Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотод байрлах Тубтен Шедруб Лин хийдийн дэргэд Оросын Буддын Шашны Их Сургууль албан ёсоор өнгөрсөнаравдугаар сард нээгдлээ. Тус их сургууль нь Буддын шашны гүн ухаан, урлаг, түүхийн баялаг өвийг судлах дэлхий дахины төв болно гэж Тувагийн тэргүүн Владислав Ховалыг ТАСС агентлагт ярьжээ.
Тэрээр “Өнөөдөр бид Тувагийн нийслэл хотноо маш өвөрмөц оюун санааны боловсролын төв болох Оросын Буддын Шашны Их Сургуулийг ёслол төгөлдөр нээлээ. Энэхүү үйл явдал нь Орост Буддын шашны уламжлалыг хөгжүүлэх чухал үе шат болох бөгөөд тус Бүгд найрамдах улсын ард иргэдийн оюун санааны өсөлтөд хүчтэй түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. ...Тус Их сургуулийн үндсэн зорилго нь өндөр боловсролтой лам хуврагуудыг бэлтгэх явдал боловч түүний ерөнхий зорилго нь илүү өргөн хүрээтэй бөгөөд Буддын шашны гүн ухаан, урлаг, түүх, хэлний баялаг өвийг судлах төв болох, мөн зөвхөн Тувагийн ард түмний төдийгүй нийт Оросын болон дэлхий дахины бурхан шашинтнуудын боловсрол, оюун санааны болон хувь хүний хөгжлийн төв болох явдал юм" гэж хэлсэн байна.
Тувагийн тэргүүний хэлснээр тус Их сургууль байрлах хийдийн цогцолбор нь жуулчдыг татах газар болно. “Аялал жуулчлалын салбар нь нийгэм, эдийн засгийн дэвшлийн хөдөлгүүр болохынхоо хувьд нэмэлт ажлын байр бий болгож, дэд бүтцийг хөгжүүлснээр тус улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг. Энэ нь бидний хувьд маш чухал юм. Учир нь манай улс ирэх жил Олон улсын Буддын шашны форумыг зохион байгуулах эрхийг авсан. Урьд өмнө тус форумыг Буриад болон Халимаг улсад зохион байгуулж байсан” гэж Ховалыг тайлбарлажээ.
Оросын Буддын Шашны Их Сургууль нь Кужугет Шойгугийн нэрэмжит Соёлын сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Тубтен Шедруб Лин” (Бурхан багш Шакьямунигийн сургаалийг тайлбарлах, хэрэгжүүлэх орон) хийдийн дэргэд нээгдсэн ба сургалт явуулахад шаардлагатай бүх тусгай зөвшөөрлүүдээ авсан байна.
Боловсролын хөтөлбөрт Буддын философи, бурханы зураг, анагаах ухаан зэрэг хичээлүүд багтжээ. Мөн тус Их сургуулийн дэргэд номын сан, анагаах ухааны лаборатори, мөн зураач, уран бүтээлчдийн дадлага хийх танхим зэрэг ажиллана гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: zms.mn