Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) хурдацтай хөгжиж эхэлж байсан тэр үед буюу аль 25 жилийн өмнө Орос улс эдгээр технологийг аюулгүй ашиглах асуудал нь XXI зууны олон улсын улс төрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болно гэж таамаглаж байсан. Манай улс 1998 онд ийм технологийг хууль бус зорилгоор ашиглах эрсдэлд анхаарлаа хандуулахыг уриалсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилсан. Дараагийн 10 жилийн турш бидний санааг зовоож байсан асуудлуудыг бүх улс орнууд хуваалцах болж, мэдээллийн орон зайд бүх нийтийн сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх уриалгыг дэмждэг байсан. Гэвч дараагаас нь Барууны орнууд тухайн үеийн технологийн давуу байдлаа ашиглан МХХТ-ийг цэрэг, улс төрийн зорилгоор ашиглах туршилтыг идэвхтэй явуулж эхэлсэн. 
Харамсалтай нь цагийн эрхээр энэхүү чиг хандлага нь улам даамжрах болсон. Дэлхий дахинд давамгайлах боломжгүй болсон АНУ хуучинтайгаа зууралдаж, дижитал неоколоничлолын дарангуйллыг тогтоохоор зорив. Гол зорилго нь тусгаар тогтносон улс орнуудтай, юуны түрүүнд Орос болон Хятадтай тэмцэх явдал юм. Тэдний «таалалд нийцээгүй» улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч, хиймэл оюун ухаан, өндөр хурдны интернэт, квант тооцоолол зэрэг хамгийн дэвшилтэт салбар дахь боломжуудынх нь «бодийг хөтлөх» оролдлогуудыг хийсээр байна. Барууныхаас өөр үзэл бодлыг илэрхийлдэг, цацан дэлгэрүүлдэг онлайн эх сурвалжуудыг тэд боомилж байна. Америкийн тагнуулын албадын зохион байгуулсан тагнах, хувийн мэдээллийг хулгайлах олон улсын системээрээ дамжуулан тэд улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бүдүүлэг оролдлогуудыг удаа дараа хийж байгаа талаар Э.Сноуден дэлхий даяар мэдэгдэж байв.
Вашингтон болон түүний холбоотнууд мэдээллийн орон зай дахь өөрсдийн хор хөнөөлтэй үйлдлүүдээ нуух гэж оролдохдоо «Оросын хакерууд» хэмээх сэдвийг дэлгэрүүлж байна. Гэтэл энэ хооронд НАТО-гийн гишүүн орнууд довтолгооны зэвсэглэлээ эрчимтэй бүрдүүлж, МХХТ-ийг ашиглан хийх дайныхаа арга барилыг сайжруулсаар байна. ОХУ цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлснээс хойш Барууны орнууд манай улсын эсрэг өргөн хэмжээний кампанит ажиллагааг эхлүүлсэн гэхэд хэтрүүлэл болохгүй ба Украин энэхүү ажиллагааны туршилтын талбарын үүргийг гүйцэтгэж байна. Киев НАТО-гийн Кибер аюулгүй байдлын Таллин дахь төвийн үйл ажиллагаанд оролцож байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл Украин «киберНАТО»-д багтсан байв. Үүний зэрэгцээгээр Барууны орнуудын төр засгийнхан өөрсдийнх нь дэмжлэг тусламжтайгаар байгуулагдсан «Украины мэдээлэл технологийн арми» буюу үнэндээ гэмт хэргийн бүлэглэлийн конгломерат нь ирээдүйд (бидэнд байгаа мэдээллийн дагуу аль хэдийн эхэлсэн) «соёлтой ертөнцийн» ч улс орнуудын иргэдийг тонон дээрэмдэхээр зэхэж байгааг анзаарахгүй байна. 
АНУ болон түүний санаа нэгтнүүд нь олон улсын яриа хэлэлцээний тусгай талбаруудын хөтөлбөрийг мэдээллийн орон зай дахь түрэмгий бодлогодоо нийцүүлэхийг хичээж байгаа нь мэдээжийн хэрэг. Тухайлбал, тэд МХХТ-ийн салбарын цэрэгжилтийг хуульчлахыг оролдож, НҮБ-ын дүрэм болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зарим заалтыг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг тулгаж байна. Мэдээллийн орчинд хор хөнөөл учруулсан үйлдлийнхээ хариуцлагыг аливаа улс оронд (ялангуяа цахим тусгаар тогтнолоо хамгаалж буй улс орнуудад) үндэслэлгүйгээр тохох практикийг нэвтрүүлэх гэсэн оролдлого нь илэрхий ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, Барууны орнууд бүх нийтийг хамарсан сөргөлдөөний замыг сонгосон ба зорилгодоо хүрэхийн тулд бүх арга замыг ашиглаж байна. 
Харин бидний зүгээс итгэлцэл болон хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөргөлдөөн болон зэвсгээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх зарчмуудад суурилсан олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шударга тогтолцоог бүрдүүлэх, улс орнуудын хариуцлагатай үйлдлүүдийг зохицуулах эрх зүйн орчныг хөгжүүлэх үзэл баримтлалыг дэвшүүлж байна. Бидний бодлоор уг үзэл баримтлалыг НҮБ-ын ивээл дор мэдээллийн орон зай дахь «зэрлэг барууныхны» дур зоргоороо авирлах явдлыг таслан зогсоох гэрээ байгуулснаар бататгаж болно. Бид түншүүдтэйгээ хамтран яриа хэлэлцээний гол гол талбаруудаар дамжуулан энэ чиглэлээр тодорхой санаачилгуудыг идэвхтэй дэвшүүлж байгаа. Юуны түрүүнд 2021-2025 онуудад МХХТ-ийн ашиглалтын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Нээлттэй ажлын хэсэг (англ. UN Open-Ended Working Group (OEWG) on security of and in the use of information and communication technologies (ICT) хэмээх үндсэн механизмын хүрээнд.
Манай түншүүд, тэр дундаа хөгжиж буй орнуудын дийлэнх нь ийнхүү хандлагыг бүрэн дэмжиж байгаа бол Барууны орнууд хууль эрх зүйн хувьд бүх нийтийн гэрээ байгуулах санааг «утопи» гэж байнга тайлбарладаг. 10 жилийн өмнө Орос улс ноцтой алдаа дутагдал ихтэй, хуучирсан Будапештын конвенцыг орлох мэдээллийн гэмт хэрэгтэй тэмцэх бүх нийтийн гэрээ байгуулах саналыг дэвшүүлэхэд барууныхан мөн л үүнтэй ижил зүйлсийг хэлж, ярьж байсан. Гэвч цаг хугацааны эрхээр эрүүл саруул ухаан давамгайлах болсон бөгөөд өдгөө НҮБ-ын Тусгай хорооны хүрээнд МХХТ-ийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай олон улсын конвенцын төслийн текстийг зөвшилцөх ажил ид өрнөж байна. Цаашдаа хүч хөдөлмөр шаардсан амаргүй ажил их байгаа ч энэ хугацаанд маш их урт замыг туулж амжсан нь ихэд чухал юм.
Бүх улс орнууд болон тэдний иргэд интернэтэд тэгш эрхтэйгээр аюулгүй нэвтрэх боломжийг олгох явдал нь тусдаа сэдэв болоод байна. Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон энэ системийг ихэнх улстөрчид болон жирийн хэрэглэгчид бүх нийтийн өмч гэж үздэг ч бодит байдал дээрээ нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Мэдээллийн технологийн тэргүүлэгч корпорацууд болон тэдний ард байгаа Барууны засгийн газрууд нь өөрсдийгөө аливаа дүрэм журмыг тогтоох эрхтэй гэж үздэг. Үүний үр дүнд олон улс орнууд ялгаварлан гадуурхах бодлоготой тулгардаг. Тухайлбал, тэдний бүртгэлийг нь хааж, тэр байтугай «таалалд нийцээгүй» орнуудын нутаг дэвсгэрээс нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байна. Эцсийн эцэст, Байдены засаг захиргааны иймэрхүү үйлдлүүд нь интернэтийг хэсэгчилж, «манай, танай» гэж хуваахад хүргэж байна. 
Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа нь ойлгомжтой. «Хүчтэй нь эрхтэй» гэсэн зарчим дээр тогтсон аливаа тогтолцоо сүйрэх нь дамжиггүй. Ихэнх улс орнууд интернэт нь харилцаа холбоо, боловсрол, бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүртээмжтэй, найдвартай платформ хэвээр байлгахын зэрэгцээ үндэсний сегментийнхээ аюулгүй, бүрэн эрхт байдлыг хангах хүсэл сонирхолтой байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд интернэтийн менежментийг олон улсын болгох параметрүүдийг тодорхойлох нь нэн чухал байна. Холбогдох хэлэлцүүлгийг НҮБ болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Интернэтийн засаглалын форум зэрэг төрөлжсөн платформуудын хүрээнд тэгш эрхтэйгээр явуулах ёстой.
Дэвшилтэт технологи хөгжиж, шинээр олон юм гарч ирж байгаа нь сайн ч тэдгээрийг муугаар ашиглах эрсдэл их байгаа нь ойлгомжтой. Дэлхий даяар мөргөлдөөн эрчээ авч болзошгүй болоод байгаа өнөөгийн шатанд хүн төрөлхтөн цахим орчныг дайны талбар болгохгүй байх арга замыг эрэлхийлэх ёстой. Хэрэв МХХТ-ийн орон зай, бидний ухаалаг гар утас болон компьютерууд улс орнууд хоорондын эмх замбараагүй сөргөлдөөний талбар болж хувирвал эцсийн эцэст ялагч гэж байхгүй болно. Хамтын ажиллагаа, энх амгалан, хөгжил цэцэглэлтийн алдагдсан боломжуудаас эхлээд бүгд л алдаж, хохирох болно.
Зохиогч: А.В.Крутских - Оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, дипломатч, мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч