С.УЯНГА

Хуульч Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Та АМНАТ-ын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан гэсэн. Ямар үндэслэл, шаардлага байна вэ? 
-Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга, Засгийн газрын "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёр дахь хавсралт нь Үндсэн хуулийн 4-5 зүйл заалтыг зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээллийг гаргалаа.  Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь байж болзошгүй гэж үзэж байна. 
Ашигт малтмалын тухай хууль болон Татварын ерөнхий хуулиар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын харилцааг зохицуулдаг. АМНАТ нь байгалийн баялаг ашигласны төлөө нэг удаа төлөх төлбөр бөгөөд татвар мөн. Гэтэл өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжоор ашигт малтмал ашиглах эрх бүхий этгээдийн нэг удаа төлдөг байсан АМНАТ-ыг ашиглах, худалдах, экспортлох, баяжуулах, баяжуулсныг мөн худалдах, экспортлох үе шат бүрд давхардуулан авдаг худалдааны татварын шинжтэй болгосон байна. 
АМНАТ-ыг төлөхдөө өмнө нь ашигт малтмал олборлогч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь худалдан авагч талтай байгуулсан гэрээний дагуу төлдөг байсныг жишиг үнэ хэмээх ойлголт оруулж ирэн, дэлхийн зах зээлийн үнэ гэх мэтээр Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газраас зохиосон буюу тогтоосон үнээр тооцон АМНАТ авч байгаа нь бодитой бус, зүй бус татвар болж, аж ахуйн нэгжүүд татварын өрөнд орох, хэвийн үйл ажиллагаа нь доголдох зэрэг маш олон сөрөг үр дагаврууд үүсэж байна. Эдгээр нь байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт, зорилго, агуулга, түүнчлэн хууль дээдлэх зарчим болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчиж байна. 
Үндсэн  хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “ ... Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийг дээдлэх нь энэхүү үндсэн зарчмын хэрэгжих үндэс мөн. Гэтэл Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэлт гарсан хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх ёстой УИХ нь нийцүүлэлгүйгээр, үг үсгийг нь солих төдийгөөр эргүүлэн баталж байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагийн хамгийн тод илрэл гэж үзэж байна. Угаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмал, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай хоёр ч тогтоол хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 


-Хүчин төгөлдөр байгаа цэцийн тогтоолд юу гэж тусгасан юм бол. Тэгэхээр парламент цэцийн шийдвэрийг хүлээж аваагүй гэсэн үг үү? 
-Цэц тогтоолдоо ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна. Иймд Ашигт малтмалын хуулийн  “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь АМНАТ төлөгч байх ба АМНАТ-ыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн зохицуулалт нь Үндсэн хуулийн “Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэснийг мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь бүхэлдээ цэцийн дүгнэлтэд дурдсан үндэслэл, агуулгыг илтэд үл тоомсорлож, Үндсэн хууль  зөрчсөн нь тогтоогдсон утга агуулгыг тэр хэвээр нь үлдээж төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын хуулийн  “Худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд”-ээс АМНАТ тооцож авах нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг засахдаа “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулжээ. Энд агуулгын өөрчлөлт ороогүй, монгол үгийг гадаадаар сольсон төдий бөгөөд өнөөдөр ч баяжуулах үйлдвэрүүд АМНАТ-ын зүй бус татварын өрөнд орсон хэвээр байна. Энэ жишгээр бол цаашид цэцийн аливаа шийдвэрийг үл тоомсорлож, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон шийдвэрээ хэлбэрийн хувьд өөрчлөн, агуулгын хувьд дахин хэвээр үлдээдэг байж боломгүй үйлдэл хэвийн болон төлөвших нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Тиймээс л Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан дүгнэлтэд нийцүүлэн хүчингүй болгох талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялаг буюу төрийн нийтийн өмчийг хувийн болгон авч байгаа этгээд төлбөр төлөх боловч нэгэнт төлбөрийг нь төлөн өөрийн болгосон зүйлээ цаашид эдийн засгийн дараа дараагийн эргэлт, дамжлага руу оруулахад төрд төлбөр төлөх ёсгүй.


-Үйлдвэрлэл эрхлэгчид АМНАТ-ын их хэмжээний өрөнд орсноос цөөнгүй нь хаалгаа барилаа гэсэн. Тодорхой гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ? 
-Ашигт малтмал ашиглах ойлголтыг тийнхүү өргөн утгаар буюу Үндсэн хуультай зөрчилдсөн байдлаар томьёолсноос болоод Монгол Улс үйлдвэрлэл, тэр дундаа хүнд үйлдвэрийг хөгжүүлэхийг хориглосонтой адил үйлчилж, үйлдвэрлэл, борлуулалтын шат бүр дээр давхар, дахин бодогдож буй АМНАТ-ын дарамтыг даахгүйн улмаас зөвхөн түүхийгээр нь хямд үнээр экспортлохоос өөр аргагүйд хүргээд байна. 2019 оноос хойш баяжуулах үйлдвэрүүд АМНАТ-ын өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоож, үлдсэн цөөн хэд нь шүүхийн хаалга сахин, татварын маргаантай байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Монросцветмет зэрэг төрийн өмчийн томоохон компаниуд ч зүй бус АМНАТ-ын өрөнд орж, хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ шинэчлэх, ногдол ашиг тараах боломжгүй болсон. Угтаа АМНАТ-ын зүй бус зохицуулалт байгаагүй бол Ирээдүйн өв сангийн тухай хуулиар ногдол ашиг хуримтлагдах боломжтой байсан нь харагддаг. Ирээдүйн өв санд төрийн өмчийн ногдол ашгийг төвлөрүүлэхгүйн тулд, магадгүй төсвийн цоорхойг нөхөх зорилгоор АМНАТ-ын зүй бус зохицуулалтыг хийсэн гэж үзэж болохоор байгаа юм. Энэ байдал нь Үндэсний баялгийн санд хуримтлуулах тухай Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн заалт хэрэгжихгүй байна гэж үзэх бүрэн үндэстэй. Хууль тогтоогч АМНАТ татварыг тогтоохдоо борлуулалтын үнэлгээний үндэслэл, олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, зах зээлийн үнийн эх сурвалжийг харгалзан тогтоожээ. 


-Тэгвэл манайхтай ижил төстэй бусад улс оронд ямар жишгээр тооцдог вэ?
-Олон улсын жишиг үнэ тогтоодог бирж гэж ойлголт дэлхий даяар байхгүй. Энэ нь талуудын гэрээний чөлөөт байдалд хамаарна. Олон улсад уул уурхайн, эсвэл  тодорхой металлын биржүүд байх боловч түүнийг жишиг үнэ тогтоодог бирж гэж үздэггүй. Биржийн үнэ гэдэг нь аль боомт, агуулах дээр ямар чанарын бараа, хэр хэмжээтэй байгаагаа зарлаж, худалдаа хийдэг платформууд бөгөөд худалдаа бүр тухайлсан өөр өөрийн үнэтэй. Мэдээж худалдаа эрхлэгчдэд баримжаа олгохын тулд дундаж үнэ, ирээдүйд таамаглаж болох үнэ зэргийг гаргадаг болохоос энэ нь хууль тогтоомж биш. Тэр тусмаа татвар ногдуулах үндэслэл огт биш. Дэлхий дээр бүх улс орон татвар авдаг боловч хэнд ч биржийн үнийн дүнгээс дундажлан тооцож татвар ногдуулдаггүй. Зөвхөн гэрээ, орлогын баримтыг үндэслэн татвар ногдуулдаг. Монголын уул уурхайн биржийн тухай хуулиар ч өнгөрсөн сард худалдсан нүүрсний дундаж үнээр өнөөдөр худалдаа хийх тухай зохицуулалт байхгүй, тухайн өдрийн эрэлт нийлүүлэлтээс хамааран шударга үнэ тогтоохоор байдаг. 
Манай улсад зах зээлийн үнэ ханшийг мэдээлдэг албан ёсны байгууллага бий.  Үндэсний статистикийн хорооноос өдөр, долоо хоног, сар бүр зах зээлийн үнийн судалгааг гаргаж нийтэд мэдээлдэг. Улаанбаатар хотын Номин их дэлгүүрт өнгөрсөн онд нэг кг мах 20 мянган төгрөгөөр зарагдсан гэдэг мэдээ гаргасан гэж үзье. Мэдээж Номин их дэлгүүрт ангилж ялгасан, сайн чанарын, ууталж савласан, магадгүй жижиглэж хэрчсэн мах зарж байгаа болов уу. Үүнийг үндэслэн орон даяар махны татварыг тооцно гэж байхгүй. Ховд аймгийн малчны хотон дахь малын үнийг тогтоохдоо тээврийн зардал, ченжийн ашиг, үйлдвэрлэх зардлыг тооцож тогтооно шүү дээ. Тэр тусмаа айл бүрийн малын мах ч өөр өөр үнэтэй, бэлчээрийн мах фермийн мах ч өөр. Гэтэл бүх айлаас Улаанбаатар хотын жишиг гэж үнэ гаргаад татвар авбал шударга ёсонд нийцэхгүй. 


Түүний нэг адил БНХАУ-ын sxcoal.com, indmin.com гэх мэдээллийн веб сайтыг үндэслэн БНХАУ-ын далайн боомт дээрх үнэ ханшийг үндэслэн Монголын хил нөхцөлөөр зарсан нүүрс болон хүдэр, баяжмалын үнийг тогтоож, хэт өндөр АМНАТ тооцон авч байгаа нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Монголын нүүрс болон бусад хүдэр зэрэг нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт ормогцоо БНХАУ-ын импортын татвар, боомтын төлбөр, зам ашигласны төлбөр, орлогын татвар зэрэг БНХАУ-ын албан ёсны татвар хураамжуудаас гадна худалдааны компани, тээврийн компанийн зардал, ашгийг төлж тухайн нэрлэж буй боомт биржийн агуулахад хүрнэ. Гэтэл монгол дотроо гаргасан зардлаас гадна БНХАУ-д төлсөн татвар, зардал, тус улсын компаниудын ашиг зэргийг багтаасан үнэнээс тооцон татвар төлөх байж боломгүй, зүй бус татварын орчин үүсээд байгаа юм. 


-АМНАТ-ын асуудлыг шийдэхгүй бол цаашид ямар дүр зураг харагдаж байна вэ? 
-Хууль тогтоогчид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 14.1-Т “Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”,  14.2-т “Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ” гэж зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчимд нийцүүлэн зохицуулсан байтлаа АМНАТ авах үндэсний аж ахуйн нэгжүүдээсээ олон улсын биржийн гэх үнээр жишиг тооцож хэт өндөр татвар авах зохицуулалт хийх нь  Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хуулиар хаана ч байхгүй, хууль зүйн бус нэр томьёонуудыг зохион гарган ирсэн нь Үндсэн хууль дээдлэх зарчим “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг зөрчсөн учраас хянаж өгөхийг хүсэж байгаа. Энэ мэтээр АМНАТ-ын зүй бус зохицуулалтууд нь Засгийн газрын “Алсын хараа -2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжих боломжгүй болгож байна. АМНАТ-ын зүй бус зохицуулалт энэ хэвээр үйлчилсээр байвал манай улс хөгжлийн бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлж чадахгүй, хүнд үйлдвэрийг хөгжүүлэхгүй, дотоод гадаадын хөрөнгө оруулалт орохгүй, үндэсний үйлдвэрүүд өргөжин тэлэхгүй, шинээр бий болохгүйд хүрнэ. 


АМНАТ нь зөвхөн хувийн хэвшилд ногддоггүй. Төрийн өмчийн, тэр тусмаа төсвийн дийлэнхийг бүрдүүлж байгаа Эрдэнэс таван толгой ТӨХК, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөг ХК зэрэг байгууллагууд АМНАТ-ын зүй бус татвар төлснөөр ногдол ашиг хуваарилах, өөрөө өөртөө хөрөнгө оруулах боломжгүй болж байна. Энэ нь Ирээдүйн өв сангийн тухай хуулиар хуримтлагдах ёстой хөрөнгө хуримтлагдалгүйгээр АМНАТ татвар нэрээр зөвхөн өнөөдөр зарцуулагдах төсөвт орж байна гэсэн үг юм. Хууль тогтоогч нэг гараараа ард түмнийхээ ирээдүйн баталгаатай байдлыг хангах хууль тогтоомж баталсан хэр нь нөгөө гараараа түүнийхээ хэрэгжилтийг үгүйсгэсэн хууль тогтоомж батлан хэрэгжүүлж байгаа нь Үндсэн хуулийн шударга ёсны, хууль дээдлэх зарчмыг мөн л зөрчиж байгаа хэрэг. Дээрх үндэслэлүүд бүгд  Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр буюу дүгнэлт тогтоолтой ижил бөгөөд, цэцийн өмнөх шийдвэрийг дэмжсэн агуулгатай юм. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 03 дүгнэлт, аравдугаар сарын 30-ны өдрийн тогтоолд дурдсанчлан “өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ-ыг төлдөг” байсныг ашигт малтмал экспортолсон этгээд хэмээн хэт өргөн хүрээнд томьёолсон нь Үндсэн хуульд заасан  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн эсэхийг хянаж өгөхийг хүссэн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)