Базарбямбын НЯМСҮРЭН

 

2050 он гэхэд хүлэмжийн хийг гурав дахин бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зэрэг тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хуралдаж байгаа “COP28” уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал Дубай хотноо үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралдаанд 140 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнүүд хүрэлцэн ирж оролцож байна. Мөн томоохон үндэстэн дамнасан корпорациуд, банк болон бизнесийн салбарын төлөөлөл, байгаль орчны төлөөх хөдөлгөөнийхөн дуу хоолойгоо өргөж байгаа юм.

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийг ойлгодог, байгальд ээлтэй нийгмийг бий болгох боломжтой хэмээн хэтийн төлвөө зурсан байдаг.

Чуулганы эхний өдрүүдэд ирэх жилүүдэд байгаль орчныг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тусгай сангуудад хөрөнгө босгох, хамтын ажиллагааны санамж бичиг, тунхаглал зэрэг баримт бичгүүдийг байгуулахад голлон анхаарлаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг сайжруулах тунхаглалд 22 орны төрийн тэргүүн гарын үсэг зураад буй. Мөн чуулганд оролцсон банкуудын төлөөлөл тус тусын чиглэлээр санд хөрөнгө босгохоо илэрхийлэв. Тухайлбал, Дэлхийн банк 2025 оноос эхлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 40 тэрбум ам.доллар зарцуулахаа тус банкны тэргүүн мэдэгдлээ. Энэ нь өмнө төлөвлөж байснаас ес орчим тэрбум доллараар нэмэгдсэн тоо юм.

Жил бүр чуулдаг COP28 чуулганыг энэ жил Арабын нэгдсэн Эмират улс зохион байгуулж байна. Мөн энэ жилийн голлох сэдэв газрын тос, хатуу түлшний хэрэглээг хязгаарлах тухай байгаль орчны хөдөлгөөнийхөн эрчимтэй сануулан анхааруулах болсон нь ч тохиолдлын асуудал биш юм. Арабын ертөнцөд газрын тосны зохистой олборлолтыг бий болгох, байгаль орчинд нөлөөлөх асуудлыг боломжит байдлаар багасгах, чулуужсан түлшний үйлдвэрлэлийг багасгах, 2050 онд хүрэхээр төлөвлөсөн зорилтыг хангахад одооноос анхаарах зэрэг тодорхой шаардлагуудыг байгаль орчны төлөөх байгууллагууд тавьж буй юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шилжилтийг хурдасгаж, 2030 оноос өмнө хийн ялгаруулалтыг бууруулж, дэлхийн дулаарлыг 1.5°C  хэмд хязгаарлах тодорхой зорилт бий.

Жил бүр болдог дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаа хэмээн онцлон тэмдэглэдэг COP-д 140 гаруй орны төлөөлөгчдөөс хэн хэн ирсэн, ямар асуудлыг дэвшүүлсэн тухай тоймлон хүргэе.

 

Их Британийн хаан анх удаа олны өмнө үг хэллээ

 

Их Британийн төрийн тэргүүн III Чарльз хаан ширээнд сууснаасаа хойших анхны томоохон арга хэмжээнд оролцож, үг хэлсэн нь COP28 болж байна. Тэрбээр улс орны тэргүүнүүдэд хандан хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бодит аюул төдийгүй үүнд дэлхий нийтээр анхаарахыг уриалсан юм. III Чарльз хааны хувьд COP-ын чуулганд өмнө нь хоёр удаа оролцож байсан ч энэ удаад хааны титэмтэй, гүн хүндэтгэлтэй уригдсан байлаа. Мөн Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак чуулганд оролцож буй бөгөөд тус улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрсдлийн болон сэргээн засах санд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш баасан гарагт дэлхийн нийт дулаарлыг Цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилгыг тодорхойлохдоо тун ч өвөрмөц зүйрлэлийг хэлсэн юм. Тэрбээр, "Шөнө дунд болоход хэдхэн минут үлдсэн" хэмээн мэдэгдсэн нь “Бид байгаль орчны төлөө яаралтай арга хэмжээ авахгүй бол хэтэрхий оройтсон байх болно” хэмээн орчуулагдаж буй хэрэг. "Дэлхийн амин үзүүлэлтүүд унаж байна" хэмээн Антонио Гутерриш онцолллоо.

 

Ерөнхийлөгч Ж.Байден, Ши Жиньпин нар оролцоогүй

 

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден COP28-ын чуулганыг өнжиж, тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрис чуулганд оролцож үг хэлсэн. Түүний хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд 400 сая ам.долларын санхүүжилт өгөх боломжтойгоо мэдэгдэв.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиьпин өнгөрсөн сард АНУ-д айлчлах үеэрээ хоёр улсын ерөнхийлөгчид байгаль орчны төлөөх үйл ажиллагаанд хамтран ажиллахаа мэдэгдэж байсан.

Иорданы хаан Абдулла уур амьсгалын өөрчлөлтийг Газын зурваст үүсээд байгаа дайнаас салгах боломжгүй гэж мэдэгдлээ. Израйл Палестиний асуудал байгаль орчны төлөөх энх тайванч үйлдэлд саад болж байгааг тэрбээр онцлоод "Уур амьсгалын аюул нь дайны аюулыг нэмэгдүүлж байна" гэв.

Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто "Уур амьсгалын өөрчлөлт нь энэ цаг үеийг асуудлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх тухай гол зорилгыг бид заавал хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна хэмээн мэдэгдэв.

Тус хуралдаанд оролцохоо мэдэгдээд байсан Ромын пап Францис эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй болсон. Гэсэн ч тэрээр улс орны удирдагч нарт хандан захидал илгээсэн байлаа.

Захидлын агуулгад 2050 онд хүртэлх зорилтыг сануулахын зэрэгцээ Парисын хэлэлцээрт хүлээсэн 2030 он хүртэлх байгаль орчны төлөөх амлалтуудаа биелүүлэхийг уриалсан байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)