан хүслийн очноос урган гарсан зорилгын төлөө өдөр бүр шантралгүй хөдөлмөрлөж, унахдаа босож, хөлс хүчээ зориулсан хүнд ирдэг шагнал билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Э.Мөнх-Оргилыг онцолж байна.

Хүүхдээ эрүүл саруул, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь хүн бүрийн хүсэл болов уу. Иймд Э.Мөнх-Оргилын ээж хүүгийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөжүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор сумандаа шинээр нээгдсэн жюү жицүгийн “Glory” академийг зорьж, Б.Цэнджав багшийн шавь болжээ.

Өрсөлдөхийн хэрээр хөгжинө гэх нь бий. Тиймдээ ч “Glory” академи шавь нарынхаа ур чадварыг хөгжүүлэхийн тулд тэмцээн уралдаан бүрд сойхыг зорьдог байна. Энэ жишгээр есдүгээр сарын 3-6-ны өдөр Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан SJJIF холбооны бүсний ангилалтай дэлхийн аваргад 17 тамирчин оролцсоны нэг нь Э.Мөнх-Оргил байв. Тэрээр одоо цагаан бүстэй бөгөөд энэ спортоор хичээл хоёр дахь намартайгаа золгож байна. Багш дасгалжуулагч, ах эгч, найз нөхдөөсөө суралцсаар яваа бяцхан тамирчин дэлхийн дэвжээн дээр ч дархан мэхээрээ уран барилдсан гэнэ. Түүний дархан мэх нь хөл авах, гарт өчих. 

Энэ тухайгаа тэрээр “Би цагаан бүсний 36 кг-ийн ангилалд барилдсан. Гитэй төрөлдөө хүрэл, Но-Ги төрөлдөө мөнгөн медаль хүртээд ирсэндээ баяртай байна. Багш нар болон гэр бүлийнхэндээ баярлалаа” гэсэн юм.

Дорноговь аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлж байсан бол энэ удаа мөн мөнгө, хүрэл гэсэн хос медальтайгаар анхны дэлхийн аваргынхаа салхийг хагаллаа. “Багш маань жюү жицүг хүний биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг давуу талтай гэж хэлсэн. Заримдаа бэлтгэл хиймээргүй санагддаг. Гэхдээ бэлтгэлээ үнэнч шударга, тууштай хийсэн сайн хүн амжилтад хүрдэг болохоор би шантарч болохгүй. Зааландаа ирээд дасгал хийгээд хөлсөө гаргахаар гоё байдаг. Ирээдүйд цэргийн хүн болно” гэх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн түүний ертөнцөөр хэсэг хугацаанд бид аялсан юм. Мөн цаашид дэлхийн аваргын олон дэвжээнд гарахыг хүсэж буйгаа илэрхийлсэн билээ.

Бяцхан тамирчин маань бас өрөвч зөөлөн сэтгэлтэй аж. Энэ удаагийн тэмцээнээр Япон улсын тамирчныг 14:0 харьцаатай ялахын өмнө “Энэ хүүхдэд хэдэн оноо өгчихдөг юм уу” гэж дотроо ихэд бодсон гэнэ. Гэхдээ “Эх орноо төлөөлөөд ирсэн тамирчин учир болохгүй шүү” гээд үргэлжлүүлсэн хэмээн хөгжилтэй дурсамжаа хуваалцсан юм.

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn