Б.Нандин
 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Сөүлд айлчлах үеэр түүнд алтан титэм гардуулсан нь АНУ болон Өмнөд Солонгост ширүүн маргаан дэгдээжээ. 
 Учир Трампын айлчилсан цаг хугацаа болон соёлын дурсгалын хувьд ихээхэн зөрчилтэй цаг үед түүхэн дурсгалт бэлэг өгсөн хэмээн олон хүн шүүмжилж байна. Ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн долоо хоногт болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Трампад титэм, Солонгосын дээд шагнал болох Мугунхвагийн одонг гардуулсан юм. Трампыг айлчлах үеэр эсэргүүцэгчид гудамжинд жагсч, "No Trump" хэмээж байсан бол АНУ-ын томоохон хотуудад "No King" уриатай үндэстний хэмжээний томоохон жагсаал орон даяар томоохон хотуудад болсон юм. Тиймээс Трампад титэм бэлэглэсэн нь цаг үеэ мэдрээгүй гэж Өмнөд Солонгосын иргэдийн зарим нь үзэж байна. Дээрх титмийг Кёнжү дэх Чонмачон булшнаас олдсон алтан титмийн загвараас тусгайлан хуулбарласан бөгөөд эртний Шилла хаант улсын үе буюу МЭӨ тав, зургаадугаар зууны үед хамаарах гэж үздэг.   Энэхүү хуулбарыг ойролцоогоор 1 кг алтаар хийсэн бөгөөд зах үээлийн үнэлгээ нь 130 мянган ам.доллар хэмээн үзэж байна. 
 Трамп уг бэлэгт талархлаа илэрхийлж, "маш онцгой" гэж хэлсэн ч түүний биеийн хэлэмж өөрийг илэрхийлж байсан хэмээн шүүмжлэгчид эргэлзсээр байгаа юм. Харин шагналыг цагаа олсон гэж үзэж байгаа дэмжигчид хоёр улсын хооронд өндөр хэмжээний тарифын хэлэлцээр явагдаж байгаа үед уур амьсгалыг зөөлрүүлсэн ач холбогдолтой хэмээн дэмжсээр байна.
 "Энэ бол Трампын бэлэг биш, харин Солонгосын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт байсан" гэж зарим хүн цахим хуудастаа сэтгэгдэл үлдээжээ. Трампын айлчлалын үр дүнд 25 хувь байсан татварыг 15 хувь болгон бууруулж чадсан. Ингэснээр зөвхөн Hyundai корпораци гэхэд гурван их наяд вон хэмнэх боломжтой болжээ.
Эх сурвалж: zms.mn