АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсад орогнол хүссэн буюу орогнол хүсэхээр хүлээж буй 200 мянга хүртэлх гадаадын иргэний бизнес, аяллын визийг цуцлах төлөвлөгөө боловсруулж байгаа талаар энэ сарын 24-нд Associated Press мэдээлжээ.
AP агентлаг уг мэдээллээ АНУ-ын Төрийн департаментын олж авсан баримт бичиг болон тус улсын хоёр албан тушаалтны мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Төлөвлөгөө хэрэгжвэл АНУ-ын түүхэн дэх нэг удаагийн хамгийн өргөн хүрээтэй виз цуцлалт болохыг AP онцолжээ.
Төрийн департамент ойрын хэдэн долоо хоногт 2016-2026 онд олгосон B1 болон B2 ангиллын визтэй, улмаар АНУ-д орогнол хүссэн эсвэл одоо хүсэж буй гадаадын иргэдийн визийг цуцлах талаар мэдэгдэх төлөвтэй байна. Уг арга хэмжээг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
B1 виз нь бизнесийн зорилгоор, B2 виз нь аялал жуулчлалын зорилгоор АНУ-д зорчиход олгогддог. Гэхдээ виз цуцлагдсан нь тухайн хүнийг шууд албадан гаргана гэсэн үг биш гэж АНУ-ын албан тушаалтнууд AP агентлагт тайлбарласан байна. Одоогоор орогнол хүссэн өргөдөл нь шийдэгдээгүй байгаа хүмүүсийн эрх зүйн статусыг өөрчлөх боловч бизнес, аяллын зорилгоор зорчих эрх нь цуцлагдах аж.
АНУ-ын Төрийн департамент энэ сарын эхээр Трампын засаг захиргаа гадаадын иргэдийн 175 мянга гаруй визийг цуцалсан талаар мэдээлсэн байна.
Төрийн департаментын дэд сайд Кристофер Ландау даваа гарагт X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ-ын цагаачлалын тогтолцоо “үндэслэлгүй орогнол хүсэлтүүдэд удаан хугацаанд дарагдсан” хэмээн мэдэгджээ.
Трампын засаг захиргаа цагаачлалын хяналтыг чангатгах бодлогыг үндэсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж тайлбарлаж байгаа бол хүний эрхийн байгууллагууд уг бодлого нь үг хэлэх эрх, хууль ёсны ажиллагааны зарчмыг зөрчиж, ялангуяа үндэстний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шүүмжилж байна.
Эх сурвалж: Associated Press, Reuters