Б.ТУУЛ

Дэлхийн хөгжлийн чиг хандлага байшин барилгын өндрөөр хэмжигдэхээ болиод удаж байна. Өндөр хөгжилтэй улс орны хөгжил хиймэл оюун ухаан, робот технологийн хөгжлөөс даваад нано технологи, хорт хавдрын эмчилгээ, эд эрхтэн ургуулах, сансар судлал, сарнаас дээж авах, сэргээгдэх эрчим хүч, сэтгэц мэдрэлийн өвчнүүдийг эмчлэх зэрэг хүний ухаанд төсөөлөгдөөгүй бүхэн рүү чиглэж байна. Харин бид энэ бүхний араас хөгжих гэж хичээж байна. Ямартай ч улс орны хөгжил уул уурхай, газрын баялаг алт зэс бус хүний оюун ухаан хийгээд мэдлэг дээр суурилж хөгждөг юм байна гэсэн гарц гаргалгаан дор “Мэдлэгийг баялаг болгох” арга туршлагад бид салбар бүртээ суралцаж байна. Энэ ажлын хүрээнд манай улс одоогоос 10 гаруй жилийн өмнө боловсролын салбартаа томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Үүний нэг нь их дээд сургуулийг судалгааны сургууль болгох, их сургуулийн багш нар хичээл заахаас илүүтэй мэдлэгийг хөгжүүлж судалгаа хийх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах  ажил байсан билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр хөгжлийн замдаа шуударч дэлхийн 10 гаруй оронд амжилттай хэрэгжсэн “UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” сургалтын манай улсад анх удаа зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Монголд ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд зохион байгуулж байна. Тиймээс сургалтад хамрагдаж буй залуус “Дэлхийн хөгжил мэдлэгийг баялаг болгох ухаан, инновацын хөгжлөөр тодорхойлогдож буй энэ үед мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийг өнгөлөх олон талт сургалт манай улсад элсэгчдээ хүлээж авсан нь ховорхон боломж юм. Учир нь, “Bootcamp” эрчимт сургалт бол тархин дахь мэдлэгийг мөнгө болгох сургалт. Энэ сургалтаар байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаачид, залуу энтрепренерүүдийг  чадавхжуулах, мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгох, шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа салбар дундын практик мэдлэгүүдийг богино хугацаанд заадгаараа онцлог” гэдгийг хэлж байна.

Энэ удаагийн сургалтад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, шинжлэх ухааны парк, нийслэлийн инновац бодлогын газар, хувийн хэвшлийн байгууллага зэрэг нийт 14 байгууллагын 50 гаруй судлаач шалгаруулалтад оролцож, байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын төлөөллөөс бүрдсэн 30 залуу сургалтад хамрагдах эрхээ авчээ.

 

Залуу судлаачид виртуал орчинд хөрш орнуудын арга туршлагаас суралцана

“Bootcamp in Mongolia-2024” сургалтын  үр дүнд эдгээр залуу судлаачид багт хувиарлагдан богино хугацаанд өөрсдийн бизнесийн загварыг боловсруулан, гарааны бизнесийг эхлүүлэх, санхүүжилтийг тооцоолох, гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцахын зэрэгцээ өөрсдийн төслөөрөө хэрхэн хөрөнгө оруулагчдыг татахад суралцаж, хөрш орнуудын лаборатори, нано технологийн бүтээгдэхүүнийг виртуалиар үзэж танилцах юм байна. Хөтөлбөрийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, “ET Cube International” Энтерпрёнершип Технологи дамжуулах төвийн захирал Surya Raghu, ЮНЕСКО Байгалийн шинжлэх ухаан судалгаа инновац инженерийн салбарын ахлах мэргэжилтэн Zhao Jing, Минданогийн их сургуулийн Лиган технологийн институтийн физикийн профессор Jinky Bornales, МУИС-ийн Ректор Д.Бадарч, МУИС-ийн Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал, Ректорын ажлын албаны дарга Н.Баатарбилэг, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох,  МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн  Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, Шинжлэх ухааны паркийн  гүйцэтгэх захирал Б.Амарсанаа нар оролцсон юм.

Энэ үеэр залуу судлаачдад холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултаа асуух боломжийг олгосон нь одоо сурч буй болон  судалгаа хийж буй, бизнесийн санаагаа эргэлтэд оруулах боломжийг илэрхийлсэн залууст мэдлэг мэдээлэл өгсөн чухал хором байлаа. Залуучуудын олонх нь шинэ залуу судлаачдыг төр засгаас дэмжих бодлого, шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд нано технологи, биоанагаахын инженер зэрэг орчин үеийн эрэлтттэй мэргэжлээр суралцаад ирсэн тохиолдолд Монгол дахь ажлын байрны боломж хэр байдаг вэ зэрэг чөлөөт ярилцлагыг өрнүүлж, хэрэгтэй мэдээллээ олж авсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7310)