Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөрт зориулсан “Ээжийгээ санахаар...” нэвтрүүлэг  2025 оны арваннэгдүгээр сарын 10, 11-нд 25 дугаар суваг телевиз, TV9 телевиз болон Гандан ТВ-ээр үзэгчдэд хүрч байна.

Нэвтрүүлгийн зочин нь Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлэн хийдийн хансүр, 29 дэх хамба номун хан, гавж Д.Чойжамц ээжийн тухай сайхан дурсамж хүүрнэснийг zms.mn  албан ёсны зөвшөөрөлтэйгөөр буулган уншигчдадаа  толилуулж байна.

 

*                        *                        * 

 

Энэрэл нигүүлслийн бодь сэтгэлт хуурмаг үгүй бат ажгуу

Эгнэгт хайрлахын гүн мөрт худал үгүй үнэн буюу

Өнөд дэлгэрсэн ерөөлийн оюун билигт гэрэл ажгуу

Өв соёлоо тээсэн цаглашгүй ухааны бишрэлт буян буюу

“Ээж ээ” гэх үгэнд орчлон уяраад

“Бодь сэтгэл” хэмээх үүд нээгдэнэ

“Ээж ээ” гэж хэлэх бүрд

Зүрхэнд минь бурхан буудаг юм.

-Манай ээж Дашзэвэгийн Сэрээтэр гэдэг хүн байсан. Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн. Богдын шавь.  Манай эмээ дөрвөн хүүхэд төрүүлсэн. Нэг нь үлдсэн тийм учир багадаа энхэр тийм хүүхэд байсан гэдэг юм. Аавын тал Вангийн хошуу Бүрэн чиглэлийн хүн байгаа юм. Манай аавыг Мижидийн Дэмбэрэл гэдэг.  Энэ  хоёрын хүү болон төрсөн. Аав маань цэрэгт явж ирээд ээжтэй гэрлээд сумдаа ажил хийж байсан. Манай аавын талын хамаатнууд хуралдаад аавыг  цэрэгт явсан, хөдөлгөөнтэй нэгэн болохоор нь эмнэлэг,  үр хүүхэд сургууль соёл бусад зүйлсэд нөхөр болгох гэж хот руу явуулсан юм гэнэлээ.

Энд /хотод/ ирэхэд би 5,6 настай байсан. Нээх том машин дээр  хоёр айл ачсан, тэрний дээр хонхорхой гаргаад хүмүүс нь суугаад  тэгээд л явж байсан. Манай эмээ хамт явж байсан. Ээж маань унтаад л цаадах чинь ойчих вий сэрээ гэж байсан тийм дурсамж байдаг юм. Улаанбаатар хотод анх орж ирээд Яармаг дээр жолооч маань хоноод.  Маргааш өглөө нь  хот орж ирээд... Миний хувь заяа хурал номтой холбоотой юм байх даа. Гандангийн дэнжийн Жанрайсигийн арын гудамжинд бууж, Бал гэдэг Төв аймгийн Өнжүүл сумын хүнээс хашаа авсан байшинг нь дээвэрлэж дуусаагүй байсан. Тэгээд дээврийг хийж байхад би тоглоод л,гэр орноо бариад ингэж байсан.

Ээж минь үйлдвэрлэл хоршоололд орж, аав минь номын худалдаа, бараа бааз хангах дэлгүүрт байж байгаад тэтгэвэрт гарсан даа. Ээж маань ажилдаа их нэр хүндтэй, их алиа хошин юм их ярьдаг, хамт ажилладаг байсан хүмүүс нь ихэд үгүйлдэг, хамгийн залуу  нь. Сүүлдээ оёдол заалгаж байсан хүмүүс нь ирж очдог байсан. Ээжийгээ настай болоход тэр хүмүүсийг дууд гээд тэд бөөн баяр ирнэ, мах чанаж өгөөд л галавсаа хэрчээд идэж уугаад өдөржин ярьдаг байсан.

 

Хамба багшийн зүрхний орон зайд

Хамаг амьтны эх болсон адистай

Бурхан мэт багшийн адис ивээлд

Буяны үндэс үржиж дэлгэрнэ ээ

Санах бүрийд зүрхэнд гүн ухаан татаж

Сарны туяанд гэрэлтэх үүлэн адил нүүнэ

Энэрэл, хайр хоёр амьсгал шиг уусан

Хүүгийн зүрхнээс урсах бодол бүр

Хүнлэг оршихуйг сануулна

Зочин хөтлөгч: 2000 оны эхээр та “Оддын ээж” гээд сайхан нэвтрүүлэгт ээжтэйгээ хамт орж байсан байна. Хэдэн настай байсан бэ энэ нэвтрүүлгийг хийхэд ээж  залуухан байсан байна.

Чой хамба: 80 л орчим байсан болов уу даа...

Чой хамба ээж: Би бас нээх дурлаж байгаагүй юм шүү.

Чой хамба: Ганц хүүтэй.

Ээж: Ганц хүү болохоор.

Чой хамба: Бас үр удам гэж бодож байсан тэгээд сүүлд нь зөвшөөрсөн.

Ээж: Сүүлд нэлээн хойно зөвшөөрсөн. 

Сэтгүүлч: Бодсон уу. нэлээн олон хоног бодсон уу.

Ээж: Үгүй ээ, тэгсхийгээл жилийн дотор л шийдсэн байх.

Ээж: Миний хүү чинь хуралдаа хураад сууж байгаа нь ижийдээ ихэд сайхан харагддаг. Хайр хүрээд л орой ирэхэд нь хамгийн сайхан дуртай хоолыг нь хийгээд  тавьчихаад их  баяр баясалтай сууна шүү дээ. Хурал хураад ирнэ, их сайхан шүү дээ эрдэм номтой болно гэдэг.

 

МЭГМИД ЗЭВИЙ ДЭРЧЭН ЖАНРАЙСИГ

ДЭМИД ЧЭНБИЙ ВАНБУУ ЖАМБИЙ ЯН

ДҮДБҮН МАЛҮЙ ЖОМЗАД САНВИЙ ДАГ

ГАНЖИН ХАЙВИЙ ЗҮГЖАН ЗОНХОВА

ЛУВСАН ДАГВИЙ ШАВЛАА СОЛВААН ДЭВ гэж энэ номыг би бол өдөрт 21  дээш уншдаг

 

Зочин хөтлөгч: Гоё шүү тиймээ

Чой хамба: Манайх чинь их шүтлэгтэй айл байсан эмээ минь Богдын оточ байсан Дэмбэрэл, Мөрдорж умзад гээд ах дүү хоёр тэр айлд өссөн хүн. Тэднийд өссөн, учраас бурханы шашинтай ойр байсан.

Зочин хөтлөгч: Тийм байна.

Чой хамба: Эмээ, ээж маань тэр сонссон юм  ихтэй хүн байсан даа. Тэгээд л Өндөр Богдын маани гээд их гоё уянгатай орой маань хөгжөөдөг байсан

Зочин хөтлөгч: Уянгалуулаад маань хөгжөөгөөд.

Чой хамба: Гэгээн Богдоо ламзайн дүйнхор манзушири гээд нээх гоё аятай

Зочин хөтлөгч: Та багаасаа сонсож өссөн үү?

Чой хамба: Багаас бурханы шашинд ээнэгшүүлсэн юм шиг байдаг.  

Зочин хөтлөгч: Тийм байна.

Ээж: Эмээ нь  яахав дээ дээлийн өнгө, гуталд их дуртай, юм л бол надад гутал авчирч өгөөрэй гэдэг юм. Манай хоёр хүүхэд хоёулаа л гадагшаа ийш тийш явна тэгээд хоёулаа л авчраад өгнө.

Чой хамба: Ер нь манай ээж ямар ч хувцас өмссөн сайхан зохидог. Би одоо гоёх санаатай Англи явж байгаад пиджак албан ёсны хувцас авчирч өгөөд энэ цагаан царайтай хүнд зохино доо гэж бодоод бараандуу өнгөтэйг авчирч өгсөн. Миний хүү мөн сайхан юм авчирч өгчээ гээд ээг өмсөж үзээд мөн аятайхан юм байна гэж байсан. Тэгээд ганц өмсөөд ахиж өмсөөгүй дээ.

Зочин хөтлөгч: Голдуу л дээл өмсдөг байсан байхдаа.

Чой хамба: Голдуу л дээл хувцас өмсөнө тийм энгийн биедээ амар аятайхан гэхдээ өөрт нь тохиромжтой тийм хувцас өмсөнө. Ер нь хувцас бол сайхан зохино. Тэгээд 90 хүрсэн гэхэд царай зүс нь огт өөрчлөгдөөгүй яг л залуугийнх шигээ арьстай. Би дуурайгаагүй яагаачгүй ингээд арзайгаад.

Зочин хөтлөгч: Та гоё байна аа дуурайсан байна.

Чой хамба: Ээж бол цэмцийсэн цагаан царайтай их залуугаасаа буурал болсон. Манай эмээ бүр 20 хэдтэй буурал болсон гэдэг, ээж бол 40 шахаад л буурал болсон. Тэгээд дээл хувцас элдэв зүйлс сүүлдээ битгий авчраарай, миний хүү олон хувцас сүүлд намайг өнгөрсний дараа төвөг болно, битгий авчраарай гэж хэлдэг юм. Би гэрлээгүй учир эмэгтэй хүний хувцас тааруулахдаа хүнээс л асууна л даа. Нэг удаа яваад дулаахан сайхан өмд байна тэр өмдийг авчирлаа, дүү нарт бэлэг өгөөд байж байлаа, эмэгтэй хүн учир хараад юу өгөх нүү гэсэн байдалтай. Өнөөх өмдөө гаргаад танд нэг дулаан өмд авчирлаа гэсэн. Манай ээж их хөгжөөнтэй нэлээн байж байгаад өөдөөс шидэж байна. “Чи өдий хүртэл юугаа хийж явсан хүн бэ, наадах чинь эрэгтэй хүний өмд байна” гэж харуулж байсан.

 

Үггүй атлаа ойлголцдог тэр нүдний харцанд

Үүрдийн амгалан, энэрэл оршдог юм

Чой хамба: Манай ээж намайг эрхлүүлж, тоглуулж тэр үед байхгүй гурван дугуйт авч өгч, сумын хойд талын дэнжээс уруудаад намайг түрээд явж байсныг санадаг юм. Би нударгатай шар дээлтэй байсан юм уу даа гэж одоо бүрэг бараг санадаг. Тэгээд л үлээвэр хөгжим, гитар хөгжим, ёочин янз бүрийн юм авч өгдөг мандолин хүртэл  байсан. Багадаа номын санд байсан ном хүртэл цуглуулдаг. Одоо энэ Туул ресторан гэж байсан тэрний хойд талд хуучин номын дэлгүүр гэж байсан. Тэрүүгээр орж хуучин ном  их худалдаж авна. Манай ээж намайг эвгүй болсон үед ороход тэр дороо мэддэг. “Чи чинь юу болов нүүр царай чинь” гээд. Тэгээд л зовлон жаргалаа хуваалцахад тэр дороо гарцыг нь гаргаж ирээд сэтгэл санаа амар болдог байсан. Энэ нь ээж хүний гайхамшиг юм даа.

 Ээж багын юм мартана гэж байхгүй. Манай аавын талынхан олуулаа, тэдний хүүхэд, ач зээ нар манай ээж дээр цугладаг юм. Тэгэхэд “чи ийм байсан,  ингэж сахилгагүйтдэг байсан” ингэсэн тэгсэн гээд бүгдийг нь ярьж өгдөг. Нутгийн хүмүүсийн хөгтэй хөгжилтэй зүйлсийг бүгдийг ярьдаг. Манайх коммуннизмын үед дарамттай байлаа шүү дээ. Хувцасны шүүгээн дотор бурханаа хийчихээд өдөр цоожилчихно. Орой 10 цагаас хойш хаалгыг нь онгойлгоод зул хүжээ өргөөд маани хөгжөөгөөд янз бүрийн сайхан юм ярина. Манай аав дээр өвгөчүүд ирнэ. Чингис хаанаас эхлээд төрөл бүрийн түүх ярина.

Зочин хөтлөгч:  Та ээжийгээ залуудаа ямар хүүхэд байсан гэж төсөөлдөг вэ сахилгагүй байсан болов уу ямар байсан бол?

Чой хамба: Нэлээд хөдөлгөөнтэй байсан болов уу гэж боддог. Залуу цагтаа их наргианч байсан...

Чой хамба: Ээж бол миний төлөө л болохоор олон зүйл хэлнэ. Хамрын тамхинаас авхуулаад олон зүйл хэлнэ шүү. Би хамрын тамхи замбараагүй татдаг болсон. 19 наснаас эхлэн татсан. Гаргачих гэж оролдоно. Энд тэндгүй наад тамхиа шүрших юм дээлийн чинь урд тал яасан юм гэнэ. Тэгээд нэлээн олон шаардаад байхад нь татаад байхаар дургүй нь хүрээд миний хүү наад хамрын тамхиа зуураад идвэл яасан юм гэж хэлж байсан.

Ээжийн заасан буянт сэтгэл

Энгүй ертөнцөд гэрэл болон туяарна

Эцгийн сургаалд түшсэн хүүгийн зам мөр

Эрдэнийн чулуу мэт бат бөх замаар үргэлжилнэ

Ээж эхлээд лам болоход их дургүй байсан. Лам болоод гэр бүлийн уламжлал алдаад ганц хүү байна гэр бүлтэй болохгүй хэцүү болов уу гэж ярьдаг байсан. Эмээ, аав хоёр бол их дуртай байсан. Тэгээд тэр хоёртоо дийлдсэн үү, сүүлдээ зөвшөөрсөн  Сүүлдээ намайг бараг харгалздаг харамладаг шахуу болсон шүү дээ.

Орчлонгийн чанадад ухаарал нигүүлслийг дэлгэрүүлж

Олны сэтгэлд энэрэл хайрласан гэгээн мэргэн

Хязгаар үгүй цагийн далай дунд

Хясал зовлонг гэтэлгэн гэрэлтүүлмүй

1970 онд Данзан-Од-сэр гэдэг миний багш юм. Багшдаа шавь ороод гэрээр нь ном заалгадаг. Өглөө зургаан цагт хажуу талд утас тавьсан байдаг байсан. Манайх утастай байсан, тэр үед утастай айл ховор л доо. Зургаан цагт утас дуугараад, босоод гүйгээд багшийнх  руугаа явдаг байсан. Багш минь л энэ Монголын уламжлалт зан заншил, соёл бурхан шашны номыг зөндөө их заасан.

Их амгалангийн эрдэм чадлын бэлгэдэл очир эрхэт

Хоосон чанарыг оносон билиг билгүүний тэмдэг

Оюуны орчлонд гялалзах үүрдийн сүр жавхлан

Оршихуйн гүн орон зайг тольдох төгс хүчний илэрхийлэл

Өнгө бүрийн гүн утга

Өрнөл бүртээ амьдралын сургаал

Төгс амгаланг эрхэмлэсэн төгс хэлхээс

Тэртээ алсад ч орших сэтгэлийн толь

Зочин хөтлөгч: Сайхан дурсамжууд сэргэээж хоёулаа өнөөдөр сайхан  ярилцлаа. Танд сайхан байгаа байх. Би ч бас ээжтэйгээ 94 нас хүртэл нь хамт байсан. Их настай болох тусам нэг бодлын сайхан нэг бодлын их санадаг юм байна.

 Чой хамба: Хэцүү юм аа орж гарах бүх зүйл нь үгүйлэгдээд байх юм. Гэхдээ одоо сайхан буянтай юм даа ээжтэйгээ олон жил явна гэдэг. Аав минь их наслаагүй юм хөөрхий 59 насандаа бурхан болсон. Цэрэгт 1939 оны байлдаанд яваад 1945, 1946 оны үед халагдаж ирсэн.

Зочин хөтлөгч:  59 гэдэг их залуухан...

Чой хамба: -Аавыг өнгөрсний дараа гадаа үүдэн дээр  буурал толгойтой хүн ирээд  “Танай аав улсдаа чухал ажил хийж явсан хүн, цэрэгт байхдаа 1939-1945 хүртэл дайн дуусах хүртэл улсдаа мартаж болохгүй үйлс хийсэн хүн байгаа юм” гээд аавынх нь оршуулгын ажилд дутаж байгаа юм байна уу гэж асууж байсан. Тэр зүдэргээтэй он жилүүдэд  урт насалж чадаагүй юм болов уу даа гэж сүүлд л боддог.

Зочин хөтлөгч: Бас их сайхан дуулдаг байсан гэсэн тиймээ?

Чой хамба: Сумын клубэд урьд нь сүрхий байсан юм байна лээ, “Учиртай гурав” тоглоно тэрэнд тоглож байсан гэдэг.

Зочин хөтлөгч: Нансалмаад тоглож байсан уу?

Чой хамба: Тэрийг мэдэхгүй ээ”Учиртай гурав”-т гарч байсан гэдгийг нутгийн хөгшчүүд ярьдаг байсан. Тэгэхэд ээж аа за тэр үеийн юм гэж дээ гэдэг.

Зочин хөтлөгч: Тэр үеийн сайхан бүсгүйчүүд чинь Нансалмаад л дуулна даа.

Чой хамба: Ээж өөрөө залуу цагтаа сайхан дуулдаг байсан гэдэг... Одоо дуулдаггүй болохоос одоо огт дуулдаггүй юм ямар учиртай юм мэдэхгүй.

Ганган борлог мориороо

Газрын холыг туулна даа

Голын хайртай ээжийнхээ

Гараас нь хөтлөх сайхан даа

 

 

Зочин хөтлөгч: Ээж нь сайхан дуулдаг байжээ, би сая бичлэг хараад л сууж байлаа. Энэ дуунд их дуртай байсан юм байна даа гээд их гоё дуулж байна. Би нэг бадаг дуулья та мэдвэл түрээрэй. 

Хөөрхөн борлог мориороо

Хөндийгөө туулах сайхансан

Хөгшин буурал ээжийгээ

Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог мориороо

Газрын холыг туулна даа

Голын хайртай ээжийнхээ

Гараас нь хөтлөх сайхан даа

Гоё дуу шүү, би бас энэ дуунд их дуртай, юм л бол дуулахаар уйлах гээд байна аа ,ойрд ер нь ээжийн тухай дуугаа дуулахад жаахан сэтгэл их гэгэлздэг болоод байгаа

Чой хамба: Харин тийм юм аа, амьдрал үзээд зовлон жаргалын дундуур туулаад ирэхээр хүн уян болдог бололтой юм.

Зочин хөтлөгч: Уян болох юм, бас хат суух хэрэгтэй юм байна даа л гэж бодож байна.

Чой хамба: Ээж, аавыгаа ярихаар, найз байсан лам нарыгаа ярихаар, Жаамаа лам, Заяын гэгээн, Пүрэвбат энэ хэдийгээ ярихаар уйлчих гээд байх болсон.

Миний хайртай ээжийн бүүвэйн дуунд

 Дээрх одод гялалзана үүлэн чөлөөнд

Тэнд эгшиглэх амар амгалангийн ялгуун

Тэртээд улирсан он салхийг аргадна

Чой хамба: Гэр орныг эмэгтэй хүн гоёх дуртай, дэвсгэр дэвсэхдээ их дуртай байсан. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс голцуу дороосоо хөнгөн нимгэн болоод байдаг. Тийм учраас гэр дотроо сайхан зузаан дэвсгэртэй байвал урт наслахад нь зүгээр байхдаа гэж бодоод тэгээд дэвсгэр дэвсэж өгнө. Орой хоёулаа нэлээн эрхэлнэ ээ...

 Ээж минь, эмээтэйгээ би бас олон жил болсон. Ээж минь эмээтэй минь 94 хүртэл нь байсан.

Чой хамба: Яг бага залуугаараа л боддог. Ээж хүн гэдэг настай болсон, ажилтай гэхгүй жаахан оройтохоор “Яасан их оройтдог юм хаагуур дэмий тэнээд” гэж байдаг юм. Бурхан багшийн сургаалтай дүйчүүлэн бодоход үнэхээрийн ээжийгээ ойлгож чадах юм бол бусдыг ойлгож, хайрлах сэтгэл амархан ирж мэдэх юм байна шүү дээ гэдэг ийм сэтгэл төрөөд байдаг юм. Тийм учраас бид амьд байхад нь баярлуулж сэтгэлийг нь хангалуун миний хүү, миний охин болж явна даа гэх тэр сэтгэлд ээжийнхээ ачийг хариулах хамгийн дээд юм уу даа гэж боддог.

Өнгөрснөөс нь хойш ээж, аавынхаа нэрийг гаргаж муу муухайгаар дуудуулахгүй, биеэ барьж, зөв сайхан амьдарч, үр хүүхэд гэр орноо сайхан авч явж, хийж байгаа ажлаа сайхан хийх, улс орныхоо тусгаар аюулгүй байдалд  элдэв зүйлд хохирол учруулахгүй сайхан байгаа нь энэ бол бодож явах ёстой л үйл. Тийм учир аав ээжийн ачийг хариулна гэдэг хамгийн утга учиртай юу гэхээр бид зөв явах, бид боловсролтой мэдлэгтэй, ажилдаа зүтгэлтэй дүүрэн сайхан хийдэг, амьдралдаа аригч хямагч, гэр орноо дээш нь татаад, цэвэр цэмцгэр, үр хүүхэд нь боловсон сайхан хүмүүжээд ирэхээс илүү ээж аавын горьдох юм байхгүй ээ.

Хаврын салхи сэвэлзэж, намрын навчис хийсэхэд ижийгээ санадаг

Холын замаас Миний хүү гээд дуудах шиг сонсогддог

Өнчин гэгээвчний цаанаас инээмсэглэлийг нь мөрөөдөж

Өнө мөнхийн орчлонд уулзана даа гэж залбирдаг

Ээж бидэн хоёрын хайранд

Огторгуй мөнх чигээрээ орчлон мөнх унэнээрээ

Сэтгэлийн хүрээлэнд сайн санаа суулгаад

Сая живаа моддын үндэс тэнд ургаг

Эвийн салхиар навч нь сэрвэлзэг

Эрдэнэт амьдралыг баясалаар дүүргэе!

Энэрэл хайр саран мэт гийгүүлж

Эгшин бүрт  нь жаргал хурайлая!

 

Эх сурвалж: zms.mn