З.ЦЭЦЭГ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны өмнөд талбайн налууг тэгшилж, зүлгийн гадаргууг одоо баригдаж буй боржин чулуун нисдэг тэрэгний талбайтай ижил түвшинд хүргэх томоохон төсөл эхлүүлснийг "Washington Post" сонин мэдээллийн эх сурвалжуудаас иш татан мэдээлээ.
Сонинд мэдээлснээр, барилгын ажилчид ирэх сард болох Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний айлчлалаас өмнө төслийг дуусгахын тулд зүлэгтэй талбайг ухаж, газрын түвшнийг өндөрлөх ажлыг шуурхай гүйцэтгэж байгаа аж. Ерөнхийлөгчийн тамга бүхий, 30 метрийн урттай боржин чулуун талбайг "Marine One" (Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг)-ийн шинэ үеийн хүнд даацын нисдэг тэрэгнүүдийг хүлээн авахаас гадна задгай агаарт ёслолын арга хэмжээ зохион байгуулахад ашиглахаар төлөвлөж байна.
Д.Трамп албан тушаалдаа орсныхоо дараа Цагаан ордонд алтан өнгөний чимэглэл нэмж, томоохон хэмжээний шинэчлэл хийж эхэлжээ. АНУ-ын удирдагчийн сонирхлыг татсан эртний эд зүйлсийг төрийн янз бүрийн байгууллагуудаас тус ордонд авчирсан байна. Ерөнхийлөгч шинэ бүжгийн танхим барихын тулд Зүүн жигүүрийн хэсгийг нураажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдээлснээр, уг төсөлд бөмбөгнөөс хамгаалах хоргодох байр, орчин үеийн эмнэлэг болон эмнэлгийн байгууламж, цэргийн нууц объект, пуужингаас хамгаалах байгууламж, дрон нэвтрэхээс сэргийлсэн тааз, дээвэр, мөн сум нэвтэрдэггүй шил зэрэг багтсан байна.
"Washington Post" сонины өмнө нь мэдээлснээр, Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр Цагаан ордныг шинэчлэн засварлахад дор хаяж 900 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: zms.mn