С.УЯНГА

 

УУХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.

 

-Боловсролын зээлийн сангийн асуудлаар хамгийн анх шүгэл үлээж, олны анхаарлын төвд оруулж ирсэн. Багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр гарсан бэ?

-Боловсролын зээлийн сангийн асуудлыг гаргаж ирснээс хойш хагас жил гаруй өнгөрсөн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эргэн төлөлт сайжирсан. Харин өнгөрсөн оны эцсийг харвал 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөг төлөгдсөн байна. Гэхдээ анализ хийгээд үзвэл энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Уг нь нийтдээ 100 сая ам.доллар буюу 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос ердөө дөрвөн тэрбум төгрөг л төвлөрсөн байх жишээтэй. Нийт зээлийн хоёр хүрэхгүй хувь шүү дээ.

Боловсролын зээлийн сангаас дотоод болон гадаад гэсэн төрлийн зээл гарч байгаа. Монголынхоо их, дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд 500 мянган төгрөгөөс хамгийн дээд тал нь найман сая төгрөгийн зээл олгодог. Харин гадаадад сурч байгаа хүүхдүүдэд 100-600 сая хүртэлх зээл авах эрх нээлттэй байсан. Энэ хоёр хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байгаа биз.

 Хамгийн гол нь манай Боловсролын зээлийн сангийнхан дотоодынхоо буюу өнөөх дээд хязгаар нь найман сая төгрөгөө дипломыг нь барьцаалж, Монголбанкны хар жагсаалтад оруулна гэж сүрдүүлж байгаад төлүүлчихдэг хэрнээ гадагшаа хэдэн зуун саяар нь зээл аваад явсан хүмүүсээ зүгээр л орхидог. Төрийн их хэмжээний мөнгийг зээлээд сургуульд сурахдаа эх орондоо ирсэн эсэх ямар ч хамаагүй. Яг үнэндээ хэдэн зуун мянга, хамгийн ихдээ найман сая төгрөгийн зээлийг хэн авдаг вэ гэвэл энгийн маниус л чадвал авна. Гол нь татвар төлөгчдийн мөнгийг төлүүлэхийн тулд яагаад адилхан араас нь хөөцөлддөггүй, бүгдээс нь эрх тэгш хариуцлага нэхэхгүй байгаа юм гэдэг их сонин. Дэндүү шударга бус байна.

-Боловсролын багц хуулиар ямар нэг шинэчлэл хийгдсэн үү?

- Боловсролын багц хуулиар Их дээд сургуулийн санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг хүчингүй болгосон. Тодруулбал, боловсролын зээлийг тэглэх боломжгүй болсон гэсэн үг. Цаашид тэглэх боломжгүй болсон ч өмнөх эргэн төлөлт, хууль бус үйлдлүүдийг зүгээр орхиж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг заавал эргэн төлүүлэх, илүү шударга, эрх тэгш болгох ёстой. Тиймээс энэ байр сууринаасаа буцахгүй.

-АТГ бас боловсролын зээлийн сангийн олголт хууль бус байна гэдгийг мэдэгдсэн ч үр дүн тааруу байна. Ер нь цаашид ямар шийдэл байх вэ. Багагүй хугацаанд судалсан хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Боловсролын зээлийн сангийн тэглэлт, сайд нарын тушаал хууль бус гэдгийг АТГ мэдээлсэн. Шалгаж байгаа биз дээ. Удахгүй үр дүн гарах байх гэж найдаж байна.

Боловсролын зээлийн сан энэ хэвээрээ байх уу, цаашид ямар хэлбэрээр авч явах вэ гэдэгт хэн нэгнийг чичлэхээс илүү бодитой шийдэл хэрэгтэй. Боловсролын зээлийн сан бол ард түмэнд хэрэгтэй, үр хүүхэд ирээдүй хойчийн боловсролд төрөөс оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг байгалийн баялгийн шударга хуваарилалттай уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаас маш их мөнгө орж ирснийг энэ их хулгайны дараа ойлголоо. Нийтийн сонсголоос зарцуулалт ямар шударга бус байсныг бүгд харлаа. Гэтэл байгалийн баялаг хэмээх ард түмний өмчийг  ноогдол ашгаас гадна боловсрол, эрүүл мэндийн салбарт тодорхой хувийг нь хөрөнгө оруулж байж баялгийн өгөөж ард түмэнд шударга, хүртээмжтэй очиж  чадна. Өөрөөр хэлбэл, боловсролын зээлийн сангийн ирээдүй бол байгалийн баялгаас боловсролоор дамжиж хийх хөрөнгө оруулалтын механизмыг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Энэ боломжийг ашиглаж боловсролын томоохон шинэчлэлийг хийх хэрэгтэй.

Байгалийн баялгийн өгөөжөөс боловсролын хөрөнгө оруулалтыг хийхийн тулд цогц сан бий болгож, түүгээр дамжуулж шударга хуваарилах ёстой. Сангийн хөгжил зөвхөн төсвөөс биш байгалийн баялгаас хуримтлал байдлаар орж болно. Энэ сангаар дамжуулж боловсролын тэтгэлэг, зээл хэлбэрээр олгох буюу үндсэндээ баялгийн шударга хуваарилалтыг боловсролоор дамжуулж хийж буй томоохон хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн байгалийн баялгаас нэг талдаа урсах биш эргэн төлөгддөг, дараагийн боломжийг бий болгодог өргөн сувагтай байх нь зүйтэй. Түүнээс биш одоогийнх шиг төсвөөс мөнгө аваад ор сураггүй алга болдог байдлыг халах зайлшгүй шаардлагатай. АНУ, Англи, Япон, Германд яг ийм зарчмаар боловсролдоо тэтгэлэг, зээл аль ч хэлбэрээр хөрөнгө оруулдаг нь үр дүнгээ өгдөг.

-Өнөөгийн хариуцлагын механизмыг харвал Монголдоо цөөн хэдэн төгрөгийн зээлээр сурсан нь дипломоо хураалгаж байгаад төлбөрөө төлж байна. Гэтэл 500-600 сая төгрөг авчихаад алга болчихдог. Араас нь ч хөөцөлддөггүй нь ил боллоо. Хариуцлагын хөшүүргийг яах ёстой юм бол?

-Гадаадад сурчихаад эх орондоо эргэж ирж ажиллах, амьдрах хөшүүрэг байх хэрэгтэй. Боловсролын зээл нь эх орондоо эргэж ирж тодорхой хэмжээнд тогтвортой ажиллаж үр дүн гаргасан тохиолдолд тэтгэлэг хэлбэрт шилждэг байж болно. Эргээд эх орондоо ирэхгүй бол зээл хэвээрээ байх, эсвэл хүү тооцогдох байдлаар эргэн төлөгдөж болно. Энэ мэтээр эргэн төлүүлэх нөхцлийг нь тодорхой болгох хэрэгтэй. Ингэж байж боловсролын зээлийн сангийн тогтолцоо бүтэн тойрог болно. Одоо бол хагас дутуу, гажуудсан. Жишээлбэл, нийгмийн даатгалаа хамгийн доод хэмжээгээр төлчихөөд олон жил эх орондоо ажилласан мэтээр зээлээ хаалгадаг байж болохгүй. Доод хэмжээ гэдэг чинь ажилгүй гэсэн үг биз дээ. Ийм амар хялбар аргаар зээлээ хаалгадаг, хариуцлага нэхдэггүй байдлыг зайлшгүй өөрчлөх ёстой.

-Байгалийн баялгийн хуваарилалтыг боловсролтой уялдуулахын тулд хууль эрх зүйн ямар өөрчлөлт хийх вэ. Ойрын үед ийм боломж байна уу?

-Үндэсний баялгийн сангийн хуулийг батлах ёстой. Энэ хуулийг батлах Үндсэн хуулийн шаардлага бий. Үндэсний баялгийн сангийн хуулиар байгалийн баялгийг ирээдүйдээ зориулж хадгалах, бүтээн байгуулалтын томоохон хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ дундаас хамгийн чухал нь хүний хөгжил рүү байгалийн баялгийнхаа үр өгөөжийг зарцуулах  юм. Хүний хөгжил рүү зайлшгүй зарцуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нь боловсролын цогц сангаараа дамждаг Сингапурын “Central providence fund” буюу хуримтлалын сангийн зарчмаар хөгжих зөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)