Н.ЖАРГАЛМАА

Их Британий ерөнхий сайд Риши Сунак цагаачдын тоог цөөрүүлж, гэрээний ажилчдын цалингийн доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд барууны орнуудыг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэх болсон. Герман, Итали зэрэг орнууд цагаачлалын бодлогоо чангатгаж цагаачлал хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж багахан шүүмжлэл дагуулсан.

Олон тооны цагаачдыг хүлээн авах зохицуулалт нь Их Британид удаан хугацаанд дарамт үүсгэсээр ирсэн. Түүнчлэн энэ асуудал Европын холбооноос татгалзах болсон шалтгаанд зүй ёсоор багтдаг. Эрх баригч консерватив намынхан Сунакд шүүмжлэлтэй хандсаны дараагаар тэрбээр эргэн хяналтаа гартаа авахаар амласан юм. Гэвч санал асуулгаар сөрөг хүчин болох Хөдөлмөрийн нам тэргүүлсэн хэвээр байна.

Загсийн газраас гаргасан дээрх шийдвэрт бизнес эрхлэгчид болон үйлдвэрчний эвлэлүүд төдийлөн нааштай хандахгүй. Учир нь энэ шийдвэр нь сөрөг үр дагавар авчрах боломжтой гэжээ. Их Британид ажиллах хүчний хомсдол их тэр дундаа эмнэлэг эрүүл мэндийн салбар тэргүүлж байгаа ажээ. Өнгөрсөн сарын цагаачлалын тоо 2022 оны мөн үетэй харьцуулахад 745.000 давж дээд үзүүлэлтэд хүрсэн гэдгийг Их Британийн Дотоод хэргийн сайд Жеймс Клеверли мэдэгджээ. Мөн Их Британийг чиглэх цагаачдын урсгалын хувьд Энэтхэг, Нигери, Хятад зэрэг орнууд хамгийн өндөр хувийн эзлэжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх шийдвэр нь цагаачлал хүсэгчдийн тоог 300 мянга хүртэл бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа гэв.

Хууль бус цагаачлалтай тэмцсээр байгаа Риши Сунак “Цагаачлал хэтэрхий их байна. Үүнийг зогсоохын тулд бид эрс арга шийдэмгий арга хэмжээ авч байна” гэсэн юм. Дээрх шийдвэрт гадаадаас авах мэргэшсэн ажилчдын цалингийн доод хэмжээг 26.200-гаас 38.700 фунт стерлинг болгон өсгөхөөр тусгасан байна. Харин цагаачдын эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн хураамжыг 66 хувиар нэмэгдүүлж, гэр бүлийн виз мэдүүлгийн орлогын доод хэмжээг нэмэгдүүлэхээр тогтоожээ. Их Британи улс 2020 онд Европын холбооноос гарснаас хойш хөдөлмөрийн зах зээлд хатуу бодлого баримталсаар байсан юм. Аравдугаар сард засгийн газрын цагаачлалын асуудал эрхэлсэн хорооноос ажиллах хүчний хомсдол үүсэж буй мэргэжил, ажлын байруудад цагаачлалыг чиглүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Олон улсын ажиглагчид дээрх шийдвэрийг сайн талтай байж болох ч зарим судалгаанаас цагаачдын ажил эрхлэлтийн түвшин доогуур төдийлөн сайн байдаггүй зэрэг нь компанийн дарга нарын хувьд хүндхэн нөхцөл байдал байж болохыг онцолжээ. “UKHospitality” худалдааны байгууллагын гүйцэтгэх захирал Кейт Николлс "Эдгээр өөрчлөлтүүд нь үйлчилгээний байгууллагуудад тулгарч буй ажиллах хүчний хомсдлыг улам бууруулж эдийн засгийн нөөцийг хумих эрсдэлтэй” гэжээ. Үйлдвэрчний эвлэлүүд ч тус шийдвэрт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Эрүүл мэндийн салбарын хамгийн гол холбоо болох “UNISON”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристина МакАнеа “Одоо цагаачид илүү найрсаг улс орнуудыг чиглэх болно” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)