Р.Оюун

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та саяхан эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтыг хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг, гурван сумын Эрүүл мэндийн төв, таван өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Бидний гол асуудал  хүний нөөцийн хүрэлцээтэй, чадамжтай байдал их чухал. Жилд 20-оод эмчийг үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж байна. Мөн энэ хэмжээний сувилагчийг төрөлжсөн, нарийн мэргэжлээр сургаж байгаа. Мэдээж суралцах хугацаа харилцан адилгүй. Эмч нарын хувьд 2-3 жил байдаг. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагад 1747 ажилтан ажиллаж байна. Үүнээс 374 их эмч, 492 сувилагч, 109 эм зүйч, инженер, техникийн ажилтан, үйлчлэгч эзэлж байна. 
Бидний барьж байгаа том бодлого бол клиникийн эмнэлгүүдийг Дархан-Уул аймагт оруулж ирэх. Энэ хүрээнд сүүлийн жил клиникийн оношилгооны төв Интермед эмнэлэг манай аймагт үүдээ нээсэн. Төрөлжсөн болон үндсэн нарийн мэргэжлээр ахицтай том бодлого барьж байна. 4-5 жилийн дараа бүсийн хэмжээний том эмнэлэгтэй болж нүд, чих хамар, хоолой, нярайн төрөлжсөн тасагтай болно. 


-Бүсийн эмнэлэгтэй болохын тулд боловсон хүчин хэрэгтэй. Энд ажиллах эмч, сувилагч байгаа юу?
-Нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдэж байна. Өнгөрсөн жил ангиографийн аппаратыг суурилуулахаар ярьж байсан. 2026 онд суурилагдах байх гэж бодож байна. Хэрэв улсын төсөвт орж ирэхгүй бол яамны зүгээс Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт дотор аймгуудын ангиографийн аппаратыг шинэчилнэ гэсэн чиглэл байгаа. Тиймээс зүрх, тархи, хавдрын мэс заслын эмч нараа бэлдэж байна. Өнөөдөр хавдрын, судсан дотуурх мэс заслын эмч нарыг бэлдсэн байна. Мөн нарийн оношилгооны эмч, сувилагчийн багийг бэлдээд энэ аппарат дээр ажиллах бүрэн бололцоог хангасан.


-Нэгдсэн эмнэлгээр өдөрт хэдэн хүн үйлчүүлж байна вэ?
-Нэгдсэн эмнэлгийн амбулаториор өдөрт 800 хүн үзүүлж, 150 хүн шинжилгээ өгөхөөр орж ирдэг. Үүнээс болж бөөгнөрөл, чирэгдэл үүсэх тохиолдол байдаг. Гол зохицуулалт нь цагийн менежмент. Үүнийг зохицуулж болно. Хүмүүс цаг авахдаа хойрго хандах эсвэл цаг аваагүй байж үзүүлэх байдлаар гомдлын эх үүсвэр гардаг. Өнөөдөр амбулатори дээр давхардсан тоогоор 876 хүн байна. Даваа гарагт мэдээ авахад 598 хүн ямар ч давхардалгүйгээр үзлэгийн цаг авсан байна лээ. Тэгэхээр 700 хүн нэг өдөр орж ирж ачаалал үүсгэдэг гэдэг нь ойлгогдохоор байна. Бид өдөрт 35-40 түргэн тусламжийн дуудлага авдаг. Томуугийн улирлын үед 150 болж ихэсдэг. Өрх, сумдад байнгын түргэн тусламжийн үйлчилгээний хэсгүүд ажиллана. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 212 (7709)