Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Cүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаатай ярилцлаа. 

 

-Та бол дүүргийн хэмжээнд ганц байгаа эмэгтэй удирдагч.  Улс төр талаасаа эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж байна вэ.  Сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа учраас хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?
-Манайх олон намын системтэй улс.  Одоо цагт аль ч намд эмэгтэй манлайллыг дэмжих асуудал хангалттай биш байна.  Гэхдээ АН-ыг олонх байх хугацаанд парламентын эмэгтэйчүүдийн бүлэг маш идэвхтэй ажиллаж байсныг дурдах нь зүйтэй.  Олон хууль санаачилж, манлайллын хувьд үлгэрлэл байж чадсан. Ер нь сүүлийн үед хөгжингүй орнуудын удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж байна.  Эмэгтэй хүн гэдэг өөрөө байгалиас заяасан торгон мэдрэмжтэй.  Аливаад энэрэнгүй, чин сэтгэлээсээ хандаж хайрлаж чадаж байна.  Үр хүүхэд, хань ижил, аав ээжээ хайрлан энэрнэ гэдэг нь цаагуураа эх орноо хайрлаж байгаатай агаар нэг юм.   Мөн мөнгө санхүү, авлигын  асуудалд ч эмэгтэйчүүд орооцолдоод байдаггүй.  Хүнийг хайрлаж өрөвдөх байгалиас заяасан өгөгдөл бий учраас аливааг бодож эрэгцүүлдэг нь тэр асуудлаас хол байхад нь тодорхой хэмжээнд нөлөөлнө.  Тэгэхээр цаашид улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал үйл ажиллагааг услаж, дэмжих нь зүйтэй.   Төрийн байгууллагын удирдлагын багт ч эмэгтэйчүүдийн манлайлал бага байна. Эмэгтэйчүүдийн оролцоо дор хаяж,  35 хувьд хүрээсэй. 

-Нөгөө талаар эмэгтэй удирдагчид нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр нэлээд мэдрэмжтэй ажилладаг юм шиг санагддаг.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд дунд дахь хүчирхийлэл их байна.  Энэ асуудлыг яаж барьж авах уу, юу хийх үү гэж байнга дотроо санаа чилээж явдаг хүний нэг.  Хөөгөөд бодохоор хүчирхийллийн асуудал ердөө л эцэг эх, багш, хүүхэд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муу байгаагаас үүдэж байна.  Тиймээс ЗДТГ-ын зүгээс “Эерэгээр нөлөөлье-” аяныг ЕБС-иудад зохион байгууллаа. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд маань ийм орчин дунд өсөж хүмүүжиж байгаа нь сэтгэл зовоох асуудал шүү.   


-2020 оны сонгуульд та ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажиллав. Биелэлт хэдэн хувьтай байна вэ?
-АН-аас мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өнгөрсөн сонгуульд орсон.  Мөрийн хөтөлбөрийн ихэнх нь биелэлээ олж байгаа.  Гэхдээ тэр дундаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал зогссонд харамсаж явдаг.  Энэ бол бүхий л асуудлын шийдэл байлаа.  Нийслэлийн том уулзвар ,замууд шинэчлэгдэж, Агаар хөрсний бохирдлоос эхлээд Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хүртэл хамгаалуулах том хөтөлбөр байсан.  Мэдээж алдаа оноо байсан.   Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байлаа.  2023 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай байна гэсэн саналаа дахиад л дэвшүүлж, ажиллана даа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7039)