Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Г.Нарантунгалагийг урьж байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн асуудал түүний гарц гаргалгааны талаар ярилцлаа.

 

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ ИХ БАЙНА

 

-Манай улсын бүх салбарт хүний нөөцийн хомсдол бий болсон. Өөрөөр хэлбэл аль ч байгууллагад очиход “хүн олдохгүй, тогтохгүй байна” гэдэг асуудлыг ярьдаг.  Ялангуяа нарийн мэргэжлийн болон үйлчилгээний салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хангах боловсон хүчин хангалтгүй. Цөөн тохиолдолд инновац, технологийн шийдлийг бий болгосон, нийгэмд эзлэх байр суурь өндөртэй байгууллагууд хүмүүсийг ажиллуулж чадаж байна. Харин ажил нь хүнд, өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг газрууд хүмүүсийг татаж ажиллуулахдаа тааруухан байна.

Мөн залуус бакалаврын зэрэг эзэмшээд ажлын байран дээр гарах болон бүтэн цагийн ажил хийх сонирхолгүй болжээ. Тодруулбал, өнгөрсөн жил эдийн засаг, бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшин төгсөж буй 800 гаруй оюутнаас мэргэжлээрээ ажиллах эсэх талаар судалгаа авсан. Ингэхэд 40.6 хувь нь ажилд орно. Харин үлдсэн хэсэг нь гадаад, дотоодын их сургуульд үргэлжлүүлэн суралцана гэсэн байсан.  Гадаадад суралцана гэж буй нь залуус улсаа хөгжинө гэдэгт итгэлгүй байгаа бөгөөд боловсролоор дамжуулан тухайн улсдаа ажиллаж амьдрах сонирхолтой байна. Хуучин бол дөрвөн жил амжилттай суралцаж бакалаврын зэрэгтэй болж чадвал 40 жил хоолоо олж идэж чадна гэдэг байсан. Гэвч өнөөгийн нийгэмд энэ хангалтгүй болсон. Өөрөөр хэлбэл, бакалаврын зэрэг нь дээд боловсрол гэж ойлгодог байсан бол одоо магистр, докторын зэрэг эзэмшсэн хойноо ажлын байранд гарахыг чухалчилж, суралцах нь ихэссэн. Мөн өөрийн мэргэжлийн мэргэшсэн зэрэгт суралцах нь ихэссэн. Тодруулбал, Олон улсын төслийн удирдлага, олон улсын аудитын эрх, ментор болохоор суралцаж байна. Нэг үгээр салбартаа илүү үнэ цэнтэй болохын тулд суралцаж байна. Энэ нь хүний нөөцийн хомсдолд нөлөөлж буй нэг шалтгаан юм.

 

ЗӨӨЛӨН УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН ЧУХАЛ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА

 

-Цар тахал болон аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал эрин рүү шилжиж буйтай холбоотойгоор технологи хүний амьдралын салшгүй хэсэг болж байна. Үүнтэй холбоотойгоор орчин цагийн ажлын байрны нөхцөл өөрчлөгдөж хурдан суралцаж, дасан зохицох чадварыг шаардаж эхэлж байна. Тиймээс байгууллагууд одоо байгаа хүний нөөцдөө тулгуурлан технологийн шилжилт хийж, хувь хүний хөгжилд анхаарах хэрэгтэй. Үгүй бол маш олон хүн одоо байгаа ажлын байрандаа тэнцэхгүй болох эрсдэлтэй. Ажлын байранд мэргэжлийн ур чадварыг чухалчилдаг байсан бол одоо зөөлөн ур чадварыг чухал гэж үзэж байна. Нэг үгээр, сурсан ур чадвараараа амьдралыг шийдэх боломж хязгаарлагдмал болж цогц ур чадвартай ажилтан чухал болж байна. Тодруулбал, Хувьсан өөрчлөгдөж буй энэ үед аливаа зүйлийг хурдан сурах, бүтээлч сэтгэлгээ сайтай, асуудлыг хурдан шийдэж чаддаг хүмүүс үнэ цэнтэй болж эхэлж байна. Мөн  цахим болон биечлэн уулзалт хийх ур чадвартай, хүн хоорондын харилцааг зохицуулдаг ур чадвар нь хүний нөөцийн онцгой ур чадвар болж байна. Түүнчлэн ажлын байран дээр хүмүүсийн олон талт ялгаатай байдал, хүмүүсийг бүгдийг нь багтаах, хүртээмжтэй байлгах сэтгэл ханамжийг бүрдүүлэх нь чухал байна. Хүний бүтээлч сэтгэлгээ, оролцоо нь өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн үед гарч ирнэ гэдгийг байгууллагууд ойлгох нь чухал. Тиймээс ажлын байрны соёлд бүх хүнд хүртээмжтэй байдлыг бий болгож олон талт ялгаатай байдлыг яаж бүрдүүлэх, хүн өөрийнхөөрөө амьдрах боломжийг байгууллага дотроо бүрдүүлж дэмжих нь чухал.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГОДОО ШИНЭ БОЛОМЖ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЖ, АЖИЛЧДАА СУРГАХ НЬ ЧУХАЛ

 

Цар тахлын дараагаас хүний нөөцийг бусад санхүү, мөнгө зэрэг амьгүй нөөцөөс илүү гэдгийг мэдэрдэг болсон. Үүнийг дагаад дэлхий нийт болон Монголын байгууллагууд ажиллахад таатай байгууллага байхын төлөө, ажил амьдралынх нь тэнцвэрийг хангахын төлөө, хүний эрүүл мэнд, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахын төлөө бодлогуудыг хэрэгжүүлж байна. Бие сэтгэл нь эрүүл, байгууллагынхаа бүрэн эрхтэй гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үедээ хүн илүү инновац хийж, сайн суралцаж, хамтарч ажиллаж байна. Тиймээс байгууллагууд хүн төвтэй бодлогууд ихээр хийж байна.  Өөрөөр хэлбэл, ажлын байран дээрээ тасралтгүй суралцаж, хөгжиж, шинэ технологиудыг хурдан эзэмшсэнээр ажлын байрандаа тогтож үлдэх боломжтой болж байгаа юм. Ажил, суралцах хоёр тэнцүү утгатай юм гэдгийг ойлгож чадсан хүн үнэ цэнтэй ажилтан болно. Суралцахгүй бол боловсролын өрсөлдөөн дунд шахагдах магадлал ихтэй. Энэ нь боловсролын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, ур чадварын төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Мөн өнгөрсөн жил их дээд сургууль төгсөж буй оюутнуудаас ямар компанид ажилд орох вэ гэдэг судалгааг хийхэд ихэнх нь “Өсөж хөгжих боломжтой байгууллагад ажилд орно” гэсэн байсан.  Хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд байгууллагууд уян хатан байж дасан зохицож, суралцдаг орчин бий болгосноор хүмүүсийг татаж, хүний нөөцөө хангаж чадна. Тиймээс хүний нөөцийн бодлогодоо шинэ боломж дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, ажилчдаа сургах нь чухал. Судалгаагаар сургалт хөгжилдөө хөрөнгө оруулж буй компаниуд ажилтнаа тогтоож, үлдээж чадаж байна. Мөн байгууллагууд суралцахуйн шинэ арга барилыг бий болгож байна. Тухайлбал, их дээд сургууль, сургалтын төвд ажилчдаа сургахаас илүү байгууллага дотроо сургагч багшийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, байгууллага нэг ажилтан сургаж, сурсан хүн нь бусдадаа мэдлэгээ хуваалцах нь танхимын сургалтуудаас илүү үр дүнтэй байна. Нөгөө талдаа ажлын агуулгууд өөрчлөгдөж, шинэ сорилттой даалгавруудыг өгч байна. Ийм даалгавруудыг өгснөөр хүмүүс биеэ дааж суралцахад эергээр нөлөөлж байна. Энэ нь өөрчлөлтөд дасан зохицох, ирээдүйд бэлтгэж байгаа юм.

 

АЖЛЫН БАЙРНЫ УЯН ХАТАН НӨХЦЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

 

-Ажлын байрны орчны ирээдүйн чиг хандлага нь өөрчлөгдөж байна. Gig economy буюу хөдөлмөрийн чөлөөт зах зээл тэлж байна. Бүтэн цагийн уламжлалт ажлаас илүү цагийн ажил, бие даасан хөдөлмөр эрхлэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь хүний нөөцийн хомсдолын нэг шалтгаан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор байгууллагууд хагас цагийн ажлын байрыг бий болгож эхэлсэн. Бид хувийн хэвшлүүдийн ажлын байрны жендэрийн эрх тэгш байдлын судалгааг хийсэн. Ингэхэд хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотойгоор зарим мэргэжлийг зөвхөн эрчүүд, эмэгтэйчүүд хийх ёстой гэх хандлага их байгаа нь ажиглагдсан. Мөн хүйсээс шалтгаалан цалингийн үнэлэмж өөр байдаг. Эр, эм гэлтгүй жендэрийн тал дээр монголчууд бид төдийлөн мэдрэмжтэй байж чаддаггүй.

Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлд гүйцэтгэх үүрэг их байдаг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд хувийн карьераа хойш тавих магадлал их байдаг. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрчүүдийнхтэй харьцуулахад бага байдаг. Жишээлбэл, боловсрол эзэмшсэн хэр нь олон хүүхэдтэй ээжүүд ажил хийх боломжгүй байдаг. Гэвч нөгөө талдаа бүх салбар хүний нөөцийн хомсдолтой байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд байгууллагууд эмэгтэйчүүдэд зориулан уян хатан бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж бүтэн цагийн бус богино цагийн ажил хийлгэж нөөцөө бүрдүүлэх нь элбэг байна. Ажил хийх хүсэлтэй ахмад настан, ээжүүд, оюутнуудад зориулан цагийн уян хатан нөхцөлийг бий болгосноор хүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдэх боломжтой. Технологийн тусламжтайгаар буюу зайнаас ажиллах боломжийг бий болгосноор олон ээжүүд ажлын байраар хангагдсан сайн жишээнүүд байна. Мөн байршлын уян хатан нөхцлийг бий болгож хүний нөөцөө дагаж байршиж байгаа тохиолдол элбэг байна. Орон нутагт боловсон хүчин их байна гэж үзээд үйлдвэрээ орон нутагт байгуулан үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд ч бий. Байгууллага байршлаа хүмүүс рүүгээ ойртуулах боломжтой. Монгол улсад цаг уурын нөхцөл болон дундаж наслалт, цахим шилжилтээс шалтгаалан ахмадуудыг ажилд авдаггүй. Нөгөө талдаа ахмадуудыг оюуны хөдөлмөр эрхэлж буй тодорхой салбаруудад эдгээр хүмүүсийг урт удаан хугацаанд ажиллуулах нь түгээмэл. Төрийн албанд тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд шууд ажлаас нь халдаг. 60-с дээш насны ахмадын нөөцийг татах боломж бий. Эдгээр хүмүүс нь туршлага, мэдлэг сайтай байдаг.

Цар тахлын дараагаас хүний нөөцийг мөнгө, санхүү зэрэг амьгүй нөөцөөс илүү гэдгийг мэддэг болсон. Үүнийг дагаад дэлхий даяар ажиллахад таатай, амьдралынх нь таатай байдлыг хангахын төлөө бодлого боловсруулах нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагууд хүн төвтэй манлайллын бодлогууд руу шилжилт хийж манлайлал болон хүн төвтэй бодлогуудыг хийдэг. Энэ нь амжилттай ажиллах суурь болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)