Н.МӨНХЖИН
Гурван охинтой нэгэн ээж Ведадо дахь Цагаачлалын албаны байрны гадаа үүр цүүрээр дугаарлан цементэн дээр сууна. Түүний гэрийнхэн үүрийн таван жингээс хойш ээлж дугаараа хадгалж, охид нь Цагаачлалын алба 7.30-д онгойх хүртэл нойрмоглон зогсох аж. Цагаачлалын шинэ хуулийг тэсэн ядан хүлээсэн тэдгээр охидын хувьд ч, өөр олон куба иргэний хувьд ч нэгдүгээр сарын 14-ний даваа гариг хэтэрхий эрт эхэлжээ. Бүтэн сайн өдрөөс эхлэн муж бүрийн паспортын хэлтсийн гадаа урт дараалал үүсчээ. Цугласан хүмүүс элдвийн юм ярьж цаг нөхцөөж байх зуур сэргэлэн нэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид кофе зарж багагүй ашиг олох аж.
Зарим нь 302 дугаар хуулиар үүссэн эргэлзээг арилгаж, тодруулахаар ирсэн бол ихэнх нь одоо үнэ нь хоёр дахин нэмэгдэж 100 хөрвөх песо (80 орчим евро) болсон шинэ паспорт горилон зогсож байна. Дөнгөж 20 хүрч яваа Родриго хэмээх залуу “Би Итали явах бодолтой байна. Гэхдээ жил бүр Кубад ирж амрахыг мөрөөдөж байна” хэмээн өгүүлэв. Шинэ паспортны өргөдлийг хүлээн авахын тулд улс орон даяар 195 албаны байр ажиллуулж байна. Байр бүрт хурууны хээ авах, газар дээр нь паспортны зураг авах төхөөрөмж суурилуулсан нь шинэ содон зүйл болж байгаа аж. Мөн иргэдийн мэдээллийг нэгтгэж цуглуулах бүртгэлийн систем ажиллаж байгаа юм. Одоо нэр, биеийн байцаалтны дугаараа оруулахад ямар сургууль төгссөн, хаана ажиллаж байсан, оршин суугаа хаяг, урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх бүх мэдээлэл гарч ирэхээр болжээ.
Цагаачлалын шинэ хуулиар, куба иргэдэд гадаадад чөлөөтэй зорчих эрхийг олгож байгаа юм. Үүний тулд тухайн иргэн гадаад паспорт, мөн тухайн улсын визтэй байхад л хангалттай. Урьд нь кубууд гадаад явахын тулд заавал урилга, мөн эрх баригчдын тусгай зөвшөөрөл хэрэгтэй болдог байв. Шинэ хуулиар, гадаад руу ямар нэг шалтгаанаар гарсан куба иргэд эх орондоо зочлох боломжтой болж байгаа аж.
Цагаачлалын шинэ хууль үйлчилж эхэлсэн эхний өдөр хэдэн хүн шинээр паспорт авсан талаарх мэдээлэл одоогоор алга. “Би эхний өдөр ингэж дугаарлаж зогсоё гэж бодоогүй. Энэ бүгд занга биш байгаасай гэж болгоомжлох хүмүүс байна. Гэвч би ингэж болгоомжлохоосоо илүү сониуч зандаа хөтлөгдөөд энд ирлээ” хэмээн гадаадад ажиллахыг хүсч байгаа эдийн засагч Юнески өгүүлэв.
Куба иргэдийг байж ядтал нь хүлээлгэсэн Цагаачлалын шинэ хууль гарсан ч эрх баригчид паспорт өгөхөөс татгалзах эрхээ авч үлджээ. Олон нийтийн эрх ашиг болон аюулгүй байдлын үүднээс татгалзсан хариу өгч болох гэнэ. Сөрөг хүчний хэд хэдэн гишүүн, хүний эрхийн идэвхтнүүд гадаадад аялахын тулд мөн л бусад иргэний адилаар дугаарлан зогсчээ. Тэдний дотор Цагаан хатагтай нар буюу улс төрийн хоригдлуудын эхнэр, ар гэрийнхэн байгаа юм. Тэдний нэг төлөөлөл болох Берта Солер Страсбургт очиж Европын парламент 2005 онд олгосон Андрей Сахаровын нэрэмжит шагналыг гардаж авах бодолтой байна.
Сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн, эрх баригчдыг эсэргүүцэн олон удаа өлсгөлөн зарлаж байсан тэрс үзэлтэн Гильермо Фариньясын гэрт Дотоод яамны хоёр ажилтан очиж “Та хүссэн үедээ гадаад руу явж, буцаж ирж болно” хэмээн мэдэгджээ. Гаванын эрх баригчид иргэдийнхээ гадаадад зорчих журмыг чөлөөтэй болгосноор олон зуун куба иргэн эх орноо орхин явах бололтой. Гадаадаас урилгатай иргэд эрх баригчдын зөвшөөрлийг хүлээн гадаад руу зорчиж чаддаггүй байсан. Тэгвэл шинэ хуулиар, эдгээр хүмүүст ч гадаадад зорчих боломж нээгдэж байгаа нь Кубад шинэ эргэлт авчирч байна.