Б.НАНДИН

 

Олон нийтийн сүлжээний “Твиттер” компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авснаасаа хойш өдөр тутмын үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцож байсан тэрбумтан Элон Маск тус компанийн шинэ захирлын нэрийг өнгөрсөн бямба гарагт зарлав. АНУ-ын NBCUniversal компанид удирдах албан тушаал хашиж байсан Линда Яккарино “Твиттер”-ийн шинэ захирлаар томилогджээ.

Энэ талаар шинэхэн захирал өөрийн твиттер хуудаснаа “Элон Маскын зорилгод нэгдэж, компанийн гэрэлт ирээдүйн төлөө ажиллах болсондоо баяртай байна” хэмээн жиргэсэн байна.

Энэ жил 60 нас хүрч байгаа Линда Яккарино өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн томоохон групп болох “Комкаст” болон NBCUniversald удирдах албан тушаал хашиж байсан төдийгүй ажиллаж байсан компаниудадаа багагүй амжилт авчирч байсан туршлагатай удирдагчдын нэг юм. Түүний энэ ур чадвар твиттерийг өөр түвшинд аваачих болно хэмээн Э.Маск онцолжээ.

 “Твиттер” компанид Элон Маскийг худалдаж авснаас хойш удирдлагын болон ажилчдын хоорондын багагүй маргаан өрнөж байсан. Энэхүү үл ойлголцлоос үүдэж компанийн ажилчдын 80 хүртэлх хувь нь ажлаасаа гарахад хүрээд байсан юм.

Э.Маск “твиттер”-т томоохон өөрчлөлт төлөвлөснөө өмнө зарласан. Тэрбээр твиттерээр дамжуулан төлбөр төлөх боломжтой байх, зар сурталчилгааны шинэ хувилбар санал болгох зэргээр өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байсан. Энэхүү өөрчлөлтүүдийг амжилттай болоход шинэ захирлын үүрэг багагүй байх болно гэж найдаж байгаагаа Э.Маск мөн мэдэгджээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)