Фото: Натали Пушкинова
Олон улсын “Miss Earth” тэмцээн Филиппинд болж өндөрлөлөө. Энэ жилийн ялагчаар Чехийн загвар өмсөгч Натали Пушкинова тодорсон нь Европын улсуудын хувьд ховор тохиолдол байв. Европ бүсгүй сүүлд 2012 онд энэ титмийг хүртэж байжээ.
“Miss Earth” нь “Miss Universe”, “Miss World”, “Miss International”-ийн хамт дэлхийн дөрвөн том гоо бүсгүйн тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг анх 2001 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Шүүгчид дөрвөн төрөлд ялагчдыг тодруулдаг бөгөөд хамгийн нэр хүндтэй нь “Miss Earth” буюу “Дэлхийн хатан”. Мөн “Агаар”, “Гал”, “Ус” гэсэн бусад элементүүдэд ч бас хатан тодордог уламжлалтай.
Энэ жил “Miss Air” буюу “Агаарын хатан” цолыг Исландын Солдис Вала Иварсдоттир, “Miss Water” буюу “Усны хатан”-аар Вьетнамын Чинь Ми Ань, “Miss Fire” буюу “Галын хатан”-аар Тайландын Вари Нгамкхам нар шалгарчээ.
Тэмцээний өмнө оролцогчид авьяас, гадаад төрх зэрэг төрөл бүрийн тусгай шалгаруулалтад өрсөлдсөн байна. ОХУ-ын оролцогч Елизавета Гурьянова авьяасын төрөлд түрүүлсэн бол “Шилдэг гадаад төрх”-ийн төрөлд Мексик, Гана, Хойд Марианы арлууд, Италийн төлөөлөгчид ялалт байгуулсан байна.
Натали Пушкинова банана иддэггүй
21 настай Натали Пушкинова Прага хотын ойролцоо амьдарч, Карлын их сургуульд маркетингийн харилцаа, олон нийттэй харилцах чиглэлээр суралцдаг. Тэрээр загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Vogue сэтгүүлд дадлага хийж байсан.
Түүний хобби бол шумбах. Түүний дуртай хоол бол сүши. Мөн тэрээр сам хорхой, паста, зөгийн балтай тахиа хийх дуртай гэнэ. Харин банана, вандуй, шош, сэвэг зарамыг огт иддэггүй.
Пушкинова нэгэнтээ хэт турах өвчинд өртөж байсан гэдгээ нуусангүй. Түүнийг ажиллаж байсан загварын агентлаг хэт турахыг шаардсан бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь ноцтой асуудал авчирч байжээ. Энэ үеийнхээ талаар “Би яс арьс хоёр л байсан” гэж тэр дурссан байдаг аж. Сэтгэл зүйн дарамт, жингийн хэлбэлзэлтэй тэмцэхэд түүнд олон жил шаардагджээ.
“Пушкин миний холын хамаатан байж магадгүй”
Натали хэлэхдээ “Манай гэр бүлд Александр Пушкин бидний өвөг дээдэс байсан гэсэн яриа байдаг. Гэхдээ баримт нотолгоо олдоогүй. Манай овгийн мод маш өргөн, зарим мөчир нь бүр байхгүй. Би бүрэн Чех хүн, гэхдээ хэн мэдлээ, холбоо байж болох юм” гэсэн байдаг.
Түүний энэ нэр хүндтэй овог нь зарим хүнд таалагдаагүй, “жинхэнэ чех хүн биш” гэх шүүмжлэл дагуулдаг. Үүнээс болоод Натали нэг хэсэг сошиал сүлжээнээс завсарлага авахад хүрч байсан. Гэхдээ “Овгоо өөрчлөх бодолгүй, Пушкиныг санагдуулах ийм гоё нэртэй байгаадаа би бахархдаг” гэж мэдэгдсэн байдаг.
“Miss Earth”-ийн титмийн утга учир
Шинэ ялагт өмнө жилийн “Miss Earth”-ийн эзнээс титмээ гарддаг уламжлалтай. Уг титмийг алт, үнэт чулуугаар урлаж, 87 ширхэг сувд ашигласан байна. Энэ тоо нь “энх тайван, хөгжил дэвшил, урт наслалт”-ыг бэлгэддэг гэнэ. Титмийн төвд байрлах Өмнөд тэнгисийн зургаан сувд нь аз жаргал, амжилтыг илэрхийлдэг байна.
Эх сурвалж: zms.mn