Энэ жилийн улсын их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, түмэн олноо цэнгэлийн манлайд хөтөлсөн “Хариад ярих сонин их” гэдэг шиг сайхан наадам болсон. Хүчит бөхчүүдийн дундаас Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Б.Сундуйжав онцгойрч, бөхийн таамгийг эвдсэн билээ.
19 настайдаа Завхан аймгийн наадамд барилдаж, аймгийн начин цол хүртсэн тэрээр энэ жил сум, аймгийн наадамд зодоглолгүй улсын наадамд ирж барилдан, 21 насандаа аймгийн начин цолоос шууд улсын заан цолны болзол хангасан ховор амжилтын эзэн болсон юм. Түүнээс өмнө даяар дурсагдах, далай даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1985 онд 21 насандаа улсын заан цол хүртэж байсан билээ.
Ийнхүү “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Трэнд зочин” буландаа үндэсний бөхийн замналд нэгэн түүхийг шинэ бичсэн, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан Б.Сундуйжавыг урьж, ярилцлаа. Тэрээр үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ СЭЗИС-д бизнесийн удирдлагаар суралцаж байна.
-Тамирчдын хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн бэлтгэлийн зааланд ярилцаж байгаадаа баяртай байна. Эндээс ирээдүйн улсын аварга, арслангууд, тив дэлхийд нэрээ дуурсгах тамирчид болон зөв хүмүүжилтэй, бие бялдартай олон хүн төлөвшиж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Зорилгынхоо төлөө өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийж болохоор сайхан байдаг. “Завхан Даян” дэвжээний ах нар, найз нөхөд, дүү нартайгаа байнга бэлтгэл хийж, хамаатан садан шиг дотно болсон доо. Манай “Завхан Даян” дэвжээнээс удахгүй төрийн наадмын түрүү бөх олон төрөх байх.
-Багадаа хэр спортлог хүүхэд байв. Үндэсний бөхөд хэзээнээс шимтэн оров?
-Арван жилд байхдаа волейбол тоглох дуртай байсан. Бөх болоогүй бол волейбол тоглоод явж байх ч магадгүй л байсан байх.
Үндэсний бөхийн хувьд 2019 онд Завхан аймагт “Даян дэвжээ”-ний нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон. Тэмцээний эхний байруудад амжилттай барилдсан хүүхдүүдийг сонгон шалгаруулж, Улаанбаатар хотод улсын гарди Б.Гончигдамба, Батбаяр багшийн удирдлага дор бэлтгэл хийлгэхээр авчирсан юм. Тэр үеэс багш нартайгаа танилцаж, бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн.
Ковидын үеэр хэсэг хугацаанд өнжөөд 2021 оны аравдугаар сараас Улаанбаатар хотод ирж, багш нартайгаа тогтмол бэлтгэл хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндэсний бөхөөр тууштай хичээллэж байна.
Би багадаа өвөөтэйгөө хамт Б.Гончигдамба багшийнхаа барилдааныг үздэг байлаа. Өвөө маань багшийн хийдэг байсан мэхүүдийг надад зааж өгдөг байсан. Хожим нь багшийнхаа шавь болсон нь бэлгэшээлтэй сайхан санагддаг.
Бөхийн ёс жаяг, жудгийн хувьд багшаасаа их зүйл суралцдаг. Мөн барилдааны мэх техник гээд миний барилдааны бүх зүйлийг багш маань бий болгосон. Мөн нутгийн аварга Г.Эрхэмбаяр ахаасаа үлгэр дуурайлал авдаг.
-Та удам дамжсан бөх. Удмынхаа бөхийн цагаан хийморийг үргэлжлүүлж яваа нь бахархалтай сайхан байдаг байх?
-Аавын талын өвөө маань сумандаа 13 түрүүлсэн, сумын заан цолтой байсан. Мөн ээжийн талын өвөө маань ч мөн сумын заан цолтой. Зуны амралтаараа өвөө, эмээ дээрээ очиход өвөө маань бөхийн тухай их ярьдаг байлаа. Тиймээс ч би ухаан орсон цагаасаа хойш бөх болох мөрөөдөлтэй байсан. Бөхийн спортод дуртай болох хүсэл мөрөөдөлд өвөө маань хөтөлсөн гэж боддог.
Өвөө минь намайг аймгийн начин цол хүртэхэд их л баярласан даа. “Миний хүү сайхан цол хүртлээ. Цолондоо дүүрэн барилдаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийгээрэй” гэж захиж байсан.
Аав маань ч гэсэн багаасаа өвөөг дагаж явсаар байгаад бөхөд их дуртай. Барилдахгүй ч гэсэн, бөхийн талаар сайн мэднэ.
Ээж маань ч бөхөд элэгтэй. Манайхан ер нь яалт ч үгүй бөхийн гэр бүл дээ. Аав ээж хоёр маань миний барилдааныг алгасахгүй үздэг. “Өөрийнхөөрөө сайхан барилдаарай. Олон сайхан аав, ээжийн хүүхдүүд барилдаж байгаа юм чинь давбал тэр биз, унавал тэр биз” гэж хэлдэг. Аав, ээж хоёр маань давах, унах дээр нэг их зүйл ярьдаггүй. Хүүгийнхээ барилдааныг үзээд сэтгэл өндөр суудаг даа.
-Аав ээж нь юуг илүү захиж, хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Би айлын том хүүхэд, нэг дүүтэй. Айлын ганц хүү гээд эрх өссөн. Харин 15, 16 наснаас эхлээд аав, ээж маань амьдралын утга учир, хүн хэрхэн зөв явах ёстойг аажим аажмаар ойлгуулж эхэлсэн.
-Хүний авьяас билгийг төрсөн нутгийнх нь уул, ус түшиж явдаг гэдэг. Хутагт хувилгаадын өлгий хэмээдэг, мөнх цаст оргилтой Отгонтэнгэр хайрхан дүнхийсэн Завхан аймгийн уугуул. Ийм сайхан нутагт төрж өссөндөө ихэд бэлгэшээдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Мөнх цаст, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан, түүний өвөр бэлд орших үзэсгэлэнт Бадархундага нуур, тэр дундаа Баянхайрхан сум, Цэцэн, Баян зэрэг том хайрхнуудын дунд төрж өсөж, өдий зэрэгтэй явж байгаадаа их баярлаж, талархаж явдаг. Төрж өссөн нутаг, усаараа их бахархдаг даа.
-Бөхчүүд сүсэг бишрэлтэй байдаг юм шиг санагддаг. Барилдахаар гэрээс гарахдаа нутгийн уул ус, аав, ээж, бурхан шүтээндээ залбирдаг гэдэг. Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
- Хүн тодорхой хэмжээнд сүсэг бишрэлтэй байх ёстой шүү дээ. Нутгийнхаа уул ус, хайрхнууддаа өөрийгөө даатгаж, залбирдаг аа.
-Цол хүртэнэ гэдэг залуу бөхөд хамгийн сайхан мөчүүдийн нэг. Аймгийн начин цол хүртсэн тэр мөчөө хуваалцахгүй юу?
-2023 онд Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн аймгийн цол олгох барилдаанд тав давж, 19 настайдаа аймгийн начин болсон. Нутгийнхаа түүхт ойгоор сайхан цол хүртсэндээ бэлгэшээж явдаг. Бэлтгэлээ сайн хийсэн байсан. Гэхдээ цол хүртэнэ гэсэн хүлээлт байгаагүй. Тэр үед багш маань хотод барилдаж байсан учраас даваа болгоныхоо өмнө багштайгаа утсаар ярьж байсан.
Тэр жил аав бид хоёр хамт наадамласан. Анхны цолдоо хүрээд, залаа, тэмдэгтэй болоход сэтгэл өндөр байсан даа.
-Анхны цолоо хүртсэний дараа өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Өвөөгийн маань захисан үг санаанд орж байсан. Сайхан цолтой боллоо, цолондоо дүүрэн байх ёстой гэж бодон түүнийхээ дагуу бэлтгэл сургуулилтаа тогтмол хийсээр ирсэн.
-Энэ жилийн улсын их баяр наадам таны хувьд хамгийн сайхан, мартагдашгүй цаг хугацаа байлаа. Бөхчүүд наадмын өглөө сайхан барилдаж, хүссэн цолдоо хүрэхийг бэлгэшээдэг шүү дээ. Та улсын наадамд барилдахдаа ямар зорилготой байв?
-Наадмын өмнө багштайгаа ярилцаж байгаад улсынхаа наадамд шууд барилдахаар шийдсэн. Бэлтгэлээ ч улсын наадамдаа зориулж хийсэн.
Наадмын өглөө сайхан барилдана гэсэн бодолтой, бие, сэтгэл зүйн хувьд сайн бэлтгэгдсэн байсан. Өөрийнхөө хэмжээнд тултал сайн барилдана гэж бодсон. Төрийнхөө их баяр наадамд анх удаа барилдаж байгаа болохоор улсын цол авна гэж бодоогүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд, чадах хүртлээ барилдана гэсэн бодолтой ирж барилдсан даа.
-Дөрвийн даваанд улсын аварга О.Хангайтай барилдсан нь наадмын онцлох барилдаануудын нэг болсон. Энэ барилдааныхаа тухай яривал?
-Аварга ах маань намайг дөрвийн даваанд амлаж авсан. Сайхан барилдаж түрүүлэхийг зорьж байгаа бөхийг давсан нь надад их урам зориг өгсөн. “Болох юм байна” гэсэн зориг орсон доо. О.Хангай аварга “Ахын дүү цолонд хүрээрэй” гэж ерөөл хайрласан. Аварга ахынхаа ерөөлөөр том цолонд хүрсэн дээ.
-Долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболд таныг амласан. 22 насандаа улсын наадамд түрүүлж байсан бөхтэй 21 настайдаа зааны даваанд таарсан нь сонирхолтой давхцал байсан?
-Арслан ахтай өмнө зааланд хоёр таарч барилдаад нэг давж, нэг унаж байсан. Гурав дахь учраа улсын наадмын долоогийн даваанд таарч, намайг амлаж авсан. Тэр үед өмнөх барилдаануудаасаа “Болох юм байна” гэсэн итгэл, зориг ч орсон байсан болохоор тэр сэтгэл зүйдээ хөтлөгдөж, сайхан барилдаад давсан.
-Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Хариуцлагатай, шийдвэрлэх барилдаануудын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэв?
-Харьцангуй тайван байсан. Даваа авч байгаа тухайн үедээ сэтгэл хөдөлсөн ч хэсэг хугацааны дараа тайвширчхаад л байсан.Багш маань зөвлөгөө өгсөн.
-Улсынхаа их баяр наадмын авшиг шингэсэн зүлэг ногоон дэвжээнд аварга, арслангуудтай сайхан барилдаж даваа бүрд цолоо ахиулж, үзэгч олны хайр хүндэтгэл, уухайд барилдах мэдрэмж ямар байсан бэ?
-Анх удаагаа улсынхаа их баяр наадамд зодоглосон. Үндэсний бөх Монгол түмний том өв соёлыг тээж байгаа учраас сайхан шүү дээ. Монголчууд бөхөө ямар их хайрладгийг тэр үед илүү их мэдэрсэн дээ. Үзэгчдийнхээ уухайн түрлэг, алга ташилтаас их урам зориг авсан.
-Ерөнхийлөгчөөс цол, тэмдгээ гардан авч, Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийнхөө болон нутаг усныхаа нэрийг дуудуулах тэр мөч ямар санагдсан бэ?
-Тэр агшин хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг юм билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Завхан аймаг, Баянхайрхан сум гээд нутаг ус, аавынхаа, өөрийнхөө нэрийг зарлуулж, төрийн зарлиг уншуулан цолоо гардан авч байгаа тэр мөч их сайхан санагдсан. Бөх хүн бүрийн хувьд улсын цол хүртэж, төрийн наадамдаа нэрээ дуудуулах сайхан мөч байдаг байх. Миний хувьд ч гэсэн мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн.
-Наадмаар гэрийнхнээс нь дэмжихээр ирсэн үү?
-Аав ээж, дүү гурав хоёр маань ирсэн. Наадмын өмнө “Дөрвүүлээ сайхан наадамлачихаад наадам дуусаад гэр рүүгээ явъя” гээд гэрийнхнийгээ дуудсан байсан юм. Ээжийнхээ хийсэн хоол цайг идэж, аавтайгаа сайхан ярилцаж сэтгэл зүйгээ бэлдээд наадамдаа орсон. Цолоо аваад аав, ээж, дүү нар дээрээ очиход сайхан байсан. Мөн нутгийнхан, хамаатан садан маань ч их баярласан даа.
Мэдээж энэ бол ганцхан миний амжилт биш. Намайг үргэлж дэмжиж, итгэж байдаг олон хүний сэтгэл, дэмжлэгийн үр дүн. Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Гончигдамба, Март багш гээд дурдвал олон хүн бий. Бүгдэд нь баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Тэр сайхан хүмүүсийн сэтгэл, дэмжлэг шингэсэн болохоор өдий зэрэгтэй явж, сайхан цол хүртсэн гэж боддог.
-Улсын заан цол хүртээд нутагтаа очиход ямар байв?
-Улсын том цолонд хүрээд нутагтаа очих сайхан байсан. Сэтгэл их хөдөлдөг юм билээ. Нутгийнхаа сүрлэг өндөр хайрхадууд, ард түмнийхээ өмнө улсын цолтой бөх болж очих сайхан санагдсан. “Бөхийн зам нь дардан байг, бөхийн замнал нь үргэлж мөнхөд бадарч яваг” гээд сайхан үг, ерөөл хэлж байсан. Их гоё санагдсан даа.
-Монгол түмэн үндэсний бөхдөө их хайртай. Үүнийг дагаад бөхчүүдээсээ ёс жудаг, хүндлэлийг эрхэмлэдэг. Таны хувьд бөхийн жудаг гэж юуг хэлэх вэ?
-Монголчууд ахмад настнаа хүндэлдэг шүү дээ. Монгол бөх ч ахмад настнаа хүндэлж, мөн цолыг нь хүндэлдэг сайхан эрэмбэ дараатай спорт. Ёс жудаг, эр хүний сайхан чанар монгол бөхчүүдээс харагддаг гэж боддог.
-Ямар барилдааныг үзэгчдэд үзүүлэхийг хүсдэг вэ?
-Мэдээж давахын төлөө барилдана. Гэхдээ ёс жудгаа эрхэмлэж, бөхөө хүндэлж, ёс зүйгүй үйлдэл гаргахгүй юм сан гэж боддог. Үндэсний бөх бол маш богино хугацаанд шийдвэр гаргадаг спорт. Тиймээс уран сайхан барилдааныг үзүүлэх юм сан гэж боддог.
-Үндэсний бөхийн хамгийн сайхан, бахархалтай зүйл нь юу вэ?
-Монголынхоо өв соёлыг тээж яваа нь хамгийн том бахархал юм. Үндэсний бөхөөр барилдах нь сайхан монгол эр хүн болж төлөвшихөд нөлөөлдөг гэж боддог. Сайн бөх болж чадахгүй байсан ч үндэсний бөхөөрөө барилдаж явахад олон сайхан төлөвшлийг олж авна.
Мөн миний хувьд Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхист хилийн шугамаа манаж байгаа сайхан хамт олонд харьяалагдаж, энэ сайхан газраар цоллуулж яваадаа баяртай байдаг. “Хилчин” спорт хорооны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. 80 жилийнхээ ойгоор сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.
-Энэ хугацаанд олон сайхан бөхчүүдтэй барилдсан байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаанаасаа хуваалцвал?
-Өсвөрийн улсын аваргад 18 настайдаа барилдаж, мөнгөн медаль авч байсан. Гурван жил дараалж барилдаж байсан. Шагналт байранд орж байгаагүй ч гэсэн дурсамжтай барилдаанууд байсан.
-Үндэсний бөх үзэгч олонд баяр цэнгэл бэлэглэдэг ч маш их хичээл зүтгэл, тэвчээр шаарддаг спорт. Энэ хугацаанд шантрах, хүнд үе байв уу?
-Шантрахаас илүү “Би яагаад чадахгүй байгаа юм бол” гэж өөрийгөө голох үе заримдаа төрдөг. Бөх болох миний багийн мөрөөдөл учраас буцах зам байхгүй. Тийм учраас хэцүү хүнд үеийг тэр бодлоороо даван туулдаг.
-СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг гэсэн. Сургуулиа төгсөөд бөхийн спортоо мэргэжилтэйгээ хэрхэн хослуулж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-СЭЗИС-д бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцдаг. Ирэх хавар төгсөнө. Мэргэжлээ сонгоход миний өөрийн сонирхол болон ойр тойрныхон маань нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд барилдахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Гэхдээ тухайн үедээ нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдөөд явах байх аа.
-Цол дагаж хариуцлага, барилдах бөхчүүдийн чансаа нэмэгддэг. Залуу зааны маань бөхийн зорилго, мөрөөдөл хэр холыг харсан бол?
-Өвөөгийнхөө захиснаар хүрсэн цолондоо эзэн болж, цаашлаад цолоо ахиулж, төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол бөхийн оройн дээд цол дархан аварга болох мөрөөдөлтэй. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээж явна.
Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn