-Бөхчүүдийн эхнэр юу хэлэв-

Баатарын НЯМСҮРЭН

Монгол түмний бахархан дээдэлдэг өв соёлын нэг нь  үндэсний бөх билээ.  Спортын замналыг сонгосон хүн байнгын бэлтгэл сургуулилттай завгүй байдаг онцлогтой. Тэдний арын ажлыг нугалж, алдаа оноо амжилт бүхэнтэй нь хамт байдаг хүн бол гэргий нар нь. Тиймээс “Зууны мэдээ”  сонин цаг үед зүлэг ногоон дэвжээнд үнэн  хүчээр ард түмнээ цэнгүүлж буй хүчтэнүүдийн гэргий нарыг урьж ярилцлаа. Ховорхон тохиох хувь заяаны эздийн  туулж өнгөрүүлсэн түүх, чин сэтгэлээ элдэв маяггүй уудлан ярьсан сонирхолтой хариултыг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

 

Монгол Улсын заан Б.Батмөнхийн гэргий А.Ундармаа: Улсын зааны гэргий гэж дуудуулах сайхан

-Бөхийн гэргий байх нь аз жаргалыг мэдэрч, нөмөр нөөлөгт нь халгиж амьдардаг. Хань минь уран мэх, хүч чадал, тэсвэр тэвчээр шигээ амьдралдаа ханддаг.  Хүүхдүүд минь аавыгаа дуурайгаад спортод дуртай. Хүмүүс  “Улсын зааны гэргий” гэж дуудаж, хайрлан хүндлэхэд эерэг энергээр цэнэглэгддэг. Энэ үед ханиараа бахархаж, талархаг юм. Наадам болон бусад баяраар улсын заан цол, өсөж төрсөн нутаг, аавын алдраа дуудуулан  дэвээд гарч ирэхэд нь огшихгүй байхын аргагүй.  Би дэвжээнд ханьтайгаа хамт барилддаг. Давхад нь даваад,  унахад нь унана. Миний хань дахимдах мэхийг гаргууд хийдэг. Би барилдааныг нь үзэж суухдаа хурдан дахимдаасай гэж л боддог. Өрсөлдөгч бөхөө сугадаад тахимдвал найдвартай даваагаа ахиулдаг даа.   Зарим үед барилдааныг нь үзэхдээ өөрийн мэдэлгүй биеэ чангалаад суучихсан байдаг. Өндөр даваад барилдахыг нь харахаар бахархахгүй байхын аргагүй.

-Бидэнд мартахын аргагүй олон дурсамж бий. Сэтгэлд тод үлдсэн нь 2013 оны наадамд хань минь  Монгол Улсын заан цолоо  хүртсэн.  Энэ үед манайх гурав дахь охиноо өлгийдсөн.  Охин минь аавдаа цол нэмсэн гэж бид билэгшээдэг. Тэр жилийн улсын наадмаар ганцхан заан төрсөн нь хань минь байлаа.  Есөн хөлт цагаан тугаа дэвэн тойрч заан цолоо дуудуулахад нь бахархаж, огшсон. Бөх хүний гэр бүл байнга дэмждэг байх хэрэгтэй. Тухайлбал, зун бэлтгэлд гарсан үед нь гэр орны бүх ажлыг гэргий хүн хариуцна. Тиймээс сэтгэл санааг нь зовоогүй байхыг хичээдэг. Зөвхөн бэлтгэлдээ анхаарч, тав тухтай байлгахыг л хүсдэг.  Энэ нь амжилт гаргахад нь нөлөөлнө. Тамирчин хүмүүс цаг сайн барьдаг. Ер нь бөх хүний эхнэр цаг нартай ажил хийх боломжгүй. Гэхдээ л ханийнхаа зорилго мөрөөдлийг дэмжээд явах  сайхан.

 

Монгол Улсын харцага Т.Баасанхүүгийн гэргий Б.Амараа: Ханийгаа ойлгож сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг

-Үндэсний бөх нь монгол түмний өв соёл. Наадмаар би сандраад барилдааныг нь тогтож үзэж чаддаггүй. Наадмын бэлтгэлд гарсан үедээ завгүй байдаг. Бусад үед бол аав болон ханийн үүргээ сайн биелүүлдэг. Нөхөр минь ямар ч үед нэг зангаараа, цайлган, хүүхэд шиг зантай. Бид 2010 онд танилцаад 2012 онд гэр бүл болж байлаа. Увс аймгийн Тэс сумандаа хуримаа хийж, сайхан дурсамжийг бүтээсэн. Манай том охин 2012 онд мэндэлсэн. Тухайн үед би охиноо төрүүлэх гээд хөдөө байсан. Харин хань минь Өмнөговь аймагт очиж барилдаад аймгийн арслан болсон. Ханийгаа арслан болсныг сонсоод их баярлаж байснаа мартдаггүй. Үүнээс хойш тогтмол цолоо ахиулж байна. Ханийн минь цол авсан барилдаан бүр нь үнэ цэнтэй. Юутай ч зүйрлэмгүй баяр хөөртөй байдаг. Тамирчин хүний, тэр дундаа бөх хүний гэргий байна гэдэг ямар ч үед ханийгаа дээдэлж, ойлгох хэрэгтэй. Тэр хүн барилдахын тулд асар их хүч хөдөлмөр зарцуулж бэлтгэл сургуулилт хийдэг. Үүнийг нь ойлгож дэмжих нь чухал. Бөх хүн үргэлж сайн барилдаад түрүүлнэ гэж байхгүй. Энэ үед нь ханийгаа ойлгож сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг. Хүмүүс миний ханийг хүндлэх үед надад ч энэ хүндлэл ирэх нь сайхан санагддаг.

Монгол Улсын өсөх идэр, улам нэмэх начин Б.Эрдэнэхүүгийн гэргий Э.Мөнхзул: Улсын цолтны гэргий болсон өдөр ханийнхаа хажууд уйлах эрх олдсон

-Бөх хүний гэргий асар том хайр, хүндлэл, нөмөр түшиг дунд амьдардаг.  Ханийнхаа бэлтгэлийг хийлгэж ар гэртээ санаа зовохгүй амжилт гаргахыг нь хүлээж, дэмжиж сууна гэдэг эмэгтэй хүнээс их тэвчээр шаардах нь бий. Анх давааны мөнгөө аваад амттай юм авч идээд алхдаг байлаа.  Жаахан хүүхдүүд байхаасаа нэгнээ ойлгож, амьдралд суралцаж, амьдралын өгсөж уруудах аль ч цаг үед хажууд нь байж нэг хүн шиг болжээ. Бөх хүний гэргий гэхээсээ илүү, хүний хань түшиг тулгуур нь байх, үр хүүхдийнхээ сайн ээж, ханийнхаа сайн хань, сайн найз байх гэж  амьдралд суралцсаар л явна. Ханийнхаа барилдааныг үзэх ер нь хэцүү, гэргий хүн бүрт амаргүй байх. Миний хувьд ханийгаа аймгийн арслан, байх үед нь улсын цол авах гэж олон жил барилдаад 4, 5 ын даваанд унахыг нь хараад  нүдээ бүлцийтэл уйлдаг байлаа. Гэхдээ  тэр хүний сэтгэл минийхээс хэцүү байгаа учир гэртээ орж ирээд сэтгэлийг нь сэргээх ганц хүн нь би шүү дээ гэж бодоход  хариуцлага мэдрэгдэнэ. Учир нь хань минь айлын ганц хүү. Гэртээ ирэхэд нь инээгээд угтах, түүний хувьд бүх зүйл нь би шүү дээ гэх мэдрэмж хамгийн сайхан байдаг. Нэгэнт сонгосон замаар бартаа саад бэрхшээл байсан ч хамтдаа алхаж байна.

Улсын цолтны гэргий болсон өдөр, ханийнхаа хажууд сэтгэл тайвшраад уйлах эрх  олдсон наадам байлаа. Тамирчин хүний гэргий байх нь тэвчээр хатуужилтай байхаас гадна, сэтгэлийг нь амар амгалан байлгаж, бэлтгэл сургуулилалтыг нь сайн хийлгэх үүрэг хүлээдэг. Гэр бүлд минь бэрхшээл гарсан ч ханийнхаа сэтгэлийг зовоохгүй байж ухралгүй урагшаа алхах боломжийг тамирчин хүний гэргий л бүрдүүлж чаддаг. Хань маань улсын цолоо авч, цолоо баталсан он жилүүдтэй давхцаж  хоёр нуган үр маань мэндэлсэн. Хоёр сайхан хүү мэндэлсэнийг бурханы хишиг хэмээн залбирч явдаг. Манай гэр бүлийн, хамгийн дурсамж дүүрэн сайхан наадам. Монголчууд хүү төрж хүч нэмлээ  гэдэг. Хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй чухал зүйл бол гэр бүл, үр хүүхэд билээ.

 

Монгол Улсын начин Б.Түмэндэмбэрэлийн гэргий Т.Уугантуул: Ханийнхаа барилдааныг догдолж үздэг

-Бөх  хүн бяр чадалтай, хийморь сүлдтэй байхыг илтгэдэг.  Аавын хүүгийн л чаддаг, хөдөлмөрлөдөг спорт. Тийм  учраас бөх хүний гэргий болно гэдэг ховорхон тохиох аз завшаан. Эрийн хийморьтой, сүр сүлдтэй хүн хоймор дүүргэж, үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх нь сайхан. Бөхийн замналыг хань минь өөрөө сонгож, би гэргий хүний хувьд дэмжиж, тусалж явах шийдвэр гаргасан.  Ханийнхаа барилдааныг догдлол дүүрэн  үздэг дээ. Сайн барилдаасай гэж хүсдэг ч бэртэл гэмтэл  хол байгаасай гэж боддог юм.  Бид нэгнийгээ ойлгоод энэ спортын төлөө амьдралаа зориулж яваа. Тиймээс амьдралд тохиолдох жижиг асуудлыг  зохицуулж сурсан. Миний үүрэх ёстой ачаа гэж боддог. Бид хамтдаа  хичээж явна.  Ээж хүний хувьд  гурван сайхан хүүгээ төрүүлсэн үе  амьдралын хамгийн сайхан мөч. Одоо хөвгүүд минь том болсон учраас ээжтэйгээ хамт аавыгаа үзээд, дэмжиж суух нь цөөнгүй. Энэ нь амьдралын нэгэн амттай дурсамж болж үлдэнэ.

 

Аймгийн өсөх өрнөх начин Х.Мягмарсүрэнгийн гэргий Б.Лхамгүнд: Би ухаантай  эр хүний дэргэд ургах жамтай цэцэг

- Тамирчин хүний гэр бүл тэр дундаа бөх хүний гэргий байна гэдэг бахархалтай сайхан. Монгол түмэн  өв соёл, эрийн гурван наадам, уламжлалт баяртаа хүндлэлтэй ханддаг.  Хүн бүрийн зөөлөн харц, үг ерөөл бүрийг нь сайхан ханийнхаа гэргий болоод  их мэдэрсэн. Тиймээс тэр их хүндлэл итгэл найдварыг даах ухаанд бага багаар суралцах гэж хичээж байна. Ханьтайгаа гэр бүл болоод 10 жил болжээ. Түүнээс өмнө би МУИС-ийн Олон улсын сэтгүүлчээр төгсөөд аавынхаа ажлыг өвлөх зорилгоор бөхийн спортын судлаач бичээчээр хэсэг өөрийгөө сорьж суралцаж, ажилласан юм. Барилдаан бүрийн анализ хийдэг мөн өрсөлдөгчдөө гаргах тухайн тамирчин бүрийн сэтгэл зүйг нэлээд судалж байлаа. Байнга л барилдаанууд үзнэ. Гэтэл өөрөө бөх хүний гэргий болоод яагаад ч юм энэ спортыг судлах гэхээс илүүтэй зовлон жаргал бүх зүйлийн утга учир нь  мэдрэгдээд ирэхээр сэтгэл зүрхээрээ ойлгодог болчихдог юм билээ. Бөхчүүдийг хүчтэй унахад нь бэртэл гэмтэл авчих вий гэх мэт олон айдас мэдрэгдээд байдаг.

Эхнэр хүн бол ар гэрээ үр хүүхдээ чадхаараа тордож асарч хажуугаар нь хүсвэл ажил амжилтаа зохицуулаад явна даа.  Яг спортдоо амжилт гаргаад хажуугаар нь ажлаа хийгээд явдаг нөхөр шиг минь залуусыг аз хийморь нь ивээж, хүсэл бүрийнх нь оргилд хүрэх замыг нь үргэлж нээгээсэй гэж чин сэтгэлдээ хүсдэг. Учир нь хүн хоёр дахин хичээдэг бол ийм залуус хорь дахин зүтгэдэг.  Хань бид хоёр аав ээжээсээ цөөхүүлээ.  Тиймээс  хайраар дүүрэн гэр бүлээ зориод ирсэн үрсээ баяр хөөртэй өлгийдөн авдаг.  Манайх чинь гурван хүүхэдтэй. Тэд минь ой гаран насны зайтай  мэндэлсэн. Долоон жилийн хугацаанд үрсээ эрүүл өсгөхийг хичээсэн. Энэ үед ханиа барилдуулмаар санагдаж хэцүү байж билээ.  Яагаад гэвэл хань минь ар гэртээ санаа зовохгүй байх хэрэгтэй. Ганцаараа зөндөө л уйлсан.  Учир нь сайхан удам судартай хүн учраас амьдрал тэгширчихвэл амжилт маш ойрхон гэдгийг мэдэрдэг учир тэр л дээ. Ингээд хүүхдүүд минь ч овоо болж сүүлийн гурван жил яг хүсэл минь биелэх мэт.  Ханийн  амжилт нь бага багаар ойртоод хоёр ч удаа начин цолоо баталлаа. Яг л бүрхэг тэнгэр гийж дулаахан нар ээх шиг тийм амар амгалан гоё мэдрэмж.  Заримдаа хүмүүсээс  “Долоон жил алдчихлаа аль хэдийн улсын цолтон болох байсан” гэж хэлэх хатуу үг сонсож л байлаа.  Үнэн үг хатуу гэдэг дээ . Хүн бүрт өөрийн цаг хугацаа болон цойлох мөч гэж бий.  Тиймээс хань минь заавал аварга аав шигээ улсын цол хүртэх болно. Харин манай хүн энэ тал дээр их өвөрмөц бодолтой.  “Сайхан аав ээжийнхээ нэр алдарт сэв суулгахгүй жудаг чанартай барилдаж заал танхимдаа гарч ард түмэндээ үзэгдэж яваа минь надад чамламгүй том амжилт санагддаг” гэж хэлдэг юм.  Би ухаантай  эр хүний дэргэд ургах жамтай цэцэг гэж тодорхойлмоор байна.

Аймгийн начин Б.Лхамдоржийн гэргий Г.Анхзаяа: Тамирчин хүнд ар гэрийн дэмжлэг чухал

- Найр хурим, баяр ёслол, айлд орсон ч ханийг маань хүндэлж, дээшээ суулгаж бүхнээ барьдаг. Мэдээж том өв соёлыг тээж яваа нь хамгийн том бахархал. Бөхийн гэргий байна гэдэг бусад айлын эхнэрүүдээс хэд дахин  ачааллыг үүрдэг. Ар гэрийн бүх асуудал эхнэрийн нуруун дээр ирдэг дээ. Бөх хүн амжилтаа бодъё гэхээр ар гэр, амьдрал нь орхигдох гээд, ар гэрээ бодох гэхээр амжилт нь саарах гээд байдаг юм шүү дээ. Хослуулж  болдоггүй юм байна гэдгийг бид мэдэрсэн. Заавал аль нэгийг золиослох шаардлага тулгардаг.  Тиймээс ханийнхаа хүсэл мөрөөдлийг золиолслохгүйн тулд би ар гэрээ авч явахаар шийдсэн юм. Энэ асуудал бөхийн гэр бүл бүхэнд байгаа. Гэхдээ би энэ байдалд нэг ч удаа түүртэж байгаагүй. Аз жаргалтайгаар бүхнээ амжуулдаг. Учир нь би бөхийн эхнэр байх дуртай. Хань минь амжилттай сайн барилдахын тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Түүнийгээ сэтгэл амар бэлтгэлээ хийгээсэй гэж бүх зүйлд хариуцлагатай байхыг хичээдэг.

Наадамд хамт явахдаа ханийгаа  их өрөвддөг. Ялангуяа цол нэмэх боломжтой аймгийн наадамд  уначихаад ирэхэд нь өр эмтэрдэг дээ.  Хань минь бэлтгэлээс бусад үедээ  их тус болноо. Том хүүгээ төрүүлээд 10  хонож байхад хань бэлтгэлдээ гараад хүү бид хоёр   үлдэж байлаа. Тэр үед би өөрөө ч хүүхэд шахуу дөнгөж 20 настай байжээ.

Анх бид хоёр жижиг өрөө түрээсэлж хамт амьдардаг байсан.  Нэг удаа нөхөр маань бэлтгэлээ тараад ирэхэд нь хоол хийгээгүй байлаа. Бэлтгэлийн дараа хоол иднэ гэдгийг нь мэдэхгүйдээ тэр л дээ.  Орж ирээд л цүнхнээсээ хувцаснуудаа гаргаад хатаагчин дээр тохохоор нь “Угаачихаад ирсэн юм уу”  гэж асуусан. Гэтэл  “Хаана угаах билээ, хөлстэй нойтон хувцсаа хатаана шүү дээ” гэсэн. Яг тэр үед би сандраад хурдан хоол хийсэн. Тэгээд бэлтгэл хийж их хөлс,хөдөлмөр гаргадаг юм байна, бэлтгэлдээ яваад  нь ирэхэд нь дандаа хоол цайтай байлгах ёстой гэдгийг ойлгосон.  Үүнээс хойш хоолыг нь  унтахдаа бэлдэж тавиад, өглөө зургаан цагт  босож чанаад өгч явуулдаг. Тэр жилдээ хань минь жин  нэмж, бие бялдар нь  зузаарсан шүү. Тиймээс тамирчин хүнд дэмжлэг хамгийн чухал нь гэж боддог.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)