К.АНУ
Японы Засгийн газар Украиныг дэмжих хүрээнд тус улсад зэвсэг нийлүүлэх боломжийг одоогоор хэлэлцэхгүй байгаа талаар Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара мэдэгдсэн байна. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Одоогоор Засгийн газар Украинд зэвсэг нийлүүлэх боломжийг авч үзэхгүй байна” гэж онцолсон гэж ТАСС агентлаг наймдугаар сарын 24-нд мэдээлжээ.
Украины Ерөнхий сайд Сергей Корецкий өмнө нь Японы Kyodo агентлагт өгсөн ярилцлагадаа Киев Японоос, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах системийн сөрөн баригч пуужин авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан Кихара Япон улс Украинд өмнө нь Батлан хамгаалах яам болон Өөрийгөө хамгаалах хүчний нөөцөөс хуягт хантааз, автомашин болон бусад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байсныг сануулжээ.
Тэрээр цаашид Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, Украины нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн сэргээн босголтын дэмжлэгийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 21-нд батлан хамгаалахын зориулалттай хэрэгслийг шилжүүлэхтэй холбоотой “гурван зарчим”-аа шинэчлэн баталсан. Ингэснээр Япон улс, тэр дундаа үхлийн аюултай зэвсэгт хамаарах цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг экспортлоход тавьж байсан зарим хязгаарлалтаа цуцалсан юм. Шинэ журмын дагуу байлдааны зориулалттай зэвсгийг ашиглах нөхцөл, цэргийн технологийн нууцлалыг хадгалах талаар Токиотой тохиролцсон улс орнуудад нийлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалжид дурдсанаар, Япон улс ийм төрлийн хэлэлцээрийг АНУ, Их Британи, Австрали, Энэтхэг, Филиппин, Франц, Герман, Малайз, Итали, Индонез, Вьетнам, Тайланд, Швед, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Монгол, Бангладеш зэрэг 17 улстай байгуулжээ.
Зэвсэг экспортлох шийдвэрийг Ерөнхий сайд болон холбогдох сайд нарын оролцоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргах бөгөөд шийдвэрийн талаар парламентад мэдээлэх юм. Гэхдээ ийм хэлцлийг хэрэгжүүлэхэд парламентын зөвшөөрөл заавал авах шаардлагагүй аж.
Гэсэн хэдий ч Япон улс бодлогын хүрээнд зэвсгийн экспортын боломжоо өргөжүүлсэн ч Украинд зэвсэг нийлүүлэх тухай шийдвэр одоогоор гаргаагүй байна гэж ТАСС агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.