Х.ХАТАН
УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо буюу Хөгжлийн бэрхшээлийн сайд, Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүн Ноён Чэнг Кайтай өчигдөр Бээжин хотноо уулзжээ. Энэхүү уулзалтад тус яамны Удирдах зөвлөлийн дэд ерөнхийлөгч Чанг Жэнг, Сэргээн засалтын газрын Ерөнхий захирал На Шин, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах газрын дэд захирал Жанг Донгванг, Олон улсын харилцааны газрын захирал Шү Линг, Хөдөлмөр эрхлэлт, боловсролын газрын Ерөнхий захирал Рэн Жабин нар оролцсон байна.
2023 онд Хятад улс Саадгүй орчны тухай хуультай болж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулиа шинэчлэн баталсан. Мөн 2022 онд Паралимпын өвлийн наадам Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан билээ. Үзвэр үйлчилгээний газрууд, зам талбай олон нийтийн газрууд нь хүртээмжийг маш сайн хангасан аж.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэхүү уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль болон олон нийтийн газруудын хүртээмжийн талаар санал солилцож, хэд хэдэн чухал асуудлаар хамтран ажиллахаар болжээ. Үүнд,
-Туслах технологийн үндэсний төвийг Монголд байгуулахаар ярилцсан байна.
-Хууль эрх зүйн хүрээнд саадгүй байдлын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр туршлага судлах юм байна.
-Манай улс хиймэл хөл хийдэг протез ортопедын хоёр мэргэжилтэнтэй. Бидэнд зөвхөн протез гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх хүний нөөц маш дутагдалтай байдаг. Иймд хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
-Манай улсад Сэргээн засалтын тэнхим гэж байдаг бол БНХАУ нь Сэргээн засалт судлалын Их сургуультай. Энэ хүрээнд АШУҮИС-ийн хооронд хамтын ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
-Насанд хүрэгчдийн сэргээн засалтын салбарт хамтран ажиллах боломжтой.
-Урлаг, спортын арга хэмжээнд харилцан оролцох тухай ярилцсан байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хамтран ажиллах талаар ч тохиролцсон байна.
Дээрх ажлуудыг дэмжиж цаашид хамтран ажиллахын тулд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ноён Чэнг Кай харилцан ойлголцлын баримт бичиг (MoU) байгуулах саналыг гаргажээ. Томоохон амжилттай хамтын ажиллагаа болно гэдэгт аль аль тал итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү уулзалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Минжуаны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.