Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Ивановичийг урьсан юм. Тэрбээр УДБЭТ-ын 61 дэх улирлын нээлт болох “Кармен” дуурийг удирдахаар ирсэн юм.

 

-Та Монголд анх удаа ирэв үү. Манай улсад буухад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би Монгол руу ирэхийн тулд эхлээд Буриад руу очсон. Тэндээс автобусаар ирсэн юм. Хоёр улсын хилээр давахад нүд баясгам байгалийн үзэсгэлэн нь сэтгэл татсан. Мөн би өөрөө хэл их сонирхдог. Монгол үг, аялга надад нэг л ойр дотно юм шиг санагдаж байсан шүү. Мөн монголчууд их зочломтгой, найрсаг ард түмэн гэдэг нь эхний өдрөөс л мэдрэгдэж эхэлсэн. Танай сайхан орон надад үнэхээр их таалагдаж байна.

-Дуурийн бэлтгэл хэр хангагдаж байна. Дуучидтайгаа танилцаж амжсан уу?

-Бид долоо дахь хоногтоо бэлтгэлээ хангаж байна. Хэдийгээр хэлний бэрхшээл байгаа ч орчуулагчийн тусламжтайгаар ойлголцдог болсон. Монгол дуучид үнэхээр хоолойны цар хүрээ сайн, авьяаслаг, ур чадвартай гэдэг нь харагдаж байгаа. Харин нэг асуудал байгаа нь тогтчихсон школ. Гэхдээ энэ бол дуучдын буруу биш. Учир нь мэдээж танай театр өмнө нь олон удаа “Кармен” дуурийг тоглосон. Тиймээс нэг тавилтдаа дасчихсан дүр зураг ажиглагдаж байгаа ч бид үүнийг хамтдаа өөрчлөх болно. “Кармен” бол зүгээр нэг дуурь биш. Энэ бол дэлхийн сонгодог урлагийн охь, сор болсон шигшмэл бүтээл. Дэлхий дээр энэ дуурийг тавьдаггүй нэг театр ч байхгүй.Тиймээс “Кармен” дуурийг тавьж буй театр их болгоомжтой хандах ёстой. Хөгжмийн зохиолч Ж.Бизе юу хүсч энэ бүтээлийг бичсэн түүнийг нь бүрэн гарах хэрэгтэй. Магадгүй бид энэ хэвээр тоглож болно. Гэхдээ энэ чинь Монголын хэмжээнд л тоглолт болоод дуусна шүү дээ. Харин миний хувьд энэхүү саналыг хүлээж авахдаа “Кармен” дуурийг Европын түвшинд хүргэж удирдах зорилготой ирсэн.      

-Та Монголын театрт ирсэндээ харамсаагүй биз дээ?

-Үгүй дээ. Би хөгжмийн төлөө л ирсэн. Хөгжим бол бүх нийтийн хэл шүү дээ. Танай театрын дуучид үнэхээр гайхалтай. Миний нэг хэтийн зорилго бий. Тэр нь Монголын гурван дуучинг ОХУ-д дуулуулах. Би дуучдаа харж байна. Гэхдээ нэрийг нь зарлах хараахан болоогүй.

-Таныг хэн урьсан юм бэ. Монголд ирэх саналыг хүлээж авсан гол шалтгаан юу байв?

-Би их олон шавьтай. Тэдний нэг Т.Юндэн санал тавьсан юм. Тэрбээр “Та битгий татгалзаарай” гэж надаас хүссэн. Хариуд нь “Мэдээж би татгалзахгүй. Харин танай театрын дарга зөвшөөрөх юм уу” гэсэн яриа бид хоёрын хооронд өрнөсөн юм. Ингээд үр дүнд нь би танай театрт ирчихсэн, хоёулаа ярилцаад сууж байна. Т.Юндэнгийн багшаасаа хүссэн зүйл нь Монголын театрт байхгүй, дуучид нь мэдэхгүй зүйл байвал түүнийг нь зааж, мэдрүүлээсэй л гэж хүссэн. Тиймээс би шавьдаа хэлсэндээ хүрэх ёстой.

-Т.Юндэнд та их онцгой ханддаг бололтой?

-Тэр бол гайхалтай авьяастай залуу. Эхлээд өөр багш дээр хичээллэдэг байсан юм билээ. Харин жилийн дараа багшаа сольж, над дээр хичээллэх болсон. Тэр хэлэхдээ “Надад байхгүй зүйл танд байгаа учраас таны шавь болмоор байна” гэсэн юм. Миний хариуцсан ангид 15 хүүхэд бий. Тэднээс хамгийн сайн нь Т.Юндэн. Бусдын хоёр жилд сурдаг сургалтыг Юндэн хагас жилд л сурсан. Мэргэжилдээ бүх сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Тиймээс би шавиа өндрөөр үнэлдэг.

-Та хамгийн сүүлд хэзээ “Кармен” дуурийг дохисон бэ?

-Сүүлд 16 жилийн өмнө Ижевскийн Дуурь бүжгийн театрын ерөнхий удирдаач байхдаа энэ дуурийг дохисон. Хүний хувь тавилан гэж их сонин. Би удирдаач болоод хамгийн анх дохисон дуурь маань ч “Кармен” байлаа. Би энэ бүтээлд сэтгэл зүрх, амьдралаа зориулсан хүн. Өнөөдөр Монголын театрт ирэхдээ ч бас л энэ дуурийг дохиж байгаа нь хувь тавилан болов уу.

-Гайхалтай хувь тохиол юм. Энэ дуурийг дохих бүртээ та яг адилхан мэдрэмж авдаг уу, эсвэл...?

-Эсрэгээрээ тэс өөр мэдрэмж авдаг. Учир нь тавилт бүр дээр өөр театр, өөр дуучин, өөр оркестр намайг угтдаг. Мөн он жил өнгөрөх тусам Ж.Бизегийн хөгжим илүү үнэ цэнтэй болж байна. Дуурийн дүрүүд их сонирхолтой. Хоорондоо төстэй дүр гэж байхгүй. Жишээлбэл, Кармен бол их дэврүүн сэтгэлтэй, гал шиг дүрэлзсэн бүсгүй байтал Хозе их зовж, шаналсан өрөвдөлтэй дүр. Би энэ дуурийг дохих бүртээ эдгээр дүрүүдтэй хамт инээж, уярч, уйлж, шаналсаар ирсэн.

-“Кармен” дуурийн түүх хаанаас эхлэлтэй юм бэ. Ямар учраас дэлхийд ийм алдартай юм бол?

-“Кармен” дуурь нь Францын зохиолчийн бичсэн жижиг өгүүллэгээс эхэлсэн юм. Тухайн өгүүллэгт Хозе цыган эмэгтэйг хөнөөсөн тухай гардаг. Анх хэний ч сонирхож байгаагүй энэ өгүүллэгийг Ж.Бизе дуурь болгож бичсэн юм. Түүний энэхүү дуурь зөвхөн хайр  дурлалд эрх чөлөө хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн учир дэлхийд алдаршсан түүхтэй. Жишээлбэл, эхнэр нөхөр хоёр олон жил хамт амьдарчээ. Тэд бие биенээ хайрласан. Гэтэл гэнэт эхнэр нь “Би чамд хайргүй болсон. Дахиж хайрлаж чадахгүй нь. Зүрх сэтгэлд минь чамайг гэх юу ч байхгүй болчихлоо” гээд яваад өгсөн. Үүний гол санаа нь хүн хайртай л бол тавьж явуулж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Ж.Бизе “Кармен” дууриараа үүнийг л хэлэх гэсэн юм шүү дээ. Би ч ялгаагүй амьдрал дээрээ Кармен шүү дээ.

-Яагаад?

-Би энэ амьдралдаа гурван удаа гэрлэсэн хүн. Эхний эхнэртэйгээ 12 жил амьдарсан. Харин дараагийн эхнэртэйгээ 30 жил. Өдгөө гурав дахь эхнэртэйгээ амьдарч байна. Хайр дуусчихаар надад нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг. Тиймээс өөртөө болон тухайн хүндээ эрх чөлөөг олгож чаддаг. Харин энэ удаагийн хайр насан эцэслэтэл минь хамт байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссээр байна.

-Та их эрх чөлөөтэй, задгай сэтгэлгээтэй хүн юм. Тийм ч учраас урлагийн замналыг сонгосон байх даа?

-Миний урлагийн зам сонгосон ч хувь тавилан байсан гэж бэлгэшээдэг. Анх баян хуур хөгжмийн ангид суралцдаг байлаа. Ингээд нэг хичээл нэмж орох болсон нь удирдаачийнх байсан юм. Миний хувьд нэг ч удаа удирдаач хүн хараагүй. Энэ мэргэжлийн тухай ямар ч ойлголтгүй байсан. Надад гайхалтай сайн багш заяасан учир би удирдаач болохоор шийдсэн. Багш анх миний урд ноот тавьчихаад гараа өргө гэж хэлдэг байсан. Ингээд хөгжим тавихад яг л тэр хөгжмийн аясаар нь миний гар хөдөлж эхэлсэн. Энэ үед надад их сонин, ид шидийн юм шиг мэдрэмж төрж билээ. Нөгөө анхны харцаар дурлана гэдэг шиг. Гарт минь юу ч баригдахгүй мөртлөө сэтгэлийн таашаал, баяр баяслыг мэдэрсэн. Яг энэ мөчид энэ гайхалтай мэргэжил минийх юм байна гэж өөртөө хэлсэн. Тэр үед би 17 настай байсан юм шүү дээ.

-Их багадаа мөрөөдлөө олсон юм байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл удирдаачийн амьдралд хэдэн жилийг зориулав?

-Тийм шүү. Их багадаа ирээдүйгээ олоод харчихсан. Одоо гудамжинд гараад 17 настай хүүхдээс “Чи ирээдүйгээ шийдсэн үү” гэж асуувал хэр оновчтой хариулт өгөх бол. Удирдаачийн ажилд би амьдралынхаа 43 жилийг зориулжээ. Гэхдээ нэг ч удаа харамсаж байсангүй. Харин ч насан туршдаа гайхалтай сайхан аялгуугаар хөглөгдөж, аз жаргал, баяр баяслыг мэдэрч, дэлхийн олон театраар аялсаар явна.

-Дуучин хүн байгалиасаа өгөгдөлтэй буюу “төрдөг” гэж би боддог. Харин удирдаач хүн төрдөг үү, хөдөлмөрлөж байж энэ мэргэжлийг эзэмшдэг юм уу?   

-Би шууд “төрдөг” гэж хариулна. Удирдаачийн эрдмийг автоматаар зааж, сургана гэсэн асуудал байхгүй. Тэр хүний хөгжмийн сонсгол, мэдрэмж, хурууны хөдөлгөөн байгалиасаа цогцолж ирдэг юм. Мөн удирдаач хүнд эзэмших ёстой гурван дадал байдаг. Нэгдүгээрт биеийн хөдөлгөөн, хоёрдугаарт сэтгэл хөдлөл, гуравдугаарт ухаан. Энэ гурав цогц байж л оркестрт гарах эрхтэй болно. Мөн удирдаач хүн нэг бүтээл дохихын тулд 400 хуудастай гарын авлагаа тэврээд гардаг. Тэр хуудас бүрийг толгойдоо суулгачихсан байх ёстой. Дуурь эхлээд явж байхад дараагийн 10 дахь хуудсанд ямар ноот байгааг мэддэг байж л алдахгүй дохино шүү дээ. Хөгжим бол цаг хугацаагаар аялуулагч. Тоглолт эхэлсэн л бол буцааж ухраах ямар ч боломжгүй. Цаашаа үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй шүү дээ.

-Монголын театр дөнгөж 60 настай, залуухан. Ихэвчлэн сонго­дог тал руугаа бүтээл хийдэг. Харин танай Оросын театрууд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

-Манайд их олон өөр өөрийн жанртай театр “төрж” байна. Яг танайх шиг сонгодог талаа барьдаг нь ч бий. Мөн туршилтын маягаар хийж байгаа театрууд ч байна. Тэднээс алийг нь сонгох нь үзэгчийн эрх. Гэхдээ энэ сайхан сонгодог урлагийг хэтэрхий өөр болгож, үнэ цэнийг нь алдуулж байгааг харахаар заримдаа ой гутдаг юм. Ийм гайхамшигтай хөгжмүүдийг зоргоороо эвдэж болохгүй. Ялангуяа Европт. Сахалтай хүүхэн дуурьт дуулж байхыг харлаа. Бүхэл бүтэн нэг театрын уран бүтээлчид тайзан дээрээ нүцгэн дуулж байна. Энэ нь зарим талаараа залууст буруу үлгэр дуурайлал үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг бид улаан цайм эсэргүүцэхгүй. Тухайн театрууд өөр, өөрийн өнгө аясаар л хөгжиж байгаа нь тэр байх. Миний бодлоор энэ цаг үед Орос, Монгол, Хятад гурав л жинхэнэ сонгодог гэдэг үгний үнэ цэнийг мэдрүүлж байна гэж харж, үнэлдэг.

-Удирдаач хүнд оргил гэж байдаг уу. Хэрэв байдаг бол та тэр оргилдоо хүрсэн үү?

-Хэцүү асуулт байна. Энэ ч бараг биелэхгүй байх л даа. Гэхдээ танд би ярья. Германы алдарт хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бахын симфони найрал хөгжим болон дуучдад зориулсан их том бүтээл байдаг. Үүнд хүн төрөлхтний хүн чанар болоод хүн байхын бүхий л утга учрын тухай өгүүлдэг юм. Үнэхээр боломж гарвал энэ бүтээлийг л дохихсон. Монголд хийчихээсэй билээ. Тэгвэл би ирж дохино шүү. 

-Алдарт Бахыг биш юмаа гэхэд “Тоска” дуурийг дохих санал тавьбал ирэх үү?

-“Тоска” дуурийг би ОХУ болон БНСУ-д дохиж байсан. Тэдгээр тоглолт гайхалтай амжилтад хүрч байсан. 1000 гаруй хүнийг нэг дор цуглуулж чадсан, миний нэрийн хуудас болсон уран бүтээлийн нэг. Тиймээс би хийж буй бүх зүйлээ, бүр эхнэрээ хүртэл орхиод “Тоска”-г ирж дохино.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)