П.АМГАЛАНБАЯР

“Монголын философийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяатай ярилцлаа.

 

-Өнөөдөр дэлхийн философийн өдөр тохиож байна. Дэлхий дахинд энэ өдрийг хэзээнээс албан ёсоор тэмдэглэж ирсэн бэ?
-2002 онд “ЮНЕСКО” олон улсын байгууллагаас анх санаачлан философийн үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилгоор дэлхийн философийн өдрийг зохион байгуулсан түүхтэй. 
Харин 2005 онд  ЮНЕСКО-гийн  Ерөнхий Ассамблей дэлхийн философийн өдрийг жил бүр тэмдэглэх  шийдвэр гаргасан. Энэ өдрийг философийн үзэл санааг олон нийтэд түгээх, философичдын хамтын ажиллагааг дэмжих, олон нийтийн амьдралд шүүмжлэлт сэтгэлгээний ач холбогдлыг  таниулах зорилгоор тэмдэглэдэг. Энэ хүрээнд манай  улсад анх удаа 2005 онд МУИС-ийн Философийн тэнхимээс эрдэм  шинжилгээний хурал зохион байгуулж байсан. Харин 2012 оноос Дэлхийн философийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагаа өргөжиж, ШУА, Философийн хүрээлэн, “ЮНЕСКО”-ийн Монголын Үндэсний комисс хамтран жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн. Олон улсын философийн нийгэмлэгүүдийн холбоо ч энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг. МУИС болон бусад  их, дээд сургуулийн философийн багш, судлаачид философийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, оюутнуудын дунд олимпиад, эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, энэ үйл ажиллагаа манай улсад уламжлал болон тогтож, хүмүүс мэддэг болоод байна.


-Энэ жилийн дэлхийн философийн өдрийн онцлог юу вэ?
-Дэлхийн философийн өдөр хүн төрөлхтний философи сэтгэлгээний өвийг сурталчлах, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын талаар мэтгэлцээн өрнүүлэх,  нийгмийн тулгамдсан асуудлуудын шийдлийг эрж хайх зорилготой. Мөн философийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн байдаг. 
“ЮНЕСКО”  олон улсын байгууллагын гол илтгэл нь ирээдүйн нийгмийн үнэт зүйлийн талаар хэлэлцүүлнэ. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийн онцлог нь хиймэл оюуны  хэрэглээн дэх ёс зүйн асуудлуудыг хөндсөн сэдэв зонхилж байгаа. Бид хиймэл оюуны эрин зуунд амьдарч байна. Энэ нь хүний оршихуй, хүмүүжил, ёс суртахуунд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ. Хүн хоорондын харилцаанд ямар эерэг, сөрөг үр дагавар бий болж байна гэдгийг философийн үүднээс авч хэлэлцэнэ. 
МУИС, ШУА-ийн Философийн хүрээлэн “Философи, нийгэм, институц: шүүмжлэлт сэтгэлгээг эрхэмлэхүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хуралд философийн салбараар овоглодог судлаач, багш нар, сонирхогч нар оролцож илтгэл тавих юм. Хүмүүнлэг, хариуцлагатай нийгэм байгуулах зорилтыг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар санал бодлоо дэвшүүлж байна. Мөн  оюутнуудын дунд олимпиад зохион байгуулагдана. Энэ өдрийг 70 гаруй орон янз бүрийн түвшинд тэмдэглэдэг гэсэн тоо байдаг.


-Өнөөгийн философийн судалгааны гол чиглэл юу байна. Юунд гол анхаарлаа хандуулж байна вэ?
-Уламжлалт философийн судалгааны сэдвүүд үргэлжилж байгаа ч мөн сэдэв, чиглэл, хандлагад өөрчлөлт бий болж байна. Философийн түүх, урсгал чиглэлүүдийн оршихуйн асуудал, танин мэдэхүй, үнэлэмж, хүний туршлага гэх мэт сэдвүүд голлож буй. Жишээлбэл,  хиймэл оюун ба хүний оршихуйн асуудлын тухай сэдэв анхаарал татаж байна. Мөн нийгмийн үнэлэмжийн өөрчлөлт, экологийн  философийн асуудал, хиймэл оюуны ёс зүйн сорилт, боловсролын философи зэрэг асуудлаар философийн судалгаанууд хийгдэж байна.  
Байгаль, экологи, нийгмийн сорилтод хүний хандах уян хатан байдал, даван туулах чадварын асуудлыг философийн хүрээнд хэлэлцдэг болсон. Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд баялгийг хэрхэн зөв хуваарилах  вэ,  ёс зүйн хувьд яаж хандах вэ гэсэн асуудал голлож байна. Өөрөөр хэлбэл, дижитал эрэн зуунд философийн боловсролын асуудал улам өсөж байгаа хандлага ажиглагдаж байгаа. Түүнчлэн технологийн өөрчлөлт байгаль, нийгэм, хүний оршихуйд нөлөөлж буй асуудлыг илүү анхаарч ажиллахыг уриалж байна.


-Манай улсад философийн сургалт, судалгаа хийж байгаа гол байгууллагуудыг нэрлэвэл? 
-ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, МУБИС, ШУТИС зэрэг их, дээд сургуулийн философийн багш, судлаачид философийн сургалт, судалгааг эрхлэн явуулдаг. Философи сэтгэлгээний өв санг Монголд түгээн дэлгэрүүлэхэд эдгээр байгууллагын эрдэмтэн, судлаачид гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Философийн мэргэжилтнүүдээс 40 гаруй философийн ухааны докторын зэрэгтэй хүмүүс бий. 
Сүүлийн үеийн гол бүтээлүүд  ёс зүй, нийгмийн оюун санааны амьдралын философи асуудал руу чиглэсэн хандлага ажиглагдаж байна. Багш судлаачдын хувьд гарын авлага, орчуулгын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэвлүүлж, хурал, семинар зохион байгуулж байдаг. ШУА-ийн Философийн хүрээлэн “Философи, эрх зүйн судлал”, МУИС-аас “Философи, шашин судлал”, МУБИС-аас “Философи, эрх зүйн боловсрол” сэтгүүлийг жил тутам эрхлэн гаргадаг. Энэ бол нийгэм, хүмүүнлэгийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм. 


-Философийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд тулгарч буй сорилт юу байна вэ?
-Нэгдүгээрт, судалгааны санхүүжилтийн асуудал байдаг. Тухайн их сургууль, хүрээлэн, мэргэжлийн хамт олон өөрсдийн нөөц боломжийг ашиглаж ажилладаг. Зарим жил философийн суурь судалгааг Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлдэг. Миний ойлгосноор энэ жилийн байдлаар улсын хэмжээнд философийн салбарт хоёр суурь судалгааны төсөл хэрэгжиж байна. Ер нь сүүлийн жилүүдэд нийгэм, хүмүүнлэгийн салбар бүхэлдээ мэргэжилдээ дуртай хүмүүсийн хүсэл эрмэлзэл, чин сэтгэл дээр оршин тогтнож байна. 
Философийн боловсролын бусад салбарт нөлөөлөх үр өгөөж нь их. Гадаад дахь философийн сургалт, судалгааны гол төвүүдэд суралцаж, ажиллах, мэргэжил дээшлүүлэх тал дээр дэмжлэг тааруу. Философийн салбарт тулгарч буй гол асуудлын нэг бол залуу халаагаа бэлдэх асуудал. Энэ нь зөвхөн манай улсад тулгамдаж буй асуудал биш юм. Философийн газрын зураг дээр харахад ялангуяа ахисан түвшинд суралцах мэргэжилтний тоо цөөрч байгаа хандлага ажиглагддаг. 
Нөгөөтээгүүр, философийг сонирхон судлагчдын тоо өсөж байна. Энэ нь хүмүүст  оюун санааны  эрэлт хэрэгцээ нэлээд байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, нийгэм, сэтгэл зүй, улс төрийн тулгамдсан асуудлын шалтгаан нөхцөлийг ойлгох, хүн өөрөө өөрийгөө эргэцүүлэх, нийгэм, болон өөртөө шүүмжлэлтэй хандах тал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа.


-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Тус салбарын сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулахад шинжлэх ухаан, боловсролын байгууллагаас дэмжлэг хэрэгтэй. Энэ хүрээнд хийсэн гол ажлын нэг бол Боловсролын сайдын 2021 оны тушаалаар их дээд сургуулийн заавал судлах хичээлийн тоонд “Философи” багтсан, гэвч тухайн сургуулийн онцлог болон хичээлийн цагийн багтаамжаас хамаараад хэрэгжилтийн хувьд янз бүр байна. 
Мөн ЕБС-ийн нийгмийн ухааны хичээлийн агуулгад тодорхой сэдвүүд бий. Сүүлийн үед их дээд сургуульд ёс зүй, мэргэжлийн ёс зүйн хичээл орох болсон нь философийн ухаанд суурилж байгаа гэсэн үг. Зарим оронд философийн мэргэжилтнүүдийн хөрвөх чадварыг ихээхэн ашигладаг, чухал мэргэжилд тооцдог үнэлэмж хэвээрээ байгаа ч манайд өөр байна. Боловсрол эзэмшиж буй хэн ч тодорхой хэмжээнд  хүн төрөлхтний мэдлэгийн өв болсон философи сэтгэлгээний талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. 
Ялангуяа өөрийн мэргэжлийн чиглэлийн философийн асуудлын талаар тодорхой хэмжээнд ойл­голттой байх нь тухайн салбарынхаа тулгамдсан асуудалд бүтээлчээр хандаж, шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэх, мөн чанарыг ухаарах, бодитой дүн шинжилгээ хийх арга зүйн  суурь чадамжийг эзэмших бололцоог нэмэгдүүлдэг юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.