Х.Хатан 

Цахим залилангийн эсрэг Дансаа бүү ашиглуул аяны хүрээнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр Баримт нэн тэргүүнд сүлжээний редакцуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. 


Тус хөтөлбөр нь цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт өгөх чиглэлээр контент бэлтгэж гурван сарын турш олон нийтэд хүргэх зорилготой юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт есөн редакц сэтгүүл зүйн бүтээлийн санаагаа ирүүлснээс гурван редакцыг шалгаруулж, тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Сүлжээний гишүүн орон нутгийн редакцуудын 50 хувь нь тус тэтгэлгийн уралдаанд саналаа ирүүлсэн ба Дорнод дата хэвлэл мэдээллийн байгууллага тэтгэлэгт шалгарсан нь онцлог юм. Мөн анализ мэдээллийн itoim болон залуусын дуу хоолой ub.life сайт шилдгээр шалгарч тэтгэлгээ гардаж авлаа. 


Тэтгэлгийн шалгаруулалтыг зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг ажиллаж шүүсэн байна. Шалгарсан редакцуудын бүтээлийн санал өөр өөрсдийн гэсэн онцлогтой байсан ба тухайлбал Дорнод дата редакцын хувьд өмнө нь цахим залилангийн эсрэг контентууд бүтээж, аймгийнхаа цагдаагийн газартай хамтран түгээж байжээ. Үүний үр дүнд телеграм платформоор дамжин үйлдэгддэг нэг төрлийн цахим залилан энэ хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй байна. Ub.life сайтын хувьд залуу уншигчдад чиглэн ажилладгаараа онцлогтой ба энэ удаагийн тэтгэлэгт ирүүлсэн санал нь ч залуусын хамгийн их өртдөг онлайн дэлгүүрийн залиланг танихад чиглэсэн, залууусын сонирхлыг татах хэлбэр, хийцтэй контент бүтээхэд анхаарснаараа онцлогтой. Харин itoim.mn сайтын хувьд цахим залиланд өртсөн хохирогчидтой уулзаж, хор хөнөөлийг таниулаад зогсохгүй тус асуудлыг шийдвэрлэх олон улсын сайн туршлагыг судалж олон нийтэд түгээх, шийдэл санал болгож байснаараа онцлогтой байжээ. 


Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар энэхүү хамтын ажиллагааны талаар “Он гарсаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1/3-ийг залилан эзэлж, түүний 90 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Манай холбоо Монголын баримт шалгах төвтэй, мөн энэ мэргэжлийн, ёс зүйтэй редакцуудын нэгдэлтэй хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бид жил бүр цахим залилангаас сэргийлэх аян зохион байгуулж ирсэн. Энэ удаад редакцуудын мэргэжлийн нүдээр харж, бэлтгэх нийтлэл нэвтрүүлгүүдээр хүч нэмж байгаа тул үр нөлөө илүү байна гэдэгт найдаж байна” гэлээ. 
Баримт нэн тэргүүнд сүлжээ нь хуурамч мэдээллийг бууруулж, бодит үнэн, бүрэн дүүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгод нэгдсэн, үндэсний хэмжээний мэргэжлийн редакцууд, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага болон хуулийн фирм зэрэг нэгдсэн бүтцээр ажилладаг сүлжээ юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 216 (7713)