-Парис Хилтон хэрхэн дуулиан, хүчирхийллийг даван туулж, гэр бүлийн аз жаргалыг олж чадсан бэ-

З.БАТЦЭЦЭГ

 

2000-аад онд олон сая ам.долларын зочид буудлын эзэнт гүрний өв залгамжлагч Парис Хилтоны нэр дуулиан шуугианы гол дүр байдаг байв.  Үдэшлэг, тансаглал, дур булаам байдал нь түүнийг тодотгох гол шинж байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд П.Хилтон амандаа алтан халбагатай төрсөн "тэнэг шаргал үст"-ийн дүр төрхөөс татгалзаж эхэлжээ. Баян байх нь аз жаргалын баталгаа биш юм. “Лента.ру”-д алдартнуудын хүнд хэцүү хувь тавилангийн тухай цуврал материалууд нийтлэгддэг билээ. Парис Хилтон залуу насандаа хүчирхийлэлд өртөж, түүнд чиглэсэн харгис хэрцгий байдлыг хэрхэн даван туулж, гэр бүлийн аз жаргалыг олж авсан тухай өгүүлсэн байна.

2023 онд 42 настай жүжигчин, DJ, загвар өмсөгч, бизнес вүмэн Парис Хилтон ээж болсноо зарлаж, нэгдүгээр сард хүү, арваннэгдүгээр сард охинтой болжээ. Парисын хүү, охин хоёул тээгч эхийн ачаар мэндэлсэн бөгөөд түүний үйлчилгээ нь 125.000 ам.долларын үнэтэй байв. П.Хилтон өөрөө хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэрээ залуу насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас үүссэн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэйгээ холбон тайлбарласан байна.

П.Хилтон удаан бодсоны эцэст олон жилийн дараа ч  сэтгэлийн гэмтлийн үр дагаврыг мэдэрсэн хэвээр байгаа тул өөрөө хүүхэд тээж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэрбээр анх 15 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Эцэг эх нь охиноо хатуу хүмүүжүүлэхийг хичээсэн ч тэрбээр огт хяналтгүй өсч, сурахаас илүү загварлаг үдэшлэгийг илүүд үздэг байв. Түүгээр ч барахгүй Парис ангийнхантайгаа хөгжилдөхөөс залхаж байсан тул түүнийг 21 настай гэж батлах хуурамч үнэмлэх авчээ.

Ээлжит "насанд хүрэгчдийн" үдэшлэгийн үеэр охин хоёр балга дарс ууж, бараг тэр даруйдаа ухаан алджээ. Ухаан орсон хойноо өөрийг нь танихгүй залуу хүчирхийлж байна гэдгийг мэдсэн гэдэг. П.Хилтоны хэлснээр энэ бол түүний анхны бэлгийн харилцаа байсан юм.

Тэрбээр "Тэр миний дээр суугаад амыг минь таглаж, чихэнд минь "Чи унтаж байна, унтаж байна" гэж шивнэж байсныг би санадаг. Тэр залуу миний уух юманд юу хольсныг би мэдэхгүй" гэж дурсамж номондоо энэ явдлын талаар өгүүлжээ.

П.Хилтон байнга хичээлээ тасалдаг байсан тул эцэст нь нэр хүндтэй “Дуайт” хувийн сургуулиас хөөгджээ. Үүний дараа тэрбээр хэд хэдэн сургууль дамжсан боловч удаан хугацаагаар хаана ч тогтсонгүй. Хэт богино мини өмсөж, өдөөн хатгасан нүүр будалт хийлгэж, шөнийн цэнгээний газруудад ор сураггүй алга болж, үүр цайх үеэр гэртээ ирдэг байв. Охиных нь энэ үйлдэл эцэг эхийг нь гайхшруулжээ. Хатуу хориг, шийтгэлийн хяналтаас гарсан охиныгоо тэд зогсоож чадсангүй.

 

16 настай Парис охиныг өөр нэгэн сургуулиас хөөхөд эцэг эх нь түүнийг засан хүмүүжүүлэх зусланд, дараа нь Юта дахь Прово Каньоны сургуульд сургах шийдвэр гаргажээ. Энэхүү элит боловсролын байгууллагын үүрэг бол асуудалтай охидыг бие махбодийн хүнд хүчир хөдөлмөрөөр засч, туслах явдал байв. Түүний хувьд энэ нь гэнэтийн зүйл байсан бөгөөд тэнд байх хугацаандаа сэтгэл зүйн ноцтой гэмтэл авчээ.

П.Хилтон Провод өнгөрүүлсэн 11 сар нь түүний амьдралын хамгийн муухай үе байсан бөгөөд тухайн үеийн дээрэлхэлт одоог хүртэл зүүдлэгддэг тухай ярьсан байна. Дотуур байранд байхдаа П.Хилтон болон бусад охид сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд тогтмол өртдөг байв. Өглөөнөөс орой болтол багш нар тэднийг ямар нэгэн шалтгаанаар загнаж, шийтгэнэ гэж заналхийлж, гэрийхэнтэйгээ харилцахыг хориглодог байжээ. Өчүүхэн төдий зөрчлийн төлөө тэднийг тусгайлан хорьж, тайвшруулах эм өгдөг байж. П.Хилтон нэг удаа 20 цаг ганцаараа хоригдож байсан нь түүнийг түгшүүрт синдромтой болоход хүргэжээ. Гэхдээ түүний хувьд хамгийн муу зүйл бол эрэгтэй багш нарын тогтмол хийдэг хачирхалтай шөнийн шалгалт байв. “Шөнийн 3-4 цагийн үед намайг сэрээж бусад охидын хамт эмнэлгийн үзлэг хийдэг өрөө рүү явуулсан. Тэр хүмүүс нь эмч нар ч биш. Зарим ажилчид биднийг ширээн дээр суулгаад хуруугаа бидэн рүү хийдэг байсан... Тэд юу хийж байсныг би мэдэхгүй, гэхдээ мэдээж эмч биш байсан. Энэ нь үнэхээр аймшигтай байсан бөгөөд би олон жилийн турш эдгээр дурсамжуудаас зугтаж байна” гэжээ.

Дотуур байранд байхдаа П.Хилтон шоронд байгаа юм шиг санагдсан ч сэтгэлээр унахгүйг хичээж байв. Тэдгээр саруудад тэрбээр эрх чөлөөтэй болмогцоо амьдралаа хэрхэн өөрчлөх талаар байнга мөрөөддөг байжээ. Түүний хэлснээр яг тэр үед өөрийн дүр болох гиперсексуал Барбиг бүтээхээр шийдсэн бөгөөд тэрхүү дүр төрх нь түүнийг дэлхий даяар алдаршуулсан юм. П.Хилтон 18 нас хүрсний дараа л энэ сургуулиас явсан ажээ.

Гэртээ буцаж ирээд П.Хилтон загварын агентлагтай гэрээ байгуулж, дахин үдэшлэгт явж эхлэв. Энэ удаад тэрбээр өөрийн алдартай найзууд болох жүжигчин Линдсей Лохан, дуучин Бритни Спирс нартай хамт зугаацаж байлаа.

Удалгүй Холливудын продюссеруудын анхаарлыг татав. Түүнд "Энгийн амьдрал" реалити шоуны гол дүр болохыг санал болгосны дагуу тэрбээр найз Николь Ричийн хамт АНУ-ыг тойрон аялж, энгийн ажил хийж өөрсдийгөө туршиж үзжээ.

Энэхүү шоу нь 2003-2007 он хүртэл үргэлжилсэн бөгөөд маш амжилттай болсон юм. Дараа нь П.Хилтон кино урлагт хүч сорихоор шийджээ. Загвар өмсөгч, реалити шоуны оролцогчийн хувьд амжилт гаргасан ч жүжигчний карьер амжилтад хүргэсэнгүй. Түүний жүжигчний карьер дахь хамгийн том нь "Загварлаг ээж", "Лавын байшин" киноны туслах дүрүүд байв.

21 насны төрсөн өдрөөр

2012 онд тэрбээр анхны DJ хийж, хоёр жилийг энэ урлагт зориулсны эцэст хамгийн өндөр цалинтай эмэгтэй DJ болсон юм. The Guardian сэтгүүлд бичсэнээр Хилтон нэг DJ багц нэг сая ам.долларын үнэтэй байжээ. Нэмж дурдахад тэрбээр NRJ радио станцын шилдэг эмэгтэй DJ болсон юм. Мөн П.Хилтон үнэт эдлэл, цүнхний цуглуулга, сүрчигний цувралыг бий болгожээ. Үүнээс гадна “Club Paris” шөнийн клубын сүлжээтэй хамтран ажилладаг байсан боловч 2007 онд эзэн нь түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. Учир нь тэрбээр хэд хэдэн чухал уулзалтад ирээгүй байна.

Ингээд 2000-аад оны дундуур папараццичид түүнийг шууд мөрдөж,  элдэв үйл явдлын талаар мэдээлж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний мөрийтэй тоглоомонд донтсон, Бентли маркийн машинаа покер тоглоомонд алдаж, архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн мэдээлэл байнга цацагдах болжээ.

П.Хилтон донтсоныхоо улмаас хуулийн ноцтой асуудалтай ч тулгарсан. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр нэг бус удаа баривчилсан байдаг. Шүүхээс түүнд торгууль ногдуулж, 36 сарын туршилтын хугацаа оноосон ч, жилийн дараа энэ хугацаагаа зөрчсөн байна. Ингээд 2007 онд цагдаа нар Парисыг хурд хэтрүүлж, гэрлээ асаагаагүй машин жолоодсон хэргээр саатуулжээ. Тухайн үед түүний лицензийг цуцалсан хэвээр байсан тул шүүхээс түүнийг 45 хоног хорих шийдвэр гаргасан юм. Гэвч 23 хоног хоригдсоны эцэст хорих анги дүүрсэн тул гэрийн хорионд суллагджээ.

П.Хилтон хорихоос суллагдсаныхаа дараа “Can Can” үнэртэй усаа сурталчилж эхэлсэн бөгөөд алдартай телевизийн хөтлөгч Ларри Кингт ярилцлага өгсөн нь нэвтрүүлгийн рекордыг эвджээ. Гэсэн хэдий ч түүний өвөө, Хилтон зочид буудлын эзэнт гүрний эзэн ач охиныхоо хуультай холбоотой асуудлыг олж мэдээд түүнийг гэрээслэлээсээ нь хасч, 60 сая ам.долларын өвийг нь цуцалсан түүхтэй.

 

П.Хилтоны хувийн амьдрал ч үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн. Телевизийн од маань эрчүүдтэй харилцах харилцаанд дотуур байрны амьдрал ихээхэн нөлөөлсөн гэж мэдэгджээ. Тэрбээр хүчирхийллийг ердийн зүйл мэт хүлээж авч, яаж үгүй ​​гэж хэлэхээ мэддэггүй байсан тул дахин дахин хүчирхийлэлд өртсөөр байв.

2000-аад оны эхээр П.Хилтонг Леонардо Ди Каприотой үерхдэг гэсэн цуу тарав. Гэвч энэ яриа тэр даруйдаа зогссон юм. Гэхдээ тэрбээр "Терминатор" киноны од Эдвард Фурлонг, Памела Андерсоны хуучин нөхөр Рик Саломон нартай холбоотой гэдгээ үгүйсгээгүй. Садомонтой харилцах харилцаа нь нийгэмд маш их шуугиан дэгдээв. Тэрбээр 2004 онд Парисаас салаад гурван жилийн дараа  сексийн бичлэгээ П.Хилтоны зөвшөөрөлгүй зарсан юм. "Надад бүх зүйлийг ойлгоход нэг минут хэрэгтэй болсон. Би нүдээ аниад амьсгаа авав. Би бөөлжих гэж байгаа юм шиг санагдсан. Миний хувьд энэ нь санаанд багтамгүй байсан" гэж телевизийн од дурсамжиндаа бичжээ. Бичлэг хийх үед П.Хилтон дөнгөж 19 настай, Саломон 33 настай байсан юм. Тэдний хайр дурлалын тухай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байсан тул бичлэг тэр даруй дэлхий даяар шуугиан тарьсан нь гайхах зүйл биш юм. Үүний дараа Саломон түүнд сэтгэл зүйн дарамт үзүүлж, дахин сексийн бичлэг хийсэн байв. П.Хилтон “Энэ бичлэг түүнд миний нэр төр, ирээдүйгээс илүү үнэ цэнэтэй байсан. Дэлхий даяар намайг секс бэлгэ тэмдэг гэж боддог байсан. Гэвч хүмүүс энэ секс бичлэгийг хараад "янхан" гэх болсон” гэжээ.

Эротик зураг авалт нь олон нийтэд ил болсны дараа П.Хилтоныг янхан гэж доромжилох болжээ. Сексийн бичлэг цацагдсан нь Парисын хувьд ичгэвтэр зүйл хэмээн зарлаж, шар сонины нүүр, телевизийн хөтлөгч, хошин шогийн жүжигчдийн ёжтой хошигнол байнга сануулж байв. П.Хилтон ийм шударга бус явдалд эгдүүцэж, хэдэн долоо хоногийн турш хүмүүсээс, камераас нуугдаж, үйл явдал, зураг авалтаас татгалзаж байв. Энэхүү дуулиан нь түүний мөнгө, мэдрэл, гэр бүлд нь хүндээр туссан. П.Хилтон “Энэ нь миний болон миний гэр бүлийн хувьд маш том цохилт болсон. Би юу хийхээ мэдэхгүй, эцэг эхдээ яаж хэлэхээ ч мэдэхгүй байв. Мэдээллийн дараа ээжийн бие муудаж, аав өмгөөлөгчдийг дуудаж эхлэв. Хамгийн аймшигтай нь дүү нар маань харж байсан” гэж ярьжээ. Саломонтой тохиролцож чадаагүйнхээ дараа П.Хилтон шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хуучин амрагууд нь шүүхээс гадуур асуудлыг шийдэж чаджээ. Рик Парист 500 мянган ам.долларын нөхөн төлбөр болон видеоны борлуулалтын тодорхой хувийг төлөхийг зөвшөөрөв. Гэсэн хэдий ч 2006 онд телевизийн од хуучин найз залуугаасаа нэг ч цент аваагүй, бүх мөнгөө буяны ажилд зарцуулснаа мэдэгдсэн юм .

Энэхүү дуулиан шуугианаас салсан П.Хилтон ердийн амьдралын хэв маягтаа эргэн орж, реалити шоунд үргэлжлүүлэн тоглож, 2005 онд Грекийн магнат Парис Лацистай гэрлэхэд бэлэн болжээ. Хайрт нь түүнд 24 каратын алмаазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэсэн юм. Үнэ нь 4,7 сая доллар байв. Гэсэн хэдий ч ердөө таван сарын дараа үл мэдэгдэх шалтгаанаар сүйг цуцалсан байдаг.

Лацис Парисын анхны албан ёсны сүйт залуу биш байв. Тэрбээр 20 настайдаа анх гэрлэх санал тавьжээ. Түүний сонгосон хүн бол 28 настай загвар өмсөгч Жейсон Шоу байв. Гэсэн хэдий ч тэдний харилцаа клубын амьдралын шалгуурыг тэсвэрлэж чадаагүй тул хуримыг цуцалжээ. Ингээд 2010 онд тэд бие биедээ хоёр дахь боломж олгохыг оролдсон боловч эцэст нь дахин салж, найзууд хэвээр үлджээ.

 

Лацистай салсны дараа П.Хилтон удаан гашуудсангүй. 2005 онд тэрбээр Грекийн саятан Ставрос Ниарчосын хүүтэй үерхэж эхэлсэн. Тэд хоёр жилийн турш болзож, хосууд сүй тавьсан гэсэн цуу яриа гарч байсан ч хурим хийгээгүй. Хэвлэлд бичсэнээр П.Хилтоны ээж эсэргүүцэж байсан ажээ.

П.Хилтон 2013 онд дахин сүй тавьсан тухайгаа зарлав. Энэ удаад түүнээс 10 насаар дүү Испанийн загвар өмсөгч Ривер Випер байв. Тэр үед П.Хилтон анх удаа ярилцлага өгөхдөө эцэст нь гэр бүл, үр хүүхэдтэй болоход бэлэн гэдгээ хэлсэн бөгөөд Ривер түүний амьдралын хань болоход яг тохирох хүн гэжээ.

Хосууд салсан тухай албан ёсны мэдэгдэл хэвлэлээр гараагүй бөгөөд дөнгөж 2014 оны долдугаар сард папарацци нар Парис өөр загвар өмсөгч Жош Апшоутай үнсэлцэж буй зургийг авчээ.

П.Хилтон дахин 2018 оны нэгдүгээр гэрлэхэд бэлэн болжээ. Жүжигчин Крис Зилка түүнд гэрлэх санал тавьжээ. Тэрбээр “тийм” гэж хэлээд хоёр сая долларын бөгжийг эелдэгээр хүлээн авсан боловч дараа нь бүх зүйл ердийн хувилбарын дагуу болсон. Мөн оны арваннэгдүгээр сард Парис салж буйгаа даруухнаар зарлав.

П.Хилтонтой гэрлэж чадсан цорын ганц хүн бол бизнесмен Картер Реум байв. Тэд 2019 онд танилцаж, маш хурдан болзож эхэлсэн. Ингээд 2021 оны хоёрдугаар сард далайн эрэг дээр Реум гэрлэх санал тавьж, түүний хуруунд дахин том алмаазан шигтгээтэй сүйн бөгж гэрэлтэв. Энэ удаад П.Хилтон дахин зугтана гэдэгт бараг бүгд итгэлтэй байсан ч есөн сарын дараа хосууд гэрлэжээ.

Хуримын дараа хосууд тэр даруй хүүхдүүдийн талаар бодов. Реум эхнэрээ гайхалтай ээж болно гэж итгүүлсэн. Хурим хийснээс хойш хоёр жилийн дараа тэдний эцэг эх болох мөрөөдөл биелсэн юм.

 

Хувийн амьдралд нь гарсан өөрчлөлт, хүүхэдүүд нь П.Хилтоны амьдарлыг өөрчилсөн. 2009 онд тэрбээр "Энгийн амьдрал" реалити шоуны дараа өөрт нь наалдсан баян шаргал үст бүсгүйн дүр төрх зүгээр л нэг баг байсан бөгөөд үнэндээ өөрийгөө огт өөр хүн байсан гэж хэлж байв. Ингээд 2023 онд тэрбээр “Би цаг хугацаанаасаа үргэлж түрүүлж байсан. Би тэнэг шаргал үст биш, зүгээр л тийм дүр эсгэдэг” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд П.Хилтон гялгар дүрээсээ ангижрахыг оролдсон бөгөөд үүний тулд тэрбээр нялуун дуу хоолой, зан ааш, санаатай тэнэглэлээ орхисон юм. Түүний муухай зан, замбараагүй үдэшлэгүүд нь мөн л өнгөрсөнд үлдсэн.

Эх сурвалж: www.zms.mn