Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хохирогчийн нөхөн төлбөрийг барагдуулах асуудал шүүхийн шатанд хангалттай биш байгааг мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаа харуулдаг.  ХЭҮК хохирогчийн эрхийг хамгаалах, тэдний нөхөн төлбөрийг барагдуулахад хэрхэн анхаарч байна вэ.  Энэ тухай яриагаа эхэлье?

-Хүний эрхийг хангана, хамгаална, хөхиүлэн дэмжинэ, эрхийг нь сэргээнэ гэхээр бид заавал нэг асуултад хариулах шаардлагатай болж байгаа юм.  Нэгдүгээрт, хүний аюулгүй байдал хангагдах ёстой.  Бусдын эрхийг зөрчөөгүй, үндэсний аюулгүй байдлыг хохироогоогүй, нийтийн хэв журмыг зөрчөөгүй бол миний аюулгүй байдал хангагдах ёстой.  Хоёрдугаарт, хэрэв би хохирсон бол хохирлоо нөхөн төлүүлэх ёстой.  Гэтэл хохирлоо нөхөн төлүүлэх асуудал манайд үнэндээ хангалтгүй байна. ХЭҮК-оос анхан шатны судалгаа хийж, гомдол мэдээллүүд дээр тулгуурлан анализ хийсэн. Ингэхэд, эрүүгийн хэргийн хохирлууд болох өмчийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг, амь насны эсрэг, халдашгүй байдлын эсрэг гээд материаллаг байдлаар үнэлэх боломжтой хэргүүд байна. Гэтэл хохирол нөхөн төлүүлсэн байдал ердөө 50 хувь байна.

Тухайлбал, гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээд, төрд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан байлаа гэхэд тэрний ердөө 100 тэрбумын хохирлыг л барагдуулсан байдаг.  Үүнээс дээш гарч байгаа үзүүлэлт байхгүй.  Тэгэхээр хохирсон хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог, дээр нь цаг хугацаагаа алддаг.   Ингээд хохирол нь бүрэн барагдахгүй байгаа учраас аливаа хохирогчийн эрх сэргэж байна гэж үзэх нь бас өрөөсгөл.  Иргэний хэргийн хохирлууд ч мөн ялгаагүй, төлөгдөхгүй байна.   Шүүхээр шийдсэн үү гэвэл шийдсэн байдаг.  Гэтэл шүүхийн шийдвэрийн биелэлт 50-60 хувьтай л байна.   

-Тэгэхээр аливаа маргааны хохирогч тал шүүхийн шийдвэрээр хохирлоо барагдуулсан ч хохироод л үлдээд байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Захиргааны хэргийн шүүх дээр гэхэд захиргааны байгууллага, албан тушаалтантай иргэн, хувь хүн маргалддаг.  Газрын маргаан, тусгай зөвшөөрлийн гэх мэт гомдлууд шийдвэрлэгддэг. Гэтэл хохирол барагдуулах асуудал бас  л хангалтгүй. Эрх нь зөрчигдөөд л явж байна.  Хохирсон дээрээ хохироод л байдаг.  Уг нь бол Үндсэн хуульдаа иргэний эрхийг сэргээх ёстой гээд заачихсан.  Тэр эрхийг нь шүүх байгууллага сэргээдэг.  Гэтэл шүүх нь шийдвэрээ гаргаад сэргээдэг.  Хэрэгжилт нь хангалтгүй. Ийм л байдалтай байна.  Тиймээс ХЭҮК хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна.   Шүүхийн шийдвэрийн биелэлт ийм бага үзүүлэлттэй байхад бид хохирогчийн эрхийг сэргээж байна гэж үзэх нь өрөөсгөл юм.  Иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг дээрээс  нь аж ахуй нэгжүүдийн түвшинд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, маргаан таслах комисс, дотоод хяналтын нэгж зэрэгт хохирол барагдуулах асуудал ямар түвшинд байна вэ гэдэгт мөн анхаарах шаардлагатай байна.

-Хохирол барагдуулах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хангалтгүй байна гэлээ.  Гэтэл нэмээд бид сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг байх хуулийг баталсан.  Энэ хуулийн хэрэгжилт бүр хангалтгүй байгаа юм байна.  Тийм үү?

-Шүүхийн шинжилгээний тухай хуульд тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор хохирлын хэмжээг тооцно гэж заасан.  Өмнө нь Эрүүгийн хуульд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдвал гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэсэн.    Иргэний хуульд зөвхөн хуульд заасан тохиолдолд гэм хор нэхэмжлэх тухай заадаг.  Хуульд  яг тодорхой заасан нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдвал гэм хор нэхэмжлэх эрхтэй.   Үүн дээр нэмээд Шүүхийн шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хор хохирлыг тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас гээд заагаад оруулчихсан.  Аргачлалыг нь баталсан, гэхдээ хэрэглээн дээр асуудал үүсч эхэлж байна.  Гэм хорыг хэрхэн яаж тогтоох уу гэдэг дээр ойлгомжгүй зүйл олон бий.  Мөн  хуулийн заалтыг буцааж хэрэглэх үү, үгүй юу гэдэг дээр нэгдмэл хэрэглээ төлөвшөөгүй байна.

-Ер нь манай улсад хүний эрхийн нөх­цөл байдал ямар түвшинд байна вэ?

-Ер нь хүний эрхийн хангалтгүй олон асуудал бий.  Бид олон улсын индексүүдээс харахад Монгол Улс хүний халдашгүй байдлыг хангаж байгаа байдлаараа хангалтгүй орны тоонд багтаж байна. Халдашгүй байдал гэхээр бие махбодь, эрүүл мэнд, амь нас, хувийн мэдээлэл дээр нь нэр төр, таны үүсгэсэн хувийн орон зай орж байгаа юм. Үүнийгээ бид бүрэн хамгаалж чадахгүй байна. Шударга ёсны индексийг дэлхийн 139 орныг харьцуулан гаргаж байна.  Үүнд манайх 2012 оноос хойш орж байна.  Хамгийн сүүлийн судалгаагаар  үндсэн эрхээс бид хамгийн гайгүй үзүүлэлттэй байгаа нь улс төрийн зарим эрхийн асуудал, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх тодорхой түвшинд хэвээр байна, өмнөх жилийн үзүүлэлтээс буураагүй байна. Аль үзүүлэлт  байна вэ гэхээр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх муу үзүүлэлттэй байна.  Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдал, гуравдугаарт, халдашгүй байдал доогуур үзүүлэлттэй гарсан.  Тэгэхээр халдашгүй байдлыг хангах, хамгаалах бүх түвшиндээ нэгдмэлээр ойлгож, хэрэглэж, хэвших, зайлшгүй шаардлага үүссэн байна.

-Халдашгүй байдал, алдар хүнд гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын асуудал юм шиг ойлгодог.  Тэгэхээр иргэн хүн үүнийг хэрхэн ойлгож, хамгаалуулах ёстой юм бол оо?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа бид эргэн харах хэрэгтэй.  Дэлхийн хоёрдугаар дайны үед олон сая хүн амь насаа алдсан.  Энэ дайнд шууд болон шууд бусаар олон улс орон оролцсон.  Үүний дараа 1948 онд дэлхийн 50 улсын төр засгийн тэргүүнүүд юу ярьсан гэхээр “Өмнөх хоёр дайнд бид юу хожив.  Хэн ч юу ч хожоогүй, ялагч гэж байхгүй юм байна. Тэгэхээр бүгдээрээ дараагийн үедээ айх аюулгүй, гачигдах зовлонгүй ийм л дэлхий ертөнцийг бий болгож үлдээе” гэж ярилцаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан байдаг.   Тунхаглалын нэгдүгээр зүйлд "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой" хэмээн томьёолжээ.   Бид оюун ухаант ухамсартай хүмүүс учраас хүнийг ямар байгаагаас нь үл хамааран оршихуйг нь хүндэтгэх, өрлөг сэтгэлээр бие биедээ хандаж, ялгаатай байдлаас үл хамааран харилцан хүлээн зөвшөөрөх тухай утга бий.  Үүний гол үзэл санаа нь манай Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг.  Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээх тухай оршилдоо заадаг.   Нийгэмд байгаа бүх хүн адил үнэ цэнэтэй.  Хүн бүхэнд алдар хүнд, халдашгүй байдал бий.  Тэрийг нь ижил түвшинд авч үзэх тухай л ойлголт юм.  Гэхдээ Үндсэн хуульд хязгаарлалт бий.   Хүн бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй, нийгмийн хэв журам болон үндэсний аюулгүй байдлыг хохироож болохгүй.

-С.Зоригийн амь насыг хохироо­сон хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгаж эрүүдэн шүүсэн асуудал хүний эрхийн томоохон зөрчил болж байна.  ХЭҮК-оос энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-НҮБ-ын хүний эрхийн долоон үндсэн гэрээ конвенц бий.  Түүний зургаад нь конвенцид нь Монгол Улс нэгдэн орсон.   Тэдний нэг болон Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг доромжилж харьцах шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид мөн 2000 онд соёрхон баталсан.  Нэг талаар ийнхүү олон улсын өмнө үүрэг хүлээж байна.  Нөгөө талаар,  Үндсэн хуульдаа бид халдашгүй байх эрх чөлөөг баталгаажуулсан. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.  Тэгэхээр манай улс эрүү шүүлтийг бүх түвшинд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.  Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагаанд бусдыг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх ёсгүй.  Эрүүдэн шүүх аргаар олж авсан нотлох баримт бол  нотлох баримт биш, түүнийг үнэлэхгүй гэсэн хуультай. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон шийдвэр гарсан. Гэтэл нотлох баримтуудыг эрүүдэн шүүх замаар олж авсан тухай асуудал мөн тогтоогдож, шүүхийн шийдвэр гарсан.  Эрүүдэн шүүх замаар олж авсан, нотлох баримтуудыг үнэлэхгүй юм.  Тэгэхээр эрүүдэн шүүлт бол хүний эрхийн томоохон зөрчил юм.

-Эрүүдэн шүүх ажиллагаа өмнөх жилүүдэд Монгол Улсад өрнөж байжээ.  Та ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан хүн.  Тухайн үед танай комисст энэ тухай гомдол мэдээллүүд ирж л байсан гэдэг?

-ХЭҮК 2000 онд байгуулагдсан.  23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Комиссоос жил бүр хүний эрхийн талаарх тайлан, мэдээлэл, дүгнэлт гаргадаг.   Үүнийгээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг.   Энэ хүний эрхийн талаарх тайлангийн хамгийн чухал авч үзэж байсан асуудал бол эрүү шүүлтээс ангид байх тухай юм.  Эрүү шүүлтэд тодорхой эрх нь хязгаарлагдсан  хорих анги, цагдан хорих байранд гарах нь түгээмэл гэж үздэг учир олон улсын конвенцид ч урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар зохицуулдаг.  Энэ асуудалд өнгөрсөн хугацаанд ХЭҮК нэлээд анхаарч ажилласан.  Тайландаа  оруулж, эрүү шүүлтээс ангид байх тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоонд ахиц дэвшил гаргахын төлөө ажилласан. Цаашид ч байнга ярьж байх ёстой сэдэв юм. Ер нь хүний эрхийн асуудал нэг цэгт очоод зогсоно гэж байдаггүй, харин байнгын л  ахиц дэвшил гаргах явц байдаг.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээж нөхөн олговор олгох асуудлыг ярьж байна.  Энэ хэр боломжтой вэ?

-Боломжтой.  Эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх бүрэн эрхтэй.  Эрүүдэн шүүсэн байна гэдэг нь шүүхээр тогтоогдсон хэрэг шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)