З.Батцэцэг

Насанд хүрээгүй охиныг бэлгийн хүчирхийлэлд уруу татсан хэрэгт буруутгагдаж буй Хатан хаан II Елизаветагийн хайртай хүү, хааны гэр бүлийн хамгийн нэр хүндгүй ханхүүгийн цолыг нь хурааж авлаа. Чарльз III хааны дүү, хунтайж Эндрюг урьд өмнө хэзээ ч байгаагүй хатуу шийтгэв. Яагаад энэ нь хунтайж Уильямын явуулга гэхээсээ илүү шударга ёсны ялалт байж болохыг Lenta.ru судалжээ.

 

Ханхүүгийн цолыг хураах шийдвэр Их Британийн түүхэнд бараг байгаагүй

 

Эндрюгийн хунтайж цолыг хураах шийдвэрийг хаан 2025 оны аравдугаар  сарын 30-ны пүрэв гаригт гаргасан байна. Одооноос эхлэн түүнийг Эндрю Маунтбаттен-Виндзор гэнэ. Мөн тэрээр Виндзорын шилтгээний ойролцоох байраа чөлөөлөх шаардлагатай болно. Букингемийн ордны албан ёсны мэдэгдэлд Эндрюг буруутгаж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасныг онцолжээ.

“Эрхэмсэг ноён ханхүү Эндрюгийн цол, хүндэтгэлийг хураах албан ёсны ажиллагааг өнөөдөр эхлүүллээ. Хунтайж Эндрю цаашид Эндрю Маунтбаттен-Виндзор гэж нэрлэгдэх болно. Түүний Royal Lodge-ийг түрээсэлсэн нь одоог хүртэл түүнийг үргэлжлүүлэн оршин суух эрх зүйн хамгаалалтаар хангасаар ирсэн. Одоо түүнд түрээсийн байрнаасаа нүүлгэх албан ёсны мэдэгдэл ирсэн бөгөөд өөр хувийн орон сууц руу шилжих болно. Тэрээр өөрийг нь буруутгаж буйг үгүйсгэсээр байгаа хэдий ч эдгээр арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна”гэж  Букингемийн ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

Энэ бол урд өмнө хэзээ ч байгаагүй шийдвэр юм. Эндрюгаас гадна хунтайжийн цолыг өмнө нь нэг л удаа хурааж байсан. Цол хураах тухай хуулийг дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 онд баталсан. Үүнээс өмнө төрөлхийн эрхээр олгосон цолыг хураах боломжгүй байсан.

Тухайн үед Их Британи, Герман улсууд дайсагналцаж байсан бөгөөд Германы хааны болон ноёдын гэр бүлийн гишүүд Британийн ханхүү, гүнгийн цол хэргэмийг хадгалсаар байв. Британийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 1919 оны гуравдугаар сарын 28-нд хааны зарлигаар Жорж V Камберландын Эрхэмсэг хунтайж Эрнест Август болон хэд хэдэн герцог цол хэргэмийг нь хураажээ.

Гэхдээ тэр бол дайны үе байсан бөгөөд тэдгээр ноёд нь шууд утгаараа Британийн төрийн дайснууд байсан. Харин өнөөдөр бол Эндрю зөвхөн өөрийн амьдралын хэв маяг, эрх мэдлээ буруу ашигласнаас болж тайван цагт ийм нөхцөл байдалд хүрэв.

Хааны хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям олон жилийн турш хатуу шийтгэлийг эрэлхийлсээр ирсэн.

Хатан хааны гэр бүлээр мэргэшсэн түүхч Келли Сваби энэ мэдэгдлийг ер бусын хатуу үгээр илэрхийлсэн гэж тэмдэглэжээ. Ордон нь ихэвчлэн зөөлөн, заримдаа бүр тодорхой бус үг хэллэгийг илүүд үздэг.

“Утгыг нь олон нийт тоодоггүй. Тэд шийтгэл хүлээхийг хүсч байна. Ханхүү Эндрюгийн талаар олон нийтийн санаа бодол аймшигтай байна. Ордон үүнийг мэддэг бөгөөд мэдэгдлийн өнгө аяс ч үүнийг тусгасан” Келли Сваби хэлжээ. Түүний бодлоор хааны гэр бүлийн гишүүдийн дэмжлэг, Засгийн газартай зөвлөлдөхгүйгээр ийм хатуу арга хэмжээ авах боломжгүй байх байсан. Эндрюгийн эсрэг санал нэгтэйгээр саналаа өгсөн бөгөөд түүнд бүх зүйлийг уучилдаг байсан ээжээсээ тусламж хүсэх боломж байхгүй болсон.

Хэдэн жилийн өмнө түүнийг насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байсан. Түүнийг шүүх хурал дээр авчирсан бөгөөд эцсийн мөчид хохирогчид 12 сая фунт стерлинг төлсөн тул ялаас мултарсан юм. Гэсэн хэдий ч тэрээр цол хэргэм хураахаас мултарч чадаагүй. Ийм гутамшигт явдлын дараа Эндрю ихэнх цол хэргэмээсээ хасагдаж, албан ёсны арга хэмжээнд уригдахаа больжээ.

Шүүмжлэгчид энэ шийтгэлийг хэтэрхий зөөлөн гэж үзсэн. Гэвч II Елизавета болон ханхүүгийн ах, одоогийн хаан Чарльз III нар Эндрюгийн буруу үйлдлийг үргэлж анзаардаггүй байв. Хааны гэр бүл дэх түүний гол дайсан нь хунтайж Уильям, түүний ач хүү, магадгүй ирээдүйн хаан гэж тооцогддог байв.

Одоогийн шийдвэрийн ард хунтайж Уильям бас байгаа байх. Хатан хааны гэр бүлийн тухай олон жил бичсэн ВВС-ийн ажилтан асан Женни Бондын бодол ийм байна. Тэр Уильямд яаралтай арга хэмжээ авах хангалттай шалтгаан байсан гэж тэр үзэж байна.

“Уильям маш чухал айлчлалаар Бразил руу явах гэж байгаа бөгөөд саяхан Хаан, Хатан хоёрын Ватиканд хийсэн айлчлал Эндрюгийн тухай мэдээнд дарагдав. Энэ цааш үргэлжлэх боломжгүй” Женни Бонд тэмдэглэжээ.

 

Эндрюг санхүүч Эпштейний хувийн арал дээр болсон хэрэгт буруутгаж байсан

Намтар судлаач Лоуни бичихдээ Эндрю секст хэт их дуртай байсан гэжээ. Энэ бол зөвхөн түүний хувийн бодол биш, хуучин ханхүүг таньдаг хүн бүхэн хэлдэг. Түүгээр ч зогсохгүй энэ нь бага наснаасаа ажиглагдаж байжээ. Лоунигийн тооцоогоор түүний амрагууд маш олон. Мөн энэ нь зөвхөн эхлэл байсан юм.

1990-ээд оны эхээр Эндрю бага насны хүүхдүүдийн бэлгийн мөлжлөгт холбогдсон бүхэл бүтэн гэмт хэргийн сүлжээг үүсгэсэн санхүүч Жеффри Эпштейнтэй танилцжээ. Эпштейн баячууд, хүчирхэг хүмүүстэй зориудаар холбогддог, ерөнхийлөгч асан, Саудын Арабын ханхүү, тэрбумтнуудтай нягт холбоотой байв.

Эндрю Эпштейнийг хамгийн сайн найзуудын нэг гэж үздэг байв. Тэрээр Эпштейний хувийн арал дээр нэг бус удаа очиж, хариуд нь түүнийг ээж II Елизаветагийн дуртай Балморал хэмээх хааны ордонд урьжээ. Эпштейн түүний талаар "Тэр над шиг  сексийн донтон" гэж хэлдэг байсан гэдэг.

Эпштейны хохирогчдын зарим нь хунтайж Эндрютэй бэлгийн хавьталд орохыг тэднээс албадсан гэдгээ хожим хүлээн зөвшөөрсөн. Тэдний нэг болох Америкийн иргэн Виржиниа Робертс Жиффре тэр үед дөнгөж 17 настай байжээ. Тэр цорын ганц хохирогч байх магадлал багатай байсан ч, ханхүүг  шүүхэд өгснөөр нь  түүнийг олон нийт хамгийн сайн мэддэг.

Дөрөвдүгээр сард Робертс Жиффре амиа хорлосон. Мөн аравдугаар сарын 21-нд түүний "Хэний ч биш бүсгүй" ном хэвлэгджээ. Үүнд тэрээр Эпштейн, Эндрю нарын гутамшигт үйлдлүүд, мөн ханхүүтэй уулзсаныхаа дараа үр зулбасан тухайгаа бичжээ. Робертс Жифрийн дурсамж ном хэвлэгдэн гарахаас хэдхэн хоногийн өмнө тэрээр Йоркийн гүн, Гартерийн одонгийн баатар цолноос сайн дураараа татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан.

 

Эндрю одоо ч хаан ширээг ч өвлөн авах боломжтой

 

Сүүлийн жилүүдэд Эндрю ганцаардмал амьдрах болсон. Тэрээр Виндзорын шилтгээний ойролцоох Royal Lodge харшид амьдарч, зурагт үзэж, Call of Duty тоглож өдрийг өнгөрөөдөг болов. Чарльз III түүнийг нүүлгэхийг олон удаа оролдсон боловч ханхүү явахаас татгалзав. Бухимдсан Эндрю хэт их идэж, өөрийн эрхгүй жин нэмсэн, дараа нь хоолны дэглэм барьж, жингээ хасах гэж оролдсон.

“Тэр морь унадаг, бага зэрэг гольф тоглодог, гэхдээ ихэнхдээ гэртээ суугаад зурагт үздэг гэж ярьдаг. Тэр зүгээр л хоолоор өөрийгөө тайвшруулдаг гэж би боддог” хэмээн хааны намтар судлаач Маргарет Холдер ярьсан байна.

Аравдугаар сарын 30-ны пүрэв гаригт Эндрю нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүлээн авсан. Тэрээр "хамгийн эхний боломжоор" нүүх төлөвтэй байна. Мөн түүнтэй хамт Royal Lodge-д олон жил амьдарсан экс эхнэр Сара Фергюссон ч харшийг орхино. Түүнийг тусдаа амьдарна гэж таамаглаж байна.

Гэсэн хэдий ч Чарльз хаан дүүгээ орон гэргүй орхихгүй. Түүнийг Норфолк дахь Sandringham House руу нүүлгэх бололтой гэж английн хэвлэлүүд бичиж байна. Энэ нь Британийн хаадын хувийн өмч юм. Хаан хатан хоёр ихэвчлэн Зул сарын баяраар Сандрингемд очдог байсан.

Эндрю татвар төлөгчдөөс юу ч авахгүй ч, мөнгөгүй үлдэхгүй. Хаан дүүгээ халааснаасаа санхүүжүүлсээр байх болно. Тэр өөрөө ч бас санхүүжилтийн эх үүсвэр олохыг хичээсэн ч төдийлөн амжилт олоогүй. Хятадтай бизнесийн харилцаа тогтоох гэж оролдоод тагнуул гэж сэрдэгдсэн. Тэрээр Голландын стартаптай хамтран ажиллахыг хүссэн ч бүтэлгүйтсэн.

Эндрю түүний цолыг хураахыг эсэргүүцээгүй байна. Түүний төрсний гэрчилгээнд өөрчлөлт оруулахгүй. Хууль буцаах хүчинтэй биш тул өнгөрсөн бүх баримт бичиг, хэвлэлд түүнийг Хунтайж хэмээн нэрлэсээр байх болно.

Хааны шийдвэрээр Эндрюгаас авсан цол хэргэм:

-Ханхүү

-Йоркийн гүн

-Инвернессийн гүн

-Барон Киллэй

Эндрю мөн Эрхэмсэг ноён гэж нэрлэх эрхгүй болж, Их Британийн хамгийн дээд одонгийн гишүүнчлэлээ алдах болно. Үүнээс гадна, тэрээр титэм залгамжлах дугаарын найм дахь нь хэвээр байна. Эндрюгийн охид болох Евгений гүнж, Беатрис нар төр барьж буй хатны ач охид болж төрснөөрөө цол хэргэмээ авч үлдэнэ.

Намтар судлаач Лоунигийн үзэж байгаагаар хуучин хунтайж дахин ийм зүйл хийхгүй гэж үзэж байгаа ч хааны гэр бүл тайвширч болохгүй. Тийм ээ, Хатан хааны гутамшигт хүү удаан хугацаанд томоохон арга хэмжээнд оролцохгүй. Хэрвээ түүнийг урьвал оршуулгын ёслол байх болно гэж хэвлэлд бичжээ.

Гэхдээ энэ дуулиан удаан мартагдахгүй. Тийм ээ, хааны гэр бүл урьд өмнө хэзээ ч байгаагүй арга хэмжээ авсан боловч Эндрюг маш удаан, маш их үзэн ядагдаж байсан тул энэ нь хангалтгүй байж магадгүй юм. "Арга хэмжээ авч эхэлсэн ч, хараахан дуусаагүй байна" гэж Лоуни ВВС-д өгсөн ярилцлагадаа дүгнэжээ.

Эх сурвалж: zms.mn